- Lemon Press
- Posts
- 🇲🇳 ТОП-20 уруудав
🇲🇳 ТОП-20 уруудав
"Алт-3" аян | $SEND-н сонирхолтой санхүүжилт | $KHAN-н шинэ бонд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өнөөдөр 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий дэд аваргууд болох Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнагдана. Сонирхуулахад, багийн хамгийн отгон гишүүн Н.Нандинхүсэл 18 насандаа гавьяат тамирчин болж байна. Энэ хүртэл 3x3 сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хүн бүхэнд баярын мэндийг хүргэе! 👏🏻


MSE: ХААН Банк (KHAN)-ны олон нийтэд санал болгон гаргаж буй "Жендэр бонд"-ыг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
ADB: Ард Кредит ББСБ ХК-ийн 2025 оны хагас жилийн засаглалын кодекс хэрэгжилт 98.6%-тай үнэлэгдэв.
OMBS: Омни ассет II ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхэллээ.

🪙 Монголын 3 дахь алтны аян
Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо “Алт-3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн талаар мэдэгдсэн.
✒️ Тус аяны гол санаа нь үндсэн ордуудыг бүрэн эргэлтэд оруулж, илүү их алт олборлон ашиг олох.
🤔 Хөдөлгөөнтэй 14, хөдөлгөөнгүй 68
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 347.1 тн нөөц бүхий 82 алтны орд бий. Үүнээс 14 ордод олборлолт хийж, үлдсэн 68 орд буюу нийт 228 тн алтны нөөц ямар нэгэн байдлаар эргэлтэд ороогүй байна. Одоо эхлүүлэх гэж буй “Алт-3” аян тус 68 ордыг оновчтой, хурдтайгаар эргэлтэд оруулахад чиглэх юм.
🧱 Бэрхшээл: Гэсэн ч анхаарах ёстой зүйл нь тус ордуудаас 13 нь тусгай хамгаалалттай газар нутагт байршиж байгаа учраас байгаль орчин, хууль эрх зүйн оновчтой зохицуулалт хийх шаардлагатай.
🧭 ЗГ-ын луужин: Ерөнхий сайд Г.Занданшатар "Алт-3" аяныг хэрэгжүүлэхдээ алт худалдан авах тогтолцоо болон татварыг уян хатан болгох ёстой талаар мэдэгдсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ч үүнтэй ижил зүйл ярьж байгаагаас харахад энэ удаад ЗГ алт олборлогчдод татварын зөөлөн бодлого санал болгох бололтой.
🐮 Дэмнээ
Угтаа өмнөх ЗГ 2025 онд эдийн засгийн хүндрэлтэй тулах нь тодорхой тул “Алт-3” аяныг эхлүүлнэ хэмээж байсан. Мэдэж байгаачлан өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлийг тоохтой манатай улс төрийн шуурга дэгдэж тус аян мартагдаад өнгөрсөн.
🔗 Гогцоо: Оны эхэнд төв банк энэ жил нүүрсний экспорт сулрах ч эдийн засаг тэрийгээд хэвтчихгүй гол шалтгааныг зэс, алт хэмээн оны хамгийн том мөрийгөө танилцуулж байв. Гэтэл 2025 оны эхний хагаст Монголбанкны үнэт металлын худалдан авалт өнгөрсөн оны мөн үеэс бараг 2 тн буурч 5.8 тн-д хүрсэн зураглалтай үдлээ гэж.
Юутай ч ЗГ ойрын хугацаанд “Алт-3” аяныг эхлүүлэх бололтой. Анхны алтны аяны үр дүнд жилийн олборлолт 0.7 тн-оос 11 тн-д хүрч, улсын төсөвт $107.6 сая төвлөрч байсан бол, 2 дахь алтны аяны үед, тэр тусмаа 2020-2022 онд Монголбанкны алтны худалдан авалт 67.3 тн-д хүрч байв. Алтны аян тухайн үедээ эдийн засгийн томоохон дэмжлэг болдог ч одоо хэр нь худалдан авалтын сүлжээ, татварын асуудал төгөлдөржөөгүй. Энэ удаагийн хөтөлбөрийг оновчтой, үлдэцтэй хэрэгжүүлэхгүй бол түр зуурын сэхэл болоод л өнгөрөх вий.

🕹️ Squid Game-н эрвээхэйн нөлөө Солонгосын эдийн засагт… (Sherwood)
💰 УИХ-ын гишүүдийн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгд нэгэнгүй задлан харуулж. (Ikon)
👔 Америкийн мөнгөний бодлогын жолоо хэний гарт очих бол? (TheHill)
🎪 Улсын наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хүсэлтийг авч эхэлсэн гэнэ ээ. (Ulaanbaatar)

🤑 $SEND-н сонирхолтой санхүүжилт
SEND: Сэндли ББСБ ХК бизнесээ өргөжүүлэх зорилгоор "хоёрдогч өглөг" буюу тодорхой хугацааны дараа хувьцаа болгон хөрвөх нөхцөлтэй санхүүжилт босгохоор боллоо. Улмаар нэг бүрийг нь ₮50-өөр үнэлсэн 67 сая ширхэг энгийн хувьцаа нэмж гаргах бөгөөд нэмэлт хувьцааг шууд зах зээлд гаргахгүй, зөвхөн өглөгийг хөрвүүлэх үед ашиглах аж. Уг нэмэлт хувьцаа компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд нөлөөлөхгүй юм.

💃🏻 Индексүүд яаж хөдлөв?

Эхний хагас жилд дэлхийн томоохон индексүүд дунджаар 9.3% өсөлттэй өндөрлөсөн бол Монголын маань ТОП-20 индекс 4.3% уруудсан дүр зураг ажиглагдлаа.
🇺🇸 ЭЗ хүндхэн ч өсөлттэй
Америкийн томоохон индексүүд болох NASDAQ (^IXIC) 5.6%, S&P 500 (^GSPC) 5.7% тус тус өсжээ. S&P 500-н хувьд 4 сарын 8-нд сүүлийн нэг жилийн доод түвшин буюу 4,835.04 нэгжид очсон бөгөөд үүнээс хойш даруй 24% өсөөд байна. Хэдий индексүүд өссөн ч том зургаар эдийн засгийн нөхцөл байдал хэцүүхэн байлаа. Тухайлбал,
📉 ДНБ агшив: 2025 оны эхний улиралд ДНБ 0.5% агшсан нь сүүлийн 3 жилийн анхны уналт байв. Ихэнх шинжээчид энэ онд Америкийн ДНБ-ий өсөлтийг 1.2%-1.9% дээр байна гэж үзэж байгаа нь өнгөрсөн оны 2.8% өсөлтөөс огцом буурсан үзүүлэлт юм.
🔺 Ажилгүйдэл өсөв: Америкийн хөдөлмөрийн зах зээл хүндхэн нөхцөлд оржээ. Сард шинээр бий болж буй ажлын байрны тоо 2024 оноос 33% буурсан бол шинэ төгсөгчдийн хувьд ажилд орох түвшин 2022 оноос 44% доогуур байгаа аж.
🌏 Азийн хөдөлгөөн
Азийн зах зээлд оны эхэн үеэс Hang Seng (^HSI) 22.7%, Nikkei 225 (^N225) 3% өссөн бол манай ТОП-20 4.3% унаад байна.
🇭🇰 Хонгконг мандав: Hang Seng-н огцом өсөлтөд Хятадын Төв банк зээлийн хүүгээ 3.25%-д хүргэж, үл хөдлөхийн зах зээл дахь хязгаарлалтыг багасган технологийн салбарын акулуудын нэгж хувьцаа Alibaba (9988) 34.8%, Tencent (0700.HK) 21.2% өссөн нь нөлөөлжээ.
🇯🇵 Өсөлт хэвээр: Японы Nikkei 225 эхний хагаст сүүлийн 3 жилийн өсөлтийн буухиаг хадгалж чадлаа. Энэ нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэгж хувьцаа Advantest (6857) 14.5%, Tokyo Electron (8035) 13.6% өссөнтэй холбоотой аж.
🇲🇳 ТОП-20 уруудав: Одоогоос жилийн өмнө ТОП-20 өнгөрсөн оны эхэн үеэс 9% өсөж байв. Гэвч энэ оны эхний хагаст өсөлт бус уруудалт ажиглагдаж зах зээлийн үнэлгээ ₮304 тэрбумаар багасаад байна. Энэ нь нүүрсний экспорт, арилжааны идэвх буурснаас ихээхэн хамаарав.
Эцэст нь… Дэлхийн зах зээл Америкийн тариф, AI-н нөлөө, Төв банкны хүүгийн өөрчлөлтүүд, Монголын зах зээл түүхий эдийн үнийн савлагаа, дотоодын худалдаа, инфляц зэргээс хамаарах талтай. Үлдсэн хагаст юу болохыг зурхай биш, зөвхөн бодит тоон дата л хэлж чадах биз ээ.

💡 Бяцхан кейс задлан
Асуудал: Компани төвөөс алслагдмал газарт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. Тэд ойр хавьдаа хэрэглэгчидтэй боловч тогтмол бус орлого олохын сацуу төв рүү бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд логистикийн зардал нь тамтаггүй гардаг байв.
Шийдэл: Компани дижитал платформууд ашиглан тухайн газарт ирэх жуулчин, аялагчдад бүтээгдэхүүнээ сурталчлах болжээ. Үүний сацуу ойр хавийн амралтын газруудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх болов.
Компанийн хэрэгжүүлсэн шийдэл хэр оновчтой хэрэгжих бол? Саналаа бидэнтэй хуваалцаарай.

🏡📶 5G хөдөлгөөнт интернэт
Гэр интернэт 5G дэмждэг цоо шинэ төхөөрөмжтэй болжээ. 📢
Давуу тал нь юу вэ?
🕹️ Багцаа сонго: Шинэ төхөөрөмж зөвхөн 5G сүлжээнд зориулсан 150GB-300GB хүртэлх дататай, 30Mbps-50Mbps хүртэл өндөр хурдны багцуудтай болсон байна. Багцаас шалтгаалан ₮60-₮100 мянгын үнэтэй ба LookTV-н Basic болон Premium эрх дагалдаж буй.
😎 Бүр янзын нь: Дата багц дууссан ч санаа зоволтгүй, 256kbps хурдаар хязгааргүй ашиглах боломжтой ажээ. Түүнчлэн шинэ төхөөрөмжийг ердийн төхөөрөмжөөс 2 дахин их буюу 20 хүртэлх хүн зэрэг ашиглаж болох нь.
Гэснээс, гэр интернэтийн шинэ төхөөрөмж зөвхөн 5G нэвтэрсэн бүсэд ажиллах юм шүү. ЭНД дарж гэр, оффис тань тус сүлжээнд нэвтэрсэн эсэхийг хараарай.

Reuters
🍋 Америк $14.6 тэрбумын хохирол үүсгэх эрсдэлтэй байсан ЭМД-ын луйврын схемийг зогсоосноо мэдэгдэв. Энэ ажиллагаа нь Америкийн Хууль зүйн яамны түүхэд хамгийн том ЭМД-ын залилан илрүүлсэн тохиолдол болж буй бөгөөд 324 сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, $245 саяын эд хөрөнгийг хураажээ. Харамсалтай нь, хэргийг илрүүлэх үед хохирлын хэмжээ хэдийнээ $2.9 тэрбумд хүрчихсэн байж.
🍋 Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт өнгөрсөн онд бүрэн дууссан байна. Одоогоор үйлдвэрийн үндсэн байгууламжуудыг хамарсан багц ажлууд, түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил үргэлжилж буй гэнэ. Тэгвэл төслийн сүүлийн шатны ажил энэ оны II сард эхлэх нөхцөл бүрдсэн ч, цааш үргэлжлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа аж.
🍋 xAI AI хөгжүүлэх, дата төв барих, Grok платформоо өргөтгөх зорилгоор $10 тэрбумын санхүүжилт татав. Санхүүжилтийг Morgan Stanley (MS) удирдсан бөгөөд $5 тэрбум нь баталгаат үнэт цаас, зээл, үлдсэн хагас нь стратегийн хөрөнгө оруулагчдын хувьцааны хөрөнгө оруулалт аж. Цаашид xAI $20 тэрбумын санхүүжилт татахаар хэлэлцэж буй бөгөөд амжилттай болбол зах зээлийн үнэлгээ нь 1.6 нугарч $120 тэрбумд хүрэх төлөвтэй.
🍋 Арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан НДС-ийн хөрөнгө ₮17.1 тэрбум болжээ. Задлан харвал, НДС өнгөрсөн 5-р сард хадгаламжийн хүү ₮8.6 тэрбумыг хүлээн авсан бол 6-р сард ₮8.5 тэрбумыг хүлээн авчээ. Гэснээс, нийт хөрөнгийн 41.3% буюу ₮289.7 тэрбум нь ХААН Банк (KHAN), 25.1% нь Худалдаа Хөгжлийн Банк (TDB), 22.6% нь Голомт банк (GLMT), үлдсэн 10.8% нь Төрийн банк (SBM)-д байршиж буй.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply