• Lemon Press
  • Posts
  • 🚇 Метротой ч болоосой

🚇 Метротой ч болоосой

Зэсийн биржийн арилжаа | Дараагийн зогсоол Энэтхэг | Улаанбаатар хот 2028 онд метротой болно

POWERED BY

Шинэ сарын мэнд! Алдарт Март-8, Цэргийн баяр айсуй. 3 сарын 8-ны Баасан гарагт бүх нийтээр амрах төдийгүй гадаа маш дулаахан -1℃ байх нь. Харин 3 сарын 18-ны Даваа гарагт бүгд ажилдаа явах ба гадаа -20℃ хүрч цасаар шуурна. Шодоргос! 😂

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Монноос ХК (MNS) 2023 оны цэвэр ашгийн 11.13%-ийг ногдол ашиг болгон тараана. Улмаар нэгж хувьцаанд ₮80 оногдох юм. 

ADB: Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн FPO-н хоёрдогч зах зээлийн арилжааг эхэллээ

AUD: Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг ₮6.4 тэрбумаар тогтоов.

AU: Австралийн ЗГ-аас Монголд нүүрлэж буй зудтай холбоотойгоор $250 саяын тусламж үзүүлнэ.

 Зэс ➡️ Бирж

Зэсийн баяжмал, молибденийн баяжмалыг биржээр арилжаалахаар болоод буй. Энэ шийдвэр хэр өгөөжтэй вэ? Зах зээлд ямар нөлөө гарах вэ? 

Эхлэл яаж тавигдах вэ? 

Одоогийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 ААН эзэмшиж байгаа. Үүнээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ашиглалтын 2 тусгай зөвшөөрөлтэй. Тиймээс эхний ээлжид тус үйлдвэрийн зэсийн баяжмалын 5%-ийг арилжихаар төлөвлөж буй. 

  • 5️⃣: Эрдэнэт үйлдвэр энэ онд 6 ААН-д 621.5. мянган тн зэсийн баяжмал, 4 ААН-д 6,240 тн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байгаа аж. Тэгэхээр 31.1 мянган тн зэсийн баяжмал, 312 тн молибденийн баяжмал биржээр арилжаалагдах нь. 

Яах гэж байгаа юм бэ? 

Зэсийг МХБ (MSE)-ээр арилжаалах нь нээлттэй ил тод байдлыг бий болгох, зах зээлийн өрсөлдөөнт ханшаар арилжаалагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Түүнчлэн дээр дурдсан 22 ААН биржид бүртгүүлснээр хөрөнгө оруулалт татах процесс хөнгөвчлөгдөх боломжтой. Үүнээс гадна, 

  • Эрсдэл & Оролцоо: Бирж дээр арилжаа хийх нь үйлдвэрлэгчдэд фьючерсийн гэрээг ашиглан үнийн хэлбэлзлээс хамгаалагдах, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарт оролцох боломжийг олгоно. 

  • Сонирхуулахад: Зэсийг биржээр арилжаалах шийдвэр гарсны дараа буюу өчигдрийн арилжаагаар МХБ-ийн хувьцааны үнэ 13% өсөж ₮159-т хүрээд байна. 

АМНАТ яана гэнэ ээ?

Биржээр арилжсан зэс, молибденийн баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ийг тухайн биржийн үнэтэй уялдуулж тооцох юм. Одоо бол зэсийн баяжмалын АМНАТ-ийн суурь 5% байгаа. АМНАТ-ийг тооцохдоо Лондоны металлын биржийн үнийг жишиг үнэ болгон зэсийн үнэ $5,000-оос дээш өсвөл хувь нэмэгдүүлж тооцдог. Жишээ нь, зэсийн үнэ $5,400 болбол 16%-ийн АМНАТ, $7,000 болбол 18%-ийн АМНАТ төлнө гэх мэт. Харин одоо Лондоны биш МХБ-ийн үнэд тулгуурлах нь. 

Тэгэхээр, зэсийг биржээр арилжаалдаг болсноор ил тод болж болох ч АМНАТ-ийн асуудлыг шийдсэн гэсэн үг биш. АМНАТ-ийн нэмж ноогдуулах хувь хэмжээ нийт цэвэр зэсээр тооцсон борлуулалтын орлогоос шууд авдаг татвар учир томоохон төслүүдийн өнөөгийн үнэ цэнийг (NPV) бууруулдаг хэвээр. 

🇮🇳 Дараагийн зогсоол ЭНЭТХЭГ

DIS: The Walt Disney Энэтхэгийн Reliance Industries (RELIANCE.NS)-тэй $8.5 тэрбумын хамтрах гэрээ байгууллаа. Reliance Industries нь $239 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй Энэтхэгийн медиа салбарын луугар компани аж. Хамтын ажиллагааны хүрээнд тус 2 компани Энэтхэгийн медиа салбарын 40%-45%-ийг эзлэх боломжтой болох тул өрсөлдөгчдөө нэлээн сандаргаж байгаа сурагтай. Сонирхуулахад, EY-с Энэтхэгийн медиа зах зээлийг 2030 он гэхэд $100 тэрбумын үнэлгээтэй болно гэж тооцоолсон байна.

 🚇 Метротой ч болоосой… 

Энэ оны хамгийн поп амлалт болох метроны ОУ-ын тендер зарлагдлаа. Энэ удаад 4 жилийн дотор метрогоо ашиглалтад оруулах ёстой. Тэгвэл метротой хотын жишгүүдийг харъя! Тэд яаж барив, хэдэн жилийг зарцуулав? Ер нь 4 жил гэдэг хэр боломжит хугацаа билээ?

  • Төлөвлөгөө: Нийслэлээс $1.7 тэрбумаар Толгойтоос Амгаланг холбосон 17.7 км урттай метроны шугам барих бөгөөд үүний 6.6 км нь газар доогуур баригдана. Ингэснээр тус зайг 27 минутад туулж, зорчих хөдөлгөөний 40%-ийг метрогоор шийдэх аж.  

Дэлхийн ⅔ нь метроны системгүй

Дэлхий дээрх улс орнуудын 61% нь метроны системгүй. Гэсэн ч эдгээр орнуудын дийлэнх нь Африк тивийн орнууд. Судлаад үзтэл дэлхийд метро барихад дунджаар 5-15 жил шаардлагатай байдаг аж. Сонирхуулахад, дэлхийн хамгийн урт буюу 831 км урттай Шанхайн метроны системийг 30 жилд барьсан бол Энэтхэгийн Капур хотод хамгийн хурдан буюу 2 жилийн дотор 8.9 км метроны систем барьж байжээ.

  • Илүү ойрын жишээ юу байж болох билээ гээд Казакстаныг харвал тэд анх 13.4 км метроны системээ барихадаа 23 жилийг зарцуулсан байна. 

Харин Монгол

Одоо барих гээд байгаа метрог 2013 онд Жайкагийн хийсэн ТЭЗҮ-д тулгуурлан хийх гэж байгаа гэхээр яагаад 11 жилийн хугацааг алдсан юм бол гэж гайхмаар. Юутай ч тус метроны систем нь 1.3 км-ын зайтай 14 буудалтай, 17,000 хүн тээвэрлэх чадалтай байна гэнэ лээ. Гэхдээ бид үнэхээр 2028 онд метротой болж чадах уу? 

  • Сонирхуулахад: Bard-с хотын удирдлагуудын амлаж байгаа 4 жилд 17.7 км метроны систем барих боломжтой эсэхийг асуутал, хотын бүтэц зохион байгуулалт, яг таг ТЭЗҮ, төлөвлөгөөтэй бол онолын хувьд бол боломжтой л гэнэ. Гэхдээ илүү хянамгай, дараа нь толгойны өвчин бага болох ажил хийе гэвэл хугацаагаа жаахан сунгавал яадаг юм гэх юм. 

Эцэст нь… Монголд сонгуулийн өмнө томоохон бүтээн байгуулалт хөдөлдөг, төрийн хишиг тараадаг гээд бартерын эдийн засаг эрчимждэг жамтай. Бартерын гэж хэлсний учир нь эрх баригчид маань гэнэт сонгуулийн жил ухаан орж иргэдийн саналыг мөнгөөр, амлалтаар татах гэж үздэг муу зантай. Метро бол хэзээний л сонгуулийн хамгийн поп амлалт байлаа. 2028 он гэхэд ядаж метроны дэд бүтэц нь шийдэгдсэн байх болтугай…

3 сарын 11-нд Оскарын шагнал гардуулах ёслол болох нь ээ. Энэ удаад таны кино урлагийн мэдлэгийг шалгадаг юм билүү?

Steven Spielberg анх ямар киногоор “Шилдэг найруулагч”-ийн шагнал авч байсан бэ?

A. Schindler’s List
B. Jurassic Park
C. Lincoln
D. Empire of the Sun

ЦХХХЯ

🔹SpaceX-н Starlink нам орбитын интернэт Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Starlink Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэх хүсэлтээ 2022 оны 6-р сард гаргасан ч бодлогын орчноос үүдэн хугацаа алдсан. Харин сүүлийн 1 жилд холбогдох хуулийн хязгаарлалтуудыг өөрчилснөөр ийнхүү Монголын хаана ч өндөр хурдны интернэтэд холбогдох боломж бүрдэж байна.

🔹 Jade Gas (JGH.AX) Mongolian Mining Corporation (0975.HK)-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Тус санамж бичигт байгалийн хийг Монголын уул уурхайн үйл ажиллагаа, авто тээвэр, логистикт ашиглан зардлаа бууруулж, байгаль орчинд илүү ээлтэй ажиллах талаар дурджээ.

🔹Baidu (9888.HK)-н 2023 оны IV улирлын ашиг өмнөх жилийн мөн үеэс 48% буурч ¥2.6 тэрбум боллоо. Учир нь Хятадад хиймэл оюун ухааны өрсөлдөөн ширүүссэн тул Baidu AI хөгжүүлэлтийн зардлаа 11% өсгөж ¥6.3 тэрбумд хүргэжээ. Улмаар хувьцааны үнэ 11.6% буурч HK$99.4-т хүрээд байна.

🔹 Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) ХК-ийн нийт хөрөнгө 2023 онд 18.6% өсөж ₮202.8 тэрбумд хүрлээ. Тэдний борлуулалтын орлого 49.6% өсөж ₮390.5 тэрбум болсон ч ₮393.1 тэрбумын өртгөө давуулаагүй тул ₮32.7 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Улмаар эздийн өмч 177.4% буурч -₮14.3 тэрбум болов. Мөн тэдний биржид бүртгэгдсэн нэрийг Премиум нэксус ХК болгон өөрчиллөө.

  • Анхаараарай: Финтекийн компаниудад кибер аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх гэж байна. (Finsec)

  • Юу болов? Apple-н цахилгаан автомашины үйлдвэрлэл хойшилсоор. (TechCrunch)

  • Хөөх: Япон дижитал нүүдэлчдэд зориулсан визээ танилцууллаа. (BBC)

  • Тоглоорой: Хэрэв та Их Британийн төсвийг батлах боломжтой байсан бол ухаалгаар баталж чадах уу? (Bloomberg)

📢 Найзаа уриад мерч

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER