🚀 2026 оны онцлох IPO

Тогтвортой санхүүжилтийн төлөв | $MSE-н шинэ CEO | $17.5 тэрбумын ХО

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр алдарт Time сэтгүүлийн 1927 оноос тасралтгүй тодруулсаар ирсэн “Оны онцлох хүн” олон нийтэд танилцуулагдана. Уламжлал ёсоор онцлох хүнээр “хүн” сонгогдох ёстой ч энэ жилийн дүр зураг 1982 он шиг өөр байх бололтой. Учир нь энэ жил AI онцлох магадлал өндөр ба тэртээ 1982 онд хүн бус компьютер сонгогдож байжээ. Манайханд таамаглал байна уу? Юу гэж бодож байна? 🍿

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Өнгөрсөн 11-р сард инфляц 8.2%-тай гарлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгж хувиар өссөн дүн юм. 

MSE: Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо.

CUS: Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

🇲🇳🌳 Тогтвортой санхүүжилтийн өнөөгийн төлөв

Энэ онд ОУСК-ийн дэргэдэх Тогтвортой банк санхүүгийн холбоо Монголын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг 1 шат ахиулж “Consolidating” буюу “Бэхжиж буй” түвшинд хүргээд буй. 

  • Тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр татан төвлөрүүлэлтээрээ ХААН Банк (KHAN) тэргүүлж байгаа буюу энэ оны III улиралд ногоон зээлийнх нь нийт зээлд эзлэх хувь 7.4% буюу ₮1 их наядад хүрээд байгаа билээ.

👀 Тогтвортой, ногоон сагс: $1.1 тэрбум 

Цаашлаад, тус банкны нийгмийн санхүүжилт 2 жилийн дотор ₮281 тэрбум, жендэрийн зээл ₮1.7 их наядад хүрээд буй. Нийлбэр дүнгээрээ 2022 оноос хойш $KHAN $1.1 тэрбумыг санхүүжилтийг зах зээлээс татан төвлөрүүлжээ. Хэрэв та мэдэх бол ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал ТоС холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, өнгөрсөн хугацаанд туулсан өөрсдийн туршлагаа ТоС холбоон дээр нэвтрүүлж яваа. 

🖼️ Ногоон, тогтвортой хөгжлийн стратеги

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын ногоон зорилт ТоС холбоотой шууд хамааралтай. 2023 онд ТоС холбоо 37 гишүүнтэй байсан бол өдгөө 70 гишүүн, 92 бодлогын ба ОУ-ын дэмжигчтэй болжээ. Тэд жил бүр гишүүдээсээ “Манлай банк”-аа тодруулан, тухайн жилийн үйл ажиллагаагаа чиглүүлэх үүрэг хүлээлгэдэг. Сүүлийн 2 жил ХААН Банк ХК ТоС холбооны “Манлай банк”-аар ажиллаж байгаа бөгөөд өдгөө холбоо 3 төрлийн платформыг зах зээлд нэвтрүүлсэн байна. Юун түрүүнд ногоон санхүүжилт татах сонирхолтой компаниуд БОНЗ-ын үнэлгээгээ илүү амар буюу цахимаар тайлагнах боломжтой болов. 

  • Тус платформыг СЗХ болон МХБ-д хүлээлгэн өгсөн бөгөөд компаниуд зөвхөн БОНЗ-ийн үзүүлэлтээ тайлагнахаас гадна үнэлгээ, зөвлөмж авах боломжтой гэдгээрээ онцлог. Мэдээд авахад, МХБ-ийн I ангиллын компаниуд БОНЗ-ын тайлангаа тус платформ дээр заавал оруулах үүрэгтэй байдаг. 

  • Үүнтэй адил хүнсний ЖДБ-уудын БОНЗ-ыг үнэлэх тусдаа платформыг бий. Харин 3 дахь платформ нь ХААН Банк ХК-ийн нэвтрүүлсэн ногоон дата платформ. Тус платформын хувьд илүү иргэн, ААН рүү чиглэсэн ногоон санхүүжилтийн мэдээлэл авах, шалгууруудыг нь харах боломжтой платформ юм.   

Эцэст нь… Дээрх бүх үйл явдал, тоо баримтаас бидний анзаарах ёстой зүйл нь компаниуд хэзээ, хэзээнийхээсээ илүү тогтвортой санхүүжилтийн ач холбогдлыг ойлгож, тогтвортой, ногоон имиж бүрдүүлэхэд анхаарах болжээ. Дээрээс нь ТоС холбоо “Тогтвортой санхүүжилтийн форум”-ыг жил бүр уламжлал болгон зохиосноор тогтвортой санхүүжилтийн хэлэлцүүлэг өрнөх платформ өргөжих суурь болж байна.

  • 🏨 377 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр зочид буудал үүд хаалгаа нээжээ. (People)

  • 💉 Улсын II төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана. (President)

  • 📍 Машинаа хаана байрлуулснаа Google Maps дээрээс харах боломжтой болох нь. (9to5Google)

  • 🛑 Австрали 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа хэрэглэхийг хориглов. (ABCNews)

🇮🇳 $MSFT-н $17.5 тэрбумын хөрөнгө оруулалт

MSFT: Microsoft ирэх 4 жилд Энэтхэгт $17.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, AI болон үүлэн технологийн үйлчилгээгээ тэлэхээр боллоо. Энэ нь 2025 оны эхэнд Энэтхэгт амласан $3 тэрбумын хөрөнгө оруулалт дээр нэмэгдэж буй дүн аж. Сонирхуулахад, $MSFT-н Гүйцэтгэх захирал Сатаяа Наделла нь Энэтхэгийн Телангана мужид төрсөн ба 2014 оноос хойш тус албан тушаалыг хашиж байна. Тус мэдээтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 0.2% өсөж $492-т хүрчээ. 

🚀 2026 оны онцлох IPO

Сансарын уудамд үйл ажиллагаа явуулдаг олон хөрөнгө оруулагчдын харцыг булаасан SpaceX ирэх жил IPO хийхээр төлөвлөөд байна. Тус IPO-г сонссон хүмүүсийн нүд нь орой дээрээ гарсан сурагтай шүү. 

💸 $1.5 их наяд

IPO-н бэлтгэл ажил нэгэнт эхэлсэн бөгөөд ирэх 2026 оны дундуур олон нийтээс $30 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ нь компанийн зах зээлийн үнэлгээг $1.5 их наядад хүргэж, IPO-н дараах зах зээлийн үнэлгээгээр түүхэнд 2-т бичигдэх магадлалтай. Өмнө нь 2019 онд газрын тосны акул Saudi Aramco олон нийтээс $29.4 тэрбумыг татан төвлөрүүлж, зах зээлийн үнэлгээгээ $1.7 их наядад хүргэж байв.

🎯 Захирлын амбиц

SpaceX-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Илон Маск саяхан Tesla (TSLA)-н хувьцаа эзэмшигчтэй $1 их наядын урамшууллын гэрээг батлуулснаас хойш ердөө 4 долоо хоногийн дараа SpaceX-н IPO-г төлөвлөөд эхэлжээ. IPO-г түргэвчилсэн гол хүчин зүйл нь Starlink-н амжилт. Тухайлбал, энэ жил Starlink $15 тэрбумын орлого олох төлөвтэй байгаа бол ирэх онд орлого $23 тэрбумд хүрэхээр хүлээлттэй аж.

  • 📝 B төлөвлөгөө: Хэрэв IPO-н бэлтгэл ажил удааширвал 2027 он руу хойшлох магадлал өндөр. Ямартай ч олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн ихэнх хэсгийг сансарт дата төв байгуулахад зарцуулахаар төлөвлөжээ.

🤓 Өөр IPO

2026 онд SpaceX-с гадна AI хөгжүүлэгч Anthropic IPO хийхээр бэлтгэж эхэлсэн ба компанийн зах зээлийн үнэлгээ $300 тэрбумыг давах аж. Тэд энэхүү мэдэгдлийг гол өрсөлдөгч OpenAI-с түрүүлж гаргасныг салбарын могулууд тун ухаалаг үйлдэл хэмээн үнэлжээ. Учир нь тус үйл явдал Anthropic-г бусад өрсөлдөгчдөөс түрүүлж зах зээлд танигдах давуу талыг үүсгээд байна. 

Эцэст нь… Ирэх жил Монголын Хөрөнгийн зах зээлд ямар компани IPO хийх нь сонирхолтой. Хамгийн ойрхон нь өнгөрсөн 5 сард IPO хийх зөвшөөрлөө авсан UBCab Holding байж магадгүй. Гэхдээ тэднээс урьтаж өөр компани IPO хийхийг ч үгүйсгэхгүй юм. 🔮

552 гомдол 
11-р сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртөж 552 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
148 хүүхэд 
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 148 хүүхэд, араас нь Хан-Уул дүүрэгт 126 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. 
62%
Тэгвэл зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдүүдийн 62% буюу 376 нь явганаар зорчиж байх үедээ осолд өртсөн аж.

Mint

🍋 Энэ оны 1-р сараас хойш мөнгөний спот үнэ 2 дахин өсөж анх удаа унц нь $60-т хүрлээ. Угтаа тус металлыг үнэт эдлэл болон зоос үйлдвэрлэлд голчлон хэрэглэдэг ч сүүлийн 5 жилд EV, AI чип, нарны хавтан зэрэг үйлдвэрлэлийн хэрэглээ эрс өссөнөөр нийлүүлэлтийн хомсдол үүсжээ. Үүн дээр нэмээд долларын ханш суларсан, тарифын бодлогын тогтворгүй байдал нөлөөлсөн байна. 

🍋 Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “Смарт Эко Транс” ХХК-ийн 5.3 га талбай болон “Оюу толгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто замыг нүүрсний тээвэрлэлтийн зорилгоор ашиглахаар болжээ. “Оюу толгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто зам нь 10:00–14:00 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашиглагддаг бөгөөд бусад цагт ачаалалгүй байдаг аж.

🍋 Хятадын гадаад худалдааны тэнцэл анх удаа $1 их наядыг давсан ашигтай гарав. Тодруулбал, 11-р сард Хятадын Америк руу хийсэн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 29% буурсан ч нийт экспорт 5.9% өссөн бол импорт 2% өсжээ. Үүнд Хятадын худалдаачид Өмнөд Ази, Африк, Европ, Латин Америкийн зах зээл дахь экспортоо төрөлжүүлэхээр ажиллаж буй нь голчлон нөлөөлсөн байна.

🍋 Европын Парламентын бүлгийн гишүүд ирэх онд Монгол Улсад айлчлахаар төлөвлөжээ. Энэ дашрамд ЕХ-оос Монгол Улсыг Ойн тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Газрын тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг хүсэв. Мөн Төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй "Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт"-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжиж өгөхийг хүсжээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.