🐥 2026 оны ууган AI IPO

Бортээгийг ашиглаж эхэлнэ! | $INTC-н шинэ чип | IKEA-н өөрчлөлт

POWERED BY

Баасан гаргийн мэнд! Сүүлийн үед караокэд ямар дууг хашрааж байна даа? ЗГ караокэд тухайн дуу хэдэн удаа явснаас шалтгаалан орлогын тодорхой хувийг уран бүтээлчдэд өгдөг системийг нутагшуулна гэнэ. За тэгээд Ice Top хамтлаг маань “Үргэлж хамтдаа” дуугаараа бурзайх нь байна шүү дээ. 🤪

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Өнгөрсөн 12-р сард инфляц улсын хэмжээнд 7.5%, нийслэлийн хэмжээнд 7.6%-тай гарлаа

FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо Өмнөговь аймагт нийт ₮500 тэрбумын дүн бүхий бондыг энэ онд ₮150 тэрбум, 2027 онд ₮300 тэрбум, 2028 онд ₮50 тэрбум гэхчлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргах зөвшөөрөл олгов. 

KHAN: ХААН Банк ХК ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлажээ

🪏 Бортээгийг ашиглаж эхэлнэ!

Энэ долоо хоногт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулагдлаа. Тэгвэл өнөөдөр эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг зарлаад байна.

🔭 Ордын тойм

Бортээг нь Таван толгойн 6 бүлэг ордын нэг хэсэг бөгөөд 2020 оны ТЭЗҮ-ээр тус орд нь 424 сая тн нүүрсний нөөцтэйгөөс 95%-ийг сул коксжих, 5%-ийг эрчим хүчний нүүрс эзэлж буйг баталжээ. Түүнчлэн энэ оны эхний улиралд багтан дахин ТЭЗҮ боловсруулах төлөвлөгөөтэй байна. Мөн энэхүү орд нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд багтдаг ба компанийн эзэмшилд Тавантолгойн нүүрсний бусад бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат зэрэг хэсгүүд ордог аж.

  • 🕵🏻‍♂️ Саяхны хэрэг: Өнгөрсөн онд УИХ-ын экс дарга Д.Амарбаясгалангийн холбоотой гэх Админерал компанийн багтсан МТАС түншлэл 2021 онд Тавантолгойн бүлэг ордын Бортээгт хөрс хуулах, нүүрс олборлох, өрөмдөх, тэслэх, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэхээр тендерт шалгарч гэрээ байгуулж байв. Гэсэн ч 2025 онд тус гэрээг цуцалсан түүхтэй.

🧮 Тоо бодъё

Өнгөрсөн онд Монголын экспортолсон нүүрсний хэмжээ мөн үеэс 14.4% өсөж 95.8 сая тн-д хүрчээ. Ингэснээр сүүлийн 8 жилд экспортолсон нүүрсний хэмжээ 412.3 сая тн болсон аж. Энэ нь Бортээгийн ордын нийт нүүрсний нөөцтэй дүйх буюу уг орд эдийн засгийн эргэлтэд орвол Монголын 8 жилийн нүүрсний экспорттой тэнцэх нөөцтэй орд ашиглалтад орох нь.

Эцэст нь… Бортээгийн ордын дийлэн хэсгийг сул коксжих эзэлж буй нь сайны дохио төдийгүй сул коксжих нүүрс нь эрчим хүчний нүүрстэй харьцуулахад өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг аж. Төрөөс Бортээгээс бодит орлого олж ирснээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, баялгийн сан арвижин, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд том тус хүргэнэ гэж үзэж байна.

  • 🍿 Энэ онд Netflix дээр мэндлэх бүтээлүүд. (Netflix)

  • 💭 Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ? (Parliament)

  • 🎧 Spotify жагсаалтаа найзуудтайгаа хуваалц. (TechCrunch)

  • 🏦 Трампын дэмжлэгтэй крипто банк айсуй. (U.S.News)

🆕 Intel-н шинэхэн чип

INTC: Технологийн аваргуудын нэг Intel сэргэлтийн төлөвлөгөөнийхөө хүрээнд томоохон алхам хийж, Core Ultra Series 3 (Panther Lake) чипийг олон нийтэд танилцууллаа. AI компьютерт зориулсан тус чип нь хамгийн сүүлийн үеийн 18A үйлдвэрлэлийн процесс ашигласан анхны бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Мөн тус чип өмнөх үеийн Lunar Lake чиптэй харьцуулахад тоглоомын гүйцэтгэлээр 77% өссөн аж. Уг мэдээтэй холбоотой $INTC-н нэгж хувьцааны үнэ 6.5% өсөж $42.6-т хүрчээ.

🐥 2026 оны ууган AI IPO

Өнгөрсөн жилийн 4-р сард Хятадын технологийн титануудын адислалыг хүртсэн AI од Zhipu IPO хийнэ гээд бичиж байв. Тэд төлөвлөсөн хугацаанаасаа 3 сараар хоцорсон ч Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, зах зээлийг донсолгож байна. 

🗞️ IPO хураангуй

Knowledge Atlas Technology буюу олноо Zhipu гэх нэрээр танигдсан Хятадын AI компани олон нийтэд 37.4 сая орчим буюу нийт хувьцааныхаа 20%-ийг санал болгож, зах зээлээс HK$4.3 тэрбумыг татан төвлөрүүлжээ. IPO-г нь амжилттай болсон гэхэд ч багадахаар буюу 1,159 дахин илүү захиалга аваад амжиж. Улмаар арилжаа нээсэн өдрөө хувьцааны үнэ нь 15% өсөж HK$116-т хүрсэн байна. 

  • 💎 Компани өөрсдийгөө HK$52.8 тэрбумаар үнэлж, нээлттэй зах зээлд хөл тавьсан бөгөөд дэлхийн хамгийн анхны AGI суурьтай AI компани болоод буй. 

  • 🤓 Улмаар Zhipu IPO-р татан төвлөрүүлсэн санхүүжилтийнхээ 70% орчмыг судалгаа, хөгжүүлэлтэд хуваарилахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тун удахгүй Zhipu GLM-5 загвараа олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байгаа аж. 

🔮 2026 оны AI төлөв

Zhipu-р тогтохгүй тун удахгүй MiniMax хэмээх Хятадын AI компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах сураг байна. Ер нь л Хятадын AI компаниуд IPO-гоо шавдуулж буй гол шалтгаан нь OpenAI, Anthropic тэргүүтэй барууны өрсөлдөгчдөөсөө өрсөх. Хэрэв тэдний яарч буй шалтгаан үнэхээр үнэн бол бид энэ онд OpenAI, Anthropic тэргүүтэй халуухан компаниудын хувьцааг авах боломжтой гэсэн үг. 

  • 🤨 Zhipu GPT-г гүйцэж чадах уу? Zhipu нь Хятадын 6 AI барсын нэг бөгөөд тэдний Z.ai загварыг ChatGPT-тай өрсөлдөх хэмжээний потенциалтай хэмээж байгаа. Өдгөө 7 нас хүрч буй Zhipu-г Цинхуа их сургуулийн 2 төгсөгч үүсгэн байгуулж, Alibaba (BABA), Tencent (TCEHY), Baidu (BIDU) гэхчлэн Хятадын хамаг л том компаниудаас санхүүжилт татаж байсан гээд хүүрнэх юм олонтой. 

  • 😮‍💨 Тэд дэлхийн хэмжээнд ChatGPT-г гүйцэж, түрүүлж чадахгүй байлаа ч 1.4 тэрбум хүнтэй Хятадын зах зээлдээ бол эзэгнэн суух чадвартай л гээд байгаа юм даа. 

Юутай ч AI халуурал дуусах нь битгий хэл бараг дундаа ч ороогүй байх шиг. Энэ жил том, том AI компаниуд IPO хийж, нээлттэй зах зээлд хөл тавих магадлал яг л 50%-тай байна. Энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байвал эртнээс сайн компаниудаа шилж сонгоод, ясыг нь цайтал судалж байхад гэмгүй дээ. 

💡 Таавар таацгаая.

1889 онд байгуулагдсан … компани нь ресторан, зочид буудлын үнэлгээ гаргадаг гэдгээрээ эчнээ танигдсан билээ. Гэхдээ тус компани автомашин, мотоцикл, ачааны машин, автобус, онгоцны дугуй үйлдвэрлэдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ ямар компани вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉

🤖📊 Санхүүгийн салбарын AI чатбот

Салбар салбарын үйл ажиллагаанд AI туслах нэвтрээд мөн ч амар болж дээ. Үүний тод жишээ нь, Монголын ХЗЗ-ийн салбарт Апекс Капитал ҮЦК үйлчилгээндээ AI чатбот нэвтрүүлж, харилцагчдадаа 24/7 мэдээлэл, зөвлөгөө өгч эхэлжээ. 📢

Apex AI танд туслахад бэлэн! 

  • 🫴 Apex AI нь хөрөнгө оруулалттай холбоотой нийтлэг асуултад мэргэжлийн түвшинд хариулах, цаашлаад зах зээлийн дүн шинжилгээнд тулгуурлан хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөөг хурдан, найдвартай үзүүлэх юм.

  • ☝️ Тэдгээрээс онцолбол, хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох, үнэт цаасны данс нээх үйл явцыг шат дараалан танилцуулах, бондын төрлүүд, өгөөж, хөрөнгө оруулах алхмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тэргүүтэй үйлчилгээнүүд багтаж буй.

За тэгээд Апекс Капитал ҮЦК-ийн Apex AI чатботыг ашиглан хөрөнгө оруулалтын зөвлөгөөг хаа байгаа газраасаа, хүссэн цагтаа аваарай.

Alamy

🍋 IKEA стратегиа өөрчилж, Хятад дахь 7 салбар дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдэв. Одоогоор IKEA Хятад даяар нийт 40 салбар дэлгүүртэй бөгөөд Шанхай, Гуанжоу, Харбин тэргүүтэй хотуудад байрлах дэлгүүрүүдээ хааж масштабаа хумих бодлого баримтлах аж. Үүний оронд ирэх 2 жилд Бээжин, Шэньжэнь зэрэг том хотуудад 10 гаруй жижиг дэлгүүрийг нээх юм.

🍋 Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) ОБЕГ-т ₮310 саяын онцгой байдлын хувцас, хэрэглэл хандивлажээ. Үүнд 5 нэр төрлийн 150 тусгай зориулалтын иж бүрэн хамгаалах хувцас, хэрэглэл багтсан бөгөөд гал түймэр, үер ус, цацраг, химийн ослын үед хэрэглэх нь. Урьд 2022 онд ТИКА нь ОБЕГ-т туулах чадвар сайтай эмнэлгийн иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгч байв.

🍋 Anthropic $350 тэрбумын зах зээлийн үнэлгээтэйгээр $10 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Шинэ санхүүжилтийг GIC болон Coatue Management компаниуд тэргүүлэх бөгөөд улмаар Anthropic-н үнэлгээ 4 сарын дотор ийнхүү 2 дахин нэмэгдэх нь. Санхүүгийнхэн болон IT салбарынхнаас сайшаал хүртээд буй Claude AI-г хөгжүүлэгч тус компани OpenAI-с түрүүлж буюу 2028 онд ашигт ажиллагаанд хүрэх төлөвтэй байгаа.

🍋 Нийслэл сүүлийн 2 жилд хууль бус эзэмшилд байсан нийт 15 барилга, байгууламжийг буцаан авчээ. Улмаар дуудлага худалдаанаас Нийслэлийн төсөвт нийт ₮25 тэрбумыг төвлөрүүлээд байгаа бөгөөд энэ онд 8 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас 6 барилгыг хасаж, ногоон байгууламж болгон тохижуулахаар шийдвэрлэсэн аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.