- Lemon Press
- Posts
- 🦸♂️ GPT: Супер программ
🦸♂️ GPT: Супер программ
Бондын буухиа 2026 | $BRK-B-н санаа $GOOGL-д | Бугат хот Хятадын ГХЭ-ийн төв болно
POWERED BY

Шинэ долоо хоногийн мэнд! Энэ Баасан гарагт Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой буюу бүх нийтийн амралтын өдөр тохиох гэж байна. Тэгэхээр лимончууд маань ажлын 4 хоногтоо ажил төрлөө умалзуулаад өгөөрэй. 💪🏼


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Өнгөрөгч 10-р сард мөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн оны мөн үеэс 7% өсөж ₮45 их наядад хүрчээ.
MPP: УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын шинэ даргаар 94.95%-ийн санал авч сонгогдов.
MSE: БиДиСЕК ХК (BDS)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг $1,000-ын нэгж үнэтэйгээр 10 мянган ширхэг хүртэлх тоогоор гаргах эрхийг ТУЗ-д олгожээ.

🎽 Бондын буухиа 2026

Өнгөрсөн 7 хоногт урт настай, удаан нуршаантай 2026 оны төсөв батлагдсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улаанбаатар хот ирэх онд дотоодын зах зээлд ₮275 тэрбумын бонд гаргах сураг дуулдаад байна.
🤔 Гэнэтийн шийдвэр
Анх өргөн барьсан төсөвт энэхүү бондын санал тусгагдаагүй байсан ч гэнэтийн шийдвэрээр ороод ирсэн гэнэ дээ. Тухайлбал, ЗГ-аас өргөн барьсан анхны төсөвт нийслэлийн ₮275 тэрбумын бонд гаргах санал байгаагүй. Мөн ажлын хэсгийн боловсруулсан хувилбарт ч энэ заалт тусгагдаагүй байна. Харин хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг дэмжсэнээр энэ хэмжээний бонд төсөвт орж ирэхээр болов.
🦺 Юунд зарцуулах вэ?
Улаанбаатар хотын хөгжлийн стратегийн хүрээнд 2028 он хүртэл 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү мега төслүүдэд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын хэмжээ $13.2 тэрбумд хүрсэн бөгөөд эхнээсээ бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Төсөвт тусгагдсаны дагуу ирэх онд гарах ₮275 тэрбумын бонд нь Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилготой буюу зарим нэг мега төслүүдэд зарцуулагдах магадлалтай аж.
🕰️ Өмнөх бондууд
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын зүгээс гадаад болон дотоодын зах зээлд 2 бонд гаргасан. Эхнийх нь 2024 оны 6 сард ₮500 тэрбумын үнийн дүнтэй дотоод зах зээлд гарсан бол нөгөөх нь $500 саяын дүнтэй гадаад зах зээлд гарсан хаалттай бонд байв. Тус санхүүжилтийг мөн л нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна хэмээн зарлаж байв.
Эцэст нь… Дотоодод бонд гарах нь хөрөнгийн зах зээлийн арилжааны дүнг суга өсгөж, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх эерэг талтай. Гэвч бондоос босгосон санхүүжилтийг оновчтой зарцуулж байгаа эсэх нь олны анхаарал татаж байна. Яг үр дүнтэй зүйлд нь зарцуулж л байгаа даа. 🤷🏻♂️

🛏️ Ажил-амьдралын тэнцвэрийг хөсөр хаяв. (Barron’s)
🗑️ Майкл Бурри Scion Asset Management хедж сангаа хаалаа. (Yahoo!Finance)
👹 Labubu өргөн дэлгэцээр амилах нь ээ. (Variety)
📥 Disney+ дээр AI-р бүтээсэн контентоо байршуулах боломжтой болно. (HollywoodReporter)

💕 $BRK-B-н санаа $GOOGL-д
GOOGL: Өнгөрсөн Баасан гарагт Америкийн хөрөнгийн зах зээлийн арилжааны цаг хаагдсаны дараа Berkshire Hathaway-н III улирлын хөрөнгө оруулалтын тайлан нийтлэгджээ. Тус тайланд $BRK-B Alphabet-н 17.8 сая ширхэг, $4.9 тэрбумтай тэнцэх хэмжээний хувьцааг худалдсан авсан нь нийтэд ил болоод байна. Сонирхуулахад, $GOOGL-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 46%, өнгөрсөн оны мөн үеэс 57.4% тус тус өссөн аж.

💱 Банкны AI

Японы луугар санхүүгийн корпорац Mitsubishi UFJ Financial Group (MUFG) ChatGPT-тэй хамтарч эхэллээ. Онцолж буй шалтгаан нь GPT-г харилцагчийн хувийн санхүү хөтлөлтөд ашиглах гэж байна.
🧾👩💼 AI санхүү төлөвлөгч
MUFG Bank ирэх 2026 оны 4-р сараас эхлэн апп дээрээ ChatGPT-г нэвтрүүлж харилцагчдынхаа санхүү төлөвлөгчөөр ажилд авах нь ээ. ChatGPT ажилдаа орсноор харилцагчтай зөвшилцөж байгаад л өрхийн сарын орлого, зарлага, өрхийн төсвөө хэрхэн ухаалгаар төлөвлөж болох зөвлөгөөнүүдийг өгөөд явна.
🧮 Тэдний хамтралыг илүү секси болгож буй зүйл нь ChatGPT тухайн хэрэглэгчийн сарын зарлага, баланс дээр нь судалгаа хийн, хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх явдал. Нэг үгээр бол санхүүгийн хоосон зөвлөгөө бус хэрэглэгчийн мөнгөтэй хэрхэн харьцдаг зан үйл дээр нь тулгуурлан зөвлөгөө өгнө гэсэн үг.
MUFG банкнаас гадна бусад үйлчилгээнүүдээ ч ChatGPT-г нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Санхүүгийн зөвлөгөө авах гэж мөнгө төлдөг цаг улирчээ.
🦸 GPT: Супер программ
MUFG хамтралын мэдээтэйгээ хамт ChatGPT-н супер апп хөгжүүлэх концептын нэг хэсэг болж байгаагаа мэдэгдсэн. ChatGPT-н бүтээх гэж буй супер апп нь өөр дээрээ бүхнийг төвлөрүүлэх бус, өөрөө бусад бүх апп-тай холбогдож, үйлчилгээгээ экспортлох концепт. Шинэ тутамд интеграцлагдаж буй үйлчилгээнүүдийн тусламжтайгаар ChatGPT гаднын янз бүрийн программуудтай холбогдож, супер программ болгох юм.
Одоогоор ChatGPT Spotify (SPOT) болон зочид буудлын захилгын платформ болох Booking.com-той хамтран ажиллаж байгаа.
MUFG Bank-н хувьд бүртгэлтэй 34 сая гаруй арилжааны харилцах данс эзэмшигчдэдээ салбар дээр очих нь бүү хэл банкны апп руу ч нэвтрэлгүйгээр ChatGPT-р гүйлгээ хийдэг болох боломжийг бодолцож буй.
Эцэст нь… Ойрын ирээдүйд ChatGPT-гүй бизнес гэж байхаа болих юм уу хаашаа юм. Лавтай ChatGPT-н супер апп бүтээх мөрөөдөл нь уламжлалт аргаар хэдийнээ томорсон групп, корпорацуудад ихээхэн дэм болох төлөвтэй. Банкны салбарт гэхэд томоохон банкнуудын AI шилжилт шинэ стартапуудаас хамаагүй удаан байгаа энэ нөхцөлд ChatGPT AI-н өрсөлдөөнөөс хоцрохгүй байх хөшүүрэг нь болох нь дээ.

Энэ жил Өмнөд Солонгост сүүлийн 7 жил дэх хамгийн олон буюу хагас сая гаруй ЕБС-ийн сурагчид ЭЕШ өглөө. Тэгвэл ЭЕШ-ын үеэр тус улс даяар ямар зохицуулалт хийв?
⌚ Шалгалтын байруудад сурагчид цагтаа очихыг дэмжих үүднээс ААН-үүд нээх цагаасаа 1 цагийн хойно нээжээ.
🛬 Сурагчид Англи хэлний сонсголын шалгалт өгөх цаг буюу 13:05-13:40 цагийн хооронд орчны дуу чимээг багасгах үүднээс бүх нислэгийг зогсоов.
Харин шалгуулагчдын хувьд Солонгос хэл, Англи хэл, Математик тэргүүтэй хичээлийн сэдвүүдээр 100 гаруй хуудас бүхий 200 гаруй асуултанд хариулдаг бөгөөд үүнд ямар ч завсарлагаагүй 8 цаг шаардагддаг аж.

🚀 Өндөр хурдны интернэтээр аял

Хагацъя даа, удаан интернэт минь! 👋 Юнивишнийн хэрэглэгчид 1Gbps хүртэлх өндөр хурдны интернэт ашиглах боломжтой болжээ. 📢
1Gbps хүртэлх хурдтай интернэт нь 20 хүртэл хүн болон 10 ба түүнээс дээш ухаалаг төхөөрөмжийн интернэт хэрэглээг нэгэн зэрэг саадгүй дэмжих чадалтай аж. Зах зухаас нь дурдвал,
🎮 Тоглоом хашраагчид өрөө бүрд PlayStation, PC зэрэг өөр өөр төхөөрөмжүүдийг зэрэг ажиллуулах, 50GB+ тоглоомыг хэдхэн минутын дотор татах тэргүүтэй үйлдлүүдийг тасалдалгүй хийх боломжтой бол,
🏠 Гэрээсээ ажилладаг хэрэглэгчид 50GB+ файлыг Google Drive/WeTransfer-р хормын дотор хуваалцах, Adobe Cloud, Notion гэхчлэн программууд дээр саадгүй ажиллах, цаашлаад онлайн уулзалтуудыг интернэтийн асуудалгүй давахад туслах нь ээ.
За тэгээд Unitel апп-ийн “Net Boost” цэс рүү хандаж интернэтийн хурдаа нэмэгдүүлээрэй.


SCMP
🍋 Өвөр Монголын Бугат хот Хятадын ГХЭ-ийн төв болно. Тус хотын харьяанд орших Баян-Овоо уурхай нь дэлхий даяар тогтоогдсон нийт ГХЭ-ийн 40%-иас дээш нөөцийг агуулдаг бөгөөд одоогоор дэлхийн ГХЭ-ийн нийлүүлэлтийн бараг тал хувийг дангаар хангадаг аж. Цаашид Хятад ирэх 10 жилд тус хотыг ГХЭ-ийн бүх үе шатны үйлдвэрлэлийн төв болгох юм гэнэ.
🍋 Самнасан ноолуурын экспорт энэ онд өнгөрсөн оноос 5 дахин нэмэгдэж $244 саяд хүрчээ. Тодруулбал, энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 ААН нийт ₮245 тэрбумын зээл авснаар үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон байна. Тэвэл “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд цаашлаад 2028 он гэхэд ноолуурын экспортыг $690 саяд хүргэх зорилт тавиад буй.
🍋 Berkshire Hathaway (BRK-B) 4 шатлалт бонд гаргаж ¥210.1 тэрбумыг босголоо. Компани өнгөрсөн 4-р сард энэ төрлийн бонд гаргаж ¥90 тэрбумыг босгосон бол энэ удаа ийнхүү 2.3 дахин том, Америкийн Үнэт цаас, биржийн хороонд бүртгэгдсэн, 1-р эрэмбийн, барьцаагүй, 3-15 жилийн бонд гаргав. Санхүүжилтээр компани Mitsubishi (MSBHF), Itochu (8001.T) тэргүүтэй Японы ТОП-5 худалдааны компани дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж болзошгүй юм.
🍋 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдав. Уг хуулийн төсөлд нийтийн зориулалттай дэд бүтцийн бүх төсөлд ТЭЗҮ шаарддаг зохицуулалт хэвээр мөрдөгдөх бол төрийн үйлчилгээний буюу түншлэлээр хэрэгжүүлэх төрийн үйлчилгээний зарим төсөлд ТЭЗҮ шаардахгүй байх зохицуулалт хийсэн байна.

Даваа: Энэ оны эхний 9 сарын байдлаарх ДНБ-ий үзүүлэлт гарна.
Мягмар: Банкнуудын харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүүний статистиктай танилцана.
Лхагва: ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээлийн тайлан гарах нь.
Пүрэв: Оросын Төв банкны гадаад валютын нөөц хэр байна?
Баасан: Зарим орнуудын валютын спекулятив байр суурийг харья.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply