• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Тоймлов: Гадаад харилцаа, улс төрийн өнгө

🇲🇳 Тоймлов: Гадаад харилцаа, улс төрийн өнгө

2025 оны гадаад харилцаа, улс төрийн тойм

POWERED BY

Hey! Манай шинэ сонирхолтой, инновацлаг бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээг танилцуулах зорилготой "Business spotlight" контентын 5 дахь дугаар цацагдлаа. Энэ удаагийн дугаарт арилжааны банк дахь хадгаламжийн баталгааг хариуцагч Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-ийг онцолж байна. 🍋📹

🇲🇳 Тоймлов: Гадаад харилцаа, улс төр 2025 онд

2026 он гарахад 8 хоног үлджээ. Энэ 7 хоногийн турш уламжлал болсон Lemon Press-н улс төр, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн жилийн тойм танд хүрэх болно. Энэ удаад гадаад харилцаа болон улс төрийн талбарт 2025 онд болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

  • 🤔  Чухал шүү! Гадаад харилцаа болон улс төрийн сэдэв дээр иргэд санах ойтой байх нь маш чухал. Энэ онд гадаад харилцаа, улс төрд болж өнгөрсөн олон үйл явдлуудыг эргэн нэг санаж, дүгнэж цэгнэхэд тань тус болно гэж найдъя. 

🧑‍🤝‍🧑 Гадаад харилцааны жилийн өнгө

2025 он гаднаас төрийн өндөр дээд зочид гийчид хүлээж авахаасаа илүүтэй Ерөнхийлөгчийн гадаад айлчлал зонхилсон жил байлаа. Тус онд гаднаас Австри, Туркменистан, Узбекистан, Япон, Австралийн төрийн тэргүүн нар Монгол Улсад айлчилсан бол нөгөө талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10 улсад гадаад айлчлал хийжээ

  • ☝️ Айлчлалын үр дүнд бид Чех, Польш, Киргизстантай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, Турк, Энэтхэг, Италитай стратегийн түншлэлийн харилцаатай болоод буй. Улмаар Монгол Улсын стратегийн түншлэлтэй орны тоо 10 болов. 

  • 👍 Хамгийн сүүлд буюу 12 сарын 1-нд Ерөнхийлөгч Италид айлчилж, 2 орон харилцааны түвшингээ 2 шат алгасан ахиулж, стратегийн түншлэлд хүргэсэн билээ. Улмаар тус улс Европ тивээс Монгол Улстай стратегийн түншлэл тогтоосон 2 дахь улс болсны сацуу Их 7-гийн бүлгийн бүх орнуудтай ахин түвшинд харилцах болов. 

💡 Онцлох уулзалт

Мөн өнгөрсөн 9 сарын 2-нд Орос, Хятад, Монгол 3 улсын төрийн тэргүүний VII уулзалт Бээжинд болж, Сибирийн хүч II хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцсон. Үүний өмнө 3 улсын төрийн тэргүүн нар 2022 онд Узбекистаны Самарканд хотноо уулзалдаж байсан юм. 

🤵 Элчин сайд нарын их сэлгээ

Цаашлаад, оны босгон дээр Ерөнхийлөгч 21 Элчин сайдыг эргүүлэн татаж, шинэ томилгоо хийх саналыг УИХ-д хүргүүлж, чуулганаар хэлэлцэн дэмжсэн юм. Алба сэлгэж буй Элчин сайд нарыг 2021 онд томилж байсан буюу бүрэн эрхийн 4 жил нь энэ онд дуусч байгаа тул ийн масс томилгоо хийсэн аж.

  • 🚪 Эргүүлэн татсан Элчин сайд нар дунд хүн амины хэрэгт холбогдсон А.Төмөр багтсан бөгөөд түүний оронд дипломат албанд 30 ажилласан В.Оюуг томилжээ.

👀 Улс төрийн товчоо үйл явдал 

2025 оны улс төр тэр чигтээ л МАН-ын дотоод тэмцэл, бужигнааг тойрон эргэлдэв. Жилийн эхний хагаст экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү болон бэрийн тансаглалаас үүдэлтэйгээр залуус 21 хоног түүнийг огцрохыг шаардаж, жагссан байдаг. Экс сайдын гүргэрийг хэлэх үү, арай гэж 6 сарын 3-нд Л.Оюун-Эрдэнэ, эвслийн ЗГ-ын хамтаар огцорсон юм. 

  • 😵 Улмаар 6 сарын 13-нд нь Г.Занданшатар Ерөнхий сайд болсон ч 127 өдрийн дараа огцорсон байдаг юм аа. Гэсэн ч тэрбээр өрсөлдөгч Д.Амарбаясгалантай хамт огцорч, 1 өдөрт төрийн 3 тэргүүний 2 нь огцрох ховорхон тохиолдлыг монголчууд гэрчилсэн билээ. 

Ер нь л 2025 оны сүүлийн хагаст эрх баригч намын дотоод хагарал чинээндээ тулсан сан. Ямар сайндаа орон даяар “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих саналыг дэмжээгүйг дэмжье" гэх түргэн хэллэг трэнд болох вэ. Огцорсон Ерөнхий сайд заргалдаж, маргалдаж, Ерөнхийлөгчөөр огцрох тушаалдаа хориг тавиулан, кабинетаа арай гэж авч үлдсэн. Гэсэн ч одоо 16 дэд сайдын асуудлаас болж огцрох асуудал 2 дахь удаагаа гараад байна

  • 💥 Ерөнхийлөгчийн хориг гэснээс тэрбээр Г.Занданшатарыг авч үлдэх хоригийн өмнө буюу 9 сарын 24-нд Алт-3 аяныг эхлүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавьж байсан.  

  • Жагсаал: Улс төрчдийн нүсэр зодооны дундуур ЗГ-ыг огцруулах “Огцрох амархан” жагсаал, түүнийг сөрсөн “Ухаа худгаа авъя” жагсаал, II хагаст эмч, багш нарын ажил хаялт, цалингаа нэмүүлэх жагсаал гэхчлэн иргэд ч нэлээн хөл хөдөлгөөнтэй л байлаа.

Эцэст нь… Энэ жил олон ч улс төрчдийн урвалт, дагздалтыг дааж, давсан нийт монголчууддаа баяр хүргэе. Жилийн дотор 3 Ерөнхий сайд, эрх баригч 2 намын даргатай болох шахлаа. Сануулахад, эрх баригчдын иргэдэд өгсөн гол амлалтууд өчүүхэн ч болов биелсэнгүй. Зүгээр л маш энтертайнмент улс төрийн үзвэрүүдтэй жил байлаа. Эрх баригчид маань хэрүүл маргаан, зөрчил, тэмцлээ 2025 онтойгоо үдэж, ирэх жил амласан ажлуудаа хийж эхлэх болтугай. Хурай^2

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.