- Lemon Press
- Posts
- 🛢️ Шатахууны үнэ буурна
🛢️ Шатахууны үнэ буурна
Уул уурхайн магнаатуудын өсөлт | ЛэндМН: Ашиг х 2.1 | Хүний хөгжлийн индекс
POWERED BY
Hey! Монгол Улсын төрөлт буурсаар л байна даа. Өнгөрсөн улиралд дахиад л 11.4% буурч. Ийм нөхцөл байдал юунд хүргэхийг ЭНД дарж уншаарай. 😔
*Нэг өдрийн өөрчлөлт
KHAN: ХААН Банкны (KHAN) “Ногоон бонд” хөтөлбөрийн хүрээн дэх $25 саяын бондын анхдагч зах зээлийн арилжаанд 2 захиалга ирж амжилттай хаагдлаа.
LEND: ЛэндМН ББСБ ХК (LEND)-ийн III улирлын нэгтгэсэн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 2.1 дахин нэмэгдэж ₮27.5 тэрбумд хүрэв.
NSO: Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 28.7% өсөж ₮1.5 их наяд боллоо.
SAV: Өнгөрсөн сарын байдлаар төгрөгийн хадгаламж жилийн өмнөхөөсөө 38.6% өсөж ₮20.6 их наяд болсон бол валютынх 12.3% буурч ₮4.4 их наяд болсон байна.
⚒️ Уул уурхайн магнаатуудын өсөлт
ХК-иуд гадаадын бирж дээр хувьцаагаа арилжаалдаг болно л гэдэг. Гэвч одоог хүртэл уул уурхайн компаниудын хувьцаа л гадаадын бирж дээр арилжаалагдаж буй. Тэднээр сонин юу байна?
📈 Жилийн өсөлт = 76%
Коксжих нүүрс баяжуулдаг Mongolian Mining Corporation (0975.HK) буюу Энержи Ресурс тэргүүтэй 4 компанийн хувьцааны үнэ сүүлийн 1 жилийн хугацаанд дунджаар 76%, энэ он гарсаар 46.2% өсөөд буй. Энэ дундаас MMC-н хувьцаа өсөлтөөрөө тэргүүлж байгаа бөгөөд тус компанийн III улиралд олборлосон түүхий нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөсөө 23% өсөж 4.3 сая тн-д хүрээд байна. Цааш нь онцолбол,
🫨 Савлагаа: Хармагтайн зэс-алтны төслийг хамтран хэрэгжүүлэгч Xanadu Mines (XAM.TO)-н хувьцааны үнэ 2023 оны 11-р сарын төгсгөлөөс уналтад орсон ч энэ оны 4-р сараас буцаж сэргэсэн. Он гарсаар алтны үнэ өсөж байгаагаас гадна Хармагтай төслийн урьдчилсан ТЭЗҮ гарч уурхайн насжилт 29 жил, жилийн дундаж олборлолт нь 75 мянган тн зэс, 165 мянган унц алтаар тогтоогдоод буй. Энэ нь уг төслийг хэрэгжүүлэгчийг улам л үнэ цэнтэй болгож байгаа хэрэг.
💪 Өндөр өсөлт: Харин МХБ (MSE) болон Торонтогийн Бирж дээр давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERD.TO)-н хувьцааны үнэ сүүлийн 1 жилд 123%, он гарсаар 110.3% өсөөд буй. Өчигдрийн байдлаар л гэхэд тэдний хувьцааны үнэ 50 хоногийн дунджаасаа давсан аж. Угаас МХБ дээр ч мөн $ERDN-н хувьцаа идэвхтэй арилжаалагддаг.
🌞 Ээлтэй зах зээл
Хятад гангийн үйлдвэрлэлээ тогтвортой байлгахыг эрмэлзэж байгаа нь коксжих нүүрсний эрэлтийг өндөр байлгаж буй. Иймдээ ч тэдний нүүрсний импорт 2024 онд 100 сая тн-д хүрэх төлөвтэй байгаагаас гадна оны эхний 10 сард Монголоос импортолсон нүүрсний хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 116% нэмэгдсэн. Энэ нөхцөл байдал нь манай уул уурхайн компаниудад сайнаар нөлөөлж байгаа хэрэг.
🥇 Алтны дэргэдэх гууль: Түүнчлэн сүүлийн 1 жилийн хугацаанд алтны үнэ 1.4 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор алтны зах зээлийн томоохон тоглогчдын хувьцаа моодонд орсон. Энэ ч утгаараа Boroo Gold-г өөртөө нэгтгэж Монголын алт олборлолтын салбарын тэргүүлэгч болсон Steppe Gold (STGO.TO)-н хувьцааны үнэ сүүлийн 1 жилд 23% өсжээ.
Эцэст нь… Одоогоор манай гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд өнгөтэй өөдтэй л явна. Уг нь МХБ дээрх уул уурхайн компаниуд ч нэмэгдэх шаардлагатай байгаа. Хуулиараа бол стратегийн орд эзэмшигчид хувьцааныхаа 10%-иас доошгүйг олон нийтэд нээлттэй арилжаалах ёстой. Хэзээ ажил хэрэг болох бол доо…
💰 Ашиг +26.7%
XAC: ХасБанкны III улирлын цэвэр ашиг өссөн дүнгээрээ жилийн өмнөхөөсөө 26.7% нэмэгдэж ₮128.7 тэрбумд хүрчээ. Учир нь тус банкны зээлийн багц 34.3%, харилцах хадгаламж нь 27% тус тус өссөн байна. Зээлийн багц нэмэгдсэн ч чанаргүй зээлийн нийтэд эзлэх хэмжээ нь 1 нэгж хувиар буурч 2.2% болжээ. Сонирхуулахад, ХасБанкны хувьцааны үнэ он гарсаар 23.9% өсөж ₮759.96-т хүрээд байна.
🛢️ Шатахууны үнэ буурна
Нефтийн хаан Саудын Араб нефтийн үнээ баррель нь $100 болгох мөрөөдлөө орхиж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Саудын Араб одоогийн байдлаар өдөрт 8.9 сая баррель буюу 2011 оноос хойших хамгийн доод түвшингээр нефт олборлож байгаа.
➕ Харин энэ ирэх 12-р сараас эхлэн тэд олборлолтоо сар бүр 83,000 баррелиар нэмэгдүүлж, 2025 оны 12-р сар гэхэд нийт олборлолтоо өдөрт 1 сая баррелиар нэмэгдүүлэх юм.
😵 АЙН бас дахиад АЙН?
Товчхондоо Саудын Араб нефтийн нийлүүлэлтээ нэмснээр зах зээлийн хуулийн дагуу нефтийн үнэ буурна. Ингэснээр 2022 оноос хойш нефтийн үнийг үнэтэй байлгах гэж хэд хэдэн удаа нийлүүлэлтээ танаж байсан ОПЕК+ орнуудын хичээл зүтгэл шалаар нэг болно гэсэн үг. Учир нь ОПЕК+ орнуудын газрын тосны нийлүүлэлтээ бууруулах шийдвэрийн ⅔ нь Саудын Арабын шийдвэртэй холбоотой байдаг аж.
🎯 Саудын Арабын зорилго: Түүхийн туршид Саудын Араб газрын тосны үнийг $70-$80-т хадгалах зорилттой байсан бол саяхнаас $100-т хүргэх амбицтай зорилт тавьж байсан юм. Харин одоо бол газрын тосны үнийг $100-т хүргэхээс илүү Америк, Орос мэтийн өрсөлдөгч орнуудад байр сууриа алдахгүй байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа бололтой.
Хэдий уг мэдээ ОПЕК+ орнуудын нийлүүлэлтээс хамааралтай Ази, Европын ихэнх орнуудад богино хугацаандаа хямдхан нефт авах давуу талтай ч, үнэ савласаар байвал урт хугацааны эрчим хүчний хямралыг өдөөх эрсдэлтэй.
⛽ Оросын дайны танкнууд ч асуудалд орно
Тус шийдвэр бусдаас илүү Орост нэлээн сөрөг үр дагавартай. Оросын нефтийн орлого нь төсвийнх нь 30% орчмыг бүрдүүлдэг төдийгүй өнгөрсөн онд нефтийн экспортоос өдөрт $300 саяын орлого олж байсан. Гол нь тэд уг мөнгөөр 2 жилийн гаруй үргэлжилж буй дайнаа санхүүжүүлж байгаа. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ баррель нь $50 хүртэл унаад ирвэл дайн санхүүжүүлж буй гол орлогын суваг нь ч агшаад ирнэ ээ л гэсэн үг.
🧐 Цаашлаад, өнгөрсөн 2 жилд эдийн засгийн тамир тэнхээгээ тэр чигт нь батлан хамгаалах салбар руугаа шавхсан улсын хувьд Украин дахь түрэмгийллээ үргэлжлүүлье гээд боловсрол, эрүүл мэндийн салбараас эхлээд бусад салбар руу оруулсан төсвөө дайн хийхдээ ашиглах ч магадлалтай. Орост Украиныг дарах нь чухал болов уу, эдийн засгаа аврах нь чухал болов уу?
Гэхдээ Монголд падгүй! Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ $10 болтлоо унасан ч Монгол хямдхан түлш хэрэглэхгүй. Учир нь бид чинь Оросоос түлшээ тогтмол үнээр авдаг. Үнэ тогтмол байх нь нефтийн үнэ галзууртлаа өсөж байхад ашигтай хэдий ч нефтийн үнэ байнга хаданд гараад байхгүй шүү дээ. Золиг гэж…
Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 👩🏫
Асуудал: …электрон бараа үйлдвэрлэгч компани гар утас болон гэр ахуйн ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэх, программ хангамжийн үйлчилгээ нэвтрүүлэх, олон улсын зах зээл рүү тэлэх, электрон худалдааны платформ нээх зэргээр үйл ажиллагаагаа төрөлжүүлж эхэлжээ. Улмаар компанийн нөөц олон салбарт хуваагдаж, үйлдвэрлэлийн чанар муудан, шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд хоцорч гарах болов.
Шийдэл: Компани Michael Porter-н Focus Strategy-г ашигласны үр дүнд гэр ахуйн ухаалаг төхөөрөмжийн зах зээлийг судалж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хамгийн чухал 2 бүтээгдэхүүнд төвлөрүүлэв. Мөн гар утас үйлдвэрлэл болон программ хангамжийн үйлчилгээгээ түр зогсоожээ.
Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдэл нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉
🎯 Хямдралтай, бэлэгтэй, ваучертай
“Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатай BSB групп 33 жилийн ойгоо тохиолдуулан бүх салбаруудаараа “BSB тавилгын экспо” үзэсгэлэн худалдааг энэ сарыг дуустал зохион байгуулж буй. 📢
Оффисын тавилгаа дараах гайхалтай нөхцөлөөр аваарай. Үүнд,
🛒 Хямдралтай: Сонгогдсон загваруудыг 10%-40% хямдруулан авах,
🎟️ Ваучертай: Худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 500,000₮ хүртэл ваучер авах,
🎁 Бэлэгтэй: ₮5 саяас дээш худалдан авалтад Эргономик сандал бэлэглэх бөгөөд Сонгогдсон загваруудад оффис хэрэгцээний багц бэлэглэнэ.
Гэснээс 10 сарын 18 хүртэл худалдан авалт хийхэд BSB бонус оноо 2 дахин үржигдэх гэнэ шүү.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
The Brand Hopper
🍋 Nvidia (NVDA)-н зах зээлийн үнэлгээ $3.4 их наядад хүрч дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, 2022 оны өдийд хувьцааны үнэ нь $15 хүрэхтэй үгүйтэй байсан Nvidia-н хувьцааны үнэ түүнээс хойш 10 дахин нугарч $138-т хүрээд байна. Компани энэ жил нэгж хувьцаагаа 10 хуваасан болон $15.4 тэрбумын дүн бүхий хувьцаагаа халаасалсан гэхчлэн хэд хэдэн түүхэн шийдвэрүүдийг дараалан гаргасан билээ.
🍋 Худалдаа Хөгжлийн Банк (TDB) Америкийн ЗГ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацаас (ХСК) $120 сая хүртэлх дүнтэй урт хугацааны хөнгөлөлттэй санхүүжилт авав. Тус санхүүжилтийг авснаар ХХБ Монголын БЖДҮ, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дамжуулан зээл олгох замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь.
🍋 Google (GOOG) хиймэл оюун ухаанд суурилсан дата төвүүдээ цөмийн эрчим хүчээр тэжээнэ. Үүний хүрээнд уг компани цөмийн стартап Kairos Power-той 7 жижиг модульчлагдсан реакторуудаас цахилгаан эрчим хүч авах дэлхийн анхны корпорацын хэмжээний гэрээг байгуулжээ. Гэснээс, Kairos Power-н хамгийн эхний реактор 2030 он гэхэд ашиглалтад орох аж.
🍋 ГБХНХЯ 2028 он хүртэл Хүний хөгжлийн индексэд (ХХИ) 10 байр урагшлах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд ажилгүйдэл, ядуурлын түвшнийг 2 дахин бууруулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг $8 мянгаас $10 мянгад хүргэх гэнэ. Сонирхуулахад, одоогоор Монгол ХХИ-ээр дэлхийд 109-т жагсаж буй.
🔥 Энэ оны хамгийн халуухан 100 стартап. (Wired)
🎞️ Abode Premier Pro-н хиймэл оюун ухаанд суурилсан бичлэг хийх загвартай танилц. (TheVerge)
🍭Threads-н контент бүтээгчдэд зориулсан Meta (META)-н зөвлөгөө. (BusinessInsider)
🫂 Корпорацын санхүүгийн менежерүүддээ зориулав. (Entrepreneur)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply