✨ 2024 оны анхны IPO

Шил ажиллагаа | Monja старпап хурдасгуур хөтөлбөр | UID-н хувьцаа эзэмшигчдийн хурал

POWERED BY

Morning! Бид товхимлоо “beehiiv” платформыг ашиглан та бүхэн рүү илгээдэг билээ. Уг платформ үйл ажиллагаагаа өргөтгөхөөр $33 саяын санхүүжилт татсан байна. Beehiiv-н Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Тайлер Денк болон баг хамт олонд нь баяр хүргэе. 🎉 Lemon Press beehiiv-н анхны Монгол хэрэглэгч болж байлаа. Одоо 50+ Монгол товхимол beehiiv-р илгээгдэж байна. “Sharing is caring” гэдэг дээ. 😅 

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: ЗГ-аас татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.  

TDB: Худалдаа Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал болж 2024-2025 оны ТУЗ-ийн төсвийг ₮5 тэрбумаар батлав.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮13.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮5.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.

 IPO айсуй

“Эм Жи Эл Акуа” ХХК буюу бидний сайн мэдэх Voyage усыг үйлдвэрлэгч IPO хийх гэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус компанийн талаар тоймлоё. 

23 жилийн түүх

Хамгийн анх компани 2001 онд “Мон-Лаа Вояж” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байв. Цаашлаад 2014 онд “Ти Эм Эл Трейд” ХХК-ийн охин компани болсон аж. Улмаар 2015-2016 онд RO шүүлтүүрийн цогц систем суурилуулж, автомат тоног төхөөрөмжтэй болсноор 2017 онд ребрэндинг хийж одоогийн “Voyage” брэнд мэндэлжээ. 

Зах зээлд ноёлогч

Монголын савласан усны зах зээлийг харвал сүүлийн 10 жилд 2.5 дахин нэмэгдэж 127.7 сая литрт хүрсэн байдаг. Харин Voyage ус 2023 оны 6-8-р сарын хооронд ₮4.67 тэрбумын үнийн дүн бүхий 2.86 сая ширхэг усыг борлуулсан байна. Компани одоогоор зах зээлд 2 нэр төрөл, 6 төрлийн савлагаа бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлж буй. 

  • Хамгийн том: Савласан усны зах зээлд өрсөлдөгчдийг харвал Voyage хамгийн том савласан цэвэр усаар дагнасан үйлдвэр бөгөөд борлуулсан биет хэмжээгээрээ тэргүүлж, нийт зах зээлийн 39.7%-ийг бүрдүүлдэг аж.

Ашиг орлого нь юу билээ? 

“Эм Жи Эл Акуа” ХХК өнгөрсөн онд ₮20.1 тэрбумын борлуулалтын орлого олж ₮2.6 тэрбумын ашигтай ажилласан байна. Энэхүү ашгаа 2024 онд 2.7 дахин, 2028 он гэхэд 11 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаарх ROE буюу эздийн өмчийн өгөөж нь 11.6% байна. 

Эцэст нь… Салбар салбарын томоохон төлөөлөгчид олон нийтэд нээлттэй болж байгаа нь сайшаалтай. “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н урьдчилсан захиалга аль хэдийн эхэлсэн байна лээ шүү. ЭНД дараад судлаад байж байгаарай. Бид ч бас нэмж судлаад эргэн уулзъя. 😉

📃 43 мянган хувьцаа эзэмшигчтэй ХК-ийн хурал 

UID: Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо. Компанийн 2023 оны цэвэр ашиг жилийн өмнөхөөс 72.6% буурч ₮106.6 сая болсон бөгөөд ээлжит хурлаар энэ оны ТУЗ-ийн төсвийг ₮24.9 сая байхаар баталсан байна. Төсвийн 80% нь ТУЗ-ийн 9 гишүүний цалин байх аж. Сонирхуулахад компанийн хувьцааны үнэ он гарсаар 13.1% унаж ₮2,560 болоод байна.

🚀 Дэлхийн давцанд гаргах хөтөлбөр

Монгол дахь стартапын өсөлт хөгжил, инновацыг дэмжих зорилготой MonJa хурдасгуур хөтөлбөр 4 дэх ээлжийн бүртгэлээ авч эхэлснийг мэдсэн үү?

Хөтөлбөрт хамрагдах стартапууд 3 сарын туршид оролцогч тус бүрд зориулсан тусгайлсан хөтөлбөр, стратегийн түншлэл, олон улсын харилцаа зэрэг цогц сургалтыг авах юм. Нэмээд хөтөлбөрийн стартапууд $5,000-ын буцалтгүй тусламж авах боломжтой гэнэ лээ шүү.

⏲️ Хөтөлбөрийн бүртгэл хаагдах өдөр: 5 сарын 19

🔎 5Ш ➡ Шил ажиллагаа

Авлигын эсрэг 5Ш ажиллагаа гэж сонссон л биз дээ. Энэ удаад энэ 5 ажиллагааны нэг болох Шил ажиллагаа хэр үр дүнтэй байсныг харцгаая. 

5Ш-н шаардлага юунд байв?

Манай улс авлигын индексээр 33 оноо авснаар 180 орноос 121-т эрэмбэлэгдэж буй. Учир нь Монголд авлигын хэрэг 16.3% өсөж 1,520 болж нэмээд мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдахгүй байгаа. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 23.3% өссөн нь голлон нөлөөлсөн юм. Тиймээс л бидэнд мэдээллийн ид тод байдал хамгаас хэрэгтэй байгаа. 

Юу шил болсон бэ? 

Шал ажиллагааны хүрээнд цахимжилтыг эрчимжүүлж төрийн байгууллагын ил тод байдлыг хангаж хүнд суртлыг арилгахын тулд бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгохоор тусгасан. Үүний хүрээнд үндэсний хэмжээнд “Шилэн индекс”-ийг 7 хоног бүрийн Даваа гарагийн 11:00 цагт зарлан, нийт 14 удаагийн хэвлэлийн бага хурал хийгджээ. Ингэхдээ ил тод, нээлттэй байлгах 68 төрлийн мэдээллийг  98 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн аж. 

  • Үр дүн: Төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн ил тод байдлын дундаж үнэлгээ өнгөрсөн оны 3 сарын 27-ны байдлаар 66.1% байсан бол өнгөрсөн сарын 22-ны өдрийн байдлаар 96.8% болж нэмэгдсэн байна. 

  • Ямар мэдээлэл ил болов? Сүүлийн 20 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга нараас хэнд, хэзээ, хаана, ямар зориулалтаар олгосон газрын талаарх 42 мянган мэдээллийг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 1,634 ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл гэх мэтийг ил болгосон аж. 

AI ба мэдээлэл

Төрийн мэдээллийг shilen.gov.mn системээр дамжуулж ил болгож байсан. Тэгвэл уг мэдээллийн системийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг ашигт   малтмалын   тусгай   зөвшөөрлийн   мэдээллийн   санд   сургаж   технологид суурилсан шийдлийг нэвтрүүлсэн байна. 

Эцэст нь… Авлигадаа живсэн Монгол хэвээр байгаад л байвал гадаадын хөрөнгө оруулалт татах ч худлаа болох биз ээ. Энэ мэтээр бага ч гэсэн дэвшил гаргаж байгаа нь авууштай юм даа. 

Сангийн сайд Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор бидэнд хамгийн ойр байдаг хэд хэдэн татварын хувь хэмжээг харцгаая. 

  • Хувь хүний орлогын албан татвар: Жилийн дундаж орлого ₮0-₮120 сая бол 10%,

  • Аж ахуй нэгжийн орлогын албан татвар: ₮0-₮6 тэрбум бол 10%,

  • Нийгмийн даатгалын шимтгэл: Ажилтан 11.5%, албан байгууллага 12.5%-14.5%-ийг төлж байна.  

Сонирхуулахад, тус хуулийн төсөл 2 зүйлтэй бөгөөд 1-р зүйлд нь "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэхээр татварын гэрээтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц"-ыг батлах. Конвенцод нэгдэн орсноор татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх болон бусад өөрчлөлтийг Монголын бусад оронтой байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж.

✈️ Валют захиалгын үйлчилгээ 

Аялал, томилолт гээд гадагшаа явах гэж буй хэн бүхэнд хэрэгтэй нэгэн үйлчилгээг танилцуулж байна. 🔍

Ямар үйлчилгээ вэ, гэхээр SendMN апп-аар дамжуулан валютаа захиалж, тэдний Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах салбараас захиалсан валютаа очер дараалалгүй, түргэн шуурхай авах боломжтой валют захиалгын үйлчилгээ юм.

  • Захиалах боломжтой валют: USD, KRW, CNY, EUR, RUB, JPY, TRY.

Онцлоход, тус салбар нь 24 цаг турш ажилладаг учир хэзээ ч очоод захиалсан валютаа авах боломжтой.

За тэгээд, гадаадын валют захиалгаа SendMN апп-аар гялс хийгээд нисээд байж дээ.

The Wall Street Journal

🔹Монгол хэвлэлийн эрх чөлөөний индексэд 21 байр ухарч 109-р байранд жагсаж байна. Тус тайланд 180 орон хамрагдсан бөгөөд Монгол 21 байр ухрахад сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуурт 34 байр ухарч 105, эдийн засгийн шалгуурт 22 байраар ухарч 151-р байранд жагссан нь голлон нөлөөлсөн байна. 

🔹Монос Хүнс ХК (MFC) өнгөрсөн онд ₮6.6 тэрбумын цалин, урамшууллыг ажилчдадаа олгожээ. Үүний ₮436 саяыг ТУЗ, Гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтнуудын цалин, урамшуулалд зарцуулсан байна. Сонирхуулахад, 2023 онд тус компанийн эрүүл мэндийн хүнсний үйлдвэр MFC 2.0-ийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжийн ажил 80%-тай байжээ. 

🔹Apple (AAPL) $110 тэрбумын дүн бүхий хувьцаагаа халаасална. Энэ нь тус компанийн халаасалж байсан хамгийн өндөр дүн юм. Учир нь Apple-н орлого өнгөрсөн 6 улиралд 5 удаа буурсан төдийгүй өнгөрсөн улиралд ч 4% буурч $90.8 тэрбумд хүрсэн юм. Компани ийн хувьцаагаа халаасалснаар хувьцааны ханшийг тогтворжуулах, хувьцааны үнэ цэнийг хадгалах боломжтой юм. 

🔹Орос мэдээлэл алдагдахаас хамгаалсан “AYYA T1” ухаалаг гар утас үйлдвэрлэж эхэллээ. Тодруулбал, төрийн өмчит Rostec корпорац болон Rostelecom хамтран дата алдагдахаас хамгаалсан ухаалаг гар утас үйлдвэрлэж эхэлсэн аж. Тус гар утаснаас микрофон болон камераар нь дамжуулан мэдээлэл алдагдах ямар ч боломжгүй гэнэ. 

  • Сонирхолтой: TikTok Америкаас гарвал Америкт юу болох бол? (ECDB)

  • Мэд: Азийн тэргүүлэх "Playtime" хөгжмийн наадам 7 сарын 4-7-нд болно. (LemonPress)

  • Урилга: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урив. (X)

  • Оролц: “BeChangeMaker” нийгмийн энтрепенершип ур чадварыг хурдасгах хөтөлбөр зарлагдлаа. (UNA)

  • Даваа: Японд хүүхдийн баяр, Их Британид банкны өдөр тохиох тул биржүүд амарна

  • Мягмар: Apple-н ээлжит арга хэмжээн дээр iPad-н 2 шинэ загварыг танилцуулна

  • Лхагва: Хятадын өнгөрсөн сарын гадаад худалдааны үзүүлэлт зарлагдана

  • Пүрэв: MStars Hub - Demoday болох гэж байна

  • Баасан: Эцэст нь Хятадын инфляцтай танилцсанаар энэ 7 хоногийг дуусгах нь дээ

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writer: М.Хулан
Graphics by: Ч.Батцэрэн