- Lemon Press
- Posts
- 🌆 Хотоо аварна
🌆 Хотоо аварна
Орон сууцны үнэ | Нобелийн эзэд | GLMT: Зэрэглэл нэмэгдэв
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Энэ 7 хоногоос бүгд үг дуугүй дотуур өмдөндөө орно уу! Зарим аймгуудаар цасан шуурга шуурах төлөвтэй байна. Дулаан явбал мянган лан даа, хүүхээ. 🧣🌨
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Өнгөрсөн сарын инфляц өмнөх сараасаа 0.2 нэгж хувиар өсөж 6.7%-тай гарлаа. Инфляцын 2.2 нэгж хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлсэн байна.
EST: Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2% нэмэгдэж шинэ орон сууцны 1 мкв-н үнэ дунджаар ₮4.4 саяд хүрэв.
MNG: Монголын талаас Замын-Үүд-Эрээн боомтын 24 цагаар ажиллах горимыг үргэлжлүүлэх хүсэлт тавилаа.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮59.7 тэрбумын болон $10,317-ын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮26.3 тэрбумын арилжаа хийгдсэн байна.
🤔 Одоо юу хүлээх вэ?
Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй танилцсан байх. Нэгэнт гарсан энэ үр дүнгээс юу хүлээх вэ?
⭕ Тал нутгаар нэг улаарав
Тоож ирсэн сонгогч цөөнтэй энэ удаагийн орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас ялгаагүй улаан өнгийг мандууллаа. Тодруулбал, НИТХ-ын 45 мандатын 40 нь МАН-ын мэдэлд орж, 21 аймгийн 14-т нь мөн л МАН илүүрхэв.
🔹 Ардчилал бас ардчилал: Энэ жилийн УИХ-ын сонгуулиар сөрөг хүчний намууд харьцангуй олон санал авсан. Гэвч хамтарсан ЗГ байгуулагдсан тул АН, ХҮН нам сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй байна гэж шүүмжлэлд өртөөд буй. Гэсэн хэдий ч Өмнөговь болон Баянхонгор аймгийн тойрогт УИХ-ын сонгуулиар ч орон нутгийн сонгуулиар ч АН дийлэнх саналыг авчээ.
💭 МАН юу хийх вэ?
Орон нутгийн сонгуулийн үеэр Нийслэлийн МАН мэдээлэл хийж 2024-2028 онд нийслэлд их бүтээн байгуулалт, хөгжлийн тэсрэлтийг хийнэ гэж мэдэгдсэн. Ямар бүтээн байгуулалт яриад байна вэ гэхээр,
🗾 Бүсчилсэн хөгжил: Тус нам бүсчилсэн хөгжлийн бодлого баримталж буй. Үүний хүрээнд баруун бүсэд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлж, говийн бүсэд нефть химийн үйлдвэрлэл, станц барина.
🌆 Хотоо аварна: Харин Улаанбаатарын хувьд нийслэлийн засаглалын реформыг хийж дулааны эх үүсвэрийг 9 байршилд байрлуулж, хүчин чадлыг 595 МВт-аар нэмэгдүүлэх юм. Мөн 12 тойрог замын зохион байгуулалт хийж хөдөлгөөний хурдыг 30% нэмнэ гэнэ. Тэгэхээр эрчим хүчний асуудал, тээвэр, метро, түгжрэлийн асуудлаа шийдэх бололтой.
❌ Утаагүй, түгжрэлгүй, гэр хороололгүй…
Нэмээд МАН-ын нийслэлд хийж буй бас нэг том ажил бол 20 минутын хот болон гэр хорооллыг орон сууцжуулах ажил. Үүний хүрээнд ипотекийн зээлийн 50%-иас багагүй хэсгийг Улаанбаатарын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгох аж. Түүнчлэн ирэх 4 жилд Туулын голыг дагасан хурдны зам, гадаргын усны менежментийг шийдэх усан сангийн ажлууд хийгдэнэ. Ажил хэрэг болох уу, үгүй юу гэдэг л байна даа.
Эцэст нь… Юутай ч сонгууль болоод өнгөрлөө УИХ-ын сонгуульд ч, орон нутгийн сонгуульд ч МАН ялалт байгуулсан хойно мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нэхэх л үлдлээ. Цаасан дээр байгаа ганган хөтөлбөрүүд нь биеллээ олчихвол сайхан л юм.
🆙 Зэрэглэл нэмэгдэв
GLMT: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулж “B+/Эерэг” төлөвт шилжүүлээд байсан S&P агентлаг Голомт Банкны зээлжих зэрэглэлийг ч мөн сайжрууллаа. Тодруулбал, тус банкны зээлжих зэрэглэл “B”-ээс “B+/Тогтвортой” болж нэмэгдээд байна. Түүнчлэн S&P агентлаг Голомт банкийг 12-18 сарын хугацаанд уг зэрэглэлээ бэхжүүлэн хадгална гэсэн хүлээлттэй байгаа аж. Угаас компанийн III улирлын цэвэр ашиг 2.7 дахин өсөж ₮348 тэрбумд хүрээд буй. Сонирхуулахад, Голомт банкны хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт ₮1,085 дээр хаагдсан нь IPO-н үнээсээ 15.3% доогуур үнэ юм.
🏆 2024 оны Нобелийн эзэд
Энэ оны Нобелийн шагналтнууд эхнээсээ тодорч байна. Бөмбөрцөгийн булан тохой бүрд шинэ содон нээлт хийж буй хүмүүсийг алдаршуулах “Нобелийн 7 хоног” өнгөрсөн 7 хоногт эхэлж олон сонирхолтой нээлтүүдийн хажуугаар анхдагчид ч мэндлээд буй.
🤵🏻♀️18 дахь эмэгтэй
Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлснээс хойш нийт 626 удаа, 1,009 хүнд олгож байсан ч тэдний 15% хүрэхгүй нь буюу ердөө 17 эмэгтэй уг шагналыг хүртэж байв. Харин энэ удаад 53 настай Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган Утга зохиолын Нобелийн шагналыг хүртсэнээр Нобелийн шагналт эмэгтэйчүүдийн тоо нэгээр нэмэгдэж 18 болоод байна. Түүний хувьд Нобелийн шагнал авсан цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг болсон төдийгүй Өмнөд Солонгосын анхны Нобелийн шагналтан болж байна.
🎊 Сонирхуулахад, Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдэд медаль, батламжийн хамтаар $1 саяыг олгодог аж. Харин шагнал гардуулах ёслолыг жил бүрийн 12 сарын 10 буюу Альфред Нобелийн таалал төгссөн өдөр түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэн олгодог уламжлалтай.
😎 3+3
Анхны Нобелийн шагналыг Физик, Хими, Сэтгэл зүй болон Анагаах ухаан, утга зохиолын салбарын эрдэмтдэд гардуулж байсан бол өдгөө энх тайван, утга зохиол, эдийн засаг тэргүүтэй 6 гол ангилалд Нобелийн шагналтнуудыг тодруулах болсон. Энэ оны тухайд Физикийн Нобелийн шагналд Жон Ж.Хопфилд, Жеффри Э.Хинтон нарын хамтарсан хиймэл оюун ухаан (AI)-ы бүтээл тодорсон бол…
🧪 Химийн Нобелийн шагналыг - Америк болон Их Британийн эрдэмтэд болох Дэвид Бейкер, Демис Хассабис нарт шинэ уураг олж нээсэн болон уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах хиймэл оюуны загвар бүтээснийх нь төлөө,
🕊️ Энх тайвны Нобелийн шагналыг - Японы Нихон Хиданкио байгууллагад Хирошима болон Нагасаки хотуудад хаягдсан атомын бөмбөгдөлтийн үеэр цөмийн зэвсгийн эсрэг идэвх зүтгэл гаргасныхаа төлөө,
💉 Анагаах ухааны Нобелийн шагналыг - Америкийн эрдэмтэд болох Виктор Амброс, Гари Рувкун нарын микроРНХ-ийн нээлт ба транскрипцийн дараах гений зохицуулалтад үзүүлж буй үүргийг тодорхойлсон нээлт тус тус Нобелийн шагнал хүртээд буй.
Эцэст нь… Нобелийн түүхэнд Америкаас 413, Их Британиас 138, Германаас 115, Францаас 76, Шведээс 34 шагналтан мэндэлж байсан. Энэ удаад Америк, Их Британи гээд өнөө л улсуудаас дийлэнх шагналыг авсан ч Өмнөд Солонгосоос Нобелийн шагналт эмэгтэй тодорсон нь онцлог байлаа. Гэснээс таныг уг нийтлэлийг уншиж байх үед Эдийн засгийн Нобелийн шагналтан хэдийнээ тодорсон байх тул ЭНД дарж танилцаарай.
2017 оноос хойш ББСБ-ууд финтекийн бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ хүргэж эхэлжээ. Үүнтэй холбоотой тоо баримтуудыг авч үзвэл,
Цахим зээл олгож буй нийт 59 ББСБ байна.
Харин цахим зээлийн өр болон иргэний орлогын харьцаа 70х30 байдаг аж.
Энэ оны эхний 6 сарын байдлаар нийт 1.7 сая иргэн ББСБ-аас ₮4.6 их наядын барьцаат зээл, апп-аас ₮991.5 тэрбумын зээл тус тус авсан байна.
🛫 Эмчилгээ & Бизнесийн тийзээ хөнгөлөлттэй үнээр
Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Aero Mongolia урамшуулал зарлалаа. 📢
Ямар урамшуулал вэ? Эмчилгээний болон бизнесийн шалтгаанаар Сөүл болон Токиог зорьж буй зорчигч нар хөнгөлөлттэй үнэ бүхий тусгай тийзийг худалдан авах боломжтой болжээ. Ингэхдээ,
🇲🇳➡️🇰🇷: 1 талын тийз ₮588,294, харин 2 талын тийз ₮1,071,288,
🇰🇷➡️🇲🇳: 1 талын тийз ₮577,905, харин 2 талын тийз ₮1,040,490,
🇲🇳➡️🇯🇵: 1 талын тийз ₮885,882, харин 2 талын тийз ₮1,533,384,
🇯🇵➡️🇲🇳: 1 талын тийзээ ₮920,745, харин 2 талын тийзээ ₮1,579,080-өөр тус тус аваарай.
Жич: Эмчилгээний журмаар зорчих гэж буй бол эмчилгээний виз, харин бизнесийн журмаар зорчигчид бизнесийн визээ мөн авсан байх шаардлагатай гэнэ шүү.
📞 Холбогдох утас: 70103030
Ingenious
🍋 Хятадын хиймэл оюун ухаанд суурилсан үүлэн тооцооллын үйлчилгээний зардал энэ оны II хагасын байдлаар $9.4 тэрбумд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22% нэмэгдсэн дүн бөгөөд дэлхийн үүлэн тооцооллын үйлчилгээний зардлын 12%-ийг эзэлж буй. Мөн тус үед Alibaba Cloud, Huawei Cloud болон Tencent Cloud-н үүлэн тооцооллын үйлчилгээний зардал 28% өссөнөөр Хятадын тус зах зээлийн 74%-ийг эзэлж буй.
🍋 Монгол, Туркменистаны зах зээлд ХАА, хөнгөн үйлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлнэ. Цаашлаад Монгол болон Туркменистан агаарын болон авто тээвэр, мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн гэрээ, мөн соёл, аялал жуулчлалын салбаруудын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
🍋Испани Хятад дахь CATL (300750.SZ)-тай хамтран Stellantis (STLA)-н батарейны төсөлд $146 саяын хөрөнгө оруулна. Уг төсөл нь одоогоор бүх зохицуулалтын зөвшөөрлийг авч дуусгах нөхцөлтэй байгаа аж. Цаашлаад төсөл хэрэгжсэнээр 3,000 гаруй ажлын байр бий болох бөгөөд ойролцоогоор €2.5 тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдах магадлалтай гэнэ.
🍋 Boeing (BA) нийт ажиллах хүчний 10%-тай тэнцэх 17 мянган ажилчныг цомхотгоно. Тодруулбал, Boeing-н өмнөх оны 9-р сард 737 MAX онгоцны үйлдвэрлэл зогссонтой холбоотой 33 мянган ажилчид ажил хаялт зарласан бөгөөд одоог хүртэл үргэлжилж буй. Үүнтэй холбоотойгоор тус компани энэ оны III улирлын байдлаар $5 тэрбумын алдагдал хүлээсэн байна.
🧑🍳 Бизнес эрхлэгчдийн рестораны салбараас суралцах ёстой 3 зарчим. (Entrepreneur)
🧐 Олон нийтийн медиа хэрэгслүүд хүн хоорондын харилцааны арга барилыг хэрхэн өөрчлөв? (BBC)
🌊 Далайн усыг устөрөгчийн түлш болгон хувиргах технологи. (BGR)
😬 Ганц бодлогогүй стратеги бизнесийг тань нурааж мэднэ. (CNBC)
Даваа: Америкийн хөрөнгийн эдийн засгийн гол индексийн өнгөрсөн сарын үзүүлэлт танилцуулагдана.
Мягмар: Өмнөд Солонгосын хэрэглэгчийн итгэлийн индекс 9-р сард хэр байсантай танилцах нь.
Лхагва: Оросын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн статистик гарна.
Пүрэв: TSMC, Netflix, Blackstone тэргүүтэй компаниуд III улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна.
Баасан: Харин 7 хоногийн төгсгөлд Монголбанкнаас банкнуудын нэгдсэн балансын статистикийг танилцуулахаар байна шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply