- Lemon Press
- Posts
- 🤫 Гишүүнийг минь сонгоорой!
🤫 Гишүүнийг минь сонгоорой!
Сонгууль 2024 | AARD-н санхүүжүүлэлт | Дэлхийн хүнсний үнэ
POWERED BY
Даваа гаргийн мэнд ээ! Өнөөдөр "Ширээгээ цэвэрлэх үндэсний өдөр" тохиож байна. Өөрийн ширээгээ цэвэрлэчхээд хөглөрч суудаг ажлынхаа хамтрагчдаа үүнийг уншуулаарай. Оффис бүрд нэг тийм нөхөр байдаг даа. Манайд бүр нэг биш нэлээн хэд байна. 😜


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өнгөрсөн Баасан гаргийн арилжаагаар Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN)-ийн хувьцааны үнэ 14.1% өссөн бол ХААН Банк (KHAN)-ных 6.2% уналаа.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮13.8 тэрбумын арилжаа хийгдсэний ₮5.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🥂 Түүнийг сонгоорой!

Дуулав уу? Инфлүнсэрүүд сонгуулийн сурталчилгаа хийх бол заавал Харилцаа Холбооны Зохицуулах газарт бүртгүүлэх ёстой болж байгаа гэнэ.
Тэр нэр дэвшигчийн сурталчилгааг хийж байна аа хө!
Энэ удаагийн буюу 9 дэх УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс 5-р сард тодорч, сурталчилгаагаа 17 хоногт багтаан явуулах аж. Эдгээр өдрүүдэд гэдэг шиг сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид иргэддээ хайр зарлаад нөгөө талд инфлүнсэрүүд дэмжиж буй нэр дэвшигчдэдээ хайр зарлаад хаа сайгүй л бие биеэ хайрласан улс болдог доо. Гэснээс яагаад инфлүнсэрүүд гэж?
Цахим хэрэглээ: 2020 онд л гэхэд монголчуудын 84% нь ямар нэгэн байдлаар сошиал медиа ашигладаг төдийгүй FB идэвхтэй хэрэглэдэг хүний тоо 1.8 саяд хүрсэн байна.
Инфлүнсэрүүдийн нөлөө: Үргэлжлүүлээд сошиал медиаг өдөр тутамдаа хэн илүү ашиглаж байна гэвэл маргаангүй залуучууд. Дотоодод төдийгүй гадаадад ч хөгшин залуугүй сошиал медиа ашиглах болсноор тэдэнд зориулсан инфлүнсэр маркетинг ч ид дэлгэрэх болсон.
Таниулаад өг: Улс төрчдөд ч залуучуудад танигдъя гээд өөрөө гарснаас тэдэнд нөлөөлдөг хүнийг талбайд гаргах нь илүү үр дүнтэй байгаад байх шиг.
Ингэхээр чинь сонгуулийн сурталчилгаанд инфлүнсэрүүд хөөрхөн үүрэгтэй оролцох нь аргагүй^2.
Хаашаа, хэдийг?
Сурталчилгаа гэснээс 2020 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын нам хамгийн их буюу ₮5.5 тэрбумаар сонгуульджээ. Тус нам сонгуулийн сурталчилгаагаа голчлон радио, телевизээр явуулсан бол олон нийтийн сүлжээнд нийт зардлын 8.5% буюу ₮471 саяыг зарцуулсан байна. Мэдээж энэ бол албан тоо.
Хаашдаа л сурталчилна, Гэхдээ!
2024 онд хаа сайгүй сонгууль болно гэдгийг мэдэж байгаа тэ? Америкт л гэхэд өмнө нь инфлүнсэрүүд сонгуулийн сурталчилгаа хийхдээ заавал тайлагнах үүрэгтэй байсан бол одооноос тайлагнах шаардлагагүй болгох журам батлагдах гэж байна. Харин Европт бол улс орноосоо хамаараад зохицуулалт нь өөр байх ч мөнгө авсан л бол түүнийгээ олон нийтэд нээлттэй зарлаад сонгуулийн ажил байна уу, бүтээгдэхүүн байна уу, хүссэнээ сурталчлах зохицуулалттай байдаг аж.
Эцэст нь… Тус зохицуулалт нэг талд иргэдэд мэдээллээ ялгах нөгөө талд инфлүнсэрүүдэд “Би сонгуулийн сурталчилгаа хийж байна буюу ажлаа л хийж байна” гээд ам бардам ажиллах боломж олгох нь дээ. Гол нь сурталчлах хүнээ бодолтой сонгохгүй бол ч…

🤝 Цоо шинэ компани
HVL: Хөвсгөл ХК Ард Санхүүгийн Нэгдэл (AARD)-ээс ₮17 тэрбум хүртэлх санхүүжилтийг авахаар болжээ. Тус санхүүжилтийг компаниа хөрөнгөжүүлэх болон үйл ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор ашиглах аж. Түүнчлэн Хөвсгөл ХК үндсэн үйл ажиллагааны чиглэлээ “Менежментийн зөвлөгөө өгөх” болгон өөрчилсөн байна. Сонирхуулахад, Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Хөвсгөл ХК-ийн 93.3%-ийг эзэмшдэг билээ.

🔻 Газраар нэг хүнсний үнэ

Дэлхийн хүнсний үнэ 2015 оноос хойших хамгийн том уналтад орлоо. Юу болоод байна?
Индексүүд уруудсаар…
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан хүнсний барааны үнийн индекс 2023 онд 10% буурсан аж. Уг индекс нь жижиглэнгийн үнэ гэхээсээ илүү түүхий эдийн өртгийг хянадаг. Тиймээс үнийн бууралт супермаркетууд болон хэрэглэгчдэд мэдрэгдэхэд багагүй хугацаа шаардагдаж буй.
Яагаад? Орос Украины асуудлаас үүдэн хурцадсан нийлүүлэлтийн асуудал арилснаар эрдэнэ шиш, улаан буудайн үнэ өнгөрсөн онд сүүлийн арван жилд байгаагүйгээрээ уруудсан аж. Улмаар үр тарианы үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 16.6% буурав.
Юуны үнэ буурав? Хүнсний үнийн индекс буурахад элсэн чихэр, ургамлын тос, махны үнийн индексийн бууралт хамгийн ихээр нөлөөлсөн байна.
Хаана? Яаж? Их Британид хүнсний барааны үнийн индекс огцом буурч 2022 оны 6-р сараас хойших хамгийн доод хэмжээнд хүрсэн бол Шинэ Зеландад хүнс, шатахуун, архины үнийн өсөлт удааширчээ.
Монголд юу болж байна?
Импортоор авч буй эрдэнэ шишийн үнэ 60.8% буурсан аж. Тодруулбал, 2022 оны эхний 11 сард 1 кг эрдэнэ шишийг дунджаар $1.4-оор авдаг байсан бол 2023 оны мөн үед $0.6-оор импортолжээ. Түүнчлэн импортын улаан буудайн үнэ кг тутамд дунджаар 65.5%, овьёосных 19.1% тус тус буурсан бол пүнтүүз, шар будааны импортын үнэ өссөн байна. Ийм болохоор л дотооддоо боловсруулалтыг дэмжих хэрэгтэй байгаа юм даа.
🥓 Мах ч бас: Цаашлаад харвал импортоор авч буй лаазалсан махан бүтээгдэхүүн, хиам зайдасны ч үнэ буурсан аж. Энд ярьж байгаа үнэ гаалийн үнэ гэдгийг санаарай. Лангуун дээр ирээд буурсан уу гэвэл арай өөр л байх даа.
Энэ онд яах вэ?
Хүнсний инфляц дэлхий дахинд 1.5%-3% байх төлөвтэй байна гэнэ. Монголд ч мөн 2022 онд хөөрөгдсөн хүнсний инфляц буурч хүнсний бус инфляц өсөхөөр байгааг Монголбанкны тайлангаас харж болно. Харин 2023 онд та бидний захаас авч буй хүнсний үнэ яаж өссөнийг ЭНД-ээс уншаарай. 🍋

Өмнөх буюу 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 тойрогт 13 нам, 4 эвслээс болон бие даагч нийт 606 нэр дэвшигч оролцсон байна. Нийт нэр дэвшигчид тус оны сонгуульд ₮67.3 тэрбумыг зарцуулжээ. Тэгвэл энэ зардал өмнөх сонгуульд хэд байв?
2008: ₮7.9 тэрбум (356 нэр дэвшигч)
2012: ₮36.4 тэрбум (544 нэр дэвшигч)
2016: ₮34.4 тэрбум (498 нэр дэвшигч)
2020: ₮67.3 тэрбум (606 нэр дэвшигч)
Гэхдээ санхүүжилтийн тайлангаа явуулаагүй олон нэр дэвшигч байгаа тул энэнээс ч илүү их мөнгө өмнөх сонгуульд зарцуулагдсан нь тодорхой. Харин энэ онд бид 126 УИХ-ын гишүүнийг сонгох том ажилтай байгаа, юу л болох бол доо.


History-Computer
🔹SpaceX нь 6 Starlink хиймэл дагуулаа хөөргөлөө. Тус хиймэл дагуулууд нь T-Mobile зэрэг ОУ-ын хэд хэдэн үүрэн телефоны утсыг дэлхийн хаана ч байсан ямар нэгэн саадгүйгээр дуудлага хийх, мессеж бичих зэрэг боломжийг олгох аж.
🔹Зам тээврийн ослын үнэлгээг Zuragu System-р хийх боломжтой. Тус хиймэл оюун ухаанаар даатгалын компанийн ослын газар дээр очих хугацааг бууруулах бөгөөд мөн эрсдэлийн мэдээллийн зураглалаар хотод гарч буй эрсдэлийг блокчэйнээр тодорхойлох боломжтой аж.
🔹Short Seller-үүд 2023 онд $195 тэрбумыг алджээ. Тэдний хувьд First Republic Bank (FRCB)-с $1.6 тэрбумыг олсон бол Tesla (TSLA)-с $12.2 тэрбумыг алдсан байна. Сонирхуулахад, тус оролцогчид хувьцааны үнэ унана гэх хүлээлттэй арилжаанд оролцож хувьцааны үнийн уналтаас ашиг олдог аж.
🔹Өнгөрсөн онд дизель түлшний хэрэглээ 36% өссөн байна. Энэхүү хэрэглээг хангахын тулд энэ оны дизелийн импортыг нэмэгдүүлэхээр болжээ. Улмаар 1-р сард нийт 156.6 мянган тн дизель авах захиалга өгсний 57.5%-ийг Роснефть-с авах юм. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 63.3% өссөн дүн аж.

Мэд: Бичил уурхайн бүсийн зөвлөгөөнийг Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймгуудад зохион байгууллаа. (LemonPress)
Унш: Тогтвортой уул уурхай Монголд. (ADB)
Сонирх: Хятадын Excellence Scholarship Program for Studying хөтөлбөр зарлагдлаа. (EmbassyofChina)
Яаж? Ноолуур Монголын экосистемийг доройтуулж байгаа юу? (ElPais)

Даваа: Японы 11-р сарын өрхийн зардлын статистик гарна.
Мягмар: Америк 11-р сарын гадаад худалдааны тэнцлийн талаар мэдээлнэ.
Лхагва: SEC-с Биткойн ETF-г бүртгэх талаар шийдвэрлэнэ.
Пүрэв: Америкийн 12-р сарын инфляц зарлагдана.
Баасан: JPMorgan, Bank of America, BlackRock зэрэг компаниудын тайлан танилцуулагдана.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай.
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply