• Lemon Press
  • Posts
  • 🔥 Спортын цэнгэлийн манлай: Парис 2024

🔥 Спортын цэнгэлийн манлай: Парис 2024

AIC: Нөхөн төлбөр +95.5% | Ашиг пуужиндав | Coca Cola-н орлого

POWERED BY

Өглөөний мэнд ээ! 2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монголд зохион байгуулах хүсэлт хүргүүлнэ гэнэ. Энэ сард Их Британид болсон ОУ-ын математикийн 65-р олимпиадад 6 хүүхэд яваад бүгд медаль авсан. Одоо Монголд зохиогдвол энэ амжилт нэмэгдэх биз ээ. 🔥🏅

*Нэг өдрийн өөрчлөлт

MGL: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам энэ намраас тойрог хот байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

POL: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалахаар болжээ

CHN: Хятадын төв банк өчигдөр гэнэтийн шийдвэр гаргаж арилжааны банкнуудад олгох 1 жилийн зээлийн хүүгээ 2.5%-2.3% болгон буурууллаа

 📶 AIC: Нөхөн төлбөр +95.5%

Тайлангууд ар араасаа цуварсаар л байна. Өнөөдөр Ард Даатгал ХК (AIC)-ийн хагас жилийн үзүүлэлт, үр дүнтэй танилцъя. Ашиг, орлого нь юу болов? 

🐫🐫 Өсөлтийн цуваа 

Компанийн нийт хураамжийн орлого энэ оны эхний хагаст 55.9% нэмэгдэж ₮22.2 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн хөрөнгө оруулалтын багц нь 27.3% тэлж ₮30.8 тэрбум болжээ. Гэхдээ ашгийн хувьд, 

  • 🦺 Нөхөн төлбөрийн нөлөө: Компанийн нийт нөхөн төлбөрийн төсөв ₮5.9 тэрбум байсан ч даатгуулагчдад олгосон нийт нөхөн төлбөрийн дүн төсвөөс 67.4%, өмнөх оны мөн үеэс 95.5% өсөж ₮9.9 тэрбум болжээ. Улмаар тэдний цэвэр ашиг 4.8% буурч ₮615 сая болсон хэрэг. 

  • 📈 Өмнөх жилийн трэнд: Тэдний цэвэр ашиг өнгөрсөн оны эхний хагас жилд ₮646 сая байсан бол оны эцэст ₮3.3 тэрбум болсон байдаг. Улмаар тэд цэвэр ашгаасаа ₮750 саяыг ногдол ашиг болгож тараасан буюу оны хаалтын ханшаар бол ногдол ашгийн өгөөж нь 3.4% болсон байна. Тэгэхээр энэ оны эцэст ч тэдний ашиг огцом өсөхийг үгүйсгэхгүй. 

  • 📃 Анхны тайлан: Нэмж дурдахад компани 30 жилийн ойгоо тохиолдуулан Монголын даатгалын салбарт анх удаа Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулсан. Уг тайлангаас харахад, даатгуулагчдын тоо өнгөрсөн онд 21.5% нэмэгдэж 243 мянгад хүрснээс гадна цахим даатгалыг эрчимжүүлж цаасны хэрэглээгээ 50% бууруулсан байна билээ. 

🧐 Нарийн үзүүлэлт рүү өнгийе

Тэдний нийт хөрөнгө болон эздийн өмч нэлээд нэмэгдсэн тул эздийн өмчийн өгөөж (ROE) нь 12.4 нэгж хувиар нэмэгдэж 18.9% болсон байна. 

  • 📈 Хөрөнгийн зах зээл дээр яав? Оны эхний хагаст Ард Даатгалын хувьцааны 1.2 сая арилжаа буюу нийт ₮880 саяын арилжаа явагдсанаар хувьцааны үнэ нь 6-р сарын эцэст доод үнээсээ 16% өсөж ₮719 дээр хаагдсан аж. Түүнчлэн P/B харьцаа нь 1, P/E нь 29 байгаа юм. 

Гэснээс, тус компанийн Гүйцэтгэх захирлаар өмнө нь Дэд захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэтулга ажиллаж буй. Оны эцэст ямар үр дүнтэй байхыг, өмнөх оноосоо хэр их өсөлт гаргахыг нь харж байя даа. 

 🚀 Ашиг пуужиндав

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн үйл ажиллагааны орлого энэ оны эхний хагаст өнгөрсөн жилийнхээс 72.6% өсөж ₮8.6 тэрбум болжээ. Түүнчлэн эздийн өмчийн хэмжээ нь 53% өсөж ₮57.6 тэрбумд хүрэв. Улмаар цэвэр ашиг нь 8.5 дахин нэмэгдэж ₮17.8 тэрбумд хүрч пуужиндлаа. Өөрөөр хэлбэл, МХБ энэ оны хагас жилд 2023 оны цэвэр ашгаа 2 нугалаад буй. Сонирхуулахад, МХБ-ийн хувьцааны үнэ он гарсаар 318%, IPO үнээсээ 482% нэмэгдэж ₮482.8-т хүрээд байна. 

 🔥 Спортын цэнгэлийн манлай: Парис 2024

Зээ, өнөөдөр дэлхийн 206 орны баг тамирчдын өндрөөс өндөр, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй тоглолтууд Парист албан ёсоор эхэлж байна. Ийнхүү нэгэн зууны дараа олимпын бамбар Парисын цэнгэлдэх хүрээлэнд ахин асаад буй. 

  • 🔜 Ирэх 17 хоногт: 10,600 орчим тамирчин спортын 32 төрлөөр өрсөлдөж, 3,800 цагийн тэмцээний шууд нэвтрүүлэг явагдана

🕺 Парисын Баасан гараг

33 дахь удаагийн зуны олимп Парист болж буйтай холбоотойгоор олимпыг дэргэдээс нь үзэхээр Францыг 15.3 сая гаруй хүн зорих төлөвтэй байна. Цаашлаад Франц энэ удаагийн олимпыг $9.7 тэрбумаар зохион байгуулах урьдчилсан тооцоолол гарсан бол нөгөө талд $11.6 тэрбумын орлого олж 247,000 ажлын байрыг шинээр бий болгох төлөвтэй байгаа аж. Нэгэн сонирхолтой үзүүлэлтийг дурдахад тус $11.6 тэрбумын ойролцоогоор 13%-33% буюу $1.5-$3.5 тэрбум нь гагцхүү аялал жуулчлалаас орж ирэх юм. 

  • 😎 Парис шүү дээ: Гэсэн хэдий ч жилдээ 50 сая жуулчин хүлээн авдаг Парис, 90 сая жуулчин хүлээн авдаг Францын хувьд олимп аялал жуулчлалыг нь үнэхээр өсгөж чадах эсэх нь сонирхолтой. Юутай ч өнгөрсөн жил 98.2 сая жуулчин хүлээн авсан Франц энэ жил тус үзүүлэлтийг 101 саяд хүргэх төсөөлөлтэй байгаа л гэнэ. 

  • 💰 Түүхэн том зардалтай: Олимп зохион байгуулах зардал дунджаар $8 тэрбум байдаг бөгөөд түүхэн гэж хэлэгдэх өндөр зардалтай олимпыг 2 хөрш маань зохион байгуулж байжээ. Тухайлбал, 2014 онд Орос Сочийн өвлийн олимпыг $59.7 тэрбумаар, Хятад 2008 онд Бээжингийн зуны олимпыг $52.7 тэрбумаар тус тус зохион байгуулж байв

🇲🇳: 15 дахь Олимп

Олимп эхлэхээс ч өмнө Монголын баг тамирчдын хувцас дотооддоо хэрүүл уруул дагуулсан бол гадаадын томоохон медианууд “Хамгийн шилдэг” нь гэж цоллосон. Парисын олимпод манай 32 тамирчин 9 төрлөөр оролцох байгаа. Сонирхуулахад, Монгол олимпын медаль хүртсэн тоогоороо 147 орноос 57-рт эрэмбэлэгддэг буюу олимпын 30 медальтай билээ.

Эцэст нь… Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимп ийнхүү эхэлж байна. Монголын баг тамирчид маань өндрөөс өндөр, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй байх болтугай. 

Зиа, 7-р сарын сүүлийн Баасан гараг юм байна шүү дээ. 2024 он дуусахад 158 өдөр үлдсэн байна. Энэ удаад оны эхэнд өөртөө амласан амлалтуудаа хэр ахиулснаа эргэн харж нэгийг бодож хоёрыг тунгаана байгаа. 💭

Brainito

🍋 Энэ оны эхний хагаст Coca Cola (KO)-н шингэн хүнсний эрэлт дэлхий дахинд нэмэгдсэнээр нийт борлуулалт нь өнгөрсөн жилийнхээс 3% өсөж $12.6 тэрбумд хүрчээ. Ингэснээр тэд энэ онд цэвэр орлогын өсөлтийн төсөөллөө 9%-10%, ашгийн өсөлтийг 5%-6% болно хэмээн ахиулсан аж. Түүнчлжн Мягмар гарагт тэдний хувьцааны үнэ 1% орчим өсөж $64.9-т хүрчээ.

🍋 Айтүүлс ХК (ITLS)-ийн борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд жилийн өмнөхөөсөө 1.5% буурч ₮1.9 тэрбум болжээ. Уг нь бол тус хугацаанд бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо нь 10% өсөж 14,662-т хүрсэн ч борлуулалтын орлого буурч, борлуулалтын өртөг нь 5.1% өсөв. Улмаар цэвэр ашиг нь 43.3% буурч ₮105.6 саяд хүрсэн байна. 

🍋 Ард Секюритиз ҮЦХ ХХК болон Ардын Тэтгэврийн Данс ХХК хамтран хувьцаа худалдан авах тендер зарлалаа. Тус компаниуд "Улаансан" ХК (UNS)-ийн 62,177 ш хувьцааны 41% буюу хяналтын багц эзэмшигч болсон тул холбогдох хуулийн дагуу 25,493 ш хувьцааг тус бүрийг нь ₮3,973-өөр худалдан авах үйл ажиллагааг 7 сарын 23-наас 8 сарын 26-ны хооронд явуулах аж. 

🍋 Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-аар шинэчлэн батлав. Тус паркийн хүрээнд 5,600 гаруй ажлын байр бий болгож, Аргалант-Эмээлт дагуул хотын ЭЗ-ийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжүүлэх аж. Уг баталсан шинэчлэлтээр төслийн талбайн урд 500 айлд олгосон газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх юм. 

🚚 Бетон ямар хугацаанд миксерээс буусан байх ёстой вэ? 

Stora-р дамжуулан бетон зуурмагийг хүссэн газартаа хүргүүлдэг болсныг мэдээгүй юм биш биз? Энэ удаад бетон хүргэлт ямар хугацаанд үргэлжлэх, ямар хугацаанд миксерээс буусан байх ёстойг тайлбарлаж өгье. 

  • 🚚 Миксер машин: Таны захиалсан бетон зуурмагийг зориулалтын тээврийн хэрэгсэл болох миксер машинаар хүргэдэг. 

  • ⏳ 180 минут: Бетоны анги марк, хэрэглэсэн цементийн шинж чанар, гадна орчин, тээвэрлэлт зэргээс хамаарч бетон зуурмагийг үйлдвэрээс гарснаас хойш 180 минутаас багагүй хугацаанд буулгаж авсан байх шаардлагатай. 

👷 Бэлдээрэй! 

Захиалагч бетон хүлээж авахаасаа өмнө ажлын талбайн бэлэн байдал, туслах хэрэгслүүдээ бүрэн хангаснаар бетон суух, өтгөрөх гэх мэт чанарын асуудлууд гарахаас сэргийлэх боломжтой. 

  • 🧮 H + W:  Миксерийн өндөр нь 4.2 м, жин нь 30-35 тн орчим байдаг тул хүлээн авах газрын орчин нөхцөл, талбайн багтаамжийн хэмжээ, орж гарах зам талбайн даацын хэмжээг тооцоолоорой. 

  • 📞 Зөвлөлд: Хэт өндөр эсвэл налуу хэсэгт бетон зуурмаг авах бол миксер машин зорчих боломжтой эсэхийг урьдчилан зөвлөлдөх нь эрсдэлгүй юм. 

  • 👉 Зориулалтын хэрэгсэл: Та бетоныг цутгалтын бетон шахагч машин болох помпоор, эсвэл гулсуур ашиглан авах боломжтой. 

Эцэст нь… Цас бороо орж зорчих хэсгийн гадаргууд гулгаа үүсээгүй үед миксер машин зорчих нь аюулгүй гэдгийг бодолцож мөн хүргэлтийн бүсчлэлтэй сайтар танилцах нь чухал юм шүү. 

  • Танилц: Камала Харрисыг дэмжиж буй бизнесменүүд болон тэрбумтнууд. (BusinessInsider)

  • Сонирх: NBA болон Disney, Amazon, Comcast-н $77 тэрбумын үнэлгээтэй хамтрал. (Reuters

  • Унш: Монголын Цахилгаан Холбоо ХК нэмэлт хувьцаа гаргана. (iKon)

  • Үз: Дата яагаад хурдан дуусдаг вэ? (LemonPress)

Reply

or to participate.