• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 2024 оны улс төрийн өнгө

🇲🇳 2024 оны улс төрийн өнгө

Энэ онд Монголын улс төр болон гадаад харилцаанд тохиосон онцлох үйл явдлууд

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Оны төгсгөл болж байгаа тул 2024 оны Монголын улс төр болон гадаад харилцааг тодорхойлох 4 түүхийг хуваалцъя. Санаж, сэрж эргэж харж байхгүй бол горьгүй нь…

"Lemon Press Awards" 2024 🎉

Өнөөдөр энэ оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг "Lemon Press Awards" 4-т санал өгөх сүүлийн өдөр шүү. 13:00 цагаас өмнө ЭНД дарж амжиж саналаа өгөөрэй. 🍋

🧑‍🤝‍🧑 Түүхэн олуулаа, Түүхэн буцаалт 

2024 он бол Монголын улс төрийн түүхэд маш онцгой сонгууль болж УИХ 4 нам, 1 эвслээс бүрдэх болсон. Улмаар анх удаа хамгийн олон буюу 126 гишүүнтэй болсон УИХ-ын эхний том даалгавар нь ЗГ-аас өргөн барьсан түүхэн том 2025 оны төсвийг батлах уу, эсвэл амлалтдаа хүрч алдагдалгүй төсөв батлах уу гэдэг байв.

Харамсалтай нь олон нийтийн шүүмжлэлийг үл харгалзан данхгараас данхгар тус төсвийг 65%-ийн саналтайгаар баталсан ч үүнээс 11 өдрийн дараа Ерөнхийлөгч баталсан төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ. Удахгүй эдийн засгийн тоймоороо төсвийн талаар тодорхой мартаж боломгүй тоонуудыг сануулам зээ.

  • 🏃 Оны онцлох зугталт: Нөгөө талд Ерөнхий сайд маань гадаад айлчлалдаа илүү анхаарч хэл ам, хэрүүл шуугиан дагуулсан 2025 оны төсвийг хэлэлцэж, буцаагдаж байхад ч оролцсонгүй. Энэ нь 2024 оны онцлох зугталт байлаа гэж. 

  • 🏃‍➡️ Оны онцлох эргэн эрэлт: Тоглоомтой нь хайгаад олдохгүй байсан Ерөнхий сайд маань гэнэт Санта Клаус шиг эргэн ирж Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ)-ийн хүлээгдэж буй цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮350-ийн ногдол ашиг тараачхав. Компани тайлангаа гаргаагүй, ТУЗ хуралдаагүй байхад ногдол ашиг олгочихдог ЭТТ-ээс өөр компани дэлхийд байдаг болов уу? ЭТТ компанийн засаглалын наад захын дүрмийг мөрдөхгүй байгаа тул МҮЦАЭХ шаардлага хүргүүлээд байна.

💥 Гадаад харилцааны өндөр жил

Харин гадаад харилцааны хувьд, энэ онд Монголд Хаан, Хатан, Ерөнхийлөгч, ТНБД, сайд, ОУ-ын байгууллагын Ерөнхийлөгч гэхчлэн 12 улс, 1 ОУ-ын байгууллагын Ерөнхийлөгч зочилсон өндөр жил байлаа. УИХ-ын сонгуультай жил гэх утгаараа сонгуулиас өмнө Герман, Их Британиас л дээд хэмжээний айлчлал хийсэн бол яг сонгуулийн сард Беларусь, Лаосын Ерөнхийлөгч нар ирээд буцав. Харин сонгуулийн дараа дээд хэмжээний айлчлал жинхэнэ утгаараа эрчимжсэн дээ.

  • ☝️ Анхны айлчлал: 2024 оны айлчлал дундаас Словени, Швейцар, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны анхны эмэгтэй Ерөнхийлөгч нар Монголд анх удаа айлчилсан. 

  • ♟️ Даам айлчлал: Харин В.Путины айлчлал бол гагц гадаад харилцааны түүх бус Монголын улс төрийн энэ оны хамгийн том, бараан түүх болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Сонирхуулахад, В.Путин энэ онд 11 орон руу айлчлал хийсэн нь 2023 онтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн дүн аж. 

  • 🧑‍🤝‍🧑 Стратегийн түншлэл тэлэв: Эдгээр айлчлалуудаас гарсан онцлох үр дүн нь Монгол Улс Европын Холбооны улстай буюу Германтай, Төв Ази буюу Казакстантай анх удаа стратегийн түншлэл байгуулсан явдал. 

🆕 Шинэ 13 Элчин сайд + 8 Хавсран суух Элчин сайд

Айлчлалаас дутуугүй энэ онд Франц, Итали, Европын Холбоо, Өмнөд Солонгос, Энэтхэг тэргүүтэй 13 орноос шинээр Элчин сайд нар томилогдож ирээд буй. Үүний хажуугаар Пакистан, Нидерланд гэхчлэн 8 улсаас хавсран суух Элчин сайд нар томилогджээ. Товчоор бол энэ онд бид 21 шинэ Элчин сайдтай болсон байна.

  • 🦄 Онцлох томилгоо: Оны төгсгөлд НҮБ-ийн шинэ Суурин төлөөлөгч Яап С.Ван Хиерден томилогдож ирэх 1 сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно. Түүний өмнө Тапан Мишра 2019 оноос хойш Монголыг хариуцан ажиллаж байсан билээ. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн бид Lead W/ тусгай ярилцлага хийж амжсан шүү. ЭНД дарж сонирхоорой. 

Эцэст нь… Энэ оны Монголын улс төрийн онцлох үйл явдал бол УИХ-ын сонгууль байсан. Олон ч иргэд сонгуулийг шинэчлэл авчрах сэвэлзүүр салхи байгаасай гэж горьдсон доо. Сөрөг хүчний мөрөөсөл болж байсан УИХ-ын танхимд сөрөг хүчин нь орж ирсэн ч ЗГ-аа эвсэн байгуулж, ирэх жилүүдэд ч өнөө л цээжлэгдсэн хэд биднийг удирдана гэдгийг харуулсан. Дотоодын зууралдаж, зунгааралдсан улс төрөөсөө өндийгөөд харвал барууны орнууд Монголыг сонирхож байгаагаа айлчлалуудаараа ч харуулсаар байгаа юм сан. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.