• Lemon Press
  • Posts
  • 🦄 Монгол компаниудын 2024 оны өнгө

🦄 Монгол компаниудын 2024 оны өнгө

Монголын бизнесийн салбарын онцлох үйл явдлууд

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Энэ онд Монголын бизнесийн салбарт томоохон нэгдэх хэлцэл, гадагш тэлэлт, өргөжилт тэргүүтэй мэдээ олон дуулдсан өгөөжтэй жил байлаа. 2024 оныг тойрсон бизнесийн онцлох мэдээллийг багцлан хүргэж байна. 🍋🗞️

💥 Банк + Уул уурхай

Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт 2024 онд улирал ахих тусам сайжирсаар өнгөрсөн III улирлыг бүгд ногоон үзүүлэлттэй өндөрлүүлсэн билээ. Банкны салбар энэ онд ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэхийн сацуу салбартаа харьцангуй шинэд тооцогдох ногоон, нийгмийн бондуудыг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржид гаргасан ажилттай үдэж байна. Үүн дээр нэмээд анх удаа ААН-ийн төлөөлөл болж TML Plastics ногоон бонд гаргасан нь 2024 оны бизнесийн салбарын онцлох мэдээ байв

  • Харин уул уурхайн салбарт нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төсөл, Баянхөндийн алтны төсөл, зэс-алтны Хармагтай төслүүд нэлээн ахицтай урагшилж, эхнээсээ ирэх жилээс үйлдвэрлэл рүүгээ шилжих чихэнд чимэгтэй мэдээ дуулгаж буй. 

🏪 CU-тэй өнгөрөөсөн 6 жил

Энэ оны онцлох бизнесийн нэг яалт ч үгүй Премиум Нэксус (CUMN) байлаа. Хэн бүхний өдөр тутамдаа үйлчлүүлдэг тухтай орчныг бүрдүүлсэн CU өнгөрсөн 6 жилийн турш нүдэн дээр тэлж алдагдлаас ашигт ажиллагаанд хүрээд байна. 

📈 CU ба өсөлт 

2018 онд СU конвиниенс дэлгүүр 3 салбартайгаар нээгдэж байв. Үүнээсээ хойш энэ оны III улирлын байдлаар 415 салбар дэлгүүртэй болж цар хүрээ нь маш хурдацтай тэлсэн. Энэ хугацаанд IPO ч хийж нээлттэй компани болсноор уналт, өсөлт, тэлэлт нь нүднээ ил тод өрнөж байгаа билээ. Түүнчлэн $CUMN мэндчилгээнээсээ эхлүүлээд, ариун цэврийн өрөөний хүртээмжийг ч нэмэгдүүлж, шинэ соёл, үйлчилгээ, инновацыг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо нь ч өссөөр байна. Өнгөрсөн III улиралд л гэхэд CU-н харьцуулсан дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт 25.6%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 9.5% нэмэгджээ. 

💭 Юуг өөрчлөв?

$CUMN-н тэлэлт нийгэм, эдийн засагт хэд хэдэн түвшинд эерэг нөлөө үзүүлж буй. Тодруулбал, CU зөвхөн бүтээгдэхүүн худалдах бус, халуун кофе, бэлэн хоол, шуурхай үйлчилгээ үзүүлдэг нь жижиглэн худалдааны салбарт шинэчлэл хийж, шинэ соёл, стандартыг бүтээсэн. Нэмээд 24 цагийн үйлчилгээ нь шөнийн цагаар ажилладаг, завгүй амьдралтай иргэдэд тохиромжтой байсан билээ. 

  • Ажлын байр 🆙: CU-н дэлгүүрийн тоо нэмэгдэхийн хэрээр илүү олон ажлын байр бий болж тэр дундаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн компани 2023-2024 онд 22,919 ажилтанд 122,981 хүн/цагийн сургалтыг 830 удаагийн давтамжтай хүргэж  сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч болоод амжсан. Тэгэхээр зөвхөн ажлын байр нэмэгдүүлэхээс гадна ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг ч дээшлүүлж байгаа хэрэг. 

  • 🗺️ Орон нутгийн хөгжилд: Цаашлаад, $CUMN өнгөрсөн улиралд орон нутагт 12 дэлгүүр нэмж нээснээр 12 аймагт бүтээгдэхүүн, үйлчилгээ, соёлоо шингээн ажиллаж байна. Ингэснээр орон нутагт ч ажлын байр нэмэгдэж байгаагаас гадна түрээс төлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах зэргээр шууд болон шууд бус хөрөнгө оруулалт хийж буй. 

  • 🌱 Ээлтэй: CU-н нэвтрүүлсэн өөр нэг дэвшил нь яалт ч үгүй төлбөр тооцооны шийдэл. CU Pay төлбөрийн шийдэл нь 1 үйлдлээр төлбөр төлөх, оноо цуглуулах, Е-Баримт бүртгэх үйлдлийг хийж байгаа нь төлбөр төлөх хурдыг 5-7 дахин нэмэгдүүлэхээс гадна цаасан баримт хэвлэхгүй байгальд ээлтэй байх боломжийг олгож байна. Энэ жишиг бусад жижиглэн худалдаа эрхлэгчдэд ч шингээд эхэлсэн байна билээ. 

Том зургаар нь харвал нэг талаас өнгөрсөн 6 жилийн хугацаанд $CUMN-н бизнес тэлж, энэ оноос ашигтай ажиллаж байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай. Нөгөө талаас CU нийгэм болон эдийн засагт нөлөөлж, Монголын жижиглэн худалдааны салбарын стандартыг шинэ түвшинд гаргаж байна даа. Гэснээс Премиум Нэксус ХК манай энэ жилийн LP Awards-н оны онцлох компани номинацид нэр дэвшсэн байгаа шүү. ЭНД дарж хараарай. 

🗺️ Технологи + ББСБ

2023 онд технологийн салбарынхан гадагш эрчтэй тэлж байсан бол энэ онд технологийнхны хажуугаар ББСБ, үйлдвэрлэгчид ч зах зээлээ гадагш тэллээ. Тухайлбал, Инвескор ББСБ (INV) Казакстанд салбараа нээж Төв Ази дахь салбараа нэгээр нэмсэн юм. Харин Монгол Базальт (MBW) Узбекистан Групптэй хамтран Узбекистанд дэлхийд ховор, Төв Азид анхдагч Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж эхний шатанд тус үйлдвэрийг $30 саяын хөрөнгө оруулалтаар барьж буй. 

Цаашлаад, Узбекистаны зах зээлд MCS Групп ч цахим худалдааны төслөө, Монос Хүнс ХК (MFC) Киргизстанд Монос Косметик ХХК-ийнхаа эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн юм. 

  • 🤖 2023 оны аваргуудаар сонин юу байв? Технологийнхон дундаас And Global энэ жил 2 ч бизнесээ гадагш тэлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Улмаар тэдний охин компани And Solutions Тайланд руу AI суурьтай программ хангамж “mindox”-оо экспортлохоор болж, Филиппиний зах зээлийг дайлаар мордохоор AND Financing Corporation-д Японы 2 том групп хөрөнгө оруулсан

  • 🖼️ Том зургаар нь харвал And Global-н алсын хараа Зүүн өмнөд Ази руу чиглэж тус зах зээлд алхам алхмаар тэлсээр л байгаа. Тус компани 2024 онд өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, тогтвортой гадагш тэлсээр. 

Гэснээс MEF-н үеэр Монголд анх удаа Startup World Cup-н Төв Азийн бүсийн аваргуудыг тодруулах уралдаан зохион байгуулагдаж, ONDO Space III байранд шалгарсныг дурдахгүй орхивол алдас болох нь байна.  

🧑‍🤝‍🧑 Нэгдэн нийлэгсэд 

Нэгдэх хэлэлцээрийн хувьд оны эхээр Steppe Gold (STGO.TO) компани Бороо Гоулд ХХК-ийн бүх энгийн хувьцааг худалдан авч өөртөө нэгтгэсэн бол Монголын ТОП дистрибьютер MSM-г Сингапурын Jebsen & Jessen өөртөө нэгтгэж 7 дахь охин компаниа болгосон. Уул уурхайн 2 компанийн нэгдлийн үр дүнд ОУ-ын биржид бүртгэлтэй Монголын томоохон үнэт металл үйлдвэрлэгч мэндэлж буй. 

  • 📰🗞️ Сонин сайхан ихтэй $MLG: Харин нээлттэй компаниар үйл ажиллагаагаа явуулаад 1 гаран болж буй Монложистикс Холдинг (MLG) ТЭСО Группийн охин компани болох Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг эзэмших болсон. Үүний сацуу оны төгсгөлд Хятадын Тянжин хотод охин компаниа байгуулж нийт охин компанийнх нь тоо 11-д хүрлээ. 

✍️ Гэрэг-Turning Points: Дэлхийн стандартаар бэлтгэв

Монголд ОУ-ын стандарт сэтгүүлийг хүргээд 10 нас хүрч буй Гэрэг дэлхийн ТОП хэвлэлүүдийн нэг The New York Times-тай хамтран бэлтгэдэг “Гэрэг-Turning Points”-н 2025 оны дугаар уншигчдын гарт очиход бэлэн болжээ. 👏

  • 🤌 Дэлхийн стандартаар: “Гэрэг”-ийн редакц ОУ-ын хэмжээний чанартай агуулгыг Монголын ТОП орчуулагчидтай хамтран хүргэдгийн адил тэдний дотоодын агуулга нь ч мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгддэгээрээ онцлог. 

  • 🧠 Баялаг агуулгыг нэг дор: Иймд тус сэтгүүл нь 254 хуудсанд 70 орчим нийтлэлийг багтаан уншигчдад өдөр тутмын хэт хурдтай мэдээлийн хэмнэл дунд дотоод, гадаадын үйл явдлын талаар тухтай эргэцүүлэх, амтархан унших боломжийг олгож буй. 

За тэгээд “Шинэ он, шинэ би”-гээ “Гэрэг-Turning Points”-той хамт эхлүүлж, ширээний номын жагсаалтаа өнгөлнө биз ээ.

🆙 ОУ-ын банкнууд санхүүжилтээ нэмэв

2024 он бол Азийн Хөгжлийн Банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол компаниудад олгосон санхүүжилт эрс нэмэгдсэн онцлог жил болж байна. Тодруулбал, он гарснаас хойш тус банкнуудаас Монголын томоохон банк болон компаниуд нийт $230.7 саяын хөрөнгө оруулалтыг татаж чадсан юм.

  • 🔎 Тодруулбал, хүнсний салбараас АПУ Дэйри ХХК, MCS Coca-Cola, банк санхүүгийн салбараас ХААН Банк, ХасБанк (XAC), нефт түгээх салбараас Шунхлай Холдинг ХХК, боловсролын салбараас Орчлон Олон Улсын Сургууль тэргүүтэй компаниуд овоо өндөр дүнтэй санхүүжилт татсан харагдав. 

Энд хүрээд Монголын бизнесийн салбарынхны 2024 оны сонин сайхныг тоймлон хүргэж дууслаа. Ирэх онд илүү олон компани дотооддоо төдийгүй гадагшаа тэлсэн амжилттай жил болох болтугай. Хурай^2. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.