- Lemon Press
- Posts
- 🚨 2024 он: Завгүй байна! Сонгуультай!
🚨 2024 он: Завгүй байна! Сонгуультай!
Гарааны бизнесүүдийн санхүүжилт | 2024 оны сонгууль | Биткойны 1%-ийг эзэмшигч
POWERED BY
2024 оны мэнд ээ! Шинэ оны 366 өдрийн 1 нь аль хэдийн өнгөрчихлөө шүү. Тийм ээ, энэ жил чинь 366 өдөртэй шүү дээ. Зорилгодоо хүрэхийн төлөө хичээцгээе. 😎


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай ЗГ-ын тогтоолын төслийг баталлаа.
MSE: "БЭРС Эй Би Эс Актив ТЗК" ХХК-ийн ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд 71 захиалга ирж захиалгын үнийн дүн ₮15 тэрбумд хүрснээр арилжаа хаагдлаа.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮27.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮14.2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

💸 2023 оны ₮2.7 тэрбумын санхүүжилт

2023 онд 154 гарааны бизнес эрхлэгчид Улаанбаатар дахь гарааны бизнесүүдийг дэмжих төсөл хөтөлбөр, тэмцээнээс нийт ₮2.7 тэрбумын санхүүжилт босгожээ.
Улам танилцвал
Улаанбаатарт нийт 64 арга хэмжээ болсон аж. Эдгээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг харвал дийлэнх буюу 44.8%-ийг нь улсын төсөв, 31.6%-ийг нь олон улсын төсөл, 14%-ийг нь хөрөнгө оруулалтын компани тус тус бүрдүүлжээ. Цаашлаад харвал,
13: Нийт 64 арга хэмжээний 13 нь уулзалт, экспо хэлбэрээр зохион байгуулагдав.
₮2.4 тэрбум: Санхүүжилтийн 88.2%-ийг шагнал хэлбэрээр буцалтгүй олгосон бол үлдсэн ₮320.2 саяыг хувьцаа хэлбэрээр олгожээ.
₮17.6 сая: Дунджаар 1 гарааны бизнест ₮17.6 саяын санхүүжилт олгосон бол хамгийн их санхүүжилт нь ₮70 сая, хамгийн бага нь ₮500 мянга байлаа.
Санхүүжилт авсан компаниудын 38.3% нь төсөл, хөтөлбөрөөс санхүүжилтээ авсан бол санхүүжилтийн нийт хэмжээний 55.5%-ийг төсөл хөтөлбөрөөр дамжин олгожээ. СМС ХХК, Шинжлэх ухааны паркийн захиргааны энэхүү судалгааны онцолсон тэмцээнтэй танилцъя.
Онцлох тэмцээнүүд
“Стартап 2023 - Улсын уралдаан”-д нийт 209 баг өрсөлдсөн бол тэргүүн байранд Метафорс баг “Металанд” төслөөрөө шалгарч ₮20 саяын санхүүжилтийн эрхийг авсан юм. Нийтдээ 6 баг ₮99 саяын санхүүжилт авчээ.
“Agripreneurship Challenge”-г Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас амжилттай зохион байгуулсан бөгөөд шилдэг 3 төсөлд нийт ₮50 саяын хөрөнгө оруулсан аж.
“DX Cup”-г Монголын дижитал өөрчлөлтийг дэмжих нийгэмлэгээс ахлах сургууль болон оюутнуудад зориулсан бизнесийн загварын уралдааныг зохиосон бөгөөд нийт 3 багийн төсөлд ₮12 саяын санхүүжилт олгосон юм.
Эцэст нь, жилээс жилд стартап компаниудад зориулсан тэмцээн ихсээд л байгаа энэ үед өөрийнхөө санааг бусадтайгаа хамтран хэрэгжүүлэх боломж байна даа. Сонирхуулахад, энэ оны 2-р сард Startup Challenge Mongolia тэмцээн болох сурагтай байна шүү.

🪙 Нийт Биткойны 1%
MSTR: MicroStrategy Биткойны хөрөнгөө $8 тэрбумд хүргэлээ. Тодруулбал, тэд оны сүүлээр нэмж $616 саяын Биткойн худалдан авснаар нийтдээ 189,150 ширхэг Биткойныг өөрийн болгосон байна. Улмаар MicroStrategy нийт Биткойны ойролцоогоор 1%-ийг эзэмшдэг болж байгаа юм. Энэхүү мэдээний араас тус компанийн хувьцааны үнэ 4.5% өсөн $631.6 дээр хаагджээ.

2024 он: Завгүй байна! Сонгуультай!

Эхэлж буй 2024 онд дотоодод төдийгүй дэлхий даяар сонгуулийн цуваа ар араасаа л фургондож өгөх төлөвтэй байна. За бараг дэлхийн хүн амын тал нь сонгууль өгөх нь байна шүү. Анхаараарай^2!
Хөгшин салхи vs шинэчлэлтийн салхи?
Энэ онд Хойд Америкаас эхлээд Зүүн Өмнөд Ази хүртэл сонгуулийн шуурга дэлхийг хөндлөн гулд дайрч өнгөрнө. Тодруулбал, 64 гаруй оронд сонгууль болох бөгөөд Америк, Орос, Украин, Тайванд Ерөнхийлөгчийн, Европын Холбоо, Өмнөд Солонгос болон Монголд Парламентын сонгууль тус тус болох юм. Үүнээс ганцхан тус улсаар хязгаарлагдахгүй дэлхий даяар нөлөөтэй сонгуулиудыг онцлоход,
Ёсыг бодож… Оросын Ерөнхийлөгчийн сонгууль 3-хан сарын дараа болох бөгөөд Владимир Путинг ахин нэр дэвшиж байгааг сонссон л байх. Хэрвээ тэр ялбал Оросыг 2030 он хүртэл удирдах буюу нийтдээ 26 жил төрийн эрхийг атгасан нэгэн болох юм. Түүний хувьд эхлээд 4 жилээр улиран сонгогддог тогтолцоог нэг удаа 6 жил болгосон ч ахин өөрчилж 6 жилээр улиран сонгогдох тогтолцоог хуульчлаад буй. Танил санагдахгүй байна уу?
Нөгөө л хөгшчүүд? Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11-р сард болно. Одоогоор нам доторх болон бие даан дэвших нэр дэвшигчид тодроод буй. Хэдий залуу нэр дэвшигчид харагдаж байгаа ч Жо Байден болон Дональд Трамп нарын тулааныг ахин харах магадлал өндөр байгаа юм. Тэгэхээр тэдний аль нь ч гарсан Америкт бол шинэчлэлийн салхи сэвэлзэхгүй нь дээ.
Түүхэн жил
Монголд ч энэ зун 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль тохиож байгаа. Энэ удаагийн УИХ-ын сонгууль урьд хожид байгаагүй буюу 126 УИХ-ын гишүүнийг сонгох түүхэн сонгууль болох юм. Өнгөрсөн оны босгон дээр УИХ-аас сонгуулийн тойрог болон мандатыг баталж, 21 аймгийг 7 тойрогт, Улаанбаатар хотыг 6 тойрогтой буюу томсгосон тойргуудад хуваагаад буй.
Анхаар: Ирэх сонгуулиар монголчууд 76 биш 78 УИХ-ын гишүүнийг сонгож үлдсэн 48 гишүүн намын жагсаалтаар тодрох юм.
Тойрогдъё: За тэгээд 1 мандатад ногдох санал өгөгчдийн тоог харвал орон нутагт тархуу байгаа бол хотод нэлээд шахуу байгаа юм. Тэгэхээр 10 мандаттай Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн V тойрогт 1 мандат тутамд 20,490 иргэд ногдож байгаа бол 5 мандаттай Баянзүрх дүүрэгт 1 мандат 54,643 иргэний саналыг төлөөлөх юм.
Эцэст нь… Удахгүй болох сонгуулиудын зарим нь ёс төдий, зарим нь өөрчлөлт шинэчлэлтийн салхийг дагуулсан сонгууль болох бололтой. Гадаад яах вэ, дотоодын сонгуулиа анхаарч байхгүй бол! Удахгүй нэр дэвшигчид маань тодроод эхэлнэ шүү дээ, өнгөрсөн 4 жилд юу болж өнгөрөв! Мартаагүй биз дээ!

TOCOL, TOROW функцүүдээр алдаатай болон хоосон нүднүүдээс бусад өгөгдлүүдээ цэгцлэх боломжтой шүү. 🍋



Reuters
🔹OpenAI-н жилийн орлого $1.6 тэрбумд хүрлээ. Тус компанийн орлого 2024 он гэхэд $1 тэрбумд хүрэх тооцоололтой байсан ч төсөөлснөөс хурдацтай өсөж байгаа нь энэ. Мэдээж ChatGPT-н эрэлт огцом өссөн нь үүнд нөлөөлж буй.
🔹Сэндли ББСБ ХК (SEND) Капитрон банканд зээлийн шугамын эрх нээлгэнэ. Уг зээлийн эрхийн хэмжээ нь ₮5 тэрбум, эрхийн хугацаа нь 12 сар, хүү нь жилийн 21% байх аж. Сонирхуулахад тус компани энэ онд ₮9.6 тэрбумын цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ.
🔹Уул уурхайн бүтээгдэхүүний зуучлалын хураамжийн дээд хэмжээг тогтоов. Тодруулбал, арилжааны зуучлагчийн спот болон форвард гэрээний арилжаанаас авах хураамжийн дээд хязгаар худалдан авагч талаас 0.5%-иас ихгүй, худалдагч талаас багц тутамд ₮200,000-өөс ихгүй байх юм.
🔹Эрдэнэс Тавантолгой ХК 2023 онд $1.2 тэрбумын үнийн дүн бүхий 9.7 сая тн нүүрсийг биржээр арилжааллаа. Түүнчлэн тэд онцгой дэглэм тогтоосон 1 жилийн хугацаанд $3.3 тэрбумын үнийн дүн бүхий 32.8 сая тн нүүрс борлуулснаар ₮2.7 их наядын татвар төлсөн байна.

Санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга / Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК: Санхүү, бизнесийн чиглэлээр мэргэшиж 5+ жил ажилласан, удирдан зохион байгуулах увдистай хүн байна уу? 👉 (Link)
Videographer / Lemon Press: Adobe premiere pro, After effect дээр ажиллах чадвартай, студи болон, видео продакшнд ажиллаж байсан туршлагатай залуус CV-гээ илгээ. 👉 (Link)
Хүний нөөцийн мэргэжилтэн / Монложистикс Холдинг: Хүний нөөц, захиргааны чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай хүмүүс сонирхоорой. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Сонирх: 2024 оны Японы Засгийн газрын тэтгэлэг. (EmbassyofJapan)
Мэд: 2023 онд дампуурсан стартап компаниуд. (TechCrunch)
Танилц: Энэ онд гарах кинонуудын жагсаалт. (RottenTomatoes)
Унш: Стратегиа төлөвлөхөд үедээ өөрөөсөө асуух асуултууд. (HBR)

Мягмар: Шинэ жилийг угтан Японы бирж амарна.
Лхагва: FOMC-н 12-р сард болсон хурлын дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулагдана.
Пүрэв: Германы 12-р сарын ХҮИ-ийн мэдээлэл зарлагдана.
Баасан: Америкийн 12-р сарын ажилгүйдлийн түвшнийг мэдээлнэ.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply