• Lemon Press
  • Posts
  • ⚒️ Уул уурхайн товхимол

⚒️ Уул уурхайн товхимол

2023 онд уул уурхайн салбарт юу болов?

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр манай эдийн засгийн амин сүнс болсон уул уурхайн салбарын талаар тоймлоно. Энэ онд ер нь юу юу болчхов? 

Нүүрснээс бусад нь гайгүй

Түүхий эдийн зах зээлийн гол тоглогчид болох алт, зэс, брент газрын тосны энэ жилийн үнэ дунджаар 2.8% өссөн бол нүүрсний үнэ оны эхний үнэтэй харьцуулахад 38.1% унаж $115.9-т хүрээд байгаа аж. Учир нь дэлхийн эдийн засгийн хямралын түгшүүр нь түүхий эдийн эрэлтийг бууруулсан. Ер нь энэ онд түүхий эдтэй холбоотой ямар үйл явдлууд болов? 

  • Рекорд: Хятадын хувьд энэ онд нүүрсний импорт нь 450 сая тн-д хүрч дээд түвшинд тогтоох  төлөвтэй байгаа. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Саяхан Монголын нүүрсний экспорт 60 сая тн-ыг давсан нь ч үүнтэй холбоотой. 

  • Хязгаар: Харин дэлхийн газрын тосны зах зээлд нефтийн үнэ сүүлийн 5 жилд байгаагүй удаан хугацааны уналтад ороод байгаа. Тодруулбал, брент маркийн газрын тосны үнэ баррель нь энэ жилийн оргил үеэсээ 21.5% унаж $73.5 болоод буй. Улмаар ОПЕК-н орнууд газрын тосны олборлолтоо бууруулсан. 

  • Оргил: Түүнчлэн алтны үнэ энэ жил 11.3% өсөж унц нь $2,075 хүрээд буй. Оргил үедээ бүр $2,150-т хүрээд амжсан. Өндөр инфляц болон $-ын бусад гол валюттай харьцах ханш суларсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг $-оор үнэлэгдсэн алт дээр төвлөрүүлснээр алтны үнэ ингэж өссөн хэрэг.

Ногоон жил

Харин Монголын түүхий эдийн зах зээлийг харвал энэ жил түүхий эдийн экспортын хэмжээ ч хэрүүл ч нэмэгдсэн жил байлаа. Тодруулбал, 

Эерэг: Нүүрсний экспорт л гэхэд 2023 оны эхний 11 сарын байдлаар 59.7 сая тн болж өмнөх оны мөн үеэс 120.2% өсөөд байгаа. Түүнчлэн цайрын хүдэр, баяжмалын болон хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт ч мөн төлөвлөгөөнөөс давсан юм

Сөрөг: Өнгөрсөн жил сөхөгдсөн нүүрсний хулгайн хэрэг энэ онд шилжиж нүүрсний сонсгол зохион байгуулагдав. Сонсголд тус хэрэгт холбогдох этгээдүүд оролцож нэлээд олон мэдээлэл ил болсон билээ. Нүүрс борлуулалтын 4 оффтэйк гэрээний алдагдал л гэхэд $330.5 саяд хүрсэн гэх тооцоолол гарсан юм.

Экспорт хэр өсөв?

Цаашлаад, түүхий эдийн экспортын гүн рүү орвол, энэ онд экспортолсон түүхий эдийн хэмжээ жилийн өмнөхөөс дунджаар 56.4% өсжээ. Харин экспортын үнийн дүнгийн хувьд  өнгөрсөн оны мөн үеэс 21.5% өсөж $11.4 тэрбумд хүрсэн аж. Улмаар энэ оны эхний 10 сарын байдлаар эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өсөж ₮6.8 их наядад хүрэв

  • Гэхдээ зүгээр хэмжээ өссөн тулдаа: Уг нь бол эрдэс бүтээгдэхүүнүүдийн экспортын дундаж үнэ жилийн өмнөхөөс нэлээд унасан. Тодруулбал, чулуун нүүрсний экспортын үнэ 38.8%, цайрын баяжмалынх 27.6%, төмрийн хүдрийнх 12% тус тус буурсан юм. Тэгэхээр зүгээр экспортын хэмжээ ихээр нэмэгдсэн тулдаа л төсөвт төвлөрүүлсэн орлого нь 2 дахин нэмэгдсэн хэрэг. 

  • Арай өнгөлөг нь: Харин молибдены баяжмалын экспортын үнэ 48.6%, алтных 8.2% тус тус өссөн юм. Алтны үнэ нэлээд өссөндөө ч юм уу экспортын хэмжээ нь өмнөх үеийн мөн үеэсээ 17.4% буурсан байна билээ. 

  • Хаашаа? Бид ихэнх түүхий эдээ Хятад руу л гаргаж байгаа. Харин хайлуур жоншны 16.9%-ийг Орос руу, молибдены баяжмалын 18.8%-ийг Өмнөд Солонгос руу, Алтны 88.1%-ийг Швейцар, үлдсэн хэсгийг мөн л Өмнөд Солонгос руу тус тус экспортолсон байна.

Ингээд харахаар энэ жилийн хувьд Ковид-19 дараах сэргэлтийн нөлөөгөөр түүхий эдийн экспортын хэмжээ өссөн нь л уул уурхайн салбарыг аварчээ. Харин үнийн хувьд нэлээд уналттай жил байлаа. Түүхий эдээс хамааралтай байхын эрсдэл нь ердөө л энэ шүү дээ. Үнэ ч унаад, эрэлт ч буурчихвал бид тэгээд л шалаар мөлхөнө.

🛢️ Хэр их газрын тос? 

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд энэ оны эхнээс 12 сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2.2 сая тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн онд импортолсон дүнгээс 16% илүү дүн. Газрын тостой холбоотой энэ жилийн онцлох үйл явдал бол мэдээж хомсдол. 

  • Үүссэн нөхцөл байдал: Нийт шатахууны нөөц оны өмнөхөөс 42.4% буурч 67.3 мянган тн болсон юм. Тэр дундаа А-80 шатахууны улсын нөөц 66.8%, дизель түлшнийх 51.9%, АИ-92-нх 28.1% тус тус доошлов. 

Түүнчлэн шатахууны нөөц буурсан сургаар овоорч өөрсдийн нөөцийн саваа байдгаар нь дүүргээд байхаар нийт хэрэглээ өсөж хомсдол улам л нэмэгдсэн. Гэхдээ одоог хүртэл энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

Үсрэлт хийсэн жил

Энэ жилийн хувьд уул уурхайн салбарын хувьд нэлээд олон өөрчлөлт гарлаа. Үүний хамгийн чухал нь Оюу толгойн ордын нийт нөөцийн 80%-ийг агуулах гүний уурхайн олборлолт эхэлсэн явдал байлаа. Улмаар Оюу толгойн эхний хагас жилийн зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 40.3% өсөж 85.4 мянган тн-д хүрээд амжсан. Гүний уурхай ашиглалтад орсноор, 

  • ТОП-уудын эгнээнд:  Уг уурхай нь дэлхийд 5-д эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхай болох юм. Ингэснээр “Оюу толгой” ХХК-ийн жилийн борлуулалт $5 тэрбумд хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь 3 дахин нэмэгдэж, жилийн ₮700 тэрбум болно.

  • Бодитоор: Гүний уурхай I улирлын сүүлээр буюу 3-р сард ашиглалтад орсон. Улмаар Оюу толгой энэ оны эхний III улиралд нийт 127,419 тн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь зорилтоосоо 12.1%, өмнөх оны мөн үеэс 31.1% өссөн үзүүлэлт юм. 

  • Илүү доошоо: Түүнчлэн гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл эхний 9 сард нийт 12,208 метрт хүрчээ. 

Дараагийн том дэвшил бол уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ээр арилжаалдаг болсон явдал. Одоогоор уул уурхайн бирж нь 2 гишүүн брокер, 15 арилжаанд оролцогчтой болжээ. Биржээр төмрийн хүдэр, баяжмал, баяжуулсан болон баяжуулаагүй коксжих нүүрс, эрчим хүчний болон хүрэн нүүрс зэрэг бүтээгдэхүүнүүд арилжаалагдаж буй.

Хэр ихийг арилжив?

Үргэлжлүүлээд энэ жилийн биржийн арилжааг дэлгэрэнгүй сонирхъё. 12 сарын 25-ны байдлаар 14.6 сая тн уул уурхайн бүтээгдэхүүнээс $1.7 тэрбум болон ¥2.2 тэрбумын орлого олоод байна. Үүнийг бүтээгдэхүүн тус бүрээр задалж харвал, 

  • Баяжуулсан коксжих нүүрс үнслэг багатай, илчлэг өндөртэй тул ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг бөгөөд ¥2.1 тэрбумыг арилжаалжээ. 11-р сард 320 мянган тн нүүрсийг ¥449.8 саяар зарсан нь хамгийн өндөр үзүүлэлт нь аж. Мөн энэ онд дунджаар 1 тн баяжуулсан нүүрсийг ¥1,238.1-иар арилжаалсан юм.

  • Баяжуулаагүй коксжих нүүрс буюу баяжуулах процесс ороогүй нүүрснээс $1.6 тэрбумыг олоод буй. Харин ганцхан 9-р сард $381.4 саяын арилжаа хийгдсэн нь хамгийн их үнийн дүнтэй сар нь байлаа. Харин баяжуулаагүй коксжих нүүрсний 1 тн-н дундаж үнэ $143.3-т хүрээд байна.

  • Эрчим хүчний нүүрсний хувьд цахилгаан станц, цемент үйлдвэрлэлд түлхүү ашигладаг ба энэ онд 1.1 сая тн-оос $68.9 саяыг арилжаалжээ. Эрчим хүчний нүүрс өмнөх хоёр нүүрснээс илүү хямд буюу дунджаар 1 тн-г $64.1-оор арилжаалав.

  • Төмрийн хүдэр, баяжмал нь 9-р сараас хойш арилжаалагдаж эхэлсэн ба нийтдээ 658.5 мянган тн-оос $55.4 саяыг арилжаалаад байна. Төмрийн хүдэр, баяжмалын 1 тн-г дунджаар $84.1-оор арилжаалжээ.

  • Хүрэн нүүрс болон хийн нүүрснээс энэ онд 12.8 мянган тн-г ¥220-иар тооцон ¥2.8 саяыг, 108.8 мянган тн-ыг $95.3-оор тооцон $10.4 саяыг тус тус олоод байна.

  • Алтны үнэ 12 сарын 1-нд $2,071 хүрсэн нь бүх цаг үеийн дээд үнэдээ хүрсэн үзүүлэлт байлаа. Улмаар 12 сарын 20-ний байдлаар энэ онд 10.4% өсөөд байгаа аж. Энэ өсөлт ирэх онд хэд хэдэн улс бодлогын хүүгээ бууруулах төсөөллөөс үүдэн үргэлжлэх төлөвтэй байна.

  • Зэсийн хувьд S&P Global-н тооцооллоор 2023 онд нийлүүлэлт нь хэрэглээнээсээ 29 мянган тонноор илүү байх бол ирэх жилд зэсийн үнэ энэ оныхтой ойролцоо байх ба нийлүүлэлт нь хэрэгцээнээсээ 336 мянган тонноор илүү байх төлөвтэй аж. Нэг ёсондоо эрэлт нь нийлүүлэлтээ давахгүйгээс үүдэн үнэ өсөх боломж бага байна.

  • Брент газрын тос хэдий энэ жил нэлээн эрэлттэй байсан ч Европын улсууд газрын тосноос татгалзаж эхэлж байгаа тул үнийн бууралт ирэх онд үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Гэхдээ ОПЕК-ийн бус орнуудын нийлүүлэлт ирэх онд өсөх магадлал буй.

  • Нүүрсний үнэ энэ онд 38.1% буурахад Европын холбоо болон Америкийн хэрэглээ 20% буурснаас үүдсэн ч хөгжиж буй орнууд дахь нүүрсний эрэлтээс үүдэн ирэх онд өсөх төсөөлөлтэй байгаа юм. Ирэх 3 жилд Хятадын сэргээгдэх эрчим хүч хурдацтай өсөх тул нүүрсний хэрэглээ нь 2024 онд буурах төсөөлөлтэй байгаа аж.

Ийнхүү харахад 2022 онд хаданд гарч байсан зэс, нүүрс ирэх онд өсөх боломж бага байна. Гэтэл ирэх оны төсвөө батлахдаа нүүрсний үнэ $140, зэсийн үнэ $9,000-т байна хэмээн төсөөлчихсөн байдаг. Аль аль нь өнөөдрийн үнээс дунджаар 13.5% илүү төсөөлсөн байгаа юм. 

Хэрэв ирэх онд 60 сая тонн нүүрс экспортолж, мал аж ахуйн салбарт зуд тохиохгүй тохиолдолд эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 6%-иас багагүй байх төсөөлөл байгаа. Гэхдээ Хятадын нүүрсний хэрэглээ буурч 60 сая тонны экспорт гаргаж чадахгүй бол эдийн засаг бүхэлдээ хүндхэн цохилтод орж ч болзошгүй. Иймээс л түүхий эдийн хамаарлаа бууруулж, уул уурхайн бус экспортоо нэмж эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гээд байгаа юм шүү дээ.

  • Ахлах нягтлан бодогч / GREEN GROUP: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бизнесийн салбарын гүн рүү орж мэдээ мэдээлэл бэлдэх чин хүсэл эрмэлзэлтэй эрхэм таныг залуу хамт олон хүлээж байна. Алив CV-гээ илгээ. 👉 (Link)

  • Үйл ажиллагаа хариуцсан захирал / Юбикаб Ийтс ХХК: Ресторан, хоол үйлдвэрлэлийн удирдлагын чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай бол ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 Referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.