- Lemon Press
- Posts
- 🔥 Гал гарсан гадаад харилцаа
🔥 Гал гарсан гадаад харилцаа
ХНС бодлогын хүү | Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны шинэ оролцогч | 2023 онд гадаад харилцаа
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Өнөөдөр манай “LP Awards 2023”-д санал өгөх хамгийн сүүлийн өдөр. Бид энэ жил 5 төрлийн номинацид бизнес, санхүүгийн шилдгүүдийг тодруулна гэдгийг мэдэж байгаа биз дээ? Саналаа өгөөгүй уншигч та яараарай, бид яарч байна. 🏆
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанк мөнгөний бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
MNG: Ирэх 3-р сард төлөгдөх Хуралдай $392.5 саяын үлдэгдлийн эх үүсвэрийг Сенчири-3 бондын татан төвлөрүүлэлтээр бүрдүүлэв.
RSR: Гадаад валютын албан нөөц жилийн өмнөхөөс 46.5% нэмэгдэж $4.3 тэрбумд хүрлээ.
🔥 Гал гарсан гадаад харилцаа
Улиран одох гэж буй 2023 он яахын аргагүй гадаад харилцааны жил байлаа. Дүгнээд нэг харцгаая даа.
Дипломат харилцаа өргөжсөөр
Он гарахын өмнө Монгол болон Боствани дипломат харилцаа тогтоосноор Монгол НҮБ-ын 195 гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтоо биелүүлсэн билээ. Түүнээс гадна энэ онд гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаагаа ахиулсан, бодит шийдвэр гарснаараа онцлог байлаа.
Гуравдагч нөхөрлөл ахив
Түүнчлэн энэ онд Монгол болон Их Британи дипломат харилцаа тогтоосны 60 жил, Канадтай дипломат харилцаа тогтоосны 50 жилий ой тус тус тохиосон. Ойн хүрээнд Их Британийн Монголд суух шинэ элчин сайд боловсролын салбарт түлхүү ажиллахаа илэрхийлсэн бол Канадтай дипломат харилцаагаа ахиулж иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн билээ. Мөн өнгөрсөн 6-р сард 10 гаруй дээд хэмжээний айлчлал тохиосон байдаг. Тэгвэл онцлох хэсгүүд рүүгээ өнгийцгөөе.
Онцлох айлчлал: Францын Ерөнхийлөгч анх удаа Монголд айлчилж 2 орны түншлэлийн харилцааг стратегийн түвшинд хүргэв. Тус айлчлалын ачаар 2 орон уран олборлох $1.7 тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм.
Онцлох шийдвэр: Түүнчлэн Ерөнхий сайдын өнгөрсөн 8-р сард Америкт хийсэн айлчлалаар Америк Монгол хооронд шууд нислэгтэй болж Google (GOOG)-тэй хамтран ажиллах суурь тавигдсан билээ. Цаашлаад Америк Монголтой газрын ховор металлын хайгуулын чиглэлд хамтран ажиллахаар болсон.
Онцлох хүн: Католик шашны тэргүүн Ромын пап ламын айлчлал ч энэ жилийн хамгийн онцгой айлчлал байсан даа.
2 хөршөө яаж мартах вэ!
Энэ онд Оросоос Монголд 10 жил суусан элчин сайд Искандер Азизовыг эргүүлэн татаж шинэ элчин сайд томилогдсон нь томоохон онцлог үйл явдал болов. Түүнчлэн өнгөрсөн 10-р сард зохион байгуулагдсан Бүс ба Зам форумын үеэр Ерөнхийлөгч Орос болон Хятадын Ерөнхийлөгч нартай уулзсан юм.
Эцэст нь… Энэ жил ГХЯ өнжөөд л гадаад зочидтой байх болсон нь гадаад харилцаа мэдэгдэхүйц эрчимжиж буйг харуулсан юм
🆙 Зуун мянгаас Тэрбум
HML: Глобал Монголиа холдингс ХК энгийн хувьцааны тоогоо нэмэгдүүлнэ. Тэдний хувьцааны тоо одоо 107,306 байгаа бөгөөд энэ тоог 1 тэрбум ширхэгт хүргэх аж. Үүнийхээ 1 сая ширхгийг нь хаалттай хүрээнд стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох юм. Харин хувьцааны үнэ нь 12 сарын 8-наар тасалбар болгосон сүүлийн 30 хоногийн жигнэсэн дундаж ханшаас 9.9% хямд буюу ₮1,178 байх гэнэ.
🏦 Нэг талд тэлээд, нөгөө талд хумиад
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 5.25%-5.5%-д хэвээр үлдээхээр боллоо. Энэ жил бодлогын хүү Америкт хэрхэн нөлөөлөв?
Хонгилын үзүүрт гэрэл
Энэ оны эхэнд Америкийн инфляц 6.4%-тай байсан нь ХНС-гийн зорилтот 2%-ийн түвшнээс 4.4%-иар илүү байв. Улмаар ХНС бодлогын хүүгээ 4 удаа нэмсээр 5.25%-5.5%-д хүргэсэн аж. Үр дүнд нь 11-р сард Америкийн инфляц 3.1% болон буурчээ.
Мөн ирэх онд бодлогын хүүгээ 3 удаа бууруулах, цаашлаад 2026 онд 2%-2.25%-д хүргэх боломжтой гэв. Ийнхүү жил гаруй хугацаанд үргэлжилсэн Америкийн хатуу мөнгөний бодлого ирэх оноос зөөлөрч, долларын ханш ч сулрах боломжтой болжээ.
Тэгвэл Монголд
Харин Монголбанк өчигдөр бодлогын хүүг 13%-д хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ 22.3% тэлсэн ирэх оны төсвийн зардал нь инфляцыг өдөөнө гэж үзсэн байна. Ер нь бол Монголбанк 2022 оны 2-р сараас эхлэн 6% дээр байсан бодлогын хүүг 5 удаа нэмсээр 13%-д хүргэсэн аж. Тус хатуу бодлогын үр дүнд оны эхэнд 12.3% байсан инфляц энэ оны 11-р сард 8.6%-д хүрсэн юм.
Хэрэв ЗГ төсвийн бодлогоо тэлээгүй бол ирэх онд бодлогын хүүг даган таны зээлд төлөх хүү багасах байлаа. Учир нь, бодлогын хүү 6%-д байхад төгрөгөөр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 11.5% байсан бол бодлогын хүү 13% байгаа энэ жилийн 10-р сард тус жигнэсэн дундаж хүү 16.3% байв.
Харин инфляц ирэх онд Монголбанкны зорилтот түвшин буюу 6%(±2)-иас дотогш орвол мөнгөний бодлогоо зөөлрүүлэх боломжтой болох юм.
Дүгнэхэд, мөнгөний хатуу бодлогын үр дүнд Америкийн эдийн засаг ирэх жилд өөдрөг байх нь. Гэвч ижил бодлого барьсан Монгол төсвийн тэлэлтээсээ болоод дахин ЭЗ-аа хумих шаардлагатай болж байна.
Тархи сэргээх бяцхан буландаа тавтай морил. Энэ удаад бид нэгэн улсын тухай мэдээлэл бэлтгэлээ.
Хөгжмийн зохиолч Моцарт болон энергийн ундаа Red Bull-н өлгий нутаг бөгөөд Герман, Чех, Унгар зэрэг 8 улстай хиллэдэг энэ ямар улс вэ?
Tenor
🔹Binance P2P арилжааны платформ рублийн дэмжлэгээ зогсооно. Тодруулбал, Binance нь өнгөрсөн 9-р сард Оросын зах зээлийг орхиж, тус улс дахь бизнесээ CommEX-д зарсан бол ирэх оны 1 сарын 31-нээс эхлэн рублийн дэмжлэгээ зогсоох аж.
🔹Монгол Орос болон Өмнөд Солонгостой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Тус 2 улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон Чөлөөт Худалдааны Хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж буй. Ингэснээр худалдааны таатай нөхцөл бүрдэж, чөлөөт худалдааг дэмжих юм.
🔹Андын илч ХХК болон Өсөх зоос ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчоор нэмэгдлээ. Улмаар арилжаанд оролцогчдын тоо 12-т хүрэв. Сонирхуулахад, МХБ (MSE)-ээр нийт ₮5.8 их наядын үнийн дүн бүхий уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдаад байна.
🔹Тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батална. Төслийг Дэлхийн банкны ОУ-ын сэргээн босголт хөгжлийн банкны $100 сая, ОУ-ын хөгжлийн ассоциацийн $7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт $110 саяын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
🤗 Sharing is caring
Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply