• Lemon Press
  • Posts
  • 📈 Бух баавгайн товхимол

📈 Бух баавгайн товхимол

2023 оны хөрөнгийн зах зээлийн сонин сайхан

POWERED BY

Өглөөний мэнд ээ. 2023 оноо үдэхэд ойртож байна даа. Бид өмнөх дугаартаа AI, тэр дундаа ChatGPT хэрхэн энэ оныг өнгөлсөн талаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад 2023 онд хөрөнгийн зах зээлд (ХЗЗ) юу болж өнгөрснийг нэг санацгаая.

🐂 Бухын нөлөө

Энэ жилийн өнгийг товчхон тодорхойлбол, бух унасан жил. Тодруулбал, манай товхимолд дурддаг 5 индексийн 3 нь энэ жил бух унасан бол 2 нь баавгайд хөөлгөн оныг үдэж байна даа. Үүнийг тайлбарлавал,

  • Америкт: Энэ жилд S&P 500 (^GSPC) 23.4%, NASDAQ (^IXIC) 42.6% өссөнөөс Америкийн ЭЗ сайжирсныг харж болохоор байна. Хэдий ХНС 4 удаа бодлогын хүүг нэмсэн ч технологийн компаниуд хүйтэн өвлийг давахад тусаллаа.

  • Японд: Уоррен Баффет энэ онд өөрийн багц дахь Японы топ 5 компанийн эзэмшлээ нэмэгдүүлсэн. Түүнээс гадна тус орны -0.1%-ийн бодлогын хүү нь хөрөнгө оруулагчдыг улам их татаж байна. Ийнхүү Nikkei 225 (^N225) 12 сарын 15-н байдлаар 28.2% өсөн 32,970.5 нэгжид хүрсэн аж.

  • Хятадад: 2021 онд ганхаж эхэлсэн үл хөдлөхийн зах зээлийн нөлөөлөл энэ жил ХЗЗ-д ч нөлөөлөөд амжив. Улмаар Hang Seng (^HSI) 16.6%, MSCI China Index 15% тус тус унаад байна.

  • Монголд: ТОП-20 индекс 12 сарын 15-наар харахад оны эхнээс бага зэрэг буюу 4.4% өсөн 38,950.9 нэгжид хүрлээ. Харин 12 сарын 19-ний байдлаар МХБ (MSE) дээрх I болон II ангиллын 72 компанийн 22 нь оны эхний болон IPO-н үнээсээ дээгүүр үнэлэгдээд буй.

ХЗЗ-үүдийг халтихан харвал иймэрхүү өнгөрч байна даа. Тэгвэл Монголын ХЗЗ-д юу болсон талаар дэлгэрүүлж харъя.

2023 оны хөрөнгийн зах зээлийн өнгө

Оны эхний хагаст ТОП-5 банкны IPO дууссанаар нийт 71,255 хөрөнгө оруулагчаас татан төвлөрүүлэх дүнгээс 63.6% илүү буюу ₮725.5 тэрбумын захиалга ирсэн нь гол үйл явдал боллоо. Үр дүнд нь ХЗЗ 2.3 дахин өсөж ₮11.1 их наядад хүрсэн юм. Ийнхүү банкнуудын араас эхний хагаст Газар шим үйлдвэр (GAZR), II хагаст Монложистикс Холдинг (MLG), Инновэйшн Инвестмент (QPAY), МОСТ Финтек (MOST) гээд нийтдээ 7 компани олон нийтэд нээлттэй компани болоод байна. Түүнчлэн, 

  • Арилжаа яав? Энэ оны эхний 11 сард МХБ дээр нийт ₮669 тэрбумын арилжаа хийгдсэн аж. Үүний 50.2%-ийг хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлсэн бол 22.4%-ийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ. 

  • Бонд: Харин 13.5%-ийг компанийн бондын анхдагч арилжаа, 5.2%-ийг ХБҮЦ-ны анхдагч арилжаа тус тус бүрдүүлсэн аж. Угаас энэ жил Сэндли, Инвескор, Симпл, Лэнд зэрэг нэлээн хэдэн нээлттэй бонд гарсан билээ. Мөн Бэрс, Омни ассет зэрэг ХБҮЦ-нууд ч гарч бүтээгдэхүүний төрөлжилт нэмэгдсэн. 

  • Хувьцаа эзэмшигчид: Энэ онд нийт үнэт цаас эзэмшигчдийн тоо 12.7% нэмэгдэж 559 мянгад хүрсэн байна. Тэгэхээр илүү олон хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирхдог болсон бололтой. Үүнд банкны реформ ч чухал нөлөөтэй байсан болов уу.

🫂 Улам олуулаа болсоор

Энэ жилийн хувьд IPO-нууд ганц онцлох зүйл биш байлаа. Анхны хамтын биржээр арилжаалагддаг сангаас эхлээд биржийн бус зах зээл ч өссөн аж. 

  • ETF: Анхны хамтын биржээр арилжаалагддаг сан болох Инвескор Глобал Кью (INQ) Монголын хөрөнгө оруулагчдад гадаад компанийн хувьцааг багцаар нь эзэмших боломжийг олгоод буй. Нэгж эрхийн үнэ нь ₮500-өөс эхлээд хоёрдогч зах зээл дээр ₮540-өөр хаагдаад байна.

  • ББЗЗ: 12 сарын 20-ний байдлаар ББЗЗ дээр ₮1.3 их наядын бондын үлдэгдэлтэй байгаа нь оны эхтэй харьцуулахад 62.7% өсөөд байгаа аж. Мөн энэ жилийн эхний 11 сарын байдлаар ББЗЗ дээр нийт ₮401.1 тэрбумыг татан төвлөрүүлээд байна.

  • UBX: Энэ жил Монголын анхны хувийн бирж UBX-н үйл ажиллагаа нэлээд өргөжсөн. Анх 2017 оноос тус бирж дээр арилжаа явагдаж эхэлсэн ч тэр бүр хөрөнгө оруулагчдын хараанд өртдөггүй байв. Харин 2023 онд тус биржид хамгийн анхны ETF бүртгэгдэж, МОСТ Финтек ч IPO хийгээд амжлаа. Ирэх жил UBX илүү гадагшаа чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх сурагтай. 

  • Моодноос гарчхав уу?: МХБ дээр нээлттэй арилжаалагдаж байгаа Мандал Ирээдүйн Өсөлт ХОС (MFG) болон Үндэсний хувьчлалын сан ХОС-гийн (XOC) нэгж эрхийн үнэ энэ жил цэвэр хөрөнгийн үнэ цэндээ (NAV) хүрсэнгүй. Тодруулбал, энэ жилд Мандал Ирээдүйн Өсөлт ХОС-гийн нэгж эрхийн үнэ NAV-с дунджаар 41.4% доогуур байсан бол Үндэсний хувьчлалын сан ХОС-гийнх 18.4% доогуур байв.

Жилийн хугацаанд топ-20 индекс дөнгөж 4.4% өсөж байгаа нь хувьцаануудын үнээс шалтгаалав. Учир нь, 12 сарын 19-ний байдлаар МХБ дээрх I болон II ангиллын 72 компанийн 22 буюу 30.5%-ийнх нь л хувьцааны үнэ оны эхнээс өсжээ. Тус 22 компанийн 5 нь хөнгөн үйлдвэрлэл, 5 нь уул уурхай, 3 нь санхүүгийн байгууллага юм. 

Дээр дурдсан 12 сарын 19-ний байдлаарх МХБ-ийн I болон II ангиллын 72 компанийн хамгийн өндөр өсөлттэй болон уналттай 5 компанийг харвал:

🖥️ Технологийнхон л аварлаа 

Одоо харин 23.4% өссөн S&P 500 болон 42.6% өссөн NASDAQ-д юу нөлөөлөөд ийнхүү амжилттай байсныг харъя. 

Америкийн ХНС энэ жилд бодлогын хүүгээ 4 удаа нэмсэн гэж дээр дурдсан билээ. Улмаар алсыг хараагүй, хурдан арга хэмжээ аваагүйгээсээ үүдэн Silicon Valley Bank-н дампуурал буюу Америкийн түүхэн дэх 2 дахь том банкны дампуурал энэ оны 3-р сард болсон. Хэдий томоохон дампуурал оны эхэнд тохиолдсон ч технологийн салбарын өсөлт хөгжилт ХЗЗ-ийг аварлаа. Юу болов?

  • Magnificent Seven: Wall Street-д нэртэй 7 компанийн хувьцаа энэ онд 75% өсөөд байгаа аж. 12-р сарын эхээр гэхэд л тус 7 компани буюу Apple (AAPL) 46.2%, Microsoft (MSFT) 57.9%, Alphabet (GOOG) 50.1%, Amazon (AMZN) 73.9%, NVIDIA (NVDA) 220%, Tesla (TSLA) 94.7%, Meta (META) 171.9% өсөөд байна. Тус компаниуд S&P 500-н 30%-ийг бүрдүүлдэг юм.

  • Технологи л хэрэгтэй: Олон ч компаниуд IPO хийлээ. Америкт хувьцаагаа олон нийтэд санал болгосон томоохон 12 компанийн хувьцааны үнийг харвал Arm (ARM), Nextracker (NXT) гэх технологи болон эрчим хүчний компаниудын хувьцаа л өсөлттэй яваад байна.

Үүнээс гадна, III улирлын байдлаар 158,400 ширхэг Биткойн эзэмшдэг MicroStrategy (MSTR)-н хувьцаа Биткойныг даган 293.9% өсөөд байгаа. Гэснээс нээрээ крипто яасан билээ?

🌎 Гадаадад сайн ч, манайд муу

2021 оны криптогийн халуурлаас хойш Биткойн (BTC-USD) 74.5% унан 2023 оныг эхлүүлж байв. Гэхдээ энэ онд Биткойн 149.3% өсөж $41 мянгыг даваад байна.

  • Тус өсөлтөд BlackRock (BLK), Morgan Stanley (MS) зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ Биткойн ашиглахыг санал болгож эхэлсэн нь том нөлөөтэй. Улмаар ирэх онд Bitcoin Spot ETF-г зөвшөөрөхөөр яригдаж байгаа нь ийнхүү энэ онд хөрөнгө оруулагчдын итгэлийг татахад тусалжээ. 

Монголд гэхдээ энэ жил IEO-н үнээсээ дээгүүр үнэлэгдсэн койн байсангүй. Нэг талаасаа виртуал хөрөнгийн хууль батлагдсанаар биржүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг тодорхойлох зэргээр заалтууд орж ирсэн нь нөлөөлжээ. Улмаар ямар ч зохицуулалтгүй халуурч байсан койны зах зээл хэсэгтээ нам гүм байсаар энэ оныг ч мөн дуусгаж байна.

2023 онд ХЗЗ маань шинэ зүйлсээр дүүрэн л дуусаж байна. Тэгвэл ирэх онд бид юуг хүлээх вэ?

  • Америкт: Ирэх онд бодлогын хүү буурах төлөвтэй байгаа тул ХЗЗ нэлээн өндөр хүлээлттэй байгаа. Нэмээд хөрөнгө оруулагчид багцаа ойр ойрхон өөрчилж, нэлээн идэвхтэй байх сурагтай.

  • Японд: Сүүлийн 30 жилийн дээд түвшиндээ индекс хүрсэн нь ирэх онд жаахан уруудах төлөвтэй. Учир нь, чангарч буй иенээс үүдэн JPMorgan-н шинжээчид 5%-10%-иар ХЗЗ удаашрах эрсдэлтэй гэж үзээд буй.

  • Хятадад: Цар тахал болон ЭЗ-ийн хямралтай энэ оныг үдсэн Хятадын зах зээл ирэх онд PDD Holdings (PDD) зэрэг Америкт бүртгэлтэй томоохон компаниудад найдлага тавьж байна. Үнэхээр л энэ онд PDD Holdings-н хувьцааны үнэ 75% өссөн бол Miniso (9896.HK)-нх 80% өсөөд байгаа юм.

  • Монголд: ТӨҮГ-уудын IPO-г хүлээх нь ээ. Тодруулбал, ХЗЗ-д Үндэсний давхар даатгал, IT Park болон авто замын засвар арчлалтын (АЗЗА) компаниуд зэрэг нийт 26 ААН-ийн 34%-ийг нийтэд арилжаалах ажлыг зохион байгуулах аж. Мөн гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид үнэт цаас борлуулаад ашигтай байвал 1%-ийн татвар төлөөд явна гээд шинэчлэлт дуусаагүй л явна.

  • Нягтлан бодогч / ОЧУН ҮЦК ХХК: Бие даан бүх тайлан балансаа гаргах, НББ-ын стандарт, холбогдох журамд нийцүүлэн ажиллах чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бизнесийн салбарын гүн рүү орж мэдээ мэдээлэл бэлдэх чин хүсэл эрмэлзэлтэй эрхэм таныг залуу хамт олон хүлээж байна. Алив CV-гээ илгээ. 👉 (Link)

  • Санхүүгийн шинжээч / Капитрон банк: Бизнесийн удирдлага, статистик, эконометриксийн чиглэлээр төгссөн Tableau, Power BI зэрэг программууд дээр ажиллах чадвартай бол ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Нийтлэлийнхээ төгсгөлд мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе. Бид мэргэжлийн оролцогчид болох дараах 4 ҮЦК-ийн төлөөллүүдээс 2024 оны хөрөнгийн зах зээлийн орчин нөхцөл болон ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах талаар тодрууллаа.

Reply

or to participate.