- Lemon Press
- Posts
- 📊 Эдийн засагт юу болов?
📊 Эдийн засагт юу болов?
2023 оны эдийн засгийн талаар өгүүлье.
POWERED BY
Morning! Та өнөөдөр манай товхимлын 702 дахь дугаарыг унших гэж байна. Өнөөдөр энэ оны эдийн засгийн талаар тоймлоно. Ер нь юу, юу болчхов доо?
Энэ оны эдийн засгийн үйл явдлуудыг хүргэхээсээ өмнө дуулгах чухал мэдээ байна. Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7,500 ажилтандаа АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүйгээр олгохоор болжээ. Мөн тус групп нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх хэтийн зорилгоо албан ёсоор танилцуулав.
Улмаар АПУ ХК-ийн хувьцааны тоо ширхэг 3 сая орчмоор нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдийн тоо нь 36.8% өссөнөөр хамгийн их хувьцаа эзэмшигчтэй компаниудын 3-рт эрэмбэлэгддэг болох нь. Хөрөнгийн зах зээлийн түүхэнд болж байгаагүй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх онцлох үйл явдал болж байна даа.
Юу болоод өнгөрчхөв өө?
Монголын эдийн засаг өнгөрсөн онд 5% өссөн бол энэ оны III улиралд 6.9% өсөөд байгаа. Түүнчлэн сарын дундаж цалин жилийн өмнөхөөс 27.7% нэмэгдэж ₮2 саяд хүрсэн, эхний 11 сарын гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум болсон гээд тоон утгаараа нэлээд өссөн жил боллоо. Инфляц ч мөн 12.3% байснаасаа буурч 8.6% болоод байгаа.
🔢 2023 оны ЭЗ-ийн тоо
2023 он эдийн засгийн хувьд сайн жил байсан уу, үгүй юу, гэдгийг мэдэхийн тулд хэд хэдэн тоо харах хэрэгтэй болно.
$4.3 тэрбум: Гадаад валютын албан нөөцийн хувьд энэ жил нэлээд өссөн. Тодруулбал, өнгөрсөн 11-р сарын байдлаар жилийн өмнөхөөс 46.5% өсөж $4.3 тэрбумд хүрсэн. ГВАН нэмэгдэх нь төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй билээ.
0.8%: Оны эхэнд $1=₮3,445 байсан бол одоо төгрөгийн ханш долларын эсрэг 0.8% чангараад байна. Бусад томоохон валютуудын хувьд, төгрөгийн ханш еврогийн эсрэг 2.1% суларсан аж. Харин иений эсрэг 8.7%, рублийн эсрэг 22.4%, юанийн эсрэг 3.3%, воны эсрэг 3.7% тус тус чангарчээ. Энэ нь тус харгалзах улсуудаас авах импортыг арай хямд болгох юм.
13%: Өнгөрсөн онд бодлогын хүүг 5 удаа дараалан өсгөж 13%-д хүргэсэн. Харин энэ жил бодлогын хүүд өөрчлөлт оруулахгүй 13%-д хэвээр хадгалав. Учир нь энэ оны дундаж инфляц 10.6% буюу Монголбанкны зорилтот хэмжээнээс өндөр байсан тул мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлсэн хэрэг.
$791.4 сая: Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 9 сард $791.4 саяын ашигтай гарснаар 2023 он түүхэн дэх хамгийн өндөр төлбөрийн тэнцлийн ашигтай жил болж байна. Учир нь жилийн өмнө $1.8 тэрбумын алдагдалтай байсан урсгал данс $606.7 саяын ашигтай гарсан. Үүнд экспорт нэмэгдэж, худалдааны тэнцэл ашигтай гарсан нь нөлөөлөв.
₮660 мянга: Мөн энэ онд 2024 оны эхний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20% нэмэгдүүлэн ₮660 мянгад хүргэх шийдвэр гарсан. Мөнгөний хатуу бодлогын үед цалингийн доод хэмжээ өсгөх нь хэр зөв алхам бэ гэдэг бас бодох л асуудал.
Өнгөлөг гадаад худалдаа
Энэ онд бид 162 улстай худалдаа хийжээ. Улмаар эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбумд хүрснээр гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум болсон юм.
Экспорт: Нийт экспортын 86.5%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 5%-ийг үнэт чулуу, 3.1%-ийг нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл тус тус бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь нийлээд нийт экспортын дүнгийн 94.5%-ийг эзэлж буй.
Импорт: Харин импортын дүн жилийн өмнөхөөс 6.4% нэмэгдэж $8.4 тэрбумд хүрээд байгаа. Улсаар нь харвал нийт 158 орноос бараа импортолсон. Импортын барааны 19.9%-ийг нефтийн бүтээгдэхүүн, 11.9%-ийг суудлын болон ачааны автомашин, 2.1%-ийг цахилгаан эрчим хүч тус тус эзэлснээр гол хэсгийг бүрдүүлж байгаа.
Гадаад худалдааны үнийн дүн, ашиг нэмэгдсэн ч нефть, цахилгаан зэрэг гол хэрэгцээгээ бүгдийг нь импортоор авдаг хэвээр. Энэ хараат байдлаа бууруулахгүй бол цахилгааны хязгаарлалтад ороод л, улсаараа шатахуун авах гэж дугаарлаад л байж байна даа.
Сонгуулийн сургаар суга өсөв
Өнгөрсөн сард сонгуультай жилийн буюу 2024 оны түүхэн том төсөв батлагдсан билээ. Тодруулбал, Ирэх оны төсвийн орлого 2023 оныхоос 21.6% өндөр буюу ₮25.4 их наядад хүрэх гэнэ. Үүний 92.9%-ийг та бидний татварын орлого бүрдүүлнэ. Харин зардал нь 2023 оны төсвөөс 22.3%, 10 жилийн өмнөхөөс бүр 285.9% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагджээ. Улмаар ирэх оны төсөв ₮2 их наядын алдагдалтай байх нь.
🔍 Анализ: 2008 оноос хойших сонгуулийн жилүүдийн төсвийн зардлын дундаж өсөлт 28.5% байгаа нь сонгуулийн бус жилүүдийнхээс даруй 13.4 нэгж хувиар өндөр байгаа юм. Өөрөөр бол 4 жил тутамд манай төсвийн зардал огцом өсдөг трэндтэй. 2008 онд л гэхэд жилийн өмнөхөөсөө 47.1% өссөн зардалтай төсөв батлагдаж байв.
Алдагдалтай: Заа тэгээд сонгуулийн жилүүдэд төсвийн зардлыг хөөрөгдүүлснээс үүдэн алдагдал нь тэнгэрт хадна. 2020 оны сонгуулийн жилийн төсвийн алдагдал ₮4.4 их наядад хүрч дээд амжилт тогтоосон. Энэ жил батлагдсан төсөв ч мөн алдагдалтай.
Гол асуудал нь мөнгөний бодлого нь хатуу чиглэлд, бодлогын хүү нь 13%-д хадгалагдаж байгаа ч төсвийн бодлого нь тэлсээр. Өөрөөр бол нэг талд Монголбанк инфляцыг хазаарлахаар үзэж тараад байдаг нөгөө талд төсөв нь айлын эрх хүүхэд шиг улам л өндөрт цовхчоод байдаг. Ийм нөхцөлд Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр ЗЗ хумигдсан хэвээр, та бидний авах зээл өндөр хүүтэй хэвээр байна л гэсэн үг.
Өссөн ч өсөөгүй
Өрхийн сарын дундаж орлого III улирлын байдлаар 3 жилийн өмнөхөөсөө 48.5% өсөж ₮2.2 сая болсон. Гэхдээ өрхийн худалдан авах чадвар яг ингэж нэмэгдсэн юм уу гэвэл үгүй. Учир нь 2015 оны зэрэгцүүлсэн үнээр буюу инфляцын нөлөөг арилгаад харвал дундаж орлого ердөө 7.8% өсөж ₮1.3 сая л болсон байгаа юм.
Начир: Сүүлийн 3 жилд үхрийн цул мах л гэхэд 47.6% өссөн. Инфляц дунджаар 10.2% байсан хойно арга ч үгүй биз. Өөрөөр бол инфляц дарагдахгүй өндөр байгаад байгаа болохоор л өрхийн нэрлэсэн орлого хөөрөгдөөд байгаа хэрэг. Инфляцын нөлөөг хасаад харахаар нэг их өсөж гавьсан юмгүй.
Инфляц буурч, ханш тогтворжсон үед л бодит орлогын өсөлт мэдрэгдэнэ. Гэвч тэтгэвэр, тэтгэмж, дундаж цалин өссөн сургаар өчигдөр ₮200 байсан бараа маргааш нь ₮300 болдог нь жам. Тэгэхээр энэ нөхцөл байдал өөрчлөгдөхөд нэлээд хугацаа шаардагдах болов уу.
‼ Нэмэгдэв
Хамгийн сүүлийн үеийн статистикаар буюу энэ оны эхний 9 сард улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 4.5% өсөж $34 тэрбум болжээ. Гадаад өр өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 15.2%, ЗГ-ын өр 3% тус тус өссөн нь нэмэгдсэн юм. Түүнчлэн гадаад өр гээд ярихаар ЗГ-ын бондыг зайлшгүй дурдах хэрэгтэй болно.
Төлөөд л байна: ЗГ-ын нийт өрнөөс 2023 оны эхний 9 сард үндсэн төлбөрт ₮3.8 их наяд, хүүгийн төлбөрт ₮918.5 тэрбум төлөгдсөн байна. Тэгэхээр үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 5.6 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Гэхдээ хормойгоороо: Тэд өрөө яаж төлөөд байна вэ гэхээр, шинэ бонд гаргаж хуучин бондынхоо өрийг дарсан юм. ЗГ оны эхэнд Гэрэгэ бондын $800 саяыг, 2024 онд Хуралдай бондын $600 саяыг төлөхөөр 5 жилийн хугацаатай $650 саяын бонд гаргасан. Өнгөрсөн сард Хуралдай бондын үлдэгдэл $392.5 саяыг төлөхөөр мөн л сурсан зангаараа Сенчири-3 бондыг арилжлаа.
ЗГ 2012 оноос хойш нийт 8 бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1,660 гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа л өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч гэсэн энэ тогтолцоо өөрчлөгдөөгүй байна. Үүнийг өөрчилж байж л бондоор босгосон хөрөнгөө үр дүнтэй зарцуулах учиртай.
Дардан биш 2023
Монголын 2023 оны эдийн засаг нэг ийм байдаг юм байж. Харин том зургаар бол дэлхийн даяар ихэнх оронд инфляц олон 10 жилийн дээд хэмжээнд хүрч төв банкнуудыг бодлогын хүүгээ өсгөхөд хүргэсэн нь зээл, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн билээ. Улмаар эдийн засгийн сэргэлт бүс нутаг, салбаруудад жигд бусаар тархаж, хөгжингүй орнуудын эдийн засаг илүү хурдтай сэргэсэн бол хөгжиж буй орнууд илүү хурц сорилтуудтай тулгарсан. Түүнчлэн дэлхийн өрийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм.
Хятад: Дэлхий дундаас хөршөө онцолбол, тэд нэлээд бартаатай жилээ үдэж байна. Хятадын хөрөнгийн зах зээл унаж, гадаадын хөрөнгө оруулагчид тэднээс зугтаж буй. Учир нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтад орсон билээ. ҮХХ-ийн үнэ 5% унах тутамд ҮХХ-ийн салбар нь $2.7 их наядыг алдах эрсдэлтэй болоод байгаа.
Харин Сангийн яам ирэх оны төсвийн төсөлд эдийн засаг 7% өснө гэж тусгаад байгаа. Харин бусад нөлөө бүхий байгууллагуудын Монголын 2024 оны эдийн засгийн төсөөллийн таамаг нэлээд зөрүүтэй байна. Тодруулбал, ЕСБХБ болон ОУВС-ийн таамаг 3 нэгж хувиар зөрүүтэй байгаа юм. Ер нь бол нөлөө бүхий байгууллагууд Монголын ирэх оны эдийн засгийн таамгийг Хятадын эдийн засгийн хямралаас үүдэн бууруулсан.
Тэгвэл бид мэргэжилтний үзэл бодлыг уншигчдадаа хуваалцах зорилгоор Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос ирэх оны эдийн засгийн өнгө аясыг тодрууллаа.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа
Graphics by: О.Баасандорж
Reply