- Lemon Press
- Posts
- 🙊 Төрийн үймээн 2022
🙊 Төрийн үймээн 2022
Үл Хөдлөх Хөрөнгийн салбар өнгөрсөн онд | Шри Ланкагийн ЭЗ сэргэх үү? | Оновчтой шийдвэр
POWERED BY
1-р сарын сүүлийн өдрийн мэнд! Монгол 2023 оны Авлигын төсөөллийн индексээс 5 байр ухарч 180 орноос 121-т жагсжээ. 😢


*Нэг өдрийн өөрчлөлт
MOFA: ХХААХҮЯ болон ЖАЙКА хамтран “Зах зээлд чиглэсэн ХАА-г дэмжих” - SHEP төслийг хэрэгжүүлнэ.
BOE: Английн төв банк Хонконгийн HSBC Holdings-д £57 саяын торгууль ногдууллаа.
GER: Германы ДНБ 2023 оны IV улиралд 0.3% буурав.

🏠 5 жилийн борлуулалтыг 1 жилд…

2023 оны III улирлын байдлаар үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн салбарынхны зуучилсан ҮХХ өмнөх оны мөн үеэс 60% өсөж ₮1.5 их наядад хүрсэн байна. Түүнчлэн тус онд шинэ байрны дундаж үнэ 14% өсөж ₮4 саяд хүрсэн гээд өөр юу болов?
ҮХХ-ийн салбар 2023 онд
2023 оны III улирлын байдлаар салбарын орлого өнгөрсөн ₮60 тэрбумд хүрсэн төдийгүй тус хугацаанд ҮХХ-ийн салбарынхан 1.1 сая м.кв буюу Сүхбаатарын талбайг 2.8 дахин дэлгэсэнтэй тэнцэх талбайг худалдсан байна. Үргэлжлүүлээд салбарын тоглогчид 2023 онд хэр ажиллав?
Тал нь муу! Өдгөө Монголд 314 брокер үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 23.5% нь нийлбэр дүнгээр ₮7.9 тэрбумын ашигтай, 35.7% нь ₮5.1 тэрбумын алдагдалтай үлдсэн 39.8% нь ашиг ч үгүй, алдагдал ч үгүй ажиллажээ. Үүнээс харахад туулай жил тус салбарын талд нь тийм ч ээлтэй байсангүй. Гэсэн ч борлуулалт нь ₮1 их наядыг давсан компани байна. Хэн?
Амжилт шинэчлэгдлээ
ҮХХ-ийн салбарын томоохон тоглогч RE/MAX-н борлуулалтын орлого 2022 оноос 17% өссөнөөр ₮1 их наядыг давжээ. Тус компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний 5 жилдээ тус дүнд хүрч байсан бол энэ удаад 1 жил болгон амжилтаа эвдэв. Юу нөлөөлөв?
Дундаж үнэ: RE/MAX-н өнгөрсөн онд борлуулсан орон сууцны дундаж үнэ ₮196 сая байсан төдийгүй 16 мянга гаруй ҮХХ-ийг зах зээлийн эргэлтэд оруулжээ.
ТОП борлуулалт: Түүнчлэн Хүннү 2222, King Tower, ZUU Residence зэрэг хотхонууд компанийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлэв.
RE/MAX-н 2023 оны түүхэн амжилтын ард буй агентуудын борлуулалтын дундаж хугацаа хэзээд олны нүдийг орой дээр нь гаргадаг жишгээр тус онд 1 өдөрт дунджаар 44, 1 цагт 1.8 ҮХХ борлуулаад буй. Эргээд барилга, ҮХХ-ийн салбарын дундаж орлого ₮2.1 сая байхад RE/MAX-х ₮3 сая байх жишээний.
Эцэст нь… RE/MAX 2023 оныг “Let’s Level Up” жил хэмээн зарлаж амжилтаа ч ахиулж чадлаа. Ирэх жил энэ амжилтаа ахиулах болов уу, яах бол?

🚗 Оновчтой шийдвэр
RNO.PA: Renault цахилгаан автомашины (EV) бизнесийнхээ хувьцааг олон нийтэд зарахаа болилоо. Тодруулбал тэд Ampere брэндээ €10 тэрбумаар үнэлж IPO хийхээр төлөвлөж байсан юм. Гэвч уналттай байгаа EV-н зах зээл, Европын IPO-н зах зээлээс 2023 онд 30%-иас илүү компаниуд татан буугдсан нь нөлөөлжээ. Тус мэдэгдлийн араас Renault-н хувьцааны үнэ зах зээл нээгдэхэд 5% өссөн ч тун удалгүй 2.9% унан €34.5-д хүрээд байна.

🇱🇰 Шри Ланкийн эдийн засаг сэргэх үү?

Монголтой төстэй эдийн засагтай, сүүлийн 2 жил хямралд байсан Шри Ланкад өрийн дарамтаас гарах нөхцөл бүрдэж байгаа бололтой. Ер нь бид Шри Ланкаас юу сурч болох вэ?
Өнгөрсөн = Харанхуй бүрэнхий
Тэд албан ёсоор дампуурлаа зарлаагүй ч 2022 оны 5-р сард гадаад өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд орсон юм. Учир нь Шри Ланк 2019 онд богино хугацааны өр төлбөрөөс хамааралтай болсон бөгөөд үүнээс хамаарч өрийн эргэн төлөлт нэмэгдэж, нэмээд импортын үнэ өссөн нь гадаад валютын нөөцийг бууруулсан юм. Улмаар тус улсын ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх хувь 2022 онд дээд цэг буюу 113.8%-д, инфляц нь 70%-д хүрээд амжсан. Түүнчлэн,
Буруу замын будаа: Татварыг бууруулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого нь засгийн газрын орлогыг бууруулж, гадаад валютын нөөцийг хязгаарласан юм.
Одоо = Хүчин чармайлт
Шри Ланка 2023 оны 3-р сард ОУВС-гаас $2.9 тэрбумын тусламжийн багцыг төсвийн шинэчлэл, өрийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр авсан аж. Түүнчлэн тус улсын ЗГ татвар нэмэх, орлогын бүрдүүлэлтийг сайжруулах зэрэг тогтворжуулах арга хэмжээ авсан. Энэ нь валютын ханшийг тогтворжуулж, 2023 оны 1-р сард 51.7%-д хүрч байсан инфляцыг жилийн дотор 4% болтол нь бууруулжээ.
Ирээдүй = Хонгилын үзүүрт гэрэл
Энэ 7 хоногт тус улсын Сангийн яам Энэтхэг, Хятад, Япон зэрэг зээлдүүлэгчидтэйгээ гадаад өрийн бүтцийн өөрчлөлтийн талаар хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн. Улмаар Шри Ланкийн ЗГ-ын хоолойд тулаад байсан $13 тэрбумын өрийн асуудал хойшлогдох нь.
Эцэст нь… Шри Ланкийн өрийн асуудал Монголынхоос дор ч гэсэн ядаж л тэд асуудлыг шийдэх замдаа хэдийн гарчээ. Харин бид бондоо бондоор төлсөн ч эдийн засгаа солонгоруулж, инфляцаа 6%-д хүргэх зорилтыг нэлээд удаан ярьж байна даа. Дээрээс нь энэ жил сонгуультай. Төр засгийн бодлого нь хэр өөрчлөгдөж юу болох юм бол доо.


Улаанбаатар
🔹Нийслэлийн удирдлага нийтийн тээврийн 3 компанид 115 автобус ашиглуулахаар гэрээ байгуулав. Ингэснээр Эмсид ХХК 45 автобус, Сутайн буянт ХХК 50 автобус, Мяралзаа ХХК 20 автобусыг төлбөртэйгөөр 7 жил ашиглах аж. Тус ашиглалтын төлбөрийг нийтийн тээвэр хөгжүүлэх санд төвлөрүүлэх юм.
🔹Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 2023 онд дунджаар 17.1 нэгж хувиар өслөө. Монголын Хөрөнгийн Бирж (MSE) ХК-д бүртгэлтэй 104 хувьцаат компаниудын кодексийн хэрэгжилт өнгөрсөн оны I улиралд 53.3% байв. Сонирхуулахад, I ангиллын компаниудын үнэлгээ 23.8 нэгж хувиар өсжээ.
🔹Jade Gas (JGH.AX)-н бэлэн мөнгөний үлдэгдэл 2023 онд 34.3% буурч A$2.1 саяд хүрээд байна. Тэд тус онд Тавантолгой төслийн хүрээнд UB Metan ХХК-аас $11 саяын санхүүжилт аван 2023 оны үйл ажиллагаагаа дуусгасан юм. Харин тэдний метан хийн өрөмдлөгө энэ оны I улиралд эхлэнэ.
🔹Өнгөрсөн жил Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) Монголд €143 саяын зээл, хөрөнгө оруулалтаар 16 төсөл хэрэгжүүлжээ. Төслүүдийн 44% нь ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэгджээ. Сонирхуулахад, ЕСБХБ €2.3 тэрбумаар Монголын 138 төслийг дэмжиж ажилласан байна.

Та товхимлоо бүтэн уншдаг уу? Доорх мэдээний хэсгээс зөвийг олоорой. 🕵🏼
A. Шри-Ланка 2020 оны 5-р сард гадаад өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд оров.
B. ҮХХ-ийн салбарынхан өнгөрсөн оны III улирлын байдлаар 1.1 сая м.кв буюу Сүхбаатарын талбайг 3 дахин дэлгэсэнтэй тэнцэх талбайг худалдсан байна.
C. МХБ-д бүртгэлтэй 104 хувьцаат компаниудын кодексийн хэрэгжилт өнгөрсөн оны I улиралд 53.3% байжээ.

Мэдэх үү? 1 унц алт хэдэн $ гээч? (CBSNews)
Оролц: Автомашины дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна. (НЗДТГ)
Унш: TikTok Америкийн хэрэглэгчдийн мэдээллийг хамгаална. (WSJ)
Сонс: Анхаарал тань төвлөрөхгүй байвал сонсоорой. (GreenredProduction)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь С буюу МХБ-д бүртгэлтэй 104 хувьцаат компаниудын кодексийн хэрэгжилт өнгөрсөн оны I улиралд 53.3% байжээ.


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply