• Lemon Press
  • Posts
  • 🗣️ Сонгуулийн амлалт

🗣️ Сонгуулийн амлалт

Ууган банкны 35 жил | $MGLA ₮15 тэрбумаа яаж зарцуулав? | Бөөрөлжүүт ЦС-ын 150 МВт

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Гадаа ч хүйтэн төрийн ордонд ч жавартай өдрүүд үргэлжилсээр. Юутай ч ирэх 5 хоногт нийт нутгаар цас орохгүй гэнэ. Харин төрийн ордны жавар юу болох юм бол доо? ❄️ 

*Нэг өдрийн өөрчлөлт.

UB: Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блок ашиглалтад орж, Бямба гаргаас төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхлэв.  

MNP: Монгол Шуудан ХК-ийн талаас (MNP) Ард кредит ББСБ ХК (ADB)-ийн хадгаламжийн дансанд байршуулсан $1 саяа үргэлжлүүлэн 6 сарын хугацаатайгаар хадгалуулна. Уг хадгаламж жилийн 4%-ийн хүүтэй аж. 

MSE: Баасан гаргийн арилжаагаар Тэнгэр Даатгал ХК (TGI)-ийн хувьцааны үнэ 10.83%, Мандал Даатгал ХК (MNDL) 3.08% тус тус өссөн бол Крипто Үндэстэн ХК (CNF)-ийн хувьцаа 9.39% унажээ

👏 Ууган банкны 35 жил

Одоогоос 35 жилийн өмнө буюу 1990 онд арилжааны ууган банк болох Худалдаа Хөгжлийн Банк (TDB) үүсгэн байгуулагдаж байлаа. 35 жилийн хугацаанд юу өөрчлөгдөв?

🌟 Анхны арилжааны банк

35 жилийн өмнө төрийн мэдлийн Монголбанк, хувь нийлүүлэгчдийн хувь хөрөнгөөс бүрдсэн арилжааны банк гэсэн хоёр шатлалтай банкны систем бий болсон хэрэг. ХХБ нь Монгол Улсын анхны арилжааны банкны хувьд анхны төлбөрийн карт, ПОС машин болон АТМ машиныг нэвтрүүлж, банкны салбарыг төлөөлж анхны олон улсын бондыг гаргаж, анхны олон улсын мөнгөн гуйвуулгын SWIFT сүлжээг бий болгосон буюу банк санхүүгийн салбарын анхдагч, түүчээлэгч байгууллага байсаар иржээ.

  • 📌 Салбарын 20%: 1990 оноос хойш 30 арилжааны банк байгуулагдсанаас 14 банк нь дампуурч, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож, 2006 он гэхэд 16 арилжааны банк л тунаж үлдсэн байдаг. Харин одоо 12 арилжааны банк нийт 321 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаагийн 20% нь ХХБ-ных байгаа юм. 

  • 🌊 2012 оны давлагаа: Монголбанкны 2012 оны судалгаагаар Монголын арилжааны 7 банк худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд ХХБ уг зах зээлийн 50% гаруйг дангаараа бүрдүүлж байсан аж. Түүнчлэн тус онд ХХБ-нд дэлхийн 34 банк $290 саяын гадаад худалдааны санхүүжилтийн зээл баталж өгсөн байна. 

🌟 ОУ-ын тавцанд

$TBM 2007 онд Монголын банк санхүүгийн байгууллагыг төлөөлж олон улсад анх удаа бонд гаргаж байв. Үүнээс хойш ОУ-ын зах зээлд нийт $1.14 тэрбумын үнэлгээ бүхий 5 удаагийн бонд амжилттай арилжаалсан аж. Өнгөрсөн онд л гэхэд тус банк Австри Улсын Венийн Хөрөнгийн Бирж дээр Монголын анхны Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан $50 саяын Нийгмийн болон Ногоон бондыг хаалттай хэлбэрээр гаргасан юм. 

Эцэст нь… Өдгөө 2,300 ажилтан, 86 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган арилжааны банкны хамт олонд 35 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

  • 🌌 Харанхуй матери үнэхээр оршин байдаг уу? (Phys)

  • 📩 WhatsApp зурвасын тоонд хязгаар тогтоодог болно. (TechCrunch)

  • 🔌 Тархиа бүрэн хүчин чадлаар нь ашиглахуй. (HBR)

  • 🕰️ Өдөрт 13 цаг ажиллахыг зөвшөөрсөн хууль баталж. (BBC)

💦 $MGLA ₮15 тэрбумаа яаж зарцуулав?

MGLA: Voyage савласан усаараа олонд танигдсан Эм Жи Эл Акуа ХК өнгөрсөн оны 5-р сард IPO хийж ₮15.2 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Компани уг санхүүжилтийн 27%-ийг түүхий эд, материал худалдан авахад, 33.1%-ийг үйлдвэрлэлд шаардлагатай худалдан авалтад тус тус зарцуулсан байна. Харин үлдсэн хэсгийг орон нутагт савласан цэвэр усны үйлдвэрийн төслийн ажилд зарцуулахаар тусгасны дагуу IPO-р татан төвлөрүүлсэн хөрөнгөөс ₮6.1 тэрбум, компанийн өөрийн орлогоос ₮70.1 саяыг тус тус зарцуулсан ч хэд хэдэн шалтгаануудын улмаас ашиглалтад орох хугацаа нь хойшилжээ. Сонирхуулахад, $MGLA-н хувьцааны үнэ IPO үнээсээ 15% өсөөд байна.

🪙 Крипто ба Трампийн гэр бүл

Өнгөрсөн онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Доналд Трамп $500 саяын төлбөрийн дарамтад орж, үл хөдлөх хөрөнгөө зарахаар төлөвлөж байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, криптогоос л гэхэд $1 тэрбумын ашиг хүртсэн гэнэ дээ. 

💸 Галзуу ашиг

Сүүлийн нэг жилд Financial Times-н мэдээлснээр түүний гэр бүлийн олсон $1 тэрбумын ашгийн $550 саяыг $WLFI, $362 саяыг $TRUMP, $65 саяыг $MELANIA, $42 саяыг $USD1 койн тус тус бүрдүүлжээ. Мөн Трампийн эзэмшдэг Trump Media & Technology Group (DJT) нь 2024 онд $401 саяын алдагдалтай ажилласан бол криптовалютын бизнес рүү шилжсэнээр өдгөө $3 тэрбумын бэлэн мөнгөний эх үүсвэртэй болсон аж.   

  • 🍼 Отгон хүү: Трампийн бага хүү 19 настай Нью-Йорк Их Сургуулийн оюутан Баррон Трампийн хөрөнгө $150 саяд хүрсэн бөгөөд энэ нь аав болон том ах нарын байгуулсан World Liberty Financial компанитай холбоотой гэнэ. 

👀 Хардлага бий 

Өмнөх Ерөнхийлөгч нар албан тушаалаа хашихын тулд хөрөнгөө золих буюу ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалж санхүүгийн хохирол амсдаг байв. Харин Доналд Трамп ажлаа хүлээн авснаас хойш гэр бүлийн бизнесээ дэмжих олон ашигтай хэлцлүүдийг байгуулж, ашиг сонирхлыг зөрчлийг үл тоож байна хэмээн олон нийт шүүмжлэх болжээ. 

  • 🗣️ Сонгуулийн амлалт: Тэрээр сонгуулийн өмнө анхны “Крипто ерөнхийлөгч” болж, үндэсний Биткойн (BTC) нөөц үүсгэн, SEC-д криптод ээлтэй хүмүүс томилохоо амлаж байв. Тус амлалтын дагуу бүхий л ажлыг шат дараатай эхлүүлсэн ба өнгөрсөн хугацаанд $BTC дээд үнээ шинэчилж, криптовалютын зах зээлд нар гарсан гэж хэлж болно.  

Эцэст нь… Аль нэг улсын нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтан өөрийн эзэмшдэг хөрөнгөө өсгөхийн тулд түүнтэй холбоотой мэдэгдэл гаргаад байх нь зах зээлд тун хортой. Гэвч Трампийн гэр бүл энэ бүхнийг салбарын ирээдүйд хэрэгтэй алхам хэмээн зөвтгөж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. 🤔 

Монголын бизнесийн орчны бодит тусгал болох хэдэн тоо баримттай танилцья. 

  • Бизнес эрхлэхээр зориг шулуудав: Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголд нийт 279.9 мянган ААНБ бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оноос 11.6% өссөн үзүүлэлт юм.

  • Шантарсан нь олон: Тэдгээрийн 58.9% буюу 164.9 мянга нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд үүний 60% нь үйл ажиллагаагаа түр зогсоосон бол үлдсэн 40% нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа аж. 

  • Хотод: Мөн нийт бүртгэлтэй ААНБ-ын 72.2% буюу 202.1 мянга нь Улаанбаатарт төвлөрч, үйл ажиллагаагаа эрхэлж байгаагийн 79.6% нь худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлж байна. 

The New York Times

🍋 Өвөр Монголын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга асан Ван Бод цаазын ял оноолоо. Түүнийг ¥449 саяын авлигын хэргээр ийн яллаж буй бөгөөд ялыг 2 жилийн түдгэлзүүлсэн хэлбэрээр оноожээ. Үүнээс гадна улс төрийн эрхийг нь насан нь туршид хасаж, хувийн бүх хөрөнгийг нь хураан авсан байна. Өдгөө 67 настай Ван Бо нь Өвөр Монголын уугуул иргэн бөгөөд 1986 онд ХКН-д элсэж байжээ.

🍋 Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх ААН-үүдэд татварын бус дэмжлэг үзүүлнэ. Үүнд аль ч байршилд стратегийн ач холбогдолтой бизнес эрхлэгч ААН-үүд хамрагдах бөгөөд гол нь импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх ёстой аж. Дэмжлэгийн хувьд экспортод чиглэсэн санхүүжилтэд батлан даалт гаргах, үйл ажиллагааг нь сурталчлах тэргүүтэй төрлүүд байна.

🍋 TMK Energy (TMK.AX) өнгөрсөн сард "Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолтоо 8-р сараас 60% нэмэгдүүлэв. Тодруулбал, тэд "Гурвантэс XXXV" төслийн туршилтын сүүлийн цооног болох "Lucky Fox-7"-н өрөмдлөгийг 8-р сарын сүүлээр дуусгаж, 9-р сараас хий олборлож эхэлсэн юм. Мөн TMK Energy нь J-Energy-тэй стратегийн түншлэл байгуулж, төслийг арилжааны шатанд хүргэхэд бэлтгэж буй.

🍋 Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр барина. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгарсан бөгөөд үйлдвэрийг 2 жилийн дотор барих аж. Тус үйлдвэр Улаанбаатарын нийт хог хаягдлын 31.8%-ийг шатааж устгах хүчин чадалтай гэнэ.

  • Даваа: Ипотекийн зээлийн тайлан гарна

  • Мягмар: Америкийн газрын тосны нөөцийг танилцуулна

  • Лхагва: Мөнгө, санхүүгийн статистиктай танилцана. 

  • Пүрэв: Европын бизнесийн уур амьсгал хэр байна

  • Баасан: НҮБ-ын өдөр тохиож байна

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.