- Lemon Press
- Posts
- 🙀 Хорхог ба ₮200 сая
🙀 Хорхог ба ₮200 сая
Түгжрэлгүй болох 1,000 төлөвлөгөө | Хагас жилийн ногдол ашиг +1 | Хятад сансрын салбарт
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Хорхогт дуртай уншигчид байна уу? Өнгөрсөн амралтын өдрөөр Налайх дүүрэгт 1,000 тогооч нэгэн зэрэг тогооны хорхог хийсэн нь Гиннесийн рекордын номд бүртгэгджээ. 2 тогооны хорхогт 1 хонины мах орсон гэвэл даруй ₮200 саяыг зарлагаджээ гэж. 😬


*Нэг өдрийн өөрчлөлт.
KR: Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх 7 хоногт COP17-д оролцож, илтгэл тавихаар Монголд ирнэ.
ADB: Азийн Хөгжлийн Банк 19 аймгийн нэгдсэн эмнэлгийг шинэчилж, Өвөрхангай аймагт 300 ортой шинэ эмнэлэг барих гэхчлэн орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэчлэхэд зориулж $225 саяын зээлийг баталлаа.
GOV: COP17-н үр дүнд 170 гаруй улсын төлөөлөл, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд хамтран хөрс, бэлчээр, гангийн асуудлаарх 60 гаруй төсөлд нийт $1.3 тэрбумын хөрөнгө оруулалт татахаар тохиролцжээ. Уг санхүүжилт 5 тивийн 23 улсад хэрэгжих төслүүдэд чиглэх аж.
MMC: Mongolian Mining Corporation (0975.HK) Top Motors ХХК-тай автомашин, түрээс, засвар үйлчилгээ үзүүлэх гэрээгээ сунгаж, ирэх 9 сарын 1-нээс эхлэн 2029 он хүртэл ₮33.6 тэрбумаар эдгээр үйлчилгээг авахаар болжээ.

☔️ Хамтын ажиллагааны хур

COP17-н үеэр Нийслэлийн засаг захиргаа сүүлийн 2 өдөрт 8 гаруй олон улсын байгууллага, компанитай санамж бичиг байгуулж, сүржин мэдээллүүдээр бөмбөгдөв. Юу хийнэ гэнэ вэ?
😬 Түгжрэлгүй болох 1,000 дахь төлөвлөгөө
BYD (BYDDF)-тай байгуулсан санамж бичгээр Улаанбаатарт батарейд суурилсан, барих өртөг багатай “Sky shuttle” нийтийн тээвэр нэвтрүүлэх аж. Нэмээд China Central Strategic Advisory Group-тэй түгжрэлийг бууруулах 1, 2-р тойрог зам, Дэлхийн банктай “Улаанбаатар Трамвай” төслийг үргэлжлүүлнэ гэв. Өнөө трамвай төсөл чинь амьд юм байна шүү. Үүгээр ч зогсохгүй,
😮💨🥸 Дахиад л зөвлөгөө авна: Альварез энд Марсал компаниас хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ авахаар болжээ. Гэвч манай нийслэл өмнө нь LRT, метро, агаарын тээвэр, тусгай замын автобус гээд олон төслийн ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээнд сая сая доллар зарцуулсан ч газар чөлөөлөлт, санхүүжилт дээрээ гацсаар буй. Зөвлөх үйлчилгээ авлаа гээд төсөл бодитоор хэрэгжих баталгаа болохгүй нь харамсалтай
🤔 $250 сая: Хөрөнгө үү, өр үү?
Цаашлаад, GGGI-тай $250 сая хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохирсон нь сайн мэдээ ч энэ санхүүжилтийн хүү, хөнгөлөлт, нийслэлийн төсөвт ирэх зээлийн дарамт тодорхойгүй. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ICLEI, Сенегалын Ндиоб хоттой хийсэн яриа хэлэлцээнүүд нь хот хоорондын дипломат харилцаанд хэрэгтэй ч, гэр хорооллын янданг цөөлж, авто замын түгжрэлийг шууд шийднэ гэхэд бэрх байна.
Эцэст нь… Санамж бичиг бол хуулийн хариуцлага хүлээхгүй зөвхөн хүсэл зоригийн илэрхийлэл. COP17-н үеэр зурагдсан эдгээр гарын үсэг маргааш өглөө Улаанбаатарын утаа, түгжрэлийг шийдэх үгүй нь сонин. Цаашид яаж ажил хэрэг болохыг харж л сууя даа.

🧮 Энэ өвөл Зүүн Өмнөд Азиар аялахад хэдийг төсөвлөх вэ? (IndieTraveller)
🏟️ Хүн дүрст роботын ДАШТ-д 666 багийн 2,000 гаруй робот өрсөлдөж байна. (Bloomberg)
🧙🏻♂️ Dota 2-н The International 2026 тэмцээний cosplay уралдаанд Монгол залуу түрүүллээ. (TI2026)
👕 Дуртай хуучин подволк чинь одоо үнэд хүрэх магадлал тун өндөр. (WSJ)

📈🤑 Хагас жилийн ногдол ашиг +1
XAC: ХасБанкны ТУЗ-ийн шийдвэрээр энэ оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээс нэгж хувьцаанд ₮18-ийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Баасан гаргийн хаалтын үнэ болох ₮1,235 дээр үндэслэн тооцвол ногдол ашгийн өгөөж 1.5% болж байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцогчдын бүртгэлийн өдөртэй адил аж. Мөн уг ногдол ашгийг Монголбанкнаас зөвшөөрөл гарснаа хойш 7 хоногийн дотор олгох нь.

👽👨🚀 Хятадын сансрын бизнес төлөвлөгөө

Хятад сансрын хөтөлбөрөө эрчимжүүлж, пуужин хөөргөх, сарны судалгаа, сансрын станцын бүтээн байгуулалтаа ахиулахын хэрээр сансар огторгуй энгийн иргэдийн өдөр тутмын соёл, аялал жуулчлалын нэг хэсэг болж эхлэв.
🚀 Огторгуйн уудам дахь аялал
Үүний нэг тод жишээ нь Хайнань дахь Вэньчан сансрын хөөргөх төв. Уг төв нь пуужин хөөргөх үеэр олон мянган жуулчин эрэг дээр цуглан үзэж эхэлсэн бөгөөд энэ нь өөрөө аялал жуулчлалын нэг төрлийн үзвэр болжээ. Үүнээс гадна сансрын нисгэгчийн хувцас түрээслэх, сансрын сэдэвтэй музей, тоглоом, бэлэг дурсгалын зүйлс, тэр ч байтугай сансрын нисгэгчийн дүрстэй зайрмаг хүртэл бий болж шинэ төрлийн асар том бизнесийн салбар болжээ.
🇨🇳 Үүний цаана Хятадын сансрын салбарын хурдацтай хөгжил мэдээж нөлөөлж байгаа. Тухайлбал, Хятад одоогоос 4 жилийн өмнө буюу 2022 онд өөрийн сансрын станцыг бүрэн ашиглалтад оруулсан бөгөөд улмаар 2030 он гэхэд хүнтэй саран дээр буух, цаашлаад Ангараг руу хүнтэй нислэг хийх зорилт тавиад буй.
🌕 Сарны аялал хэр ойрхон вэ?
Хятадын 2030 он гэхэд хүнтэй саран дээр буух зорилт нь одоогоор ШУ, технологийн шинжтэй төрийн хөтөлбөр боловч урт хугацаандаа аялал жуулчлал суурь болно гэгдэж байгаа. Үүний хажуугаар тэд өнөөдөр Chang’e-7 хайгуулын роботоо сарны өмнөд туйл руу илгээж, мөс болон усны нөөц хайхаар төлөвлөж буй.
🤑 Эдийн засгийн нөлөө: Одоогоор тус улс Америк шиг сансар руу аялал хийж эхлээгүй байгаа. Гэвч Хайнань мужийн Вэньчан хот 2024 онд 300,000 гаруй жуулчин хүлээн авч, ¥100 сая давсан орлого олсон бол Шаньдун мужийн Хайян хотын сансрын музей жилд 100,000 гаруй, пуужин хөөргөх үзүүлбэр 200,000 гаруй жуулчин татдаг гэнэ.
Эцэст нь… Хятад сансрын технологио хөгжүүлэхийн зэрэгцээ сансрыг аялал жуулчлал, соёлын шинэ бүтээгдэхүүн болгохоор хичээж байгаа бололтой. Америкт бол бүр Blue Origin тэргүүтэй компаниуд сансрын аялал жуулчлалыг хөгжүүлж буй. Өнгөрсөн 4-р сард Кэти Перри тэргүүтнүүд 11 минутын сансрын аялал хийгээд ирээгүй юу. Ер нь л сансрын аялал тийм алс холын мөрөөдөл биш. Гол асуудал нь зөвхөн баячууд л аялж чадахуйц буюу хэдхэн минутын аялал $150,000- $750,000 орчим байгаа юм.

COP17 бага хурал үргэлжилж буй эдгээр өдрүүдэд Улаанбаатар хот дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид, төлөөлөгчдөөр дүүрэн байна. Тэгвэл энэ долоо хоногт өндөрлөж буй тус хурлын хүрээнд хэн хамгийн их хандив өргөснийг харцгаая.
1️⃣ Хятадын Худалдааны яам: ₮3.6 тэрбум
2️⃣ Рио Тинто Монголиа: ₮1 тэрбум
2️⃣ Оюу Толгой: ₮1 тэрбум
3️⃣ Энержи Ресурс: ₮500 сая
3️⃣ Эрдэнэ Монгол: ₮500 сая
3️⃣ Бадрах Энержи: ₮500 сая
4️⃣ ХасБанк: ₮200 сая
5️⃣ Макс Импекс: ₮100 сая
COP17 хурлын хүрээнд Хятадын Худалдааны яам хамгийн өндөр буюу ₮3.6 тэрбумын дэмжлэг үзүүлжээ. Энэхүү хурлын төсөв, санхүүтэй танилцах бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 💰🤔


Forbes
🍋 Монголд ирсэн гэж шуугиад байгаа Фредерик Арногийн LVMH (MC.PA) компанийн өсөлтөд эрсдэл үүсэв. Хятадын тансаг хэрэглээний зах зээл саарч байгаа тул энэ оны 7-р сард Хятад дахь тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт жилийн дүнгээр 10% буурчээ. LVMH групп нь олон талт брэндийн багцтай ч Хятадын уналт нь тэдний богино хугацааны орлогын хүлээлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм.
🍋 Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сантай 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Төслийн хүрээнд ногоон сургуулийн стандарт нэвтрүүлэх, олон улсын санхүүжилт босгох болон хамтарсан удирдлага бүрдүүлэхэд анхаарна. Энэ нь барилгын дулаан алдагдлыг багасгаж, сургалтын орчин, эрүүл ахуй, хүүхэд хамгааллыг цогцоор нь шинэчлэх зорилготой гэнэ.
🍋 Alibaba (BABA) компани хиймэл оюуны дэд бүтэц, технологийн чадамжаа ахиулахаар $10.2 тэрбумын хувьцаа шинээр гаргана. Сүүлийн улиралд уг компанийн цэвэр ашиг 75% буурсан ч татан төвлөрүүлсэн хөрөнгийг 100% AI салбарт зориулахаар шийджээ. Энэхүү өргөжилт нь Хятадын AI хөрөнгө оруулалтын тэсрэлт болон Америкийн хориг, зохицуулалтын шахалт дунд өрнөж байгаагаараа онцлог.
🍋 Есөн шижир инвест ББСБ ХХК тусгай зориулалтын компаниараа дамжуулан ₮10 тэрбумын ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгожээ. Уг үнэт цаас нь 24 сарын хугацаатай, жилийн 19%-ийн өгөөжийг улирал тутам төлөх бөгөөд андеррайтер нь Ти Ди Би Секьюритис ҮЦК аж. Уг ХБҮЦ-ны урьдчилсан захиалгын хугацаа 8 сарын 24-28-ны хооронд байх нь.

Даваа: 1246 оны энэ өдөр Гүюг хаан Их Монгол Улсын гутгаар их хаанаар өргөмжлөгджээ.
Мягмар: Герман болон Сингапурын эхний хагас жилийн ДНБ-тэй танилцана.
Лхагва: $NVDA, $CRWD, $CRM нар санхүүгийн тайлан ил болно.
Пүрэв: Олон улсын сугалааны өдөр тохиох тул аз, од нь гийхийг үгүйсгэхгүй.
Баасан: УБ хотод 10 хоног үргэлжилсэн COP17 бага хурал өндөрлөнө.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply