• Lemon Press
  • Posts
  • 📈 ТОП-20: Өсөлт vs Бууралт

📈 ТОП-20: Өсөлт vs Бууралт

Даатгалын тогтвортой хөгжил | ХААБ-ийн арилжаа | CUMN-н мэдэгдэл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг маргаашаас 8 сарын 25 хүртэл нээгдэх гэж байна. Тус үзэсгэлэн 600 гаруй үзмэрээс бүрдэж байгаа гэсэн шүү. Гэр бүлээрээ цаг гаргаж сонирхоорой. 😎

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Ерөнхийлөгчийн зарлигаар 9 дэх удаагийн УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 10:00 цагт хуралдуулахаар товлов

MCE: Хөдөө аж ахуйн биржээр өнгөрсөн 7 хоногт ₮84.6 тэрбумын арилжаа хийгдсэний дийлэнхийг угаасан ноолуур эзэлжээ

CHN: Хятадын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.18% болж 3 жилийн доод түвшинд хүрлээ

Өчигдөр шинэ парламентын гишүүнээр сонгогдсон хүмүүст УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрсөн. Улмаар шинэ парламентын гишүүд өнөөдөр тангаргаа өргөнө. 

Шинэ парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам 8, бусад нам, эвсэл 8 суудал авсантай холбоотойгоор эвслийн ЗГ байгуулагдахаар байна.

  • Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ЗГ-т орж ажиллахгүй бөгөөд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхээ илэрхийлсэн юм

  • АН-ын зүгээс хамтарсан ЗГ байгуулж магадгүй байгаа талаар ч яригдаад авав

Юутай ч өнөөдрийн УИХ-ын анхдугаар чуулганаар дараагийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГ-ын бүтэц болон гишүүдийг томилохоор байна.

🌱 Даатгалын тогтвортой хөгжил

Монголын даатгалын ууган байгууллага болох Ард Даатгал ХК (AIC) 30 жилийн ойгоо тохиолдуулан Монголын даатгалын салбарт анх удаа Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа. Тайлангийн онцлох зүйл юу байв? 

🛣️ Тогтвортой хөгжил: Алхах зам

Ард Даатгал ХК нь “Тогтвортой хөгжил бол хүрэх цэг бус алхах зам юм” хэмээх уриа дор НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн 3 зорилгод голлон анхаарч ажиллажээ. Үүнээс онцолбол, 👇

  • Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах: Энэ зорилгыг дэмжих хүрээнд үерийн хохиролд ₮1 тэрбум, зуд, цасан шуурганы эсрэг хамгаалалтад ₮449 саяын нөхөн төлбөрийг тус тус олгожээ. Түүнчлэн тэд цахим даатгалыг эрчимжүүлж цаасны хэрэглээгээ 50% бууруулсан байна. 

  • Ээлтэй: Үргэлжлүүлээд компани сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгож буй компаниудтай хамтран ажиллаж, хөнгөлөлттэй даатгаж байгаа аж. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний компанийн даатгал нь ₮1 тэрбумд хүрч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй. 

🦺 Нөхөн төлбөрөөр тэргүүлэгч 

Цаашлаад, тайлангаас онцолбол, Ард Даатгалын даатгуулагчдын тоо өнгөрсөн онд 21.5% нэмэгдэж 243 мянгад хүрсэн аж. Улмаар компанийн нөхөн төлбөрийн хэмжээ тус онд ₮14.1 тэрбумд хүрснээр нөхөн олголтоороо тэргүүлж буй. Энэ ч утгаараа тэдний зах зээлд эзлэх хувь 9.4% байгаа юм. Нэмээд, 👇

  • Нөөц сан: Компанийн болзошгүй нөхөн төлбөр, зардлыг санхүүжүүлэх зорилготой нөөц сангийн хөрөнгө оруулалтын багцыг харвал 53%-ийг нь банк, санхүүгийн, 12%-ийг технологийн, 3%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй. Тэд 2025 он гэхэд нийт багцынхаа 20%-иар БОНЗ-ын шалгуурыг хангасан компанид хөрөнгө оруулахыг зорьж байгаа гэнэ. 

Эцэст нь… Компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалдаа анхаардаг болж, даатгалын компани ч Тогтвортой хөгжлийн тайлан гаргаж байгаа нь сайшаалтай. Цаашид тогтвортой хөгжилд чиглэсэн даатгалын олон төрөл нэмэгдэх биз ээ.

🗒️ Ашигт ажиллагааны мэдэгдэл

CUMN: Премиум Нэксус ХК буюу хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК хагас жилийн тайлангаа зарлахаасаа өмнө ашигт ажиллагааныхаа талаар мэдэгдэл хийлээ. Тус компани I улирлын тайлангаа танилцуулахдаа оны эцэст ашигтай ажиллах хүлээлтийг бий болгосон. Тэгвэл компанийн үйл ажиллагаа сайжирч эхний хагас жилийн байдлаар нийт цэвэр ашиг нь ₮10-₮11 тэрбумын хооронд байх төлөвтэй байгаа аж. Тэдний энэхүү мэдэгдэл нь хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаарч буйн тод илрэл байлаа. 

📈 Хэн өсөж, хэн буурав? 

Энэ оны эхний хагас жил дууслаа. Хөрөнгө оруулагчид маань хэр их олз омогтой байв даа? Эхний хагас жилд манай хөрөнгийн биржийн ТОП-20 компанийн ердөө 6 компанийнх нь хувьцааны үнэ өссөн бол 14 компанийнх буурчээ. Юу болов оо? 

-430 тэрбум

ТОП-20 компанийн хувьцааны үнэ оны эхний хагаст дунджаар 6.3% өссөн ч дээр дурдсанчлан 14 компанийн хувьцааны үнэ унасан тул нийт зах зээлийн үнэлгээ нь ₮430 тэрбумаар багасжээ. Дундаж өсөлт “+” гарахад Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн хувьцааны үнэ 168% өсөж ₮309.52 дээр хаагдсан нь жин дарав. 

  • 📈 Өсөлттэй 6: Эхний хагас жилд банк, санхүү, уул уурхай, хүнсний үйлдвэрлэлийн салбарын 6 компанийн хувьцааны үнэ дунджаар 49% өсөөд байна. Тэдний зах зээлийн үнэлгээ нийт ₮700.8 тэрбумаар нэмэгдсэн аж. Хувьцааны үнэ нь хамгийн ихээр нэмэгдсэн МХБ-ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн тоо нь 5-р сарын эцэст өнгөрсөн оны сүүлээс 175-аар нэмэгдсэн аж. 

  • 🌠 Томчуудын уналт: Цаашлаад эхний хагас жилд хувьцааны үнэ нь хамгийн ихээр унасан компаниудыг харвал зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлдэг ХААН Банк (KHAN), Худалдаа Хөгжлийн Банк (TDB), АПУ (APU) жагсаж байна. Тэдний хувьцааны үнэ дунджаар 19.5% унаснаар нийт зах зээлийн үнэлгээ нь ₮1 их наядаар буурчээ. 

Зах зээлд юу болов?

Үргэлжлүүлээд зах зээлийг томоор нь харвал, ТОП-20 индекс эхний хагас жилд 9% өсөж 44,385 нэгжид хүрэв. Харин 2 сарын 16-нд ТОП-20 индекс дээд хэмжээндээ буюу 45 мянган нэгжид хүрсэн юм. Тус индекс 2023 оны 2-р сард ч хамгийн ихээр нэмэгдэж байсан. Нэмээд трэндийг нь харвал энэ сард ч ногоон өсөх төлөвтэй. Харин нийт зах зээлийн үнэлгээний хувьд эхний хагас жилд 2.1% буурсан байна. 

Эцэст нь… Энэ оны эхний хагас жилийн хувьд Эм Жи Эл Акуа (MGLA), Гранд Системс ХК IPO хийж, Simple III, BID BOND зэрэг бондууд гарч, нийслэл хот маань ч бондоос ₮500 тэрбумыг босгоод амжлаа. Тэгэхээр бас ч гэж сонирхолтой л хагас жил өнгөрөв. Харин томоохон компаниуд маань хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаарах хэрэгтэй байх шиг…

Хэт өндөр өгөгдөлтэй зураг android утасны системд саатал үүсгэдгийг мэдэх үү? 

Android утасны хүлээн авах чадал тухайн зургийн пиксел ганцхан тоогоор зөрөхөд л гацах аюултай байдаг аж. Тиймээс ямар нэгэн зураг татан авч дэлгэц дээрээ тавихаас өмнө пиксел болон RGB-г нь шалгаж байх чухал шүү. 😉

🏠 Live in smart and simple

Улаанбаатар хотын хамгийн таатай бүсэд хэрэгжих гэж буй “Modest Residence” тансаг төлөвлөлттэй орон сууцны төслийг танилцуулж байна.

Уг төслийн онцлох шийдлүүдээс дурдвал,

  • Давхартаа хамгийн цөөн айлтай төлөвлөлт,

  • Япон стандартын үүдний тусгаарлалт,

  • Гэрийн агаарын чанарыг хянах, шүүх, чийгшүүлэх боломжтой агааржуулалтын систем,

  • Гэрэлтүүлэгтэй металл болон шилэн фасад гээд олон давуу талтай аж.

За тэгээд төслийг сонирхож буй хэн бүхэн хөрөнгө оруулах боломжтой шүү.

📍 Байршил: Улаанбаатар хот, СБД, 5-р хороо
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Giphy

🍋 Тагнуулын эсрэг хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр Хятад руу орж буй гадаадын иргэдийн гар утас болон бусад электрон төхөөрөмжийг шалгаж эхэлнэ. Тус хууль 2014 онд хэрэгжиж эхэлснээс хойш Японы иргэншилтэй 17 хүнийг саатуулсан бөгөөд 5 нь одоо болтол суллагдаагүй байгаа. Хуулийн хэрэгжилт гадаадын иргэдэд түгшүүр төрүүлж буй ч Хятадын зүгээс зөвхөн сэжигтэй тохиолдолд шалгахаа мэдэгдсэн юм. 

🍋 Доктор авто сүлжээ Казакстанд салбараа нээлээ. Энэ нь тэдний анхны олон улсын салбар бөгөөд Алмата хотод нээгдээд буй. Компани 2034 он хүртэл Казакстанд 200 салбар нээх төдийгүй Узбекистан, Киргизстан, Зүүн өмнөд Ази, Арабын орнуудад салбараа нээхээр төлөвлөж байгаа аж.

🍋 Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг батлав. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийн жагсаалтыг баталгаажуулсны дараа Ерөнхийлөгчид мэдүүлэх юм.

🍋 Fulham FC болон Go Mongolia-н хамтарсан тоглолтын хувцас худалдаалагдаж эхэллээ. Өнгөрсөн 6 сарын 10-нд талууд жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм. Тус загварыг adidas (ADS.DE) урласан бөгөөд 2024-2025 оны клубын бүх тоглолтод Fulham FC-н тоглогч, дасгалжуулагч, академийнхан өмсөх аж. 

🍋 Ардчилсан намын дарга Л.Гантөмөр намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүнээс хасжээ. Тодруулбал, тус гишүүдийг сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийг санаатай турхирч, намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг удаа дараа хийсэн гэх шалтгаанаар гишүүний бүртгэлээс хассан байна. 

  • Хүний нөөцийн менежер / SCC: Хүний нөөцийн чиглэлээр бакалавр зэрэгтэй, хамтын ажиллагаа болон хөдөлмөрийн харилцааны чиглэлээр багадаа 3 жил ажилласан туршлагатай, англи хэлтэй хүн байвал холбогдоорой. 👉 (Link)

  • Director of Food and Beverage / Gobi Group K.K: Японы Осака хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон ресторанд зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, асуудлыг шийдвэрлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон талын ур чадвартай, англи, япон хэлтэй хүнийг хайж байна. 👉 (Link)

  • Маркетингийн хэлтсийн дэд захирал / SCC: Бизнес төлөвлөгөөний дагуу хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагын ёс зүйтэй, манлайлагч, англи, орос, солонгос хэлтэй, SCC-н маркетингийг хариуцаж чин сэтгэлээсээ ажиллах хүсэлтэй хүн байвал ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Сонгууль: Францын парламентын сонгуулийн эхний шатанд хэт барууны үзэлтэй National Rally нам ялалт байгуулжээ. (Reuters)

  • Хөгшрөлт: Бусан хот хүн амын өндөр наслалтаар тэргүүлсэн Өмнөд Солонгосын анхны том хот болжээ. (KoreaTimes)

  • Ахиц: Хятадын анхны арилжааны сансрын хөлгийн нислэгийн талбай нислэг үйлдэхэд бэлэн. (XinhuaNews)

  • Амжилт: “Inside out 2” 3 долоо хоногийн дотор олон улсын зах зээлээс $1 тэрбумын орлого оллоо. (Reuters)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.