• Lemon Press
  • Posts
  • 🆕 Уул уурхайн бүтээгдэхүүний анхны бирж

🆕 Уул уурхайн бүтээгдэхүүний анхны бирж

ТОП-20 индексийн хөдөлгөөн болон Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар тоймлов.

POWERED BY

Шинэ сарын мэнд ээ. Та энэ жилийн 184 дэх өдөр Lemon Press товхимлын 584 дэх дугаарыг уншиж байна.

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11 их наяд хүрэв.

EUR: Евро бүсийн 6-р сарын инфляц өмнөх сараас бага зэрэг буурч 5.5% боллоо.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮105.5 тэрбумын арилжаа хийгдсэний ₮96.9 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдав.

🚀 Оюу толгойн амжилтыг дахин давтъя

2022 онд $2.5 тэрбумын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. ЗГ 2024 онд энэ тоог $4 тэрбумд хүргэхээр зорьж буй. Тэгвэл бид энэ зорилтдоо хэрхэн хүрэх вэ?

Сургамж:

Сүүлийн 18 жилийн хугацаанд Монголын ГШХО $38.1 тэрбум байсны талаас илүү буюу 57% нь Оюу толгой төсөлтэй шууд холбоотой байна. Илүү тодруулбал, зөвхөн 2022 оны ГШХО-ыг л харахад 90% орчим нь буюу $2.2 тэрбум нь Оюу толгой төсөлтэй холбоотой аж. Цаашлаад Оюу толгой төсөл нь:

  • 2010-2022 онд $4 тэрбум буюу ₮8.8 их наядыг төсөвт төлөв.

  • Зөвхөн 2022 онд $1.6 тэрбумын валютыг Монголд оруулж ирэв.

  • 2022 оны байдлаар 567 үндэсний компанитай хамтран ажиллаж байна.

  • Шууд байдлаар 20,000, шууд бусаар олон мянган ажлын байр бий болгож эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж байна.

Суралцах нь…

Монгол ГШХО-ын дүнгээ өсгөж, дээрх зорилтдоо хүрэх, цаашлаад давуулан биелүүлэхийн тулд өмнөх туршлагаасаа суралцаж гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг оруулж ирэн том төслүүдээ хөдөлгөхөөс өөр аргагүй.

Тухайлбал, Оюу толгойн менежментийг хариуцагч Rio Tinto нь 2010 оноос хойш тус төслийн хүрээнд дотоодод $15 тэрбумыг зарцуулжээ. Энэхүү хөрөнгө оруулалтаар бид дэлхийд өрсөлдөх уурхайг бүтээн байгуулж, жилдээ $1-$2 тэрбумын орлогыг бий болгож буй.

Rio Tinto-н жишгээр ГШХО-ууд орж ирснээр:

  • Эдийн засгийн төрөлжилт, бие даасан байдлыг хангах,

  • Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, ₮-н тогтвортой байдлыг дэмжих,

  • Үндэсний компаниудын өсөлтийг дэмжиж, хөгжлийн дараагийн түвшинд хүргэх зэрэг олон боломж нээгдэх юм.

Эцэст нь… Монгол ирээдүйн ГШХО-ын замаа Оюу толгой төслөөр дамжуулан ийнхүү амжилттай зассан. Үүнийгээ илүү тордоод дараа дараагийн гаднын олон хөрөнгө оруулагчийг оруулаад ирвэл $4 тэрбумын төсөөллийг биелүүлэхэд хялбар харагдаж байна даа.

💰 ₮3 тэрбумын зээл

MFC: Монос хүнс ХК Худалдаа хөгжлийн банк (TDB)-наас ₮3 тэрбумын зээл авна. Энэ нь ЗГ-аас хэрэгжүүлж буй Хүнс болон ХАА-г дэмжих сангийн эх үүсвэртэй зээл юм. Тэд жилийн 5% хүүтэй, 2 жилийн хугацаатай тус зээлийг үйлдвэрийнхээ эргэлтийн хөрөнгийг дэмжихэд ашиглах аж.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргасан ээлжит шийдвэрүүдийг танилцуулж байна.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний анхны бирж: СЗХ-ноос МХБ (MSE)-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод буй. Уг шийдвэртэй зэрэгцэн “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Үүнээс өмнө ЗГ-аас өнгөрсөн 2-р сараас эхлэн нүүрсний арилжааг МХБ-ээр дамжуулан цахимаар арилжаалж тус хугацаанд 3.1 тн нүүрсийг ₮1.3 их наядаар арилжаалсан юм.

  • Үнэт цаас: Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх журмыг шинэчлэн баталлаа. Түүнчлэн 2 компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгожээ. Үүний 1 компани нь хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэхээр болсон аж.

  • Бусад: Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 иргэнд, ББСБ-ын итгэлцлийн үйлчилгээ эрхлэх болон ББСБ-ын богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг тус бүр нийт 3 компанид олгов.

Жич: СЗХ зарим компанийн нэрийг дурдаагүй байсан болно.

📊 ТОП-20 индексийн хөдөлгөөн

Энэ оны эхний хагас жил өнгөрлөө. Тус хугацаанд ТОП-20 индекс 1.1% буурсан байна.

Ногоон > Улаан

Өнгөрсөн жилийн эхний хагаст ТОП-20 индекс тэр чигтээ улаанаараа эргэсэн бол энэ жилийн хувьд ногоон өнгө давамгайллаа. Тодруулбал, ТОП-20 индекс 3 болон 5-р сард уналттай, бусад саруудад өсөв. Нарийн ухвал,

  • Хамгийн өндөр өсөлт: ТОП-20 индекс 2-р сард хамгийн ихээр буюу 6.9% өсөж 40,386 нэгжид хүрсэн юм.

  • Sell in May and go away: Харин яг дараагийн сард нь буюу 3-р сард хамгийн ихээр унасан аж. Мөн ТОП-20 индекс сүүлийн 5 жил бүрийн 5-р сард улаанаар эргэж буй. Энэ жил л гэхэд 4.2% уруудсан. Угаас ОУ-д “Sell in May and go away” гэх хэллэг бий. Учир нь хөрөнгө оруулагчид 5-р сард хувьцаа болон бусад хөрөнгөө зарж, зуны саруудад хөрөнгийн зах зээлээс зайлсхийдэг.

  • Идэвх 🆙: Үргэлжлүүлээд, ХЗЗ-ийн нийт арилжааг харвал, ₮697.3 тэрбумын үнэт цаасны арилжаа хийгдсэн аж. Үүний 42.5%-ийг эхний 5 сарын арилжаа бүрдүүлсэн бол үлдсэн хэсгийг 6-р сарын арилжаа дангаараа бүрдүүлжээ.

Хэн өсөж, хэн буурав?

Цаашлаад, ТОП-20 компанийн эхний хагас жилийн хувьцааны үнийн өөрчлөлтийг харъя.

  • 🟢 7: Шилдэг 20-ийн 7 компанийнх нь хувьцааны үнэ өссөн аж. Тодруулбал, уул уурхайн компаниудын хувьцааны үнийн өсөлт цойлж буй. Таван толгой ХК (TTL)-ийн хувьцааны үнэ л гэхэд 37%, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийнх 24.1% өсжээ.

  • 🔴 13: Харин улаарсан 13 компанийг Улсын их дэлгүүр ХК (UID) 33.5%-ийн уналтаар тэргүүлсэн бол Бодь Даатгал ХК (BODI) 29.8%-ийн уналтаар удаалав.

Түүхэн жил

Ер нь том зургаар харвал, энэ оны эхний хагас жилд хөрөнгийн зах зээлд маш олон шинэ бүтээгдэхүүн мэндэлж, олон ч өөрчлөлтүүд бий боллоо. Үүнийг даган ХЗЗ-ийн үнэлгээ ч 1.6 дахин өсөөд буй. Тэгэхээр энэ жилийн үлдсэн хагаст өмнөх жилүүдийн трэнд эвдэгдэхийг ч үгүйсгэхгүй.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Аи-95 шатахууны үнэ 2 дахин өсөж ₮3,710 болжээ. Тэгвэл жил бүрийн 6-р сард Петровис шатахуун түгээх станцад Аи-95 шатахууны үнэ хэдтэй байсныг харцгаая.

  • 2014: ₮1,890

  • 2015: ₮1,890

  • 2016: ₮1,730

  • 2017: ₮1,820

  • 2018: ₮2,050

  • 2019: ₮2,330

  • 2020: ₮1,800

  • 2021: ₮2,100

  • 2022: ₮3,260

  • 2023: ₮3,710

🔹 Анжел хөрөнгө оруулагчдын клубыг EBRD Монголд байгууллаа. EBRD өнгөрсөн өвөл Монголын стартап экосистемийг дэмжихээр Star Venture хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэ удаад тэд стартапын эхлэлтийн хөрөнгө оруулалтыг хангах зорилгоор Анжил хөрөнгө оруулагчдын клубыг байгуулж байна.

🔹SHEIN Америкт IPO хийнэ. Тэдний үнэлгээ өнгөрсөн 3-р сард $2 тэрбумын санхүүжилт татах үед $60 тэрбумыг давж байсан юм. Хэрэв тэд сүүлийн 3 жилийн ажлаа бодит болгож Америкт IPO хийвэл тус улс дахь хамгийн өндөр үнэлгээтэй Хятад компани болох нь.

🔹Хятад болон Монгол гангийн үйлдвэр барих ажилд хамтран ажиллана. Тус ажлын хүрээнд Нинбо мужийн гангийн үйлдвэртэй хамтран ажиллах аж. Энэ үйлдвэр нь жилд 4 сая тн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь ¥17 тэрбум гэнэ.

🔹Adobe (ADBE)-н Figma-г худалдан авах ажил саатлаа. Тодруулбал, тус компани Figma-г $20 тэрбумаар худалдан авахаар төлөвлөсөн ч Их Британийн эрх баригчид уг хэлцлийг ЗЗ-д давуу байдал үүсгэж, өрсөлдөөнд нөлөөлнө гэх үндэслэлээр шалгаж буй.

🔹МХБ (MSE)-н ТУЗ-ийн гишүүд томилогдлоо. МХБ-ийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн Баасан гарагт болж 264.2 сая ширхэг хувьцаа эзэмшдэг 66 хувьцаа эзэмшигч оролцов. Түүнчлэн ТУЗ-ийн ердийн 5, хараат бус 4, хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг тус тус томилжээ.

  • Унш: OpenAI-н ажилтнуудын цалин урамшуулал. (Insider)

  • Мэд: Twitter-т идэвхгүй хүмүүсийн анхааралд. (TheVerge)

  • Танилц: AI, EV-с ч илүү өсөлттэй байсан хувьцаа. (MarketInsider)

  • Сонирх: Дампуурлаа зарласан FTX крипто ертөнцөд буцаж ирэхээр төлөвлөж байна. (WSJ)

  • Даваа: Bed Bath & Beyond (BBBYQ) ээлжит орлогын тайлангаа танилцуулна.

  • Мягмар: Америкийн тусгаар тогтнолын өдөр тохионо.

  • Лхагва: Ирландын ажилгүйдлийн түвшин танилцуулагдана.

  • Пүрэв: Америкийн өнгөрсөн 5-р сарын гадаад худалдааны тэнцэл зарлагдах нь.

  • Баасан: Эцэст нь Өмнөд Солонгосын худалдааны тэнцэл гарна.

Reply

or to participate.