- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Монгол мөрөөдөл: 20 минутын хот
🇲🇳 Монгол мөрөөдөл: 20 минутын хот
Ажлын байрны сэтгэлзүй | TTL-н ашиг пуужиндав | RIO-н орлого
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Америкийн ТНБД, Швейцарын Ерөнхийлөгчийн айлчлал давхацсан эдгээр өдрүүдэд 8 сарын 4-нийг хүртэл замуудыг богино хугацаагаар хэсэгчлэн хаах юм байна шүү. ⛔️🚧
*Нэг өдрийн өөрчлөлт
US: ХНС бодлогын хүүг ирэх 9-р сард бууруулах төлөвтэй байгааг мэдээлснээр Nikkei (^N225) 2.5% унасан бол S&P 500 (^GSPC) 1.6%, Nasdaq (^IXIC) 2.6% тус тус өслөө.
TTL: Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 8 сарын 26-нд болно.
MSE: Өчигдөр эхэлсэн “Сэндли бонд 2.0” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга 8 минутын дотор 118 захиалга авч ₮10 тэрбумыг амжилттай татан төвлөрүүллээ.
🇲🇳 Монгол мөрөөдөл: 20 минутын хот
”20 минутын хот” концепц гэнэ үү? Ямар бодлогоор, хэдий хугацаанд хэрэгжүүлэх ажил юм бэ дээ, сонирхъё.
🏙️ Бараг бүгдийг нь хот болгоно
Өнгөрсөн 5-р сард ЗГ-аас “20 минутын хот” концепцийг УИХ-д танилцуулсан. Энэхүү концепцоор бол төвлөрлийг сааруулснаар иргэд тухайн оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутын дотор авдаг стандарттай болох аж. Үүний хүрээнд,
Улсын зэрэглэлтэй 6 хот + нийслэлийн 14 хот: Нийслэл хотоос гадна Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх бол нийслэл хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот зэрэг 14 хот болгон хувааж бие даан хөгжүүлэх юм.
42 нэгж: Улмаар нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр хороодын удирдлагууд төсвийг шууд захиран зарцуулах эрх мэдэлтэй болно.
Нүүдэл: Нэмээд төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Бага тойрууд төвлөрсөн ЗГ-ын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулна.
Аймгуудаа ч мартахгүй: Харин аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчилж, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэхээр төлөвлөжээ.
🤔 Жаахан бодъё…
Уг концепцийн дагуу бол жишээлбэл, Яармагт амьдардаг иргэн тухайн газраа төрийн үйлчилгээг авах боломжтой болох нь. Гэвч бодит байдал дээр Яармагийн оршин суугч хотын төв дэх ажилдаа ирэх гэж л түгжрэлд цагаа барж байгаа. Харин нийтийн тээврийг хөгжүүлбэл хотын хаанаас ч төв рүүгээ 15 минут явах боломжтой гэж үздэг.
Бодит байдал: Одоогоор нийслэлд ДНБ-ий 63% үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84%, ААН-үүдийн 70%, их, дээд сургуулийн 90%, бүртгэлтэй авто машины 84% нь төвлөрдөг. Түүнчлэн Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86 га талбайд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрч байгаа аж.
💵 Санхүүжилт нь хэд юм бэ?
Тиймээс уг төвлөрсөн эрх мэдлийг сааруулах ажлын хүрээнд ЗГ-ын байгууллагуудыг Бага тойруугаас Хөшигийн хөндий рүү нүүлгэж энэ хооронд дүүжин гүүр, туннелээр холбоод 20 минутын дотор ирж очдог болгох юм. Гэтэл гүүрэн тулгуурт нийтийн тээврийн дэд бүтцэд ихээхэн хөрөнгө ордог гэж байгаа. Ямартай ч тус концепцийн хүрээнд хийгдэх ажлуудад шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэхээр болжээ.
Эцэст нь… Яармагаас хотын төв рүүгээ түгжрэхгүй 20 минут явах л бараг өнөөгийн “Монгол мөрөөдөл” болчихсон доо. Ямартай ч ЗГ-ын төлөвлөсөн ажлууд хэр үр дүнтэй хэрэгжихийг харах л үлдэж байна.
🚀 17.7 дахин өссөн ашиг
TTL: Тавантолгой ХК-ийн энэ оны эхний хагас жилийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 17.1 дахин өсөж ₮213 тэрбумд хүрлээ. Учир нь тэдний орлого 14 дахин нугарч ₮518.5 тэрбум болоод буй. Түүнчлэн нийт хүүгийн орлого нь 160 дахин нэмэгдсэн юм. Харин нийт өр төлбөр нь 74% өсөж ₮210 тэрбумд хүрчээ. Хувьцааны үнийн хувьд он гарснаас хойш 97.2% өсөж ₮33,900-т хүрээд байна.
🫂 Ажилчид юу мэдэрч байна?
Аз жаргалгүй ажилчид дэлхийн ДНБ-ийг 9% бууруулж чадна гэвэл итгэх үү? Өөрөөр бол тэдний ажилдаа сэтгэл ханамжгүй, оролцоо багатай ажиллаж буй нь эдийн засагт $8.9 их наядын алдагдлыг авчрах боломжтой аж.
Тайлан: Саяхан Gallup-с 2023 оны дэлхийн ажлын байрны судалгааг танилцуулсан бөгөөд ингэхдээ 140 орны 128,278 ажилчдыг хамруулан хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ажилдаа хандах хандлага эдийн засагт ямар үр нөлөө үзүүлж болохыг тооцоолсон билээ.
♾️ Хөдөлмөрийн ЭЗ ба сэтгэл ханамж
Хийж буй ажилдаа сэтгэл хангуулан байх хэрэгтэй гэдэг ч бодит байдал дээр дийлэнх хүмүүс хүсэж буй ажлаа хийж чаддаггүй бололтой.
62% VS 23%: Тухайлбал, ажлын байран дээрээ оролцоотой байдаг хүмүүсийн хувь өнгөрсөн жилээс өөрчлөгдөөгүй буюу 23% байгаа бол оролцоогүй хэсгийнх нь 3 нэгж хувиар өсөж 62%-д хүрчээ.
Зонхилох мэдрэмж: Цаашлаад, судалгаанд хамрагдсан хүмүүсийн хамгийн их буюу 41% нь өдөр тутамдаа стресстдэг, 21% нь ганцаардсан, гунигласан, уурласан мэдрэмжийг мэдэрдэг хэмээжээ. Тус үзүүлэлтийг дан ганц ажилтай холбох нь өрөөсгөл ч буцаад бүтээмжид асар их нөлөөлдөг нь лавтай.
🧐 Мэдрэмжийг нь задалъя
Ажил эрхэлж буй хүмүүст төрж буй нийтлэг мэдрэмжүүдийг бүс нутгаар нь задлан харвал, Ойрх Дорнод болон Хойд Америк стрессийн түвшингээр тэргүүлсэн бол ганцаардал, гуниг, уур бухимдлаар Өмнөд Азийн орнууд тэргүүлж буй. Харин ажилдаа оролцоотой сэтгэл хангалуун байдаг гэх өнөө 23%-ийнхан чинь Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд хавиар ажиллаж, амьдардаг байх нь. Цаашлаад судалгаанд оролцсон хүмүүсийн тал нь буюу 53% нь ажлаа солих талаар бодож, бясалгаж байгаа гэнэ ээ.
🇲🇳 Харин Монголд
Монголчуудын ажлын байран дээрх оролцоо өнгөрсөн жилээс 3 нэгж хувиар нэмэгдэж 41% болоод буй. Тус үзүүлэлтээр Зүүн Азидаа тэргүүлсэн төдийгүй өдөр тутамдаа гуниглах мэдрэмж хамгийн өндөр байгаа байдлаараа ч тэргүүлэв. Харин уур бухимдал болон стрессийн хувьд бусад Зүүн Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй гайгүй шүү.
Эцэст нь… Дээрх тооцооллоос харж байгаачлан хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ажлын байран дээрх оролцоо, сэтгэл ханамж дан ганц компанийн ашигт ажиллагаанаас давж эдийн засагт ч ихээхэн нөлөө үзүүлдэг. Сэтгэцийн эрүүл мэнд биеийн эрүүл мэндээс дутуугүй чухал шүү. Ажлаасаа ямар мэдрэмж мэдэрдгээ хааяа ч гэсэн анзаарч байгаарай. 🧖♀️
Хөгжилтэй тааврын цаг. Би 13 зүрхтэй ч ямар ч эрхтэнгүй. Би юу вэ? 😎
Таасан бол бидэнд хариугаа илгээгээрэй. Хариултыг тань дэнслээд өгье. 🫣
Uber
🍋 Uber (UBER) болон BYD (1211.HK) хамтран ажиллана. Хамтын ажиллагааны хүрээнд Uber эхний ээлжид Европ болон Латин Америкт BYD-н 100,000 цахилгаан автомашин (EV)-г үйлчилгээндээ ашиглахаар болоод буй. Цаашлаад тэд хамтран Uber-т зориулсан авто удирдлагатай EV бүтээхээр ажиллаж байгаа гэсэн шүү.
🍋 Тахь-ко ХК (TAH)-ийн II улирлын борлуулалтын орлого 11.8% өсөж ₮1.8 тэрбумд хүрчээ. Гэсэн хэдий ч ашиг нь 35% буурч ₮179 саяд хүрээд буй. Ашиг ийн буурахад ерөнхий ба удирдлагын зардал нь 30% өсөж ₮1 тэрбумд хүрсэн нь нөлөөлсөн аж. Цаашлаад тэдний хувьцааны үнэ өнгөрсөн 3-р сараас 41% өсөж ₮13 мянга болоод буй.
🍋 Төвийн бүсийг хүнс, хөдөө аж ахуйн онцгой бүс болгоно. Улмаар Дархан, Сэлэнгэ, Төв аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн паркийг кластер хэлбэрээр байгуулах аж. Цаашлаад тус бүсийг татварын онцгой хөнгөлөлттэй ХАА загвар бүс нутаг болгох юм.
🍋 Rio Tinto (RIO)-н хагас жилийн ашиг өмнөх оноосоо 1.8% өсөж $5.8 тэрбумд хүрэв. Харин борлуулалтын орлого нь 1% буурч $26.8 тэрбум болсонд төмрийн хүдэр болон хөнгөн цагааны үнэ буурсан нь голлон нөлөөлсөн аж. Сонирхуулахад, тэд зэсийн үйлдвэрлэлээ энэ онд 2%, 2028 он хүртэл жилдээ 3% өсгөхөөр зорьж буй.
🏢 Бетон зуурмагт үүсэж болох эвдрэл гэмтлүүд
Бетон зуурмаг нь буруу арчилгаа, ашиглалтын явц зэргээс шалтгаалж чанарын алдагдал, эвдрэлд ордог. Тэдгээр шалтгааны талаар мэдэж авцгаая.
👷 Буруу арчилгаанаас үүдэлтэй
Бетоны бат бэхийн өсөлтөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол арчилгаа юм. Гэтэл арчилгааг хугацаанд нь, стандартын дагуу зөв хийгээгүйгээс болж бетон чанараа алдах, хагарах, цуурах зэрэг сөрөг үр дагавартай. Цаашилбал,
⚡ Механик гэмтэл: Хэрвээ бетон бүтээц ашиглалтынхаа явцад цохилт, таталт, үрэлтийн болон шахалт гэх мэт гаднын хүчний үйлчлэлд хагарч, цуурч, эмтэрч, бутарч эвдрэлд орж байвал механик гэмтэл гэж үзнэ.
⌛ Өгөршил: Харин эвдрэл үүсэхүйц механик хүч үйлчлээгүй байхад бетон ямар нэг хэмжээгээр чанараа алдах үзэгдлийг бетоны өгөршил буюу зэврэлт гэдэг.
➕ Нэмээд бетонд хэт их даац өгөх, электрохимийн нөлөө буюу нүүрсхүчлийн хий чийгний хамтаар бетонд нэвчин нөлөөлөх, хэвийг дутуу бэхлэх, угсрах, цутгалтыг дутуу хийх зэргээс шалтгаалж эвдрэл гэмтэл үүсдэг.
Эцэст нь… Чанартай бетон зуурмаг авлаа гэхэд хэрхэн арчлахаа мэдэхгүйгээс болж чанар, бүтэц нь өөрчлөгдчихвөл хайран шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, мэдээлэл авахыг танд санал болгож байна.
Мэд: Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг өчигдрөөс цахимаар авч эхэлсэн байна шүү. (E-Mongolia)
Сонирх: Ууланд гарах дуртай хүмүүст хэрэгтэй эд байна даа. (TheHustle)
Галзуу: NASA болон Nokia хамтран саран дээрээс стрийминг хийх, мессеж бичих боломжтой 4G сүлжээг нэвтрүүлнэ. (CNN)
Танилц: Apple-н хиймэл оюун ухаант гар утасны ид шид. (TheVerge)
Publisher: Ц.Анхбаяр
Editor:С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by:Ч.Батцэрэн
Reply