- Lemon Press
- Posts
- 🤯 Төрөлт: Сүүлийн 20 жилийн доод түвшин
🤯 Төрөлт: Сүүлийн 20 жилийн доод түвшин
Наранцэцгийн эдийн засаг | Хасагдсаных өсөж, нэмэгдсэнийх унав | Төвлөрсөн бүсчлэлийг холбов
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Нийслэл маань түгжээтэй байсан автобусны буудлууд дээрх дулаан зогсоолоо өчигдөр нээсэн шүү. Түгжсэн шалтгаан нь хулгай, танхайрлаас үүдэлтэй байсан бөгөөд 24 цагийн харуул хамгаалалт хэрэгтэй байгаа аж. Гээнэ дээ ч бий, гооно доо ч бий гэдэг шиг л… 😖


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд өмнөх оны мөн үеэс 4.8% өсөж ₮52.9 их наядад хүрчээ.
FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо иргэдийн давхар зээлийн эрсдэлийг бууруулах, апп-аар олгож буй зээлийн давхардлыг хязгаарлахаар холбогдох журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж байна.
BCM: Монголын бизнесийн зөвлөл 2026-2027 онд зөвлөлийг удирдах гишүүдээ танилцууллаа.

🤯 Төрөлт: Сүүлийн 20 жилийн доод түвшин

Монгол Улс демографийн чимээгүй боловч гүнзгий өөрчлөлтийн үе шатанд оржээ. Төрөлт буурсаар хүн амын цэвэр өсөлт сүүлийн 20 жилийн хамгийн ёроолын цэгт тулаад байна.
🤱 Оргил руу тэмүүлсэн 10 жил
2013 он хүртэл 1988 онд тогтоогдсон төрөлтийн рекорд эвдэгдээгүй байлаа. Өөрөөр хэлбэл, 2006 оноос хойш төрөлтийн тоо нэмэгдсээр 2013 болон 2014 онд жил дараалан шинэ рекорд тогтоосон юм. Хүн ам хурдтай тэлсэн тус хугацаанд 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлт 10.3 нэгжээр нэмэгдсэн юм. Харин өнөөдөр байдал орвонгоороо эргэжээ. Өнгөрсөн оны нийт төрөлтийн тоо жилийн өмнөхөөсөө 5.8%, 2014 оны рекордоос 31.6% тус тус буурч 56.7 мянга болов.
📌 Буурсан гэхдээ… Нөгөө талд нас баралт 18.1 мянга болж жилийн өмнөхөөсөө буурсан харагдаж байгаа ч 1934 оноос хойших жилийн дундаж нас баралтаас 3 мянгаар өндөр хэвээр байгаа юм. Түүхэн дүнг харвал нас баралтын тоо 1970 оноос хойш 16 мянга орчимд хэлбэлзэж ирсэн ч 1984 он болон 2021 оны Ковид-19-ийн үеэр огцом өсөж 20 мянгыг давж байв.
🫣 Харьцаа алдагдав: Бас нэг анхаарах зүйл нь нас баралтад эзлэх хүйсийн харьцаа. Одоогоос 90 жилийн өмнө эрэгтэйчүүдийн нас баралтад эзлэх хувь 50.4% буюу энэ тэнцүү байсан бол одоо энэ тоо 64.3% болжээ.
‼️ Цэвэр өсөлт буурсаар
Сүүлийн 6 жил төрөлтийн тоо тасралтгүй буюу жилд дунджаар 3.8 мянгаар буурч байгаа нь 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлтийн хэмжээг сүүлийн 20 жилийн хамгийн бага утга буюу 11.1-д хүргэв. Энэ бол түр зуурын үзэгдэл бус, харин ирэх арван жилүүдэд Монголын хөдөлмөрийн зах зээл, тэтгэврийн тогтолцоо, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх бодит дохио юм.
🤕 Хэрэв энэ хандлага хэвээр үргэлжилбэл, хөдөлмөрийн насны хүн амын өсөлт саарах, хүн амын ачаалал хэтрэх, эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлтийн суурь сулрах эрсдэл учирна.
Тиймээс манай хүн амын бодлого зөвхөн төрөлтийг уриалах уриа лоозон биш орон сууц, өрхийн орлого, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхэд асаргааны үйлчилгээ, хотжилт, амьдралын өртөг зэрэг суурь асуудлуудтай уялдах шаардлагатай болж байна. Хүүхдийн мөнгө, цалинтай ээж хөтөлбөр үр нөлөөтэй биш гэдгийг ухаар гэдэг маш том дохио шүү. Асуудлаа халамжаар биш бүхлээр нь шийдэх хэрэгтэй байна.

🫷 30 өдөр сархад хүртэхгүй байхад юу болох вэ? (FoxNews)
🎟️ Хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын жагсаалт. (СангийнЯам)
🧹 И-мэйл дээрх түм буман ажлуудаа AI-р цэгцлүүл. (Blog.Google)
🪑 $1 тэрбумын гишүүнчлэлтэй “Энхийн зөвлөл” байгуулах төлөвлөгөө. (TheWashingtonPost)

🧐 Хасагдсаных өсөж, нэмэгдсэнийх унав
ADB: МХБ-ийн ТОП-20 индексийн багцад өөрчлөлт орсны дараа арилжааны 2 өдөр өнгөрлөө. Өчигдрийн арилжаагаар багцаас хасагдсан Ард Кредит ББСБ (ADB)-ын хувьцааны үнэ I ангиллын компаниуд дундаа хамгийн ихээр буюу 2.55% өсжээ. Харин багцад шинээр орсон Эм Жи Эл Акуа (MGLA) компанийн хувьцааны үнэ II ангиллын компани дундаа хамгийн ихээр буюу 11.6% буурсан байна. Сонирхолтой үзэгдэл болж байна даа.

🌻 Наранцэцгийн эдийн засаг

Өвөр Монголын Баян нуур хотын наранцэцгийн үрийн үйлдвэрлэл, экспорт цэцэглэж, өнгөрсөн оны 11 сарын байдлаар экспортын орлого нь 2024 оноос 22% өсөж ¥4.6 тэрбумд хүрчээ. Өөрөөр бол тус хот дан ганц наранцэцгийн үрээс ₮2.3 их наядыг олж байна. 🫨
Энэ нь тус хотын хөдөө аж ахуйн экспортын 64%-тай тэнцэх дүн төдийгүй наранцэцгийн үрийн экспортын жилийн орлого ¥4.2 тэрбумаас буухгүй байгаа сурагтай.
🔎 Зах зээл нь хэр юм?
Тус хугацаанд Баян нуур хот 395,000 тн хүнсэнд хэрэглэдэг наранцэцгийн үрийг дэлхийн 40 гаруй орон руу экспортолсон. Наранцэцгийн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэхийн хэрээр тариалангийн талбай нь ч өргөжиж, өдгөө тус хот Хятадын нийт наранцэцгийн тариалангийн талбайн тал орчим хувийг бүрдүүлэх болов. Өөрөөр бол Хятадын экспортын наранцэцгийн үрийн тэн хагасыг Баян нуур хотод тариалж бас үйлдвэрлэж байна.
👏 Хөшигний ард: Оновчтой бодлого
Сонирхолтой нь, өдгөө тэрбум тэрбумаар хэмжигдэх экспортын орлого бүрдүүлж буй Баян нуур хотын наранцэцгийн тариалангийн талбай нь давслаг, шүлтлэг хөрстэй тул 1970 оноос өмнө улаан буудай, эрдэнэ шиш тариалах боломжгүй, мартагдсан газар байжээ. Харин 1970 оноос наранцэцгийн үр тариалж эхэлснээр өдгөө ¥20 тэрбумаар хэмжигдэх зах зээл болоод буй.
Үүний ард гаалийн шалгалтыг дижитал болгож, шалгалтын хугацааг 3 хоногоос 2 цаг болгон богиносгосон, мөн үйлдвэрүүдийг гадаад дахь агуулах, хил дамнасан цахим худалдаа, гаалийн үйл явцыг оновчтой болгох гэхчлэн оновчтой бодлогууд ихээхэн нөлөөлсөн.
Хэдий Улаан тэнгисийн хямралаас үүдэж тээврийн зардал өссөн нь сорилт болсоор байгаа ч үйлдвэрлэгчид далайн тээврээс хуурай замын тээвэрлэлт рүз шилжиж, ачааны галт тэрэг ашиглан Европ руу экспорт хийх замаар зардлаа мэдэгдэхүйц бууруулж байгаа гэнэ.
Эцэст нь… Хятад 2030 он хүртэлх 15 дахь 5 жилийн бодлогодоо 23 мужийг орон нутгийн онцлогт нь нийцсэн аж үйлдвэрээр хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах зорилт дэвшүүлсэн. Энэ жишгээр Баян нуур хот ч наранцэцгийн үр боловсруулах 120 компанийг нэгтгэсэн кластер үйлдвэрлэл хөгжүүлж буй.
Угтаа манай улс ч ХАА, газар тариаланг орон нутгуудад кластер болгон хөгжүүлнэ гээд бөөн хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Хэрэгжилт, үр дүн нь хэр байгаа юм бол доо? Ядаж байхад ₮3.1 тэрбумаар Улаанбаатараас Дархан руу нүүсэн яам нь буцаж Улаанбаатар руу нүүнэ, нүүхгүй гээд маргаад суух юм.

🏙️ Төвлөрсөн бүсчлэлийг холбов: Elysium Residence

Цэгцтэй хотхон төлөвлөлт, хотын төвөөс холгүй байршил гэхчлэн олон талын хүчин зүйлсийг харгалзан үзсэн орон сууц хайж байгаа бол, Монкон Констракшн ХХК-ийн ээлжит төсөл Elysium Residence-г танилцуулж байна. 📢
Elysium Residence нь Таван Богд автобусны зогсоолын баруун хойно, 4 блок, 440 айлын төлөвлөлттэй бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл юм.
🌄 Нар, салхитайгаа ойрхон: Ташуу хэлбэрийн архитектурын шийдэл нь орон сууц бүрийн цонх 2 тал руугаа харууцтай байх боломжийг олгожээ. Улмаар айл бүр жигд нар үзэх, агаар сэлгэлт чөлөөтэй хийж болох нь.
👌 Хотын аль ч бүс рүү төвөггүй нэвтэр: Хотхоны хувьд Яармагийн гүүр, Нарны гүүр, Гурвалжингийн гүүр, Энхтайвны гүүрний зангилаа хэсэгт байршсан онцлогтой. Харин хотхон төлөвлөлтийн стандарт, дотоод зохион байгуулалтыг тус компанийн шилдэг төслүүдийн нэг "Мандала” цуврал төслүүдээс харж болох юм.
Гэснээс ирэх Бямба гарагт Elysium Residence-н ирэх оны II улиралд орох шинэ төслийн өдөрлөг болно гэсэн шүү. Зорьж очоод гоё байртай болоорой. ✨


Shutterstock
🍋 Samsung группийн өв залгамжлагчид Samsung Electronics (SSNLF)-н ₩2.8 их наядын хувьцаагаа худалдана. Энэ нь хувьцааны үнийг 1 сарын 10-ны хаалтын үнэ болох ₩139 мянгаар тооцсон дүн бөгөөд нийт 15 сая ширхэг хувьцааг худалдахаар төлөвлөжээ. Үүгээр тэд 2021 оноос хойш хэсэгчлэн төлж буй нийт ₩12 их наядын өв залгамжлалын татварын сүүлийн төлбөрийг барагдуулах юм.
🍋 Нийслэлийн Прокурорын газар ДЦС-4-ийн захирал, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг 30 хоног цагдан хорихоор боллоо. Түүнийг сайдын албан тушаалд байхдаа Монголын 10 аймагт ДЦС барих гаднын $148.7 саяын зээлийн санхүүжилттэй төслийн зөвлөх үйлчилгээнд $9 саяын гэрээ байгуулсан ч албан тушаалаа урвуулан ашиглаж гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр $2.6 саяар нэмэгдүүлсэн үндэслэлээр шалгаж буй.
🍋 Хятад ¥17.2 тэрбумаар 700 км эрчим хүч дамжуулах шугам барьж ногоон эрчим хүч рүү шилжинэ. Тус шугамыг 2027 он гэхэд ашиглалтад оруулах бөгөөд үүгээр Өвөр Монголын сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудаас Бээжин, Тяньжин, Хэбэй рүү эрчим хүч дамжуулах аж. Одоогоор Өвөр Монгол Хятадын хамгийн том сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч муж болоод буй.
🍋 СХЗ Бээжингийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд талууд 2008 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг зах зээлийн өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэх, цаашлаад Монголын компаниудыг Хятадын ХЗЗ-д давхар бүртгүүлэх боломжийг дэмжих чиглэлээр санал нэгджээ. Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хяналт, мониторингийн тогтолцооны талаар туршлага солилцох нь.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply