😥 Татварын диллемма

ТОП-20: Маркетингийн зардал | AIA Group-н огцом уналт | Бизнесийн эрх чөлөө айсуй

POWERED BY

Өглөөний мэнд! Саяхан Америкийн хамгийн өндөр борлуулалттай компаниудыг эрэмбэлдэг Fortune 500 тэргүүн байрт өөрчлөлт оржээ. Учир нь одоогоос 20 гаруй жилийн өмнө жагсаалтын 492-р байрт жагсаж байсан Amazon (AMZN) нь өнгөрсөн онд борлуулалтаа 12% өсгөж $700 тэрбумд хүргэснээр 2012 оноос хойш ноёлсон Walmart (WMT)-н амжилтад цэг тавьж, №1-д бичигдэж эхэлсэн аж. Ингэснээр Fortune 500-н 72 жилийн түүхэнд №1-д бичигдсэн компаниудын тоо General Motors (GM), Exxon Mobil (XOM), $WMT дээр $AMZN нэмэгдэж нийт 4 боллоо. 🔥

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: ЗГ нарны батарей, нарны үүсгүүр, салхины сэнс, батарей хураагуур, ногоон устөрөгч гэхчлэн ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, дата төвийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас бүрэн чөлөөлөхөөр болов

MSE: СЗХ Монголын хөрөнгийн бирж ХК-ийн өнгөрсөн сард шинэчлэн баталсан Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журмыг батламжлалаа

GOV: ЗГ Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв

BOM: Өнгөрсөн 5-р сард гадаад валютын улсын албан нөөц (ГВУН) өнгөрсөн оны мөн үеэс 48.9% өсөж, түүхэн дээд буюу $7.7 тэрбумд хүрлээ.

🤑 ТОП-20: Маркетингдаа хэр мөнгө зарцуулдаг вэ?

Өнгөрсөн онд ТОП-20 индексэд багтдаг компаниудын борлуулалт, маркетингийн зардал өмнөх оны мөн үеэс 11.5% буурч ₮276.8 тэрбумд хүрчээ. Буураад буураад ийм том байна гэхээр л их сонирхолтой. 

🔎 Сонирхолтой тоог сонирхъё

Компаниудын аудитлагдсан санхүүгийн тайлангаас харахад, нийт 20 компанийн 9 нь 2025 онд маркетингийн зардлаа ₮57.1 тэрбумаар танасан бол үлдсэн 11 нь ₮21 тэрбумаар нэмэгдүүлжээ. Үүнээс маркетингийн зардлаа хамгийн өсгөсөн нь 132.4%-ийн өсөлттэй Премиум Нэксус (CUMN) байлаа. Харин хамгийн их хувиар танасан нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) байсан бөгөөд тэд зардлаа ₮557.6 саяар буюу 81.3% бууруулжээ.

  • 💪🏼 Том маркетинг: 2025 онд АПУ (APU) борлуулалт, маркетингийн зардлаа өмнөх оноос 22.9% бууруулж ₮169.9 тэрбумд хүргэжээ. Сонирхуулахад, тэд маркетингдаа ₮1 саяыг зарцуулахад ойролцоогоор 3 минут 6 секунд хангалттай байсан аж. Гэснээс, компанийн аудитлагдсан санхүүгийн тайланд борлуулалт, маркетингийн зардал дэлгэрэнгүй тусгагдаагүй тул санхүүгийн тайлангаас нь дээрх тоог тооцсон шүү.

  • 💲 Дундаж зардал: Ноднин ТОП-20 компаниуд дунджаар ₮13.8 тэрбумыг маркетингдаа зарцуулсан байна. Хэрэв $APU-г тооцохгүйгээр харвал, үлдсэн 19 компанийн маркетингийн дундаж зардал ₮5.6 тэрбумд хүрэхээр байна. 

  • 🔻 Хамгийн бага: Нийт 20 компаниас маркетингдаа хамгийн бага мөнгө зарцуулсан нь Улсын Их Дэлгүүр (UID) байв. Тодруулбал, 2025 онд $UID маркетингдаа ₮4.2 саяыг зарцуулсан нь 2024 оноос 21.3% буурсан дүн аж. Компанийн хувьд орлогын гол эх үүсвэр түрээсийн талбайгаас шалтгаалдаг тул ийм хэмжээний зардлыг маркетингдаа зарцуулахыг ойлгож болох л юм. 

Том зургаар… Эдгээр 20 компанийн борлуулалт, маркетингийн зардлын тодорхой хэсэг нь медиа компаниуд, маркетингийн агентлагууд, контент бүтээгчид, инфлүнсэрүүд рүү зарцуулагдсан нь лавтай. Тэгэхээр Монголын бүтээлч салбарын зах зээлийн үнэлгээний багагүй хэсэг нь ₮276.8 тэрбумаар үнэлэгдэж буйг харж болохоор байна. 🧮 

  • ☯️ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой боломж ба болгоомжлол. (ThinkMongol)

  • 🤔 Дэлхийн томоох EV үйлдвэрлэгчдийн нэг BYD эрчээ алдаж эхэлсэн үү? (TheEconomist)

  • 🎹 Карнеги Холлд уригдан тоглосон 11 настай Г.Бадмаараг шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ. (gogo

  • 👯 Friends цувралын одууд дахин шинэ олон ангит кинонд хамтарч тоглоход бэлэн. (Variety)

🔻 AIA Group-н нэг өдрийн огцом уналт

1299.HK: Өчигдрийн Хонконгийн бирж дээр даатгалын салбарын аваргуудын нэг AIA Group-н нэгж хувьцааны үнэ даруй 6.7% унаж HK$76.7-т хүрчээ. Тус уналтад Хонконгийн хэд хэдэн банк эх газрын Хятадын харилцагчдад шинэ данс нээхээ зогсоосон тухай мэдээ нөлөөлсөн бөгөөд Хятадаас ирсэн харилцагчид ихэвчлэн AIA Group-р даатгуулдаг аж. Сонирхуулахад, Bank of East Asia (0023.HK)-н Шанхай хот дахь салбар шинэ данс нээхээ зогсоосон бол HSBC (0005.HK) Шанхай хот дахь бүх хөрөнгө оруулалтын данс нь Хонгконгийн зохицуулалтыг мөрдөх ёстой хэмээн мэдээлжээ.

😥 Японы Ерөнхий сайдын татвар бууруулах диллемма

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор ирэх жил хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний татварын хувь хэмжээг 0% болгон бууруулах амлалт өгсөн. Гэсэн ч амлалтаа хөрсөн дээр хэрхэн буулгах тал дээр шийдэлд хүрч чадахгүй мухардав

  • 👉 Энэ бол Ерөнхий сайд Санаэ Такаичигийн намыг ялалтад хүргэсэн сонгуулийн амлалт төдийгүй анхандаа олон нийтээс сайшаал, магтаал хүртсэн ч одоо бол хэрхэн хэрэгжүүлэх аргаа олохгүй толгойны өвчин болон хувирч байна. 

🙉 Нөхцөл байдал

2019 оноос хойш Япон хүнсний бүтээгдэхүүнд 8%, бусад бараа бүтээгдэхүүнд 10%-ийн хэрэглээний татвар ногдуулдаг 2 төрлийн татварын систем рүү шилжсэн байдаг. Улмаар өрхийн зардалд ихээхэн нөлөөлж буй хүнсний татварыг 2027 оноос эхлэн 2 жилийн хугацаатай тэглэх талаар ярих болсон. Гэсэн ч гол тулгамдаж буй асуудал нь дэлгүүрүүдийн кассын машин... 

  • 🫥 Тодруулбал, томоохон сүлжээ дэлгүүрүүдийн касс, картын гүйлгээ болон бэлэн бус төлбөрийг боловсруулдаг системүүд анхнаасаа 0%-ийн татварын хувь хэмжээг тооцоолохоор зохион бүтээгдээгүй тул шинэчилж, дахин тохируулга хийх хэрэгтэй болжээ. 

  • 💳 Улмаар кассын машинуудад тохируулга хийж, 0% буюу татвар авдаггүй болгохын тулд 1 жил, харин 1%-ийн татвартай болгоход 5-6 сарыг зарцуулахаар байгаа аж. 

Өөрөөр бол хүнсний татварыг тэглэхээс илүү 1% болгох нь хурдан хэрэгжих боломжтой гэх шалтгаанаар Ерөнхий сайд энэ сард уг асуудал дээр шийдвэр гаргах төлөвтэй байна. Ингэснээр намрын ээлжит бус чуулганаар хуулийн төслөө өргөн барьж, 2027 оны хавар хүчин төгөлдөр болгох боломжтой аж.

💔 Алдагдлын зөрүү

Уг 2 татварын хувь хэмжээний ард төсвийн хүлээх алдагдал ч хөөрхөн өөрчлөгдөнө. Тухайлбал, хүнсний татварыг 0% болговол төсөвт ¥5 их наяд, 1% болговол ¥4 их наядын цоорхой үүсэх юм. Угтаа тус татвараас төвлөрсөн мөнгөө нийгмийн халамжид зарцуулдаг тул ямар нэгэн байдлаар нөхөх хэрэгтэй болж таарах буюу булан эргээд л түүний ЗГ шинээр бонд гаргахгүй гэх амлалттайгаа нүүр тулна гэсэн үг.

Эцэст нь… Санал, санаачилгаас эхлээд тулгамдаж буй асуудал нь ч манайд өрнөж буй үйл явдалтай ойр сонсогдож байгаа биз? Бодит байдал дээр 1% ч бай, 0% ч бай эдийн засгийн том өвчнөө анагааж чадахгүй буюу түр зуурын л өвчин намдаагч. Гол нь ялгаа нь хэрэв 0% болгож чадахгүй бол Санаэ Такаичи амлалтаа биелээгүйд тооцогдож, хүнд цохилт авч магадгүй. Манайд бол 8%-иас ядаж 1% болговол ашгүй дээ, буулгаж чадлаа гэж хүлээж авна. Харин Японд бол 0% болгож чадахгүй нь яана аа гээд санаа зовох асуудал... 😮‍💨

…Нэгэн дэлгүүрт теннисний цохиур болон бөмбөг нийлээд ₮51 мянгын үнэтэй ажээ. Цохиурын хувьд бөмбөгнөөс яг ₮50 мянгаар илүү үнэтэй гэж тооцвол бөмбөг дангаараа ямар үнэтэй вэ? Хариултыг олсон бол ажлынхандаа таалгаад үзээрэй. Ихэнх нь буруу л хариулах болов уу? 🤪

🔎 Опцион, Фьючерс, Спот арилжааны аль нь танд тохирох вэ?

Хэрэв та крипто зах зээлд арилжаа хийж үзсэн бол спот арилжаа, фьючерс, опцион гэсэн 3 нэр томьёотой таарсан л байх. Ялгааг нь сайн мэддэггүй бол наашаа суугаарай.

  • 🛡️ Спот арилжаа: Спот арилжаа нь хөрөнгийг зах зээлийн үнээр авч шууд эзэмшихэд чиглэдэг. Гол нь ашиг, алдагдал үнийн хөдөлгөөнөөс шууд хамаарна.

  • 🔮 Фьючерс: Фьючерс нь хөрөнгийг ирээдүйн үнээр авах эсвэл зарах арилжаа юм. Нэг үгээр зөвхөн үнийн хөдөлгөөн дээр тоглолт хийнэ гэж ойлгож болно. Мөн хөшүүрэг ашигласнаар бага мөнгөөр өндөр ашиг хүртэх боломжтой ч эрсдэл өндөртэйг санах нь зүйтэй.

  • 👀 Опцион: Опцион нь танд хөрөнгө авах эсвэл зарах эрхийг өгдөг боловч заавал арилжаа хийх үүрэг хүлээхгүй байх боломжийг олгоно. Ингэхдээ урьдчилж төлбөр буюу premium төлөх шаардлагатай.

Дүгнэхэд… Эдгээр ойлголтууд нь өөр өөр эрсдэл, боломжтой тул туршлагатай арилжаачид нөхцөл байдалдаа тохируулан ашигладаг байна. 📚

Giphy

🍋 Улаанбаатарын яриа хэлэлцээр Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Америк, Хятадын энхийн хэлэлцээрийн талбар болох уу? Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Улаанбаатарын яриа хэлэлцээний нээлтийн үеэр Солонгосын хойгийн өнөөгийн гал зогсоох дэглэмийг албан ёсны энхийн тогтолцоогоор солих төлөвлөгөөг танилцуулж, тус 4 улсыг оролцуулсан 4 талт энхийн хэлэлцээ эхлүүлэх санал дэвшүүлжээ. 

🍋 Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20% болгон бууруулахын тулд ₮3.3 их наядын хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлагатай. Гэвч зах зээл богино хугацаанд энэ хэмжээний нийлүүлэлтийг шингээх боломж хязгаарлагдмал байгаа тул цаашид банкны хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар өөрчлөх зохицуулалтыг хуулийн шинэчлэлд тусгажээ.   

🍋 OpenAI болон Anthropic AI ашиглан биологийн зэвсэг бүтээх эрсдэлийг бууруулах шинэ хууль батлахыг уриалж эхлэв. Улмаар тэд Конгрессын гишүүдэд захидал илгээсэн бөгөөд захиандаа ДНХ болон РНХ-ийн захиалга, нийлүүлэлтийг илүү хатуу хянах, хэрэглэгчдийг шалгах тогтолцоог сайжруулах шаардлагатайг онцолжээ. 

🍋 Бизнесийн эрх чөлөөний тухай болон дагалдах 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ. Уг хуулиар хуулиар хориглоогүй салбарт дуртай бизнесээ эрхлэх боломжийг нээж, төрөөс бизнест оролцох оролцоог хязгаарлахыг зорьж байна. Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор суутган татварыг 5 хувь болгон бууруулж, гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлэх аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.