🌟 Цоо шинэ ТОП-20

Ариг банкны IV улирлын тайлан | Дэлхийн хамгийн том чипийн кластер үйлдвэр | ТОП-20 индекс шинэчлэгдлээ

POWERED BY

Morning! Таны сонорт дуулгахад, одоо байгаа автобусны апп-ийг ашиглахаа больж ICT Group-н хөгжүүлж буй шинэ апп хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ шүү. Шинэ апп-аа татаад шинэ чиглэлээ хараад явах нь ээ. 🚌

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оноос 31.3% өсөж ₮24.3 их наядад хүрлээ

CHN: Хятадын өнгөрсөн онд импортолсон чипийн үнийн дүн 15.4% буурч $349.4 тэрбум болсон нь 2004 оноос хойших хамгийн огцом уналт болов.  

NSO: Эрүүл мэндийн даатгалын сангийн өнгөрсөн оны орлого өмнөх оны мөн үеэс 30.3% нэмэгдэж ₮1.6 их наяд болжээ.

🎤 ₮100 саяын эзэн болсон ялагчийн түүх

Бид 40 долоо хоног үргэлжилсэн Голомт Капитал ҮЦК-ийн гадаад арилжааны уралдаан Golomt Capital Championship (GCC)-д амжилттай оролцож ₮100 саяын ялагч болсон К.Манчуктай хэрхэн хөрөнгө оруулалтын багцаа 182.6% өсгөсөн болон ямар стратегиар, ямар хувьцаанд түлхүү хөрөнгө оруулсан зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. Тухлаад суугаарай! Сонирхолтой яриа өрнөх гэж байна шүү.

Стратегийн хувьд тэмцээнд би “Long position” буюу тухайн хувьцааг өснө гэх хүлээлттэйгээр хөрөнгө оруулах нь илүү ашигтай гэж үзээд хөрөнгө оруулалтаа хийж байсан. Хувьцаагаа сонгохдоо эхлээд салбараа тодорхойлоод компаниа судалж эхэлсэн. Хэдий сайн судлаад хөрөнгө оруулсан ч хувьцаа болгон бас өсөхгүй шүү дээ. 

Гэснээс түүний хөрөнгө оруулалтын өгөөж 182.56% байсан бол 2-р байранд шалгарсан оролцогчийнх 72.8% байсан шүү. 🤩

🏦 Цэвэр ашиг 2.3 дахин өссөн нь

Ариг банкны цэвэр ашиг 2023 онд 2.3 дахин өсөж ₮17.6 тэрбумд хүрсэн байна. Өнгөрсөн онд тэд хэрхэн ажилласныг харах уу?

Улам сайжирсаар

Ариг банкны нийт хөрөнгө 2023 онд 71.2% өсөж ₮445.9 тэрбумд хүрэв. Улмаар тус онд олсон хүүгийн орлого 2.2 дахин нэмэгдэж ₮35.6 тэрбумд хүрсэн нь ашиг 2.3 дахин өсөж ₮17.6 тэрбумд хүрэхэд нөлөөлжээ. Цааш харвал,

  • Зээлийн чанар сайжирсан: Тэдний олгосон цэвэр зээлийн хэмжээ 2.1 дахин өсөж ₮195.5 тэрбумд хүрсэн. Гэхдээ зээл гаргалт ингэж их өссөн ч чанаргүй зээлийн харьцаа 10.4 нэгж хувиар бууруулж 6.2%-д хүргэж чаджээ. Ийнхүү чанаргүй зээл үлэмж хэмжээгээр буурсан учир зээлийн эрсдэлийн сангаа 90% бууруулж ₮1.7 тэрбумд хүргэсэн байна. Нэг үгээр хэлбэл, Ариг банк зээлийн удирдлагаа сайжруулж, эрсдэлээ бууруулж чадсан юм.

  • Эх үүсвэрээ ч нэмэгдүүлэв: “Аригтай хадгалъя” хадгаламжийн аяны хүрээнд ₮162 саяын урамшууллыг олгосноор тэдний хадгаламжийн хэмжээ 3.1 дахин өсөж ₮154.5 тэрбум, харилцахын хэмжээ 70.5% өсөж, ₮20 тэрбумд хүрсэн юм.

Бизнесийг нь яривал

Санхүүгийн тоонууд ийнхүү танилцуулагдсан бол одоо тэдний 2023 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хийж, хэрэгжүүлсэн зарим ажлыг харъя.

  • Тэлэлт: Тус онд Ариг банк Улаанбаатарт 7, Орхон аймагт 1 салбар нээсэн байна. Мэдээж ингэснээр санхүүгийн үйлчилгээг харилцагч нартаа ойртуулсан юм.

  • Гадаад банктай ч хамтарна: Ариг банк өнгөрсөн онд мөн Германы Bayerische Landesbank-д евро, Хятадын Өвөрмонголын банк, Zhejiang Chouzhou Commercial Bank-д доллар болон юанийн корреспондент данс тус тус нээснээр харилцагчдын гадаад гүйлгээг шуурхай гүйцэтгэх боломжтой болов.

Эцэст нь, банкны салбарын тэсрэлтийг Ариг банк алдахгүй харин ч магнайд нь явж байна даа.

🔜 Дэлхийн хамгийн том чипийн кластер үйлдвэр 

005930.KS: Өмнөд Солонгосын ЗГ-аас Samsung болон SK Hynix (000660.KS)-д $470 тэрбумын татаас олгоно. Тус улсыг ЗГ дэлхийн хамгийн том чипийн кластер үйлдвэрүүд барих томоохон амбицтайгаар төслийн хүрээнд 13 чипийн үйлдвэр, 3 судалгааны хүрээлэнг 2047 он хүртэл барихаар төлөвлөөд буй. Ингэснээр 2030 он гэхэд Өмнөд Солонгосын дэлхийн чипийн зах зээлд эзлэх хувь 3%-аас 10% болох гэнэ.

🌟 Цоо шинэ ТОП-20

МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн багц шинэчлэгдлээ. Ямар компаниуд нэмэгдэж, ямар нь хасагдав? 

Bye 5! Hi 5!
Энэ удаагийн шинэчлэлтээр Ард Даатгал (AIC), Бодь Даатгал (BODI), Улсын Их Дэлгүүр (UID), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) болон Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) хасагдлаа. 

  • +5: Харин шинээр өнгөрсөн жил IPO хийсэн ХААН Банк (KHAN), Худалдаа хөгжлийн банк (TDB), Газар Шим үйлдвэр (GAZR), Монложистикс Холдинг (MLG) болон Монголын Хөрөнгийн Бирж (MSE) нэмэгдэв. 

  • Үзүүлэлт ⬆️: ТОП-20 индексийн багцыг 2023 онд шинэчлэхэд үүнд багтаж байсан компаниудын тухайн үеийн зах зээлийн нийт үнэлгээ ₮5.4 их наяд байсан бол одоогийн багц үүнээс 64.3% илүү. Түүнчлэн өмнөх багцын өдрийн арилжааны дундаж хэмжээ ₮15 сая байсан бол одоогийнх ₮28.7 сая байгаа аж. 

Шинэ өнгө төрх

Шинэчлэгдсэн ТОП-20 компанийн 10 нь санхүүгийн салбарын акул, 5 нь хүнсний салбарын луугарууд, үлдсэн хэсэг нь тээвэр, үйлдвэрлэл, уул уурхай, худалдааны салбарын төлөөлөл байна. Тодруулбал, 

  • 6-гаас 5: ХасБанк (XAC)-наас бусад IPO хийсэн бүх банк ТОП-20-ийн эгнээнд нэгдэв. Улмаар тэд ТОП-20 компанийн нийт зах зээлийн үнэлгээний 58.8%-ийг дангаараа бүрдүүлж буй. 

  • Хүчирхэг хүнс: Өмнө нь ТОП-20-д хүнсний салбарын 4 компани багтдаг байсан бол одоо Газар Шим нэмэгдэж хүнсний салбарын хүч нэмэгдсэн. 

  • Ганц дайчин: УИД жагсаалтаас хасагдсанаар худалдааны салбараас зөвхөн CU (CUMN) л үлдлээ. Харин тээврийн салбараас ганц Монгол шуудан ХК (MNP) байдаг байсан бол Монложистикс Холдинг түрэн орж ирэв. Эсрэг талд өмнө нь даатгалын салбарын 3 компани ТОП-20-д багтдаг байсан бол одоо Мандал даатгал (MNDL) л тунаж үлдлээ. 

  • Ардын оролцоо ⬇️: Жагсаалтаас хасагдсан 5 компанийн 2 нь “Ард” нэртэй компани. Улмаар ТОП-20-ийн сагсанд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай 4 компани багтаж байснаас 2 болж буурав. 

Эцэст нь… ТОП-20 индексийн багцад багтаж байгаа 15 компани санхүү, хүнс гэсэн ердөө 2 салбарын компаниуд байна. Тэгэхээр одоо төрөлжүүлэх буюу бусад салбарын хөрөнгийн зах зээл дэх оролцоо нэмэгдэх шаардлагатай байгаа юм. Уул уурхайн луугарууд, үүрэн холбооны операторууд, технологийн томчуудын IPO-г тэсэн ядан хүлээж сууна даа. 

Dribble

🔹Хотын төвөөс 34 км-ийн зайд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна. Тус төслийг 2050 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК хэрэгжүүлэх юм. Сонирхуулахад тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагыг хотын 2 захад гаргах гэнэ.

🔹ОУВС-гаас хиймэл оюун ухаан (AI) хөгжиж буй орнуудын нийт ажлын байрны 40%-д нөлөөлөх төлөвтэй байна гэв. Түүнчлэн хөгжингүй орнуудын нийт ажлын байрны 60%-д нөлөөлснөөр бараг тал нь бүтээмжээ нэмэгдүүлэх юм. Харин бага орлоготой орнуудад технологийн тэгш бус байдлыг үүсгэх эрсдэлтэй аж. 

🔹Өнгөрсөн 12-р сард Нийгмийн даатгалын сангийн орлого ₮4.3 их наядад хүрлээ. Харин зардал нь ₮4 их наядад хүрээд буй. Орлогыг нь задлан харвал НДШ-ийн орлогоос ₮3.5 их наяд буюу 81%-ийг бүрдүүлсэн бол улсын төсвөөс ₮764 тэрбумыг НДС-гийн зардлыг нөхөхөөр олгосон байна. 

🔹 Голомт Банк ХК (GLMT) олон нийтээс татан төвлөрүүлсэн дүнгийнхээ 98% буюу ₮116.7 тэрбумыг зээл хэлбэрээр олгожээ. Тэд олон нийтээс нийтдээ ₮118.8 тэрбумыг татан төвлөрүүлсэн билээ. Улмаар IPO-н дараа тус банкны өөрийн хөрөнгө 40% өсөж ₮940 тэрбумд хүрээд байна.

Хэр тогтож уншдагаа шалгая. Буруу хариултыг сонгоно шүү.

A. Ариг Банкны цэвэр ашиг 2023 онд 2.3 дахин өссөн.
B. ТОП-20 индексээс Ард Кредит хасагдав.
C. Голомт банк татан төвлөрүүлсэн дүнгийнхээ 98%-ийг зээл хэлбэрээр олгосон.

  • Боломж: World Economic Forum-д Метаверсаар оролцох боломжтой. (Axios)

  • Бүртгүүл: Mongolia National Youth Forum болох гэж байна. Мэдсэн үү? (YPEER)

  • Мэдсэн үү? МОСТ Финтек ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тов зарлагдлаа. (UBX)

  • Нээлт: Судлаачид дэлхийтэй ижил хэмжээтэй шинэ гаргийг нээжээ.

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт нь B буюу Ард Кредит (ADB) бус Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) ТОП-20 индексээс хасагдсан билээ.

Reply

or to participate.