• Lemon Press
  • Posts
  • 💪 ТОП-20-н бүтээмж өсөв

💪 ТОП-20-н бүтээмж өсөв

Аяга кофены стратеги | $UID-н хурлын драма | 2026 оны төсөв

POWERED BY

Hey! Нийслэл маань Саппорогоос Офицеруудын ордон хүртэл төв зам дагуух автомашин болон автобусны зогсоолуудыг ногоон байгууламж, явган хүний зам болгоно гэнэ ээ. Сайхан сонсогдож байгаа ч эхлээд зогсоолынхоо асуудлыг шийдэхгүй байсан юм байх даа. Ер нь ч тэгээд алхах нь хамгийн өлзийтэй сонголт болж байх шив дээ. 🙃

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн өчигдрийн арилжаагаар 52 долоо хоног, 3 жилийн хугацаатай нийт ₮10 тэрбумын бондыг санал болгож, татан төвлөрүүлэх дүнгээс давсан буюу ₮37 тэрбумын үнийн дүнтэй 41 захиалга ирснээр амжилттай арилжаалагдлаа

MNG: Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл ₮700 тэрбумыг Монголбанкнаас тодорхойлсон системийн нөлөө бүхий арилжааны 4 банканд хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулна

MCE: Хөдөө аж ахуйн биржийн энэ 7 хоногийн дуудлага худалдаагаар нийт ₮311 саяын үнийн дүн бүхий 206 тн үрийнбуудайн арилжаа хийгдэв.

📝 Инвескор ББСБ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

LP Transcript-н ээлжит дугаараар Инвескор ББСБ ХК (INV)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!

2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга: 

Нэгдүгээрт, компанийн бүтцийг танилцуулъя. 2024 оны ХЭХ-аар  танилцуулж байснаас хойш орсон томоохон өөрчлөлт нь групп компанийн бүтэц дээр гарсан явдал юм. Энэ оны эхээр Инвескор санхүүгийн групп компани Лондоны хөрөнгийн биржид бүртгэгдсэнээр нэг шинэ шат нэмэгдэж, ICFG Ltd./ UK/ бүртгэгдэн орсон. Мөн Сингапурт бүртгэлэй толгой компани болон Монголд бүртгэлтэй SIBJ Capital хэвээр байна.

💪 Бүтээмж нэмэгдэв 

Бид яг жилийн өмнө ТОП-20 компанийн бүтээмжийг хэмжиж болох 1 ажилтанд ногдох орлогын үзүүлэлтийг тоймлож байсан билээ. Харин яг жилийн дараа ямар өөрчлөлт гарсныг харъя. 

📈 Том зургаар: +13.2%

Сүүлийн 2 жил дараалан ТОП-20 индексийн сагсанд багтсан компаниудын 1 ажилтанд ногдох орлогын дундаж үзүүлэлт 2024 онд жилийн өмнөхөөсөө дунджаар 13.2% өсөж ₮704.4 сая болсон байна. Энэ дундаас Тавантолгой (TTL) уг үзүүлэлтээр дахиад л тэргүүллээ. Жагсаалтыг тэргүүлж байгаа 5 компани нь логистик, санхүү, хүнс, даатгал гээд өөр өөр салбарынх байгааг онцлууштай. Салбар салбартаа лаг бүтээмжтэй ажилладаг хэд нь ТОП-20-д цуглаж дээ гэмээр. 

  • 👏 Хамгийн их өсөлттэй: 2024 онд 1 ажилтанд ногдох орлогоо жилийн өмнөхөөсөө хамгийн ихээр нэмэгдүүлсэн компани бол Инвескор ББСБ (INV) болон Премиум Нексус (CUMN) аж. Угаас $CUMN өнгөрсөн оноос ашигт ажиллагаанд шилжсэн бол $INV цэвэр ашгаа 87.7% нэмэгдүүлж чадсан билээ. 

  • 📌 Бууралт, гэхдээ: Харин Түмэн Шувуут (TUM)-ын 1 ажилтанд ногдох орлого 17%, Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ных 14% буурсан харагдаж байгаа нь орлогын бууралт бус ажилчдын тооны нэмэгдэлтэй холбоотой. Бид уг мэдээллийг zangia.mn-с авсан бөгөөд компаниуд ажилчдынхаа тоог тухайн жил бүрд биш олон жилийн дараа шинэчилсэн байх магадлалтай.  

🔍 Баян ходоодны сэлгээ 

Өнгөрсөн жил Монгол шуудан (MNP)-гийн 1 ажилтанд ногдох орлого ТОП-20 дундаа хамгийн бага байв. Харин энэ жил Ард Санхүүгийн нэгдэл (AARD) ТОП-20-д нэмэгдэж орсноор $MNP-с уг суудлыг залгамжилж авлаа. $MNP одоо жагсаалтын доороосоо 2-т бичигдэж байгаа ч 2024 онд орлогын өсөлтөөс шалтгаалан 1 ажилтанд ногдох орлого нь 23.6% нэмэгдэж, ногдол ашиг ч хуваарилаад амжсаныг дурдъя.

Эцэст нь… Бүтээмжийн асуудлыг олон улсад янз бүрээр хэмждэг аргын нэг нь энэ. ХК тэр дундаа ТОП-20 компанийн энэ жилийн үзүүлэлт нэг иймэрхүү байлаа. Болдог бол төрийн өмчит компаниудын бүтээмжийг ингэж хэмжих сэн. Уйлмаар болох байх даа.

  • 💸 Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эмэгтэй бизнес эрхлэгчдэд ₮30-₮100 саяын тэтгэлэг олгоно гэнэ. (Gogo

  • 💻 Microsoft-н кодын сангийн хэдэн хувийг AI бичсэн гэж бодож байна даа? (TechCrunch)

  • ☎️ Amazon бараа бүтээгдэхүүний үнэд тариф хэрхэн нөлөөлж байгааг харуулах гэж байсныг Дональд Трамп тас хориглов. (BBC)

  • 🧘 Захаасаа эдийн засгийн хямралыг даван туулахдаа сэтгэл санаагаа бэлдэцгээж эхэлж. (CNN)

📉 Хурлын дараах уналт

UID: Мягмар гарагт Улсын Их Дэлгүүр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болсон билээ. Үүний араас өчигдөр тус компанийн хувьцааны үнэ ₮409-өөр буюу 11.5% уналаа. Хурлын үеэр хурлаас хоцорсон хувьцаа эзэмшигчээ оруулахгүй харуулаар мануулсан гээд нэлээд юм болсон сурагтай. Дайран дээр давс гэгчээр компани 2024 оны эцэст ₮3.4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан ч ₮9.3 тэрбумын хуримтлагдсан алдагдалтай байгаа. Нэмээд урт хугацаат өр төлбөр нь ₮17 тэрбумд хүрсэн, засаглал нь базаахгүй буюу кодексийн хэрэгжилт нь 30%-иас бага гээд хэцүүхэн тоонууд их бий дээ.  

 🏦👔 Financial Elites 2025

СЭЗИС-ийн ОУ-ын хөтөлбөрөөс ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэргэжилтнүүддээ зориулан 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Financial Elites Event” цар хүрээгээ тэлж ОУ-ын чуулга уулзалт хэлбэрээр болох гэж байна. 📢

  • Тус чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийг дэмжсэн стратегийн шийдвэр гаргалтыг компаниудын урт хугацааны бодлогод тусгаж өгснөөр бизнесийн өсөлт, хөгжил болон бусад оролцогч талуудад ямар эерэг нөлөө үзүүлж болох талаар хэлэлцэх юм. 

📍 Хаана: Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт, Juulchin Ballroom
🗓️ Хэзээ: 5 сарын 9

Dior-н аяга кофены стратеги

Сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн брэндүүд Ази, номхон далайн орнуудад кафе болон ресторанаа нээх сонирхолтой болж байгаа гэнэ ээ. 

💅🏻 Трэнд биш, амьдралын хэв маяг

Тансаг зэрэглэлийн брэндүүд дотроос Ralph Lauren хамгийн анх буюу 2014 онд Нью-Йорк хотод өөрийн брэндийн кафе нээж байв. Араас нь 2017 онд Dior Японы Гинзад, Gucci 2018 онд Италийн Флоренцэд, Louis Vuitton 2022 онд Японы Осакод гэхчлэн кафегаа нээсэн түүхтэй. 

  • 😷 Товчхондоо цар тахлаас хойш тансаг зэрэглэлийн брэндүүд өмнөх шигээ ашиг, орлоготой ажиллаж чадахгүй байгаа. Жишээ нь, LVMH (MC.PA)-н өнгөрсөн улирлын Европ дахь борлуулалт 2% өсөж, Америкт 3% буураад буй. Үүнтэй холбоотойгоор тэд брэндийн философио хэрэглэгчдэд илүү ойртуулж, кофены соёлоор дамжуулан түгээх болов. 

  • 😋 Сонирхолтой нь Millienals-н 28%, Z үеийнхний 25% нь хоол хүнс, уух зүйлстэй холбоотой ямар нэгэн шинэ зүйлс туршихад мөнгө харамгүй зарцуулах хандлагатай байдаг гэнэ шүү. 

🏆 Брэндийн үнэ цэн 

Зах зээл уналттай байсан ч Tiffany & Co, Louis Vuitton, Hermès тэргүүтэй брэндүүд хямдрал зарлахгүй гэх байр сууриа хадгалсаар. Улирал нь дууссан, трэндээс гарсан бүтээгдэхүүнээ борлуулахын оронд устгаж, брэндийн үнэ цэн, ховор байдлаа хамгаалах бодлого баримталдаг.

  • 💭 Нэгэнт хямдралаар далимдуулж хэрэглэгч татах боломжгүй нөхцөлд тансаг зэрэглэлийн брэндүүд “experience economy” буюу онцгой, мартагдашгүй мэдрэмж, туршлагыг мэдрүүлэх стратегийг ашиглаж буй хэрэг. 

🤑 Галзуу баян Азиуд

Global Data-н тооцооллоор Ази Номхон далайн бүс нутгийн тансаг зэрэглэлийн зах зээл 2022-2026 онд жил бүр 5.6% өсөж, Европын дараагаар дэлхийд 2-рт орох тансаг зэрэглэлийн зах зээл болох төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил л гэхэд Ralph Lauren болон Louis Vuitton Тайландад анхны кофе шопоо нээсэн  бол Prada сарын өмнө Шанхайд тансаг зэрэглэлийн ресторанаа нээгээд буй.  

Эцэст нь… Сүүлийн үед тансаг зэрэглэлийн брэндүүд эдийн засгийн донсолгоон, зах зээлийн сорилттой бишгүй тулгарч, үүнийг даван туулахаар Ази руу анхаарах болж дээ. 

₮60.3 тэрбум
Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангаас Нийслэлд ₮60.3 тэрбумын санхүүжилт хуваарилагджээ
60%
Үүний 60% буюу ₮36.2 тэрбумыг Нийслэлийн 9 дүүрэг рүү дахин хуваарилсан бол үлдсэн 40%-ийг Нийслэлийн хөрөнгө оруулалтад төлөвлөсөн аж. 
9 дүүргийн
Тэгвэл тус сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд өнгөрсөн онд 9 дүүргийн 18-аас дээш насны иргэдийн 40% нь л санал өгсөн гэнэ.

Giphy

🍋 УИХ-д улсын төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барилаа. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6%, инфляцыг 7% байхаар төсөөлсний сацуу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар төлөвлөжээ.

🍋 Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд эрчим хүчний хангамжийн зарим үе шатанд хувийн хэвшлийн ААН үйл ажиллагаа явуулах, цаашлаад хэрэглэгчдийн дулааны хэрэглээг тоолуураар хэмжиж, үнийг тогтоох боломж бүрдэхээр тусгаж. Мөн дулааны шугам сүлжээний ашиглалтын хариуцагчийг тодорхой болгох аж. 

🍋 Visa (V) $30 тэрбумаар хувьцаагаа халаасална. Тэдний энэ оны II улирлын орлого өнгөрсөн оны мөн үеэс 9% өсөж ₮9.59 тэрбумд, ашиг нь 6.7% өсөж $5.44 тэрбумд тус тус хүрчээ. Visa нь Ковид-19 гарсан жил буюу 2020 онд ч $8.1 тэрбумаар хувьцаагаа халаасалж байсан баавартай компани даа.  

🍋 Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэв. Онцолбол, ирэх жилээс магистр, докторын түвшинд гадаадад суралцахад БЗС-аас олгодог зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болох аж. Түүнчлэн энэ намраас 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны 1 хүүхдийг МАА-н чиглэлээр их, дээд сургуульд тэтгэлгээр сургаж эхлэх нь.

Reply

or to participate.