- Lemon Press
- Posts
- 📊 ТОП-20 = 4 Ногоон + 16 Улаан
📊 ТОП-20 = 4 Ногоон + 16 Улаан
$SUL-н мөрөөдөл | Сэлбэ дэд бүтээн байгуулалт | $AIC +₮4.3 тэрбум
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Ирэх сараас Улаанбаатар хот 14 хот, 42 хороодод хуваагдахаар боллоо. Өмнө нь дүүрэг дүүргээрээ өрсөлддөг байсан бол одоо хот хотоороо өрсөлддөг болох нь дээ. 😝


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исландад айлчилж, 2 улс сэргээгдэх эрчим, ногоон технологи, аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцов.
TCK: Талх Чихэр ХК энэ оны ТУЗ-ийн төсвийг ₮91.8 саяар баталлаа.
OIL: OПЕК+ орнууд олборлолтоо 6-р сараас нэмэгдүүлэх болсноор 1 баррель түүхий нефтийн үнэ он гарснаас хойш 19% унаж $57.5 боллоо.

📊 ТОП-20 = 4 Ногоон + 16 Улаан

Нэг л мэдэхэд 5-р сар гарч эхний хагас жил дуусахад ганцхан сарын хугацаа үлдлээ. Тэгвэл манай хөрөнгийн зах зээлийг өнгөлөгч ТОП-20 индекс 2025 оны эхний 4 сард 4.9% буурч 48,937 нэгжид хүрээд байна. Тус өөрчлөлтөд хэн хэрхэн нөлөөлж буйг харцгаая.
🟢 Ногоон 4
Тус хугацаанд ТОП-20 компаниас ердөө 4-ийнх нь хувьцааны үнэ өссөн буюу дунджаар 6% өссөн аж. Тухайлбал, Сүү (SUU) 46.9%, Говь (GOV) 9.4%, Монложистикс Холдинг (MLG) 5.7%, ХасБанк (XAC) 3% тус тус өсөөд байна. Сонирхуулахад компаниудын 3 нь 2025 оны I улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа ямар нэгэн байдлаар олон нийтэд танилцуулсан. Харин мэдээллээ хуваалцаагүй байгаа Сүү ХК өсөлтөөрөө түрүү магнайд явна.
🚩 Улаан 16
Нийт компаниудын 80% буюу 16 компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш дунджаар 10.1% буурав. Эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ ₮8.4 их наяд бөгөөд нийт ТОП-20 компанийн зах зээлийн үнэлгээний 85.7%-ийг эзэлж байна. Хувьцааны үнэ 10%-иас бага унасан 9 компани байгаа бол 15%-иас дээш унасан 3 компани байгаа аж. Мөн эдгээр 16 компанийн 6 нь I улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа нийтэд ил болгоогүй ба дунджаар хувьцааны үнэ 10.3% унав.
3️⃣ Онцгой буурсан: Оны эхнээс Монгол Шуудан (MNP)-гийн хувьцаа 19% унаж ₮851-т хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7% буурсан үзүүлэлт аж. Үүний араас Монголын Хөрөнгийн Бирж (MSE) болон Тавантолгой (TTL)-н хувьцааны үнэ тус бүр 15.8% унав. Дурдахад 2025 оны I улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа Монгол Шуудан болон Тавантолгой олон нийтэд одоо ч танилцуулаагүй байна.
Эцэст нь… Хөрөнгө оруулагчдын ноён нуруу мэдээллээ хэр нээлттэй хуваалцдагаас хамаарч хугардаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчдынхаа нурууг бодоод мэдээллээ харамгүй хуваалцах нь чухал шүү.

☁️ Тэнгэр тулсан үнэлгээ
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Ард Даатгал ХК (AIC)-ийн нийт гаргасан хувьцааны 50%-ийг ₮20 тэрбумаар тогтоосон нь компанийн нийт зах зээлийн үнэлгээнээс ₮4.3 тэрбумаар их байна. Түүнчлэн компани Өндөрхаан ХК (ONH)-д ₮20 тэрбумын урт хугацааны санхүүжилт өгөхөөр болжээ. Сүүлийн үед $AARD-г тойрсон сонин содон үйл явдлууд их болж байна даа.

🎙️ “Засаглал ба зах зээл” хөтөлбөрийн II дугаарт Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар хөндөв. (NTV)
🏅 2024 оны ТОП татвар төлөгчид тодорчээ. (MTA)
🪑 Өдөрт 4 цаг тасралтгүй суухад хүзүү өвдөх эрсдэл 45% нэмэгддэг гэнэ. (Yahoo!Life)
🎴 Apple 20 жилийн ойдоо зориулсан iPhone-г заавал Хятадад үйлдвэрлэнэ. Яагаад? (CNet)

🇨🇳 Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулагч

Нийслэл хотын гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төв төслийн тендерт Монгол компаниуд оролцож чадаагүй. Яагаад?
🙄 Өндөр босготой
Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор барих тендерийг өнгөрсөн 4 сарын 23-нд нээж, нийт ₮820 тэрбумын төсөвтэй 2 багц тендерт 14 компани саналаа ирүүлсэн. Тендерт Монгол компаниуд оролцоогүй шалтаан нь тендерийн дүнг бүхлээр нь өндөр зарлаж, гүйцэтгэх компанид тавих санхүүгийн босгыг өндөр тавьсан нь нөлөөлжээ.
😶🌫️ Тухайлбал, Монголын барилгачдын нэгдсэн холбоо Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компани анхнаасаа оролцох боломж байгаагүй гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр бол тус тендерт сүүлийн 5 жилийн аль нэг жилд төсөвт өртгийн 30%-иас дээш борлуулалттай, түргэн хөрвөх хөрөнгө нь мөн төсвийн 30%-тай дүйх компаниуд оролцох боломжтой байсан аж.
Маргаж буй зүйл нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсвийг нийслэл 7.71%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай татсан $500 саяын бондоор санхүүжүүлж байгаагийнх дотоодын компаниуд руу тус санхүүжилт чиглэх нь зүйтэй гэх өнцөг. Харин нөгөө талд нийслэлээс барилгын 1 м.кв-н үнийг ₮3 саяд багтаахын тулд Хятад компаниудыг сонгож байгаа аж.
📥 Монголын барилгын салбар
Нөгөө талд манай барилгын салбар ДНБ-ий 3%-4% л бүрдүүлдэг. Харамсалтай нь 2020-2023 он хүртэл тус салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь агшилттай байсаар өнгөрсөн онд ДНБ-ий өсөлтөд үзүүлэх нөлөө нь ердөө 0.3% нэмэгдэв. Тус онд салбарын орлого өнгөрсөн жилээсээ 14.8% өсөж ₮9.1 их наядад хүрсний 88.8%-ийг дотоодын компаниуд, 11.2%-ийг гаднын компаниуд гүйцэтгэсэн байдаг.
🤔 Дотоодын барилгын компаниуд дийлэнх ажлыг нь хийдэг мэт харагдах ч орлого өсөхөд гаднын компаниудын гүйцэтгэл 77.7% өссөн нь нөлөөлсөн буюу гаднын компаниудын сагсанд дарах жин нэмэгдсэн юм.
Эцэст нь… Барилгын салбарын өсөлт одоог болтол цар тахлын өмнөх түвшиндээ хүрч чадахгүй байгаа. Их бүтээн байгуулалтын гэх тодотголтой ирэх 3 жил ганц барилгын салбарыг дэмжээд зогсохгүй, цементийн зах зээлд ч том дэм болж чадна. Гэхдээ дотоодын компаниа дэмжих үү, гаднын компанийг дэмжих үү гэдэг нь эхнээсээ тодорхой болж байх шиг.

Excel дээр олон давтаж хийдэг ажлуудаа автоматжуулах “macros” арга сурцгаая. 👇
Жишээлбэл, 7 хоног бүр маш замбараагүй форматтай борлуулалтын тайланг янзлах хэрэгтэй болдог гэж бодъё. Нэг удаа өгөгдлүүдийг засаж цэгцтэй болгоод дараагийн удаад ганц товчлуур дараад автоматаар янзлуулж байя.
Үүний тулд эхлээд File➡️Options➡️Customize Ribbon➡️Developer➡️Ok идэвхжүүлнэ. Дараа нь үндсэн цэсэд гарч ирэх Developer таб дээр дараад Record Macro-г сонгоорой. Ингээд өгөгдлүүдээ янзалж дууссаныхаа дараа Developer ➡️Stop Recording дээр дараад хадгалах нь.
За тэгээд үүсэн макродоо нэр өгч, Shortcut key➡️S үсэг оруулаад дээрх төвөгтэй үйл явцыг Ctrl + Shift + S командаар хийдэг болоорой.

🎂 Rotaract Mongolia 25 нас хүрлээ
Гоё арга хэмжээ айсуй! Rotaract Mongolia үүсгэн байгуулагдаад 25 жилийг үджээ. 🍾 Тэд ойн баяраа тохиолдуулан Монголд анх удаа “APRRC 2025”-г зохион байгуулж, 400 гаднын зочдыг хүлээн авах гэж байна.
🌏 Тодруулбал, APRRC буюу Ази, Номхон далайн Ротарактын чуулга уулзалт нь тус бүс нутгийн Ротаракт залуусын хамгийн том сүлжээ, манлайллын арга хэмжээ бөгөөд жил тойрон 189 орон зохион байгуулж, инновацаа хуваалцаж буйгаараа онцлог.
Rotaract Mongolia-н хувьд өдгөө 400 гаруй гишүүдтэй 14 клубтэйгээр “Ногоон өдөр” байгаль орчны төслөөс эхлээд “Эрүүл ирээдүй” эрүүл мэндийн төсөл тэргүүтэй 70 гаруй нийгэмд чиглэсэн төслүүдэд шаардлагатай хөрөнгө босгон хэрэгжүүлж буй.
📍 Хаана: Тэрэлж
📅 Хэзээ: 6 сарын 6-наас 9

Giphy
🍋 Thunderbolts нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдээр дотоодын Box Office-г тэргүүлэв. Кино өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийснээс хойш Америк, Канадын зах зээлээс $76 саяыг олжээ. Тус киноны араас Sinners III долоо хоногтоо $33 сая, A Minecraft Movie V долоо хоногт $13.7 саяын орлоготой жагсжээ. Одоогоор Thunderbolts дэлхий даяар нийт $162 саяын орлоготой ТОП-6-д жагсаж байна.
🍋 НДС-гийн чөлөөт үлдэгдлийг 1 жилийн дотор ₮105 тэрбумаар нэмэгдүүлнэ. Тодруулбал, НДС-ийн чөлөөт үлдэгдэл ₮700 тэрбумыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк (SBM), Голомт банк (GLMT), ХААН Банк (KHAN), Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-д 1 жилийн хугацаанд 14.2% хүүтэй байршуулахаар болжээ.
🍋 SpaceX компанийн Starship хөтөлбөрийн үндсэн бааз Starbase байгууламж албан ёсоор хот боллоо. Техасын өмнөд хэсэгт байрлах тус хот өмнө нь Бока Чика нэртэй байсан бөгөөд санал хураалтаар хотын саналын эрхтэй нийт иргэдийн 97% буюу 212 нь Starbase-г хот болгон байгуулахыг дэмжжээ. Хотын даргаар SpaceX-н Дэд ерөнхийлөгч Бобби Педен томилогдож ийнхүү SpaceX тааваараа пуужин хөөргөдөг болох нь.
🍋 Эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжих зорилгоор ирэх жилүүдэд дулааны тархмал эх үүсвэр байгуулна. Энэ хүрээнд ДЦС-V болон Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөж буй. Түүнчлэн 10 өрх нийлж хөршийн холбоо байгуулан, дундаа цахилгаан, дулаан, бохироо бүрэн шийдэх боломжтой инженерийн дэд бүтцийн загвар бий болгосон гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply