- Lemon Press
- Posts
- 44.8% хямд хувьцаа? 🙄
44.8% хямд хувьцаа? 🙄
Silvergate Capital-н уналт болон Блокчэйн ашиглан өөрийгөө нотлох талаар тоймлов.
POWERED BY
Hey! Бид подкаст хост хайж байна. Зах зээл дээр өрнөж буй үйл явдлуудын талаар сонирхолтой зочидтой чанартай яриа өрнүүлээд сууж чадах амбиц, мэдлэг чадвартай бол бидэнд хандаарай. Таныг хэд хэдэн сонирхолтой аудио, видео контентууд хүлээж байна шүү.
*Нэг өдрийн өөрчлөлт
OIL: Хятад Ковид-19 хязгаарлалтаа бууруулсантай холбоотойгоор тэдний газрын тосны хэрэглээ өсөж буй учир газрын тосны үнэ оны эцэст баррель нь $100-д хүрж болзошгүй.
MSE: Энэ сарын эхээр 40 мянган нэгж даваад байсан ТОП-20 индекс тухайн үеэс 2.1% унаж 39,458.2 нэгж дээр хаагдав.
CHN: Хятадын Коммунист Нам ээлжит хурлаараа энэ оны ЭЗ-ийн өсөлтөө 5% орчим байна гэж таамаглаж буйгаа мэдэгдлээ.
Цахим өмчийг Notly-оор
Corex хуурамч дипломын асуудлыг шийдэхээр ажиллаж буй талаар бид өмнө нь дурдаж байсан. Тэгвэл тэд Боловсролын ерөнхий газартай хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх TEO блокчэйнийг амжилттай хөгжүүлж дууссан байна.
Зөвхөн диплом л бүртгэх үү?
Үгүй. TEO блочкчэйн нь хувийн болон нийтийн блокчэйн сүлжээнүүдийн нэгдэл юм. Одоогоор крипто арилжаа, диплом, бичиг баримт баталгаажуулалт болон дижитал мэдээллийн сүлжээ (ДМС)-г хөгжүүлж буй. ДМС нь Монголын даатгалын мэдээллийн сан бий болж даатгалын байгууллагуудын хооронд хурдан, шуурхай мэдээлэл солилцох боломж бүрдэх аж. Уг блокчэйн нь ширхэг нүүрсийг ч алдахгүй байж чадах ба цахим өмчийн хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарч буй.
Цахим өмч өө?
Цахим хөрөнгө гэх ойлголтод койн, NFT-с гадна бидний нэр дээрх бүхий л бичиг баримт хамрагдах боломжтой. Та өөрийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтаа TEO блокчэйн дээр суурилсан Notly платформоор дамжуулан баталгаажуулаад хаана ч ашиглаж болно. Утгаараа цахим үндэстэн болох боломж гэсэн үг. E-Mongolia-с юугаараа ялгаатай гэсэн бодол орж ирж байгаа байх. E-Mongolia-с төрийн үйлчилгээг цахимаар авч болдог бол Notly-с хувийн байгууллагын үйлчилгээг ч цахимаар авч болно.
Жишээ нь: Та виз мэдүүлэхдээ авдаг дансны хуулгыг Голомт банкнаас авах бол интернэт банкаараа нэвтрээд дансны хуулга татах хэсгээс “PDF блокчэйнээр баталгаажсан” гэх сонголтыг хийхэд л болно.
Байгууллагуудад ч хамаатай: Нэгэнт notly-д нэгдчихсэн байхад 1 гэрээг хийхэд шаардагдах олон удаагийн шат дамжлага, түүнд зарцуулагдах цаас цаашлаад цаг хугацааг ч хэмнэх боломжтой болох юм.
Эцэст нь... Блокчэйнд бүртгэгдсэн мэдээллийг ямар нэг байдлаар өөрчилж, устгах боломжгүй тул бүхий л салбарт ил тод байдал, итгэлцлийг хангахад ашиглагдаж байгааг санах нь зүй болов уу.
44.8% хямд хувьцаа? 🙄
TCK: ЭмАйСиСи ҮЦК ээлжит хувьцааны судалгаа хийж Талх Чихэр ХК-ийн хувьцааг худалдан авах дүгнэлт гаргав. Тэд тус компанийн хувьцааны зорилтот үнийг ₮54,310-т хүрнэ гэж үнэлсэн нь өчигдрийн ханшаас 44.8% өндөр үнэ юм. P/B харьцаа өндөр, өр өмчийн харьцаа (D/E харьцаа) зохих хэмжээнд байгаа нь уг үнэлгээг гаргахад голлон нөлөөлжээ. Дэлгэрэнгүй судалгааг эндээс уншаарай.
Silvergate Capital-н эргэн тойронд
Google Finance
Нэгэн цагт крипто фирмүүдийн томоохон түнш банк байсан Silvergate Capital (SI) одоо бүтэлгүйтлийн ирмэг дээр иржээ. Яг юу болоод байна?
Баргар ирээдүй
Moody's агентлаг дижитал хөрөнгийн салбарын тоглогчдод санхүүгийн шинэлэг шийдэл, үйлчилгээ үзүүлэгч Silvergate-н банкны хадгаламжийн зэрэглэлийг Ba3-с Caa1 болгон бууруулаад буй. Учир нь,
Түүхийн эхлэл: Өнгөрсөн оны 11-р сард FTX болон холбогдох хедж сан Alameda Research зэрэг Silvergate-н томоохон үйлчлүүлэгчид уналтад орсон. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид Silvergate-с $8.1 тэрбумыг татаж тэд санхүүгийн алдагдалтай тулгарчээ.
Гал дээр тос: Silvergate-н ирээдүй сааралтсан тул Coinbase (COIN), Galaxy Digital (GLXY.TO), Gemini (GMNI), Circle, Crypto.com болон Paxos тэдэнтэй харилцаагаа тасалсан гэдгээ мэдэгдсэнээр бусад харилцагчид аль болох хурдан хөрөнгөө татахаар улайрч эхлэв.
Нөхцөл байдал
Silvergate нягтлан бодох бүртгэлийн компанидаа аудитын тодорхой шаардлагуудыг бүрэн биелүүлээгүй, зарим зохицуулалтын болон бусад лавлагаа, мөрдөн байцаалтад дүн шинжилгээ хийж байна гэх шалтгаанаар тайлангаа хойшлуулаад буй. Энэ нь тэдний ирээдүй доройтсон гэдгийг улам илтгэсэн бөгөөд улмаар,
-57.7%: Silvergate-н тайлангаа хойшлуулсан мэдэгдлийн араас компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор 57.7% унаж 52 долоо хоногийн ёроолд очжээ.
Алдагдал айсуй: Түүнчлэн Silvergate 2021 онд $75.5 саяын ашигтай ажиллаж байсан бол 1 сарын 17-нд гаргасан 2022 оны урьдчилсан, аудитлагдаагүй санхүүгийн үр дүнд $948.7 саяын алдагдал багтсан аж.
Цаашид…
Одоогийн байдлаар компани Silvergate Exchange Network-оо түр зогсоосон байдалтай байгаа боловч энэхүү нөхцөл байдлын үр дүнд Silvergate дампуурлаа зарлаж магадгүй болоод байна. King & Spaulding-н хамтрагч асан Жесси Остин ч мөн Silvergate Capital дампуурлаа зарлах боломжтой гэж мэдэгдээд буй. Крипто өвлийн жавар хаа сайгүй хайрсаар л байна даа.
Оффисын амьдралыг тань хөнгөвчлөх ээлжит бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 💁
Mint
🔹SoftBank (9984.T)-н охин компани Arm Америкт IPO хийнэ. Тэд ЗЗ-ээс $8 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн Goldman Sachs (GS), JPMorgan (JPM), Barclays (Barclay.L) болон Mizuho (8411.T) нар андеррайтеруудаар ажиллах шуум гараад буй.
🔹АНЭУ-ын Рас Аль Хайма хот дижитал арилжааны чөлөөт бүстэй болно. Ингэснээр компаниуд тус бүсэд зохицуулалтгүй ажиллах боломжтой болох бөгөөд эрх баригчид инновац хийх чөлөөт бүс болно гэж үзэж байгаа аж. Тус бүс нь татварын дарамт бага төдийгүй бизнес эрхлэгчид компанийнхаа 100% эзэмших зэрэг давуу талтай аж.
🔹Harris Associates Credit Suisse (CS)-г орхилоо. Тэдний тухайд гэвэл Credit Suisse-тэй хамгийн удаан хамт байсан хөрөнгө оруулагчдын нэг юм. Тус шийдвэр нь Credit Suisse-н байнгын алдагдалтай ажиллагаа болон хөрөнгө оруулагчид хувьцаагаа их хэмжээгээр зарж эхэлсэнтэй холбоотой аж.
🔹Kincora Copper ₮2.7 тэрбумын татварын маргаанаар Дээд шүүхэд хандана. Энэ нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр богино хугацаанд “хэрэгсэхгүй” гэж гарснаас болсон аж. Уг асуудал нь 2021 онд Татварын ерөнхий газраас ногдуулсан татварын асуудлаас эхэлсэн билээ.
Монгол улс маань уг нь асар баян улс гэдэг худал яриа, гэнэн итгэл үнэмшил бодит байдалтай нийцэхгүйг олонхиороо хүлээн зөвшөөрвөл хөгжлийн цахиур цохиж магадгүй байх. Бид тусгай биш бүүр хүнд газар зүйн нөхцөл байдалтай болохоор илүү их хөдөлмөрлөж байж баян улс болно.
— Эрдэнийн ЛХАГВА (@Lkhagva)
5:52 AM • Mar 6, 2023
AI: ChatGPT-тэй хөл нийлүүлэн алхаж буй компаниуд. (TheVerge)
Sad but: Бид Toblerone-г дахиж Швейцарын уулын логотой харахгүй. (NewYorkPost)
Doomed or not: Silvergate-д учирч болох эрсдэлүүд. (YahooFinance)
iOS: iOS 16.4 айсуй (MacRumors)
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, С.Ангирмаа, Б.Золцагаан, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply