• Lemon Press
  • Posts
  • 😪 Бид тэсэж үлдэх үү...

😪 Бид тэсэж үлдэх үү...

K-pop-н айхтар мэдээ | TMK Energy-н дахин нэг амжилт | Эдийн засаг 7.6% өсөв

POWERED BY

Өглөөний мэнд! Дэлхий даяар хэрэглэгддэг Amazon Kindle-тэй холбоотой нэг гунигтай мэдээ байна. Amazon-н зүгээс 2012 оноос өмнө гарсан Amazon Kindle төхөөрөмжүүдийг Kindle Store-той холбогдох шинэчлэлийг ирэх 5 сарын 20-ны өдрөөс зогсоохоор болжээ. Ингэснээр тухайн төхөөрөмжүүд шинэ ном худалдан авах, түрээслэх, татаж авах боломжгүй болох юм. За тэгээд Amazon Kindle дээр хамгийн их зарагдсан номын жагсаалтыг харах бол ЭНД дараарай. 📖👓

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Эдийн засаг 2026 оны эхний 2 сард 7.6% өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 32.3% өссөн нь голлон нөлөөлөв.  

WB: Монголд насанд хүрэгчдийн 95% нь нь дэлгүүрт карт эсвэл утсаараа худалдааны төлбөрөөр тооцоо xийдэг. Үүнийг бусад улстай харьцуулахад онцгой өндөр аж.  

OTC: Биржийн бус зах зээл дээл 2021 оноос хойш буюу өнгөрсөн сарын 31-нийг хүртэл 225 үнэт цаас гаргагчийн 464 өрийн хэрэгсэл бүртгэгдсэн байна

POL: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, нээлттэй, хараат бус үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Токенжуулалт зах зээлийг хаах биш, нээх ёстой

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Монгол Дифай ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшиний токенжуулалтын тухай нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Токенжуулалт бол зөвхөн технологийн давлагаа биш юм. Энэ бол өмчлөл, хөрөнгө оруулалт болон зах зээлийн хүртээмжийг харах өнцгийг үндсээр нь өөрчлөх шинэ боломж. Олон улсын McKinsey судалгааны байгууллагын тооцоолсноор, токенжуулсан хөрөнгийн зах зээл 2030 он гэхэд $2 их наяд, өөдрөг төсөөллөөр $4 их наядад хүрэх төлөвтэй байна. Гэвч токенжуулалтын жинхэнэ үнэ цэн нь зөвхөн статистик үзүүлэлтээр бус, харин зах зээлийн оролцоог хэрхэн тэлж байгаагаар хэмжигдэнэ.

🙏 Тогтвортой, тэсвэртэй байдлыг хадгалах нь

Геополитикийн хүнд нөхцөл байдал үргэлжилж, шатахууны үнээс эхлээд бүхий л барааны үнэ өсөж эхлэв. Манай эдийн засаг эдгээр өдрүүдийг туулж гарах уу, элгээрээ хэвтэх үү гэдэг асуулт байна. 

  • 📌 Судалгаа: Өчигдөр Дэлхийн Банкнаас Монголын эдийн засгийн тойм тайлангаа танилцуулсан. Энэ удаагийн тайлан, төсөөлөлд дайны үеийн нөхцөл байдлыг тусгасан нь онцлог. 

🥴🫨 Өсөлтийг дагасан өсөлт

Өнгөрсөн онд Монгол шатахууны хомсдолд дахин нэрвэгдсэн. Одоо нөөц хэвийн байгаа хэдий ч 7 хоногийн Оросын талаас экспортод тавьсан хоригоо өргөтгөх шийдвэр гаргасан. Манай улс руу шатахуун хэвийн нийлүүлэх хэдий ч АИ-92-оос бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш ₮2,200, Евро-5 дизель түлш ₮1,300, АИ-95 ₮500-өөр тус тус нэмэгдэхээр байгаа. 

  • ❤️‍🩹 Хүчтэй мэдрэгдэж эхлэв: Улмаар 3 сарын 30-ны байдлаар шатахууны үнийн өөрчлөлт ердөө 4% байсан бол 7 хоногийн дараа буюу 4 сарын 6-ны байдлаар энэ үзүүлэлт 10% болжээ. Шатахууны үнэ цаашид ч өссөөр байвал инфляц дахин 2 оронтой тоо руу орох нь дамжиггүй. Тэгвэл бодлогын хүү нэмэгдэж, зээлийн хүү ч өсөж, өндөр хүүгийн чөтгөрийн тойрог нахина. 

😪 Бид тэсэж үлдэх үү… 

Дэлхийн Банкны зүгээс дээрх нөхцөл байдал болон нүүрсний үнийн бууралт, биет хэмжээний өсөлтийн хязгаарлагдмал байдлыг харгалзан үзэж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг таамгийг 2026 онд 5%, 2027-28 онд дунджаар 5.5% орчим гэж зарлав. Түүнчлэн,

  • ‼️ Анхаар: Хэдийгээр ирэх 2 жилд төсвийн ерөнхий тэнцэл ашигтай гарч, өрийн хэмжээ тогтвортой байх ч нүүрсний үнийн уналт болон импортын өсөлтөөс шалтгаалан урсгал тэнцлийн алдагдал тэлэх, гадаад өрийн эргэн төлөлт нэмэгдэх зэрэг санхүүжилтийн томоохон эрсдэлүүд хүлээгдэж байгааг санууллаа. 

  • 🥊 Сануулга: Геополитикийн мөргөлдөөнөөс үүдэлтэй гадаад эрэлтийн сулрал нь экспортын орлогыг бууруулж болзошгүй тул төсвийн сахилга батыг сахиж, мөнгөний бодлогыг хянуур хэрэгжүүлэх замаар эдийн засгийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлага тулгарч буй.

Эцэст нь… Нөхцөл байдал хүнд л байна даа. Бодитоор гэвэл сүүлийн үед сошиал медиад хаалгаа барих гэж байгаа үйлчилгээний газруудын пост олшров. Шалтгаан нь мэдээж үнийн өсөлт, татварын дарамт, худалдан авах чадвар муудсанаас ашигт ажиллагаа доголдсоных. Яана даа. Юутай ч Дэлхийн Банкны тоймыг ЭНД дарж бүрэн эхээр нь монгол хэл дээр уншаарай. Бага ч гэсэн ойлголт авах биз ээ. 

  • 🛡️ Амьдралын даатгал бол зардал биш хөрөнгө оруулалт. (FRC)

  • 🚅 Вьетнамын $67 тэрбумын аварга мега төсөл хэр эрсдэлтэй вэ? (TheB1M)

  • ⁉️ Уяачид хүүхдүүдийг цовоо уралдаанч бус ажилчид болгон өөрчилж байна. (FactCheck.mn)

  • 💆🏻‍♂️ Геополитикийн эрсдэл Санхүү эрхэлсэн захирлуудын толгойны өвчин болжээ. (McK)

TMK Energy-н дахин нэг амжилт

TMK.AX: Өнгөрсөн 3-р сард TMK Energy-н эзэмшдэг Гурвантэс XXXV төслийн хийн олборлолтоо 48% нэмэгдүүлж, өдөрт 1,350 шоо куб хий олборлосноор түүхэн дээд амжилт тогтоолоо. Мөн тус төслийн 2025 оны үр дүн, 2026 оны төлөвлөгөө болон төсвийг Ашигт малтмал газрын тосны газартай хэлэлцэн батлуулжээ. Энэ нь ашиглалтын лиценз авах, олборлосон хийгээ эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх чиглэлд чухал ахиц гарсныг илтгэх аж. Үүнтэй холбоотой өчигдөр компанийн нэгж хувьцааны үнэ 13.8% өсөж AU$0.165-т хүрчээ.

🪩 K-pop: Дараагийн хувьсгал бол AI

Тэртээ 1990-ээд оноос эхэлсэн K-Pop урсгал дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Харин одоо энэ урсгалд хүний авьяас чадварыг AI болон роботууд орлохоор бэлтгэгдэж эхэллээ. Энэхүү хувьсгалыг эхлүүлэх тэр нэгэн стартап бол Galaxy Corp гэнэ дээ. 

🇰🇷 Стартапын тухайд

Өмнөд Солонгосын Galaxy Corp гэх стартапыг 2019 онд Чой Ён-хо байгуулсан бөгөөд ирэх 2027 онд багтан дотоодын болон Америкийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр зорьж байна. Ингэснээр гадаадын биржид хувьцаагаа бүртгүүлсэн анхны K-pop агентлаг болно. 

  • 🧠 Технологийн давуутай: Тэдний хамгийн том давуу тал нь хүний авьяас чадварт баригдахгүй, цаг ямагт дуулах, бүжиглэх чадвартай AI-ууд болон роботууд аж. Бодит амьдрал дээр хэрхэн бүжиглэдгийг нь харах бол ЭНД дараарай.

🦄 Ганц эвэрт

Өнөөг хүртэл компани $150 саяын санхүүжилт татаж, алдарт G-Dragon болон Тайванийн уран бүтээлч Жэй Чоу нарын оролцуулаад нийт 30 орчим хөрөнгө оруулагчтай болжээ. Сонирхуулахад, 2025 оны сүүлээр Galaxy Corp нь ₩100 тэрбумын санхүүжилтийг хөрөнгө оруулагчдаас амжилттай татсан. Ингэснээр компанийн үнэлгээ ₩1 их наяд буюу $679.8 саяын үнэлгээнд хүрч, албан ёсоор unicorn статуст багтсан түүхтэй.

🕺🏻 Супер одын түншлэл

2023 онд G-Dragon 20 жилийн турш хамтарч ажилласан YG Entertainment-с гарч, Galaxy Corp-тай гэрээ байгуулсан. G-Dragon гэрээний урамшуулал болгон Galaxy Corp-с $14.5 саяыг авахдаа тал хувийг нь бэлэн мөнгөөр, үлдсэн талыг нь хувьцаа хэлбэрээр авчээ. Энэ нь компанийн урт хугацааны өсөлтөд итгэлтэй буйгаа илэрхийлсний дохио байв. Тэрээр одоогийн байдлаар Galaxy Corp-н 2% орчмыг эзэмшдэг ба түүнтэй гэрээлснээс хойш компанийн үнэлгээ даруй 2 дахин өсжээ.

Эцэст нь… Энэ оны II хагаст Galaxy Corp 4 гишүүнтэй виртуал охидын хамтлагаа анх удаа тайзнаа гаргахаар төлөвлөжээ. Цаашлаад, хөгжим болон клипний тодорхой хэсгийг Suno, Sora зэрэг AI-р бүтээхээр шийдсэн аж. Үүний тусламжтай дунджаар $2 саяар бүтдэг K-pop клипний зардлыг 90-99% хүртэл бууруулах боломжтой гэж үзээд байна.

💡 Таавар таацгаая. 

… -- ..- ... ..- -. / -.. . . .-. / -- ..- -. --. ..- -. / .- -.-- --. .- / - . .-. / -.-- ..- / ...- . / ..--.. / - .- .- ... .- -. / -... --- .-.. / .... .- .-. .. ..- .-.. - .- .- / -... .. -.. . -. - . .. / .... ..- ...- .- .- .-.. - ... .- .- .-. .- .. .-.-.- ✌️

🍕🚕 Poca Pizzeria-г хүргэлтээр

Сүүлийн үед шуугиулаад байгаа Poca Pizzeria хүргэлттэй болжээ. 

🤨 Очих гэсээр байтал өөрөө ирдэг болчих үед… 

Хэрэв одоог болтол очиж амжаагүй байгаа бол хүргэлтээр авчхаж болох нь ээ. Амар^2. Poca Pizzeria-н гол онцлог нь 100% гар аргаар бэлтгэсэн, байгалийн хөрөнгөөр удаан исгэсэн гурилтай тул идсэн ч таргална гэж айх шаардлагагүй. Үндсэн менюд нь 9 төрлийн пицца гарч байгаа тул очиж амжихгүй яваа бол халуунаар нь хүргэлтээр авч болох нь байна шүү. 

  • 🤙 Захиалга өгөх бол 7777-1088

Tenor

🍋 Малын зах зээлийн дундаж үнийн өнгөрсөн сарын мэдээгээр эр хонины үнэ жилийн өмнөхөөсөө ₮50 мянгаар нэмэгдэж ₮330 мянга болов. Цаашлаад, эр үхрийн үнэ Хэнтий, Сүхбаатар аймгуудад хамгийн өндөр буюу ₮2.7 сая байгаа бол Увс аймагт хамгийн бага буюу ₮1.3 сая байгаа аж. Махны үнэ ч хаданд гарч байна даа. 

🍋 Их Британи болон Монголын ЗГ хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээр эцсийн шатандаа очлоо. Тодруулбал, 2 улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг шинэчлэх хэлэлцээр Их Британийн Парламентад албан ёсоор танилцуулагдсан байна. МИАТ (зорчигч тээвэр) болон Езнис Эйрвэйз (ачаа тээвэр) компаниудыг Лондон руу нислэг үйлдэх тээвэрлэгчээр урьдчилан томилоод байгаа юм.

🍋 Засгийн газрын дотоодод гаргасан ₮4 тэрбумын үнэт цаасны төлбөр төлөгджээ. ЗГ 2017 он оноос хойш дотооддоо үнэт цаас гаргаагүй байсан бөгөөд жилийн өмнөөс ХЗЗ-д идэвх сэргэлт авч ирэхээр ЗГҮЦ-ны дотоодын арилжааг эхлүүлсэн. Үүний нэг хэсэг болгож энэ сарын 15-ны өдөр ₮10 тэрбумын бондын анхдагч зах зээлийн арилжаа явагдана.  

🍋 Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо. Салбарын тухайд, бүх төрлийн тээврээр оны эхний 2 сарын байдлаар нийт 26.7 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 41.1% өсөөд байгаа. Мөн хугацаанд 28.8 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 10.2% өсжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.