• Lemon Press
  • Posts
  • 🥊 Бодлого хоорондын зодоон

🥊 Бодлого хоорондын зодоон

Хятадын зээлийн төлөв | Хийн хоолойн хэлэлцээр | Ханш өсөв

POWERED BY

Hey! Энэ жил Март-8 гэх мэт хэд хэдэн олон нийтийн амралтын өдөр Бямба, Ням гарагт таарсан. Харин 6 сарын 11-ний Лхагва гарагт Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг тохиолдуулж бүх нийтээр амрах нь ээ. Яг 7 хоногийн голд амралт орохоор үлдсэн 2 өдөр нь унтаа горимтой өнгөрдөг талтай шүү. Товхимлоо алгасахгүй уншаад бүтээмж дээрээ анхаарна шүү таминээ. 😁🧘‍♂️🧘‍♀️

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Ирэх Лхагва гараг буюу 5 сарын 14-нд ₮10 тэрбумын дүн бүхий 100 мянган ширхэг ЗГ-ын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдана.

GOV: Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна.

CHN: Ялалтын баярын үеэрх айлчлалаар Ши Жиньпин болон Владимир Путин Сибирийн хүч II хийн хоолойн хэлэлцээрийг хэлэлцэнэ.

🆙 Өсөн нэмэгдэх цахилгаан, дулааны тариф

Алдагдал нь тамтагтаа тулсан эрчим хүчний салбарт реформ хийхээр өнгөрсөн 11-р сард цахилгааны үнийг 30%-85% нэмж байсан. Харин одоо 5 сарын 16-наас дулааны үнэ шинэчлэгдэж 85% өсөхөөр байна. 

😶‍🌫️ Шинэчлэгдсэн царай

Цахилгааны үнийг бодит өртөг болох 1 кВт.ц-г ₮280-т хүргэснээс хойш 6 сар өнгөрчээ. Эрчим хүчний сайд цахилгааны үнийг нэмснээр салбарын алдагдлыг 2027 он гэхэд төлж барагдуулах боломжтой гэж ам гарсан. Гэсэн ч өнгөрсөн 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагууд тариф нэмснээс өөр дорвитой хийсэн ажил байсангүй. Нөгөө талд тус шийдвэр цахилгаан халаагууртай өрхүүд, бизнес, ААН-үүдэд том дараа болж байгааг хэсэг шуугиад л алга болов. 

  • ⚠️ Инфляц нэмэгдэнэ: Угтаа ААНБ-ын цахилгаан эрчим хүчний үнэ 28% өсөхөд ерөнхий үнийн түвшин 0.7% өсөх тооцоолол бий. Энэ удаагийн цахилгааны үнийн өсөлтийн инфляц дахь нөлөө 2026 оны эхний хагас гэхэд 2.4% болох төлөвтэй байгаа. 

🙄 Өнөө л зовлон

Харамсалтай нь эрчим хүчний салбарт реформ хийх учгаар цахилгааны үнийг нэмсэн ч ирэх өвөл гэрэлтэй байх уу, үгүй юу гэх асуултад Эрчим хүчний сайд “Цахилгаан бага тасрах талаар ярихаас биш тасрахгүй байна гэж байхгүй” гэлээ.  

  • 😮‍💨 Бодлого хоорондын зодоон: Цаашлаад, ЗГ утааг бууруулахаар гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан халаалтыг дэмжих бодлого баримталж, 1,500 кВт.ц хүртэлх шөнийн хэрэглээг 100% чөлөөлдөг. Тус бодлого одоог хүртэл хэрэгжиж байгаа ч хэрэглээ нь хэдийнээ хөнгөлөлтийн хязгаарыг давчихсан тууж яваа.

  • 🔙 Буцаад нүүрс: Нэмээд хэдий цахилгаан халаагууртай ч үнийн өсөлттэй холбоотойгоор ирэх өвөл эргээд нүүрсээ түлэх өрх олшрох нь тодорхой.

Эцэст нь… Одоогийн нэмсэн үнэ бол ердөө үйлдвэрлэлийн өртгөө дөнгөн данган нөхөх үнэ. Эрэлт, нийлүүлэлтээр тогтсон хөвөгч үнэ биш учир байдал сайжрахгүй бол үнийг дахиад нэмэхэд хүрнэ. Ийм учраас л зах зээл “үл үзэгдэх гар”-аар зохицуулагдах ёстой гэдэг. Цар тахлын үеийн тэглэлт, алдагдалтай салбарын үнийг хүчээр барьсан попрол одоо нүүр алгадаж байна даа.

  • 🚘 Ирэх 6 сарын 1-нээс 10+ насжилттай автомашинд Улаанбаатарын дугаар олгохгүй гэнэ. (iSee)

  • 🪹 НҮБ санхүүгийн сүйрэлд орох нь цаг хугацааны асуудал боллоо. (TheEconomist)

  • 🎱 Азиас анх удаа снукерийн дэлхийн аварга тодорчээ. (Xinhua)

  • 🍴 Америк Канадыг 51 дэх мужаа болгохыг санаашран байхуйд… (BBC)

💰 Хөрөнгийн хэмжээ, үнийн өсөлт

TAND: Тандэм Инвест ББСБ ХК хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан тайланд тусгагдсан хуримтлагдсан ашгаас ₮1.4 тэрбумаар нэмэгдүүлж, энгийн хувьцааны нэрлэсэн үнийг өмнөхөөс 39% нэмэгдүүлж ₮3.02 болгон нэмэгдүүлэв. Түүнчлэн тус ББСБ дүрмийн сангаа нэмэгдүүлж ₮6.04 тэрбум болгож шинэчлэв. Сонирхуулахад, Тандэм Инвест ББСБ-ын хувьцааны үнэ өнгөрсөн онд 21% өсөж байсан бол он гарснаас хойш 10.2% унаад байна.

🔔 Хятадын эдийн засгийн сэргээш

Америкийн тарифын бодлого дан ганц Хятад бус дэлхий нийтийн толгойны өвчин боллоо. Манай хэд толгойны өвдөлтөө мэдэрч байгаа ч юм уу даа. Юмартай ч Хятадын төв банк (PBoC) тарифын асуудлыг намдааж, хариу арга хэмжээ авахаар дараах “татар ажиллагаа”-ны төлөвлөгөөг зарлалаа.

💊 Төлөвлөгөөний тухайд

  • Зээлийн хүү: 7 хоногийн хугацаатай репо зээлийн хүүг 0.1 нэгж хувиар бууруулж 1.4% болгох ба ингэснээр суурь хүү (Loan Prime Rate) мөн адил 0.1% буурах гэнэ. Түүнчлэн ипотекийн зээлийн жилийн хүүг 0.25 нэгж хувиар бууруулж 2.6% болгох аж. 

  • Нөөцийн хэмжээ: Банкны заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар бууруулж, зах зээлд ¥1 их наядыг нийлүүлнэ гэнэ. Үүнээс гадна тээврийн хэрэгсэлтэй холбоотой санхүүгийн байгууллагуудын заавал байлгах нөөц 0.5% байгааг хэсэгтээ тэглэхээр болов. 

  • Зээл олголт: Шинжлэх ухаан, технологи, ЖДҮ болон  хөдөө аж ахуйн салбарт олгодог зээлийн хэмжээг ¥300 тэрбумаар нэмэгдүүлэх ба өндөр настан болон үйлчилгээний салбарт ¥500 тэрбумын зээл олгохоор төлөвлөжээ

💼 Чухал уулзалт

Татар төлөвлөгөөний эсрэг талын “Б” найдвар бол хэлэлцээр. Гадаад худалдаанд Америкийн талаас 145%, Хятадын талаас 125% тарифтай цөвүүн цагт шийдэлд хүрэх тун хэцүү. Ямартай ч энэ Бямба гарагт Швейцарт уулзалдаж анх удаагаа хэлэлцээр хийхээр оролдох юм.

🇲🇳 Үзүүлэх нөлөө

Баян айлуудын тариф, хэлэлцээр, тэр дундаа дээр дурдсан татар төлөвлөгөө манай эдийн засагт тун чухал. Бид чинь 2025 оны эхний 3 сард нийт экспортынхоо 92.2%-ийг Хятад руу цутгасан. Дүнгийн хувьд жилийн өмнөхөөсөө $638 саяар буурч $3 тэрбум болсон бол нүүрс бүр ч дор $883 саяар буурсан. Бидний хийж чадах нь, Хятадын эдийн засагт тариф бага хохирол учруулж, хэдэн тн нүүрсийг минь гайгүй үнээр аваасай гэж найдах л байна.

360 гэрээ
Одоогоор Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 360 орчим түрээсийн гэрээ байдгаас 5 түрээслэгчид давуу эрх олгосон нь тогтоогджээ
5 жилээр
Өөрөөр хэлбэл бүх түрээслэгчтэй хийсэн гэрээг жил бүр дүгнэж сунгадаг бол эдгээр 5 түрээслэгчид 5 жилээр барилгыг түрээсэлсэн аж. 
 ₮310 сая 
Түүнчлэн Нийслэлийн өмчийг ашиглаж, эзэмшиж байсан 210 гаруй хуулийн этгээд, хувь хүн ₮310 саяын өр төлөлгүй үлдээсэн нь илэрсэн байна.

Henrich Foundation

🍋 Америкийн гадаад худалдааны алдагдал түүхэн дээд дүн болох $140.5 тэрбумд хүрлээ. Тодруулбал, шинэ тарифаас үүдэн өнгөрсөн III сард тус улсын импорт II сараас 4.4% өсөж $419 тэрбум болсон бол экспорт нь ердөө 0.2% өсөж $278.5 тэрбум болжээ. Ингээд нийт алдагдлын дүн мөн хугацаанд 14% өссөн байна. Энэ тоо 2 сарын дараа хэрхэн өөрчлөгдөх нь сонирхолтой. 

🍋 ЗГХЭГ мэргэжлийн эдийн засагч, ТОП-100 ААН-тэй хамтарч төрийн албыг бүтээмжтэй, төсвийг хэмнэлттэй болгоно. Энэ хүрээнд “Санхүүгийн сахилга бат”, “Процессын ре-инженеринг”, “Цахим шилжилт, AI” гэх 3 чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын дэд хэсгүүд байгуулж бүх шатны байгууллагуудын урсгал зардлын хяналтыг чангатгах гэхчлэн хэд хэдэн ажлыг ирэх оны төсвийн тухай хуультай уялдуулж хийхээр болов. 

🍋 Энэтхэгийн төрийн өмчит Steel Authority of India (SAIL.NS) Монголоос коксжих нүүрс импортолно. Эхний ээлжид туршилтаар 1 тн коксжих нүүрс импортлох бөгөөд, ингэхдээ Хятадын байр байдлаас хамааран газраар, үгүй бол агаарын тээврээр авахаар судалж буй. Цаашлаад туршилтын дээжийн чанараас хамааран Монголоос 75 мянган тн нүүрс импортлох төлөвлөгөөтэй байна.

🍋 Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг ₮1.5 их наядаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ 6 сая ширхэг энгийн хувьцааг тус бүр нь ₮100 мянгын нэрлэсэн үнээр, 9 сая ширхэг давуу эрхийн хувьцааг мөн тус бүр нь ₮100 мянгын нэрлэсэн үнээр нэмж гарган Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх нь. Улмаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 45.5% болж өсөх аж. 

Reply

or to participate.