• Lemon Press
  • Posts
  • 💤 Монголчууд өдөрт 9.5 цаг унтдаг

💤 Монголчууд өдөрт 9.5 цаг унтдаг

AI-р сонгосон талент | Автомашины импорт өссөөр | Хятадын экспорт цойлов

POWERED BY

Hey! Өнөөдөр бидний хайрт дүр Mickey Mouse-н төрсөн өдөр тохиож байна. Одоогоос 96 жилийн өмнө энэ дүр дэлгэцнээ амилж Disney-д нийт $52.2 тэрбумын орлого оруулжээ. Mickey Mouse-н улаан фэн найздаа дуулгаарай. 🎬

OIL: Он гарсаар 2.4 сая тн газрын тос импортолж үүний 58%-ийг дизель түлшний импорт бүрдүүлсэн байна.

CHN: Хятадын экспорт 10-р сард өмнөх оны мөн үеэс 12.7% өсөж $309.06 тэрбумд хүрсэн нь 2023 оны 3-р сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.

MNGGF: Mongolian Growth Group (MNGGF)-н жилийн ээлжит хурлаар ТУЗ-д нэр дэвшсэн Ник Кусин, Жим Дуйер, Брэд Фаркухар, Харрис Купперман, Роберт Скотт нарыг сонгов.

 

⏳ Хоногийн 24 цагийн зарцуулалт

Та хоногийн 24 цагаа яаж хуваарилдаг вэ? Монгол хүн дунджаар 24 цагийн 51%-ийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8%-ийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1%-ийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж буй. Үүнийг дэлгэрүүлж харъя.

  • 🔍 Судалгаа: ҮСХ 4 жил тутамд Цаг ашиглалтын судалгааг боловсруулж 12+ насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж буй. Энэ удаагийн судалгаанд 23,394 өрхийг хамруулжээ.

Монголчуудын 1 өдрийн дүрэм 🎲 20:40:20

Судалгааны үр дүнгээс харахад бид 1 өдрийнхөө дунджаар 4.6 цаг буюу 19.2%-ийг ямар нэгэн байдлаар цалин, хөлстэй ажил хийхэд зарцуулдаг бол 3.5 цагийг хөлсгүй хөдөлмөр буюу хоол хүнс бэлтгэх, гэр цэвэрлэх мэтэд зарцуулдаг аж. 

  • 😴 Унтах цаг 9.5: Харин дийлэнх буюу бүхэл бүтэн 9.5 цагийг унтахад зарцуулж байгаа хэр нь ердөө 32 минут буюу 24 цагийнхаа 2.2%-ийг л боловсролд шингээдэг байна. Тэгэхээр бидний хоногт унтах хугацаа Өмнөд Солонгосчуудаас л гэхэд 2 цагаар илүү байгаа юм. 

  • ⌚ Ингэснээр 24 цагийн 12.9% буюу 3.1 цаг нь чөлөөт цаг болж үүнийхээ 51%-ийг сошиал ашиглахад, үлдсэн хэсгийг урлаг, спорт, хүмүүстэй харилцахад үрдэг аж. Харин 11.3% буюу 2.7 цагийг хувийн хэрэгцээндээ зарцуулж буй. Үүнд хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих ажлууд багтана. 

🆚 Алга дарам ялгаа 

Цаашлаад, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цаг зарцуулалт нэлээд ялгаатай байгаа юм. Тодруулбал, хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн нийлбэр дүнгээр эрэгтэйчүүд 7 хоногийн 1 өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг хөдөлмөр эрхлэлтэд зарцуулдаг бол эмэгтэйчүүдийнх үүнээс 54 минутаар их. Гол нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зориулж буй. 

  • 🎭 Бүр өөр нөхцөл: Түүнчлэн 3 хүүхэдтэй эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд хоногт 6.3 цагийг зарцуулж байгаа нь хүүхэдгүй эмэгтэйчүүдээс 114.2%, яг адил 3 хүүхэдтэй эрчүүдээс 153% өндөр байна. 

Эцэст нь… Энэ үзүүлэлтээс хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ. Унтах, утсаа маажих цаг их ч боловсрох цаг багатай Монголчууд аа гэж. 

📈 $TTL-ийн өсөх потенциал: 48.1%

TTL: Өлзий энд Ко капитал ҮЦК Тавантолгой ХК-ийн хувьцаанд судалгаа хийжээ. Тавантолгой ХК-ийн 2023 оны IV улирлын санхүүгийн тайлан болон зах зээл дээрх нээлттэй мэдээлэлд үндэслэсэн судалгааны үр дүнд $ТТL-н үнэ бодит үнээс харьцангуй доогуур үнэлэгдсэн гэж үзжээ. Тодруулбал, өчигдрийн арилжаагаар тус компанийн хувьцааны үнэ ₮33,980 дээр хаагдсан нь бодит ханшаас ₮15,275-өөр бага дүн аж.

🌟 AI-р сонгосон талент

LinkedIn анхны хиймэл оюун ухаант хүний нөөцийн сонгон шалгаруулалтын туслахаа танилцуулсан билээ

🤩 Өвсөн дундах зүүг олж өгье

Товчхондоо бол тус AI ажлын байрны сонгон шалгаруулалтын эхний шатны шигшилтийг хийнэ. Ингэснээр хүний нөөцийнхний CV, намтар унших буюу өдөр тутамдаа давтамжтай хийдэг ажлыг хөнгөлж, цаг хэмнэхийн сацуу сонгон шалгаруулалтын менежерүүддээ зөвлөгөө өгөх, ажилчидтайгаа ярилцах зэрэг илүү дотоод ажилчид руугаа чиглэсэн хүн төвтэй ажлуудаа амжуулах боломжийг олгох гэнэ. 

  • 🔏 Тэр хэрхэн ажиллах вэ? Тус AI-н тусламжтайгаар хүний нөөцийн мэргэжилтнүүд хүсэж буй туршлага, чадвараа бичихэд л таны хайж буй чадвар, туршлагатай тэдэн хүн CV явуулсан байна гээд гаргаад ирэх нь. 

  • ✌️ Хэдийнээ хэрэглээнд: Одоогоор тус AI-г LinkedIn болон тэдний хамтран ажиллагч компаниуд болох Canva, AMS, Siements, Zurich Insurance нар хэрэглэж эхэлжээ.  

🫠 Хүний нөөцийн ажлын хүндрэл

Дэлхий даяар хүний ​​нөөцийн мэргэжилтнүүдийн талаас илүү хувь буюу 55% нь ажлын байрны шаардлага, хүлээлт өмнөхөөсөө илүү өндөр болсон гэж үзсэн бол 42% нь өдөр бүр ар, араасаа олон шийдвэр гаргах ёстойгоосоо шантарч байгаа талаараа дурджээ. Мөн яг хүний нөөцийн чиглэлээр биш захиргааны ажилтай давхар хутгалдах нь үүн дээр улам л нэрмээс болдог сурагтай. 

  • 🤏 Аахар, шаахар: Улмаар хүний нөөцийнхөн хүссэн талентаа хайх, шигших зэрэг сонгон шалгаруулалтын жижиг, сажиг ажлуудад 7 хоногт дор хаяж 20 цагийг зарцуулах болсон гэнэ. 

Эцэст нь… AI хүмүүсийн өдөр тутамд давтамжтай хийдэг ажлуудыг халж байгааг анзаарч байна уу? Хэдхэн жилийн өмнө хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах ажлыг хүн хийдэг байсан бол одоо чатбот, автомат хариулагч, виртуал туслах гэхчлэн AI-г яаж л бол яаж ашиглаад шийдэх болж. AI-н загалмайлсан эцэг Жеффри Хинтон “AI хүнийг гүйцэх болоогүй. Ядаж л биднийг амьдарч байгаа хугацаанд биш. Гэлээ гээд AI-тай өрсөлдөх нь утгагүй учир дайсан гэж харах бус ухаалгаар ашиглах нь л бидний хийж чадах хамгийн зөв сонголт” хэмээсэн байдаг. AI ашиглаж сурах нь өнөө, маргаашдаа зайлшгүй шаардлагатай чадвар болж байна даа.

💡 Таавар таацгаая.

… нь компанид өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэхэд тусалдаг. Цаашлаад бизнесийг илүү их амжилтад хүргэх ч чадалтай. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

⚡ Илүү хэмнэлттэй технологи

Уул уурхайн мега төслүүд эрчим хүчний зардлаа бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор шинэлэг технологиудыг нэвтрүүлж буй. Тэгвэл Монголд юу болж байна вэ?

🇲🇳 Хамгийн том төслийн жишээ

Rio Tinto (RIO) болон Хятадын эрчим хүчний корпорац хамтран Оюу толгойн уурхайд батарей солих технологитой цахилгаан өөрөө буулгагч машинуудыг туршихаар болоод байна. Батарей солих технологитой машинуудыг туршсанаар цэнэглэх хугацаа хэмнэх тул сул зогсолт буурч уурхайн бүтээмж нэмэгдэнэ гэсэн үг.

  • 🌱 Нөлөө: Туршилтын үр дүнд түлшний зардал багасаж, цахилгаан эрчим хүчний ашиглалт нэмэгдэн хүлэмжийн хийн ялгарал буурах юм. Түүнчлэн гүний уурхайд ч энэхүү цахилгаан төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх аж. 

  • 🚩 2 жилд 8 машин: Энэ онд батарей солих технологитой эхний машиныг ашиглаж эхлэх бөгөөд 2025 он гэхэд 91 тн-ын даацтай нийт 8 өөрөө буулгагч машиныг 800 кВт.цагийн хүчин чадалтай 13 батарей, автоматажсан цэнэглэгч станцын хамт нэвтрүүлэх юм. Эдгээрийг Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэг үйлдвэрлэлийн бус зорилгоор ашиглах гэнэ. 

Эцэст нь… Rio Tinto ч тэр Оюу толгой ч тэр хүлэмжийн хийг бууруулах тал дээр онцгой анхаарч буй. Үүнийхээ хүрээнд шинэ технологи, инновацыг нэвтрүүлж байгаа нь бодит үр дүн гаргах биз ээ. 

Dribbble

🍋 Монгол энэ оны эхний 10 сард нийт 109,582 суудлын автомашин импортолжээ. Үүний 76.7%-ийг Hybrid автомашины импорт эзэлж буй. Харин зөвхөн 10-р сард л гэхэд 10,986 суудлын автомашин импортолсноос 59.4% нь 10 буюу түүнээс дээш жилийн насжилттай аж.

🍋 Хөгжлийн банкны ₮233 тэрбумын 7 зээл  бүрэн төлөгдөөд байна. Цаашлаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ₮673 тэрбумын 17 зээлийг төлүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн ойрын хугацаанд 2 зээлдэгчийн нийт ₮30 тэрбумын хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэнэ.

🍋 Өнөөдрөөс эхлэн 9 улсын иргэд бизнес болон аяллын зорилгоор Хятадад 15 хоног визгүй зорчих боломжтой болно. Уг бодлого нь дараа жилийн 12 сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд Словак, Норвеги, Финланд, Дани, Исланд, Андорра, Монако, Лихтенштейн зэрэг Европын 8 улс болон Өмнөд Солонгос багтаж буй. 

🍋 Улсын хэмжээнд АИ-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний өсөлттэй холбоотойгоор Оросын талд сар тутамд 110,000 тн АИ-92 автобензин, 65,000 тн дизель түлш импортлох захиалгыг өгч байгаа аж.

  • 🅰️ Төгс CV бичихэд үсгийн загвар ч хамаатай. (Economist

  • 🎞️ Бичлэгийг хормын дотор хадмалтай болгоно гэнэ үү? (SubChimege)

  • 🤔 Америкчууд сонгуулиа хэрхэн өгсөн бол? (BBC)

  • 📜 Соёл болон спортын эрхийн бичигт хамрагдах 127 үйлчилгээний жагсаалт. (ССАЖЗЯ)

Reply

or to participate.