- Lemon Press
- Posts
- 💔 ₮2 саяын зааг
💔 ₮2 саяын зааг
Эрчийг авсан MANGOS | M&A хэлцлийн хаан | ААН-үүдийн дансыг хаахгүй
POWERED BY
Өглөөний мэнд! AI-н нөлөөгөөр олон төрлийн контент борооны дараах мөөг шиг л нэмэгдэх болжээ. Жишээлбэл, 2022 оны 11-р сард ChatGPT-3.5 гарсны дараа Amazon дээрх цахим номын тоо эрс өссөн бөгөөд өмнө нь сард 100 мянга орчим ном хэвлэгддэг байсан бол өнгөрсөн онд энэ тоо 300 мянгад хүрсэн гэнэ дээ. Манайхан шинэ ном шагайхдаа AI-р бичигдсэн эсэхийг нь хэр сайн шалгаж байна даа? 🤓📚


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: Зүүн бүсийн нефтийн орд газарт олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилготой Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
GOV: Говь ХК (GOV) нь Таван Богд Холдингс ХХК-ийн ЕСБХБ-наас авсан €25 саяын зээлийн гэрээний үүргийг хангуулахын тулд өөрийн хөрөнгүүдийг нэмж барьцаалуулна.
MSE: Тавилга ХК (TVL)-ийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсан тул үнэт цаасны арилжаа нээгдлээ.

💔 ₮2 саяын зааг

ХХОАТ-ыг 1% болгоно, болгохгүй гэж талцсаны эцэст ₮2 сая хүртэлх цалинтай иргэдийн ХХОАТ-ыг 1% болгох буюу 9%-ийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Шийдвэр 2028 оны 1 сарын 1-нээс хэрэгжинэ. Харин ₮792 мянга хүртэлх цалингийн ХХОАТ-ыг 0% болгох шийдвэр ирэх оноос хэрэгжих нь. Энэ яг хүртээмжтэй хөнгөлөлт болж чадав уу?
🥊 Хөнгөлөлт эдлэх зорилтот бүлгийн хумигдалт
Сүүлийн 1 жилийн хугацаанд ₮2 сая хүртэлх цалинтай хүмүүсийн тоо 29 мянгаар буурчээ. Эсрэгээрээ, ₮2 саяас дээш цалинтай иргэдийн эгнээ 11.2 мянгаар тэлсэн байна. Төрөөс хөнгөлөлт үзүүлэхээр тогтоосон "₮2 саяын босго"-ны доор үлдэж буй иргэдийн тоо эрчимтэй цөөрч байгаа тул уг шийдвэрийн бодит хүртээмж хугацаа өнгөрөх тусам багасна.
🤷♀️ Юм үлдэх үү?
Иргэдийн гар дээр очих орлого хэрхэн өөрчлөгдөхийг ₮1.5 саяын үндсэн цалин дээр тооцвол хуучнаар ₮132,750-ийн ХХОАТ суутгагдах байсан бол одоо ₮13,275 суутгагдаж ₮119,475 үлдэх нь.
🤔 ₮2 саяас дээш цалинтай бол? Татварыг шатлалаар буюу ₮2 сая хүртэлх хэсэгт 1%, давсан үлдэгдэлд нь 10%-иар тооцвол ₮180,000-ийг гар дээрээ илүү авна. Гэхдээ 2028 оноос шүү, нөхөд өө. Тэр онд юу болохыг мэдэж байгаа биз? Сонгууль, сонгууль.
🔺 Инфляцын хавх ба дундаж цалингийн хуурамч өсөлт
Сүүлийн 1 жилд Монгол Улсын дундаж цалин ₮312.8 мянгаар нэмэгдэж, ₮2.9 саяыг давсан. Ер нь бол дундаж цалин 6-хан жилд 2 дахин ихэсчхээд байгаа юм. Энэ нь эдийн засаг сайжирсных биш. ААН-үүд эрчимтэй өсөж буй инфляц, амьдралын өртгийг дагаж ажилтнуудаа тогтоон барихын тулд нэрлэсэн цалинг нэмэхээс өөр аргагүйд хүрснийг гэрчилнэ.
📌 Хүртээмж цөөрнө: Цалингийн өсөлтийн энэхүү трэнд ирэх 3 жилд үргэлжлэхэд ₮2 саяас доош цалинтай иргэдийн тоо улам эрчимтэй хумигдахаар байна.
Эцэст нь... Хэрэв татварын босгыг инфляц, амьдралын өртөгтэй уяж уян хатан өөрчилдөггүй юм бол дундаж давхаргаа шахсан, поп шийдвэрүүд хөдөлмөрийн зах зээлийг улам л боомилсоор байх болов уу даа.

🕵🏻♂️ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой $26 саяын торгууль. (unnu.news)
💔 Америкчууд Гүйцэтгэх захиралдаа жинхэнээсээ итгэхгүй байна. (Bloomberg)
⚽️ Дэлхийн хөл бөмбөгийн 70%-иас дээшийг зөвхөн нэг хот үйлдвэрлэдэг. (BusinessInsider)
🍿 Z үеийнхэн театрт кино үзэх соёлыг дахин сэргээх үү? (CNBC)

🤴🏻 M&A хэлцлийн хаан
GS: Энэ оны эхний хагас жилд хөрөнгө оруулалтын томоохон банкнуудын нэг Goldman Sachs $1 их наядын дүнтэй M&A хэлцлийг амжилттай гүйцэтгэж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Энэ нь хагас жилийн хугацаанд аль ч хөрөнгө оруулалтын банканд бүртгэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт аж. Мөн дэлхийн нийт M&A хэлцлийн хэмжээ энэ онд аль хэдийн $2.6 их наядад хүрсний 38.5%-ийг Goldman Sachs дангаараа бүрдүүлжээ. Сонирхуулахад, сүүлийн нэг сарын хугацаанд компанийн хувьцааны үнэ 15.9%, он гарснаас хойш 25% тус тус өсөж, $1,099.2 дээр арилжаалагдаж байна.

🥭 Эрчийг авсан MANGOS

Дэлхийн хөрөнгийн зах зээлийг голоор зүйрлэвэл гол усаараа л нэг SpaceX (SPCX)-н IPO-н тухай яригдаж байна. Үүнтэй холбоотой Америкийн хөрөнгө оруулалтын менежерүүд шинэ ETF гаргахаар болсон гэнэ.
🐝 Шинэхэн ETF
Энэ долоо хоногт Truth Social ETF-г удирддаг Yorkville America болон шинээр гарч ирж буй Corgi Securities нар орчин үеийн технологийн хамгийн халуухан компаниудыг нэгтгэсэн шинэ ETF гаргах хүсэлтээ SEC-д хүргүүлжээ. Хамгийн гол нь энэхүү үйл явдал SpaceX-н Nasdaq дээр хийсэн $75 тэрбумын түүхэн IPO-оос хойш өрнөж байгаа нь хөрөнгийн зах зээл дэх AI-д суурилсан хөрөнгө оруулалтын шинэ давлагааг улам эрчимжүүлж байна.
🧠 MANGOS: Өмнө нь Уолл Стрийт FAANG, Magnificent 7 гэх мэтээр технологийн акулуудыг нэрлэж ирсэн бол одоо AI-д хамгийн нөлөөтэй Meta (META), Anthropic, Nvidia (NVDA), Google (GOOG), OpenAI, SpaceX-г хамруулан MANGOS хэмээн нэрлэж байна. Одоогийн байдлаар эдгээр 6 компанийн нийт зах зээлийн үнэлгээ ойролцоогоор $15.5 их наяд хэмжигдэж байгаа ч удахгүй болох OpenAI, Anthropic IPO-н дараа бүр өсөх нь гарцаагүй.
🎙️ Их 7-гийн уулзалт
MANGOS хэмээн хөрөнгийн зах зээл бужигнахын хажуугаар Их 7-гийн уулзалт Францын Эвиан хотод болж байна. Энэхүү уулзалтаар дэлхийн удирдагчдаас гадна AI-н асуудлаар OpenAI, Anthropic, Google-н захирлууд хүрэлцэн ирсэн. Үүнээс олон нийтийг анхаарлыг татаж буй гол үйл явдал нь Дональд Трамп уулзалтын өмнөхөн Anthropic-н хамгийн сүүлийн үеийн, кибер хамгаалалтын өндөр чадамжтай Fable 5 болон Mythos 5 загваруудад хатуу хязгаарлалт тогтоосонд байв.
✍🏻 Гарах үр дүн: Их 7-гийн орнууд болон Европын Холбоо уулзалтын хүрээнд итгэмжит түнш тогтолцоог бий болгох талаар хэлэлцлээ. Уг тогтолцооны дагуу гишүүн орнуудын ЗГ болон бусад байгууллагуудад Америкийн тэргүүлэх AI-н загваруудад кибер аюулгүй байдлын зорилгоор тусгай нэвтрэх эрх олгох боломжийг олгох аж.
Эцэст нь… Их 7-гийн уулзалтаар OpenAI, Anthropic-н удирдлагууд холбоотнуудыг эвтэй, технологийн хуваагдалгүй байхыг уриалж, цаашид AI-н засаглалын дүрмийг компаниуд бус зөвхөн ЗГ-ууд тогтоох ёстойг онцолжээ.

💡 Таавар таацгаая.
… нь XIX зууны дайны улмаас далайд гарцгүй болсон Өмнөд Америкийн улс юм. Хүн амын дийлэнх нь уугуул иргэдийн Гуарани хэлээр ярьдаг бөгөөд энэ нь Америк тивд өөр улсад бараг хэрэглэгддэггүй онцгой тохиолдол юм. Цаашлаад, Гуарани хэл нь өдөр тутмын амьдралд испани хэлнээс ч илүү өргөн хэрэглэгддэг байна. Энэ улсыг тааж чадсан бол газарзүйн мэдлэг зузаан гэж бодсон найзаараа таалгаарай.

🌟 Чанартай боловсролын 13 жилийн туршлага

Чанартай боловсролыг 13 дахь жилдээ түгээж буй Америк-Монголын хамтарсан Шилдэг ЕБС 2026-2027 оны хичээлийн жилийн 1-р ангидаа элсэлт авч байна.
⭐️ Давуу тал: Сурагчид 1-р ангиасаа Англи, Монгол хос хэл, 5-р ангиасаа эхлэн Хятад хэл үздэг. Түүнчлэн олон улсын IB, AP хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Math+STEM, SAT, AP, IELTS, HSK-н эрчимжүүлсэн бэлтгэлээр сурагчдаа дэмждэг аж.
📚 EQ хөгжил: Шилдэг ЕБС нь SEL хөтөлбөр, сэтгэл зүйчийн зөвлөгөө, зөөлөн ур чадварын сургалтуудаар дамжуулан сурагчдын хувь хүний хөгжлийг дэмжиж, 9-р ангиас нь College Counseling хөтөлбөрөөр их сургууль, тэтгэлгийн бэлтгэлийг хангадаг байна.
Эцэст нь… Шилдэг ЕБС нь хос хэлээр чөлөөтэй харилцах, шүүмжлэлт сэтгэлгээтэй, олон улсын түвшинд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай иргэнийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Хүүхдээ хос хэлтэй, дэлхийн түвшний боловсролтой болгохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7000-9400 дугаарт холбогдоорой. 📞


🍋 Монгол Улс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-д 70 улсаас сүүлээсээ дөрөвт буюу 67-рт эрэмбэлэгдлээ. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг ухарч, дэд бүтэц сул хэвээр байгаа ч бизнесийн ашигт ажиллагаа 3 байраар ахижээ. Боловсролын зардал нэмэгдсэн ч инфляцын өсөлт, экспортын хэт төвлөрөл болон эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар муу байгаа нь сөргөөр нөлөөлөв.
🍋 Татварын өртэй ААН-үүдийн дансыг шууд хаадаг байсныг өөрчилнө. Шинэ зохицуулалтаар дансанд орж ирсэн орлогын 70%-ийг татварын өрөнд суутгаж, үлдсэнийг компани үйл ажиллагаандаа зарцуулах боломжтой. Уг зохицуулалт нь хууль батлагдсан өдрөөсөө эхлэн шууд хүчин төгөлдөр мөрдөгдөх онцлогтой. Мөн уул уурхайн бус компаниудын орлогыг хамгаалах зорилгоор татварын хувь хэмжээ 10%-иас шууд 25% руу үсэрдэг байсныг өөрчилж, дунд нь 15%-ийн шинэ шатлал нэмнэ.
🍋 Тайланд Малаккын хоолойг орлох $30 тэрбумын "Хуурай замын гүүр" тээврийн коридорын төслөө дахин сэргээж байна. Уг төсөл тээвэрлэлтийг хурдасгах ч асар өндөр өртөг, нарийн логистикоос нь болоод хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа гэнэ. Мөн нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан уг төслийг шинжээчид зөвхөн Тайландын стратегийн коридор болох болов уу гэж үзжээ.
🍋 Гадаадын иргэн, харьяатын газар 5-р сард 5,104 иргэнд визийн зөвшөөрөл, 15,574 иргэнд виз олгож, 8,198 оршин суух зөвшөөрөл шийдвэрлэв. Өмнөх оны мөн үеэс виз, оршин суух зөвшөөрөл олголт өссөн ч визийн зөвшөөрөл 13.6% буурчээ. Одоогоор Монголд 132 улсын 41,405 гадаад иргэн оршин сууж байгаагийн 24,997 нь хөдөлмөр эрхлэх зорилготой аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply