• Lemon Press
  • Posts
  • 💰 Хамгийн том төгрөгийн бонд

💰 Хамгийн том төгрөгийн бонд

Samsung-н шинэчлэл | СЗХ болон МХБ-ийн хамтын ажиллагаа | Хөгжлийн банкны санхүүжилт

POWERED BY

Шинэ сарын мэнд ээ! Visa International-д ажиллах ямар байдгийг мэдмээр байна уу? Манай Lemonade in Korea цувралын ээлжит дугаарт Visa International-д ажилладаг Ж.Доржпагам оролцсон шүү. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Тэнгэр Даатгалын IPO-н анхдагч зах зээлийн арилжааны явц 89.73%-д хүрээд байна

GOV: ЗГ Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлнэ

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮30.2 тэрбумын болон $5.5 саяын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮10.8 тэрбумын арилжаа хийгджээ.

💰 Хамгийн том төгрөгийн бонд

Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) анх удаа төгрөгийн бонд гаргасан нь Монгол Улсын санхүүгийн салбарт томоохон дэмжлэг үзүүлсэн үйл явдал боллоо. 

📈 ₮102.5 тэрбум

ОУСК-ийн уг бондоо Люксембургийн хөрөнгийн бирж дээр 3 жилийн хугацаатайгаар гаргасан бөгөөд нийт ₮102.5 тэрбум буюу $30 саятай тэнцэх хэмжээний санхүүжилт босгосон аж. Уг бонд нь хөрөнгө оруулагчдад төгрөгөөр санхүүжилт олгох шинэ боломжийг нээж, хувийн хэвшлийн хөгжил, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй. 

  • 💭 Ямар зорилготой вэ? ОУСК-ийн ₮102.5 тэрбумын санхүүжилт жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, мөн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд зарцуулагдах аж. 

  • 🤔 Ямар нөлөө үзүүлэх вэ? Төгрөгийн бондыг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах нь төгрөгийн эрэлтийг өсгөж, ханшийн хэлбэлзлийг бууруулах, цаашлаад Монголын эдийн засагт урт хугацааны, хямд өртөгтэй хөрөнгө оруулалтыг татах суурь болж байна. 

🔀 Монгол болон ОУСК-ийн хүйн холбоо

ОУСК хөгжиж буй орнуудын уур амьсгалд тохирсон ухаалаг төслүүдийг санхүүжүүлэгч гэдгээрээ алдартай. Тэд 2022 онд 20 валютаар 187 бонд гаргаж, $11.6 тэрбумын санхүүжилт босгосон байдаг. Түүнчлэн Монголын хувийн хэвшлийг хөгжүүлэх, эдийн засгийн олон салбарт хөрөнгө оруулалт хийх замаар тогтвортой хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн. 

🌱 Сүүлийн үеийн трэнд = Ногоон

Өнгөрсөн оны 3-р сард ХААН Банк (KHAN) анхны ногоон бонд гаргаж $60 саяын санхүүжилт татсанаас хойш Худалдаа Хөгжлийн Банк (TDB) Монгол Улсаас анх удаа Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан Нийгмийн болон Ногоон бондыг, ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэр нээлттэй $-ын ногоон бонд гаргасан. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн бондын трэнд “Ногоон” болсонд ч ОУСК-ийн нөлөө бий. Тэд Монголын анхны нийгмийн бондод ч хөрөнгө оруулж байсан билээ

Эцэст нь… ОУСК-ийн төгрөгийн бонд нь Монголын санхүүгийн зах зээлийг илүү тогтвортой, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгоход түлхэц өгч, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах замыг нээж байна. Энэ нь цаашид Монголын хувийн хэвшилд тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх биз ээ.

🤝 Хамтран ажиллая

MSE: Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Одоогоор МХБ-д бүртгэлтэй 14 компани БОНЗ, тогтвортой байдлын тайлангаа гаргасан аж. Харин уг санамж бичгийн хүрээнд компаниуд, ААН, Санхүүгийн байгууллагуудын БОНЗ, Тогтвортой байдлын тайлагналын ил тод байдал, стандарт, цахимжилт зэрэгт ахиц гарах нь ээ.

🌅👇 Өглөө яах вэ? Ийшлэх үү? 

Эрдэмт ТББ-ийн 6 дахь жилдээ зохион байгуулж буй Өглөөний хүн - Өглөөний уулзалт арга хэмжээний 63 дахь зочноор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцох гэж байна!

Тэрээр олон жижиг дунд бизнесүүдэд хөрөнгө оруулж, залуу манлайлагчдын ментороор ажиллаж байсны сацуу МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон амжилттай удирдсан туршлагатай нэгэн билээ.

🔗 За тэгээд ЭНД дарж бүртгүүлээд нэгэн өглөөг мэдлэгээ тэлж өгөөжтэй яриа сонсон эхлүүлээрэй.

📍 Хаана: Баянгол ресторан
📆 Хэзээ: 12 сарын 6-нд 06:00 цагт

👑 Samsung-н удирдлагын баг шинэчлэгдлээ

Samsung Electronics (005930.KS) удирдлагын багтаа ээлжит сэлгээгээ хийж, нийт 137 хүнийг албан тушаал ахиулав. Энэ жилийн халаа сэлгээний тоо өнгөрсөн оноос 4.2% буурснаар 4 жил тасралтгүй буураад буй. 

  • 🙌🏻 Учир жанцан: Samsung удирдлагын багаа стратеги төлөвлөлтийн мөчлөгтэйгөө холбоотойгоор цаашлаад ирээдүйд тулгарах сорилтуудад бэлтгэлтэй байхын тулд жилдээ нэг удаа тогтмол сэлгэдэг. Саяны томилгоогоор л гэхэд 35 Дэд Ерөнхийлөгч, 92 ахлах захирлууд тушаал ахисан байна.

🤟🏻 Онцлох томилгоо

Энэ удаагийн хамгийн онцлох томилгоо бол Samsung Bioepis-н Ерөнхийлөгч бөгөөд CEO-р Ким Кён-Аг томилсон явдал байлаа. Тэрбээр Жонс Хопкинсын их сургуулийн Нейротоксикологийн эмч мэргэжилтэй төдийгүй үүсгэн байгуулагч гэр бүлийн хүрээллээс удирдлагаа сонгодог Samsung-н уламжлалыг халж, гаднаас томилогдсон анхны хүн юм. Аан бас Samsung-н түүхэн дэх 2 дахь эмэгтэй удирдагч гэгдэж байгаа. 

🦼 Стратегийн өөрчлөлтүүд

Цаашлаад, Samsung-н гол бизнес болсон санах ойн чипийн салбарыг Жун Ён Хён хамтран удирдаж, Хан Жин Ман чип цутгах үйлдвэрийг хариуцахаар тус тус томилогдов. Хэдий Samsung дэлхийн санах ойн чипийн зах зээлийн 50%-ийг эзэлдэг ч сүүлийн жилүүдэд ашигт ажиллагаа нь буурсаар байгаа. Уг томилгоо компанийн чипийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг хадгалахад цаашлаад нэмэгдүүлэхэд чиглэх хүлээлттэй байгаа шүү. 

  • 🤔 Samsung-н бизнесүүд: Хэрэв та Samsung-г гагц гар утас болон цахилгаан бараа үйлдвэрлэг технологийн компани гэж боддог бол том эндүүрч байна. Тэд барилга, даатгал, аялал жуулчлал болон зочид буудлаас эхлээд 56 охин компанитай. Тухайлбал, Өмнөд Солонгосын тансаг зэрэглэлийн Shilla Hotels зочид буудлын сүлжээ Samsung-н нэгээхэн охин компани гээд л бод. 

🙄 Үүсгэн байгуулагч гэр бүлийн нөлөө буурах нь зөв үү?

Тус конгломератын толгой компани болох Samsung Electronics-г 86 жилийн түүхэнд 6 хүн л удирдаж ирсэн. Харин 2020 онд Ерөнхийлөгч Ли Кун Хи таалал төгссөнөөр түүний хүү Ли Жэ Ён компанийн Ерөнхийлөгчийн үүргийг хүлээн авч, илүү орчин үеийн, инновацлаг хандлагыг бий болгохоор зорьж буй. Энэ ч гэр бүлийн конгломератууд олон шатлалтай байх нь түгээмэл байдгаас үүдэн шийдвэр гаргалт удаан байх гэхчлэн олон асуудлыг өөрчлөх эхлэл болж магадгүй дээ.

Монголд 1,670 цахилгаан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тэгвэл цахилгаан тээврийн хэрэгслийн эргэн тойронд юу болж байна вэ?

  • Олон Улсад: Америкийн Калифорния, Нью Жерси болон Нью-Йорк зэрэг мужууд 2035 он гэхэд хийн түлшээр ажилладаг автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох юм гэнэ.

  • Монголд: ЗТЯ цахилгаан автомашиныг хэрэглээнд нэвтрүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэг үзүүлэх, татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 750 км авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг бий болгохоор ажиллаж байгаа бол,

  • Ирээдүйд: Монголын уур амьсгалын эрс тэс онцлогоос шалтгаалан 2040 он гэхэд нийтийн тээврийн хэрэглээний 70% цахилгаан ажиллагаатай болгох боломжтой аж. 

Онцолбол: Үүний тулд хамгийн ачаалалтай чиглэл, дараа нь коридорыг цахилгаан тээврийн хэрэгсэлтэй болгох, цэнэглэх станцуудыг барьж байгуулах, цаашлаад батарей устгах хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлагатай гэнэ.

Dribbble

🍋 Хөгжлийн банк Монголын Ногоон Санхүүгийн Корпорацыг $5 саяар санхүүжүүлэв. Тус санхүүжилтээр нийт 3.7 сая тн хүлэмжийн хийг бууруулах, 20 мянга гаруй гэр хорооллын байшинг дулаалах, мөн 1.5 мянга гаруй шинэ ногоон ажлын байрыг бий болгож, 130 аж ахуй нэгжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх аж.

🍋 Улаанбаатарын түгжрэлийг шийдэх хүрээнд төрийн албан хаагчдыг ажлын 5 хоногийн 1 өдөр зайнаас ажиллуулна. Энэ нь зөвхөн цахимаар ажиллах боломжтой ажил, албан тушаал эрхлэгчдэд ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хамаарах аж. Улмаар түгжрэлийн улмаас бий болдог алдагдсан боломжийн 1 хүнд ногдох өртөг 10% буурах юм гэнэ.  

🍋 Азийн Хөгжлийн Банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк АПУ ХК (APU)-г $40 саяар 50:50 харьцаатай санхүүжүүлэв. Уг санхүүжилтээр тэд АПУ Дэйригийн сүү цуглуулах цэгийг өргөтгөх, малчдын санхүүгийн чадавхыг бэхжүүлж, байгальд ээлтэй бэлчээрийн менежмент, зохистой дадал төлөвшүүлэх, жендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах зэрэг чиглэлээр хамтран ажиллах нь.

🍋 Meta (META) болон Google (GOOG)-н өмнөх инженерчлэл, технологийн удирдагчдын “/dev/agents” стартап $50 саяын санхүүжилт татав. Үүнд CapitalG болон Index Ventures нар хөрөнгө оруулсан бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан агентуудыг аялал зохион байгуулах, арга хэмжээ төлөвлөх тэргүүтэй олон үйлдэл хийх чадвартай болгох юм байна. Энэ талбарт Google-н Project Astra төсөл болон Anthropic мөн хүч үзэж буй.

  • 📚 Заавал унших энэ оны ТОП-100 ном. (TIME)

  • 🔐 Манлайлагчдын харилцааны ур чадварын нууц. (INC)

  • 🔌 Meta (META) $10 тэрбумаар усан доорх кабель барина гэнэ үү? (TechCrunch)

  • 💃 Арын бүжигчид ямар орлоготой байдаг бол? (Under30CEO)

  • Даваа: Хятадын өнгөрсөн сарын гадаад худалдааны тэнцэл зарлагдана

  • Мягмар: Араас нь Германы 11-р  сарын инфляц танилцуулагдах гэж байна

  • Лхагва: Төлбөрийн тэнцлийн сарын статистик гарна

  • Пүрэв: Их Британийн ДНБ-ий үзүүлэлт зарлагдана

  • Баасан: Эцэст нь Америкийн гадаад худалдааны үзүүлэлттэй танилцсанаар энэ 7 хоногийг үдэх нь дээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.