• Lemon Press
  • Posts
  • 🦅 Тэг зогсолт зогсохгүй^2

🦅 Тэг зогсолт зогсохгүй^2

$SBM-н $200 саяын төлөвлөгөө | Entrée Resources-н III улирал | Starlink 5 тивд

POWERED BY

Өвөл айсуй! Билгийн тооллоор өвлийн тэргүүн сар эхлэхэд 2 долоо хоног хүрэхгүй хугацаа үлджээ. Тиймдээ ч өнөөдөр болон маргааш нийт нутгаар их хэмжээний буюу 10-20 мм нойтон цас үргэлжлэн орох төлөвтэй байна шүү. ⛄️

*Нэг өдрийн өөрчлөлт.

TAND: Тандэм Инвест ББСБ ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар Б.Мандхай томилогдлоо

GOV: ЗГ Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, дэлхийн инновацын индексэд 2030 он гэхэд 28 байр ахиж, эхний 50 байрт орох зорилт тавив.

RUS: Энэ оны эхний 9 сард Оросын эрчим хүчний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 0.2% буурч 5.5 тэрбум КВт.ц, импорт 7.2% өсөж 1.7 тэрбум КВт.ц-т тус тус хүрчээ.

🧮 $SBM-н $200 саяын төлөвлөгөө

Өнгөрсөн 9-р сард Төрийн банк (SBM) ногоон бондоо Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалж, $200 саяыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Санхүүжилтээ юунд зарцуулах бол? 

🧩 ¼ нь ногоон ирээдүйн төлөө…

Нийт санхүүжилтийн ¼ буюу $50 сая нь шууд тогтвортой хөгжил, ногоон ирээдүйг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Одоогийн байдлаар Төрийн банк ХК хэрэглэгчдэдээ ногоон бизнесийн болон хэрэглээний зээл, ногоон орон сууцны зээл, ногоон төслийн гэхчлэн 7 ногоон бүтээгдэхүүнийг санал болгож буй. Өөрөөр бол $SBM-н ногоон санхүүжилтийн эх үүсвэр $50 саяар нэмэгдэж байна гэсэн үг. Харин санхүүжилтийн үлдсэн хэсгийг энгийн арилжааны зээлийг санхүүжүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ажээ.

  • 💬 Ерөнхийдөө Төрийн банк ХК 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10%-ийг ногоон болгох амлалтаа биелүүлэхээр эрчимтэй ажиллах болсон. Тодруулбал, энэ онд биржийн бус зах зээл (ББЗЗ)-д анхны ногоон бондыг гаргаж, Зээлийн батлан даатгалын сантай ногоон зээлийн чиглэлд хамтран ажиллахаар болсны сацуу ногоон харилцах, хадгаламж, ногоон орон сууцны зээл гэсэн 2 шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлжээ.  

👀 Гадаад санхүүжилт

Төрийн банкны хувьд 2018 оноос эхлэн гаднаас санхүүжилт татаж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн онд тус банкны 15 жилийн ой тохиож, ирэх 15 жилийн стратегидаа ногоон хөгжлийг дэмжигч банк болох зорилтыг нэмж байгаагаа танилцуулж байв

  • 👆 Одоогоор $SBM-н зээлжих зэрэглэл Moody’s агентлагийн үнэлгээгээр B2/Тогтвортой түвшинд байгаа. Банкны зүгээс цаашид зээлжих зэрэглэл сайжрах төлөвтэй байгаа тул гаднын хөрөнгө оруулалт, санхүүжилтээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа аж. 

Эцэст нь… Банкны салбар уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, ногоон зээлийн хэмжээгээ 10%-д хүргэхээр эрчимтэй хөдөлж байна даа. Энгийнээр тогтвортой хөгжлийн, ногоон төслүүдийн зээлийн олдоц нэмэгдсээр байх төлөвтэй дэг шүү. 

  • 🛞 Google Maps-г гар оролцуулахгүйгээр ашиглах цаг айсуй. (TechCrunch)

  • 🩸 Эрүүл эсийг гэмтээлгүйгээр хорт хавдрыг голомтод нь устгадаг технологи. (Science&Astronomy)

  • 🤔 Монголын шүүх тогтолцоо хэрхэн ажиллаж байна вэ? (Ikon)

  • ⚾ Сүүлийн 34 жилийн хугацаанд хамгийн олон үзэгчтэй MLB тоглолт болж өнгөрөв. (MLB)

⛏️ Entrée Resources-н III улирал

ETG.TO: Entrée Resources өнгөрсөн III улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явцын талаар мэдээлжээ. Шивээ толгой болон Жавхлантын ашиглалтын лицензийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх ажил үргэлжилж байгаа ба энэ оны 10 сарын 14-нд Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл түүхэн дээд түвшинд онцлов. Мөн тус төсөл нь 2028-2036 онд жил бүр 500 мянган тн зэс үйлдвэрлэх боломжтойг дурджээ. Сонирхуулахад, компанийн бэлэн мөнгө III улирлын эцсийн байдлаар $4.9 саяд хүрээд байгаа аж. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 1.7% өсөж CA$2.4-т хүрч хаагджээ.  

🦅 Тэг зогсолт зогсохгүй^2

Өнгөрсөн сард Америкт эхэлсэн тэг зогсолт үргэлжилсээр 37 дахь өдрийнхөө нүүрийг үзээд байна. Юун тэг зогсолт вэ гэж гайхаж байвал… 👇

  • 🛑 Тэг зогсолт: Америкийн Конгресс төсвөө баталж чадаагүй тохиолдолд Засгийн газар санхүүжилтгүй болж, үйл ажиллагаа доголдож эхлэхийг “shutdown” буюу тэг зогсолт хэмээн нэрлэдэг. Хамгийн сүүлд 2018 оны 12-р сард Америкт тэг зогсолт эхэлж, 35 өдрийн турш үргэлжилж байв.

🔎 Асуудлын эхлэл

Өнгөрсөн 9 сарын 30-ны Америкийн Конгрессын хурлаар Бүгд Найрамдах болон Ардчилсан намын сенаторууд эрүүл мэндийн салбарт татаас олгох асуудал дээр тохиролцоонд хүрч чадаагүй ба ингэснээр түүхэн дэх хамгийн урт тэг зогсолт эхэлжээ. Сонирхуулахад, уг тэг зогсолт нь Дональд Трампын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хугацаанд тохиож буй 3 дахь удаагийн тэг зогсолт аж.

💔 Эдийн засгийн халаг

Засгийн газрын төсөв тасалдах үед ихэнх төрийн үйлчилгээ зогсдог. Энэ нь элчин сайдын яамнуудад ч нөлөөлдөг бөгөөд Монгол дахь Америкийн элчин сайдын яам гэхэд тэг зогсолтын улмаас Facebook хаягаа түр хугацаанд шинэчлэхгүй хэмээн мэдэгджээ. Тэг зогсолт эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг тоогоор харвал: 

  • 4,800 ЖДҮ: Төрөөс жижиг дунд бизнесүүдэд олгох зээл тасалдаж, нийт 4,800 орчим ЖДҮ-д олгох байсан $2.5 тэрбумын зээл зогсжээ.

  • 650 мянга: Орон даяар 650 мянга гаруй төрийн албан хаагч сүүлийн нэг сар орчим цалин аваагүй байна. 

  • $24 тэрбум: Төрийн худалдан авалт, гэрээ, үйлчилгээ зэрэг зардлууд зогсож, нийт тасарсан зардлын хэмжээ $24 тэрбумд хүрчээ

  • 1.15%: Тэг зогсолт нь Америкийн IV улирлын ДНБ-ий өсөлт, тэр дундаа эдийн засгийн нийт гаралтыг 1.15 нэгж хувиар удаашруулах магадлалтай хэмээн Goldman Sachs (GS) тооцоолжээ.  

Эцэст нь… Америкт үүссэн тэг зогсолт хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр байна. Сайн мэдээ гэвэл сенаторууд ирэх долоо хоногт тэг зогсолтын талаар хэлэлцэж магадгүй ажээ.

💡 Таавар таацгаая. 

2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн “… уул” нь жилд 2-3 сая жуулчдыг татдаг бөгөөд энэ жил жуулчдын дунд Азийн №1 үзэсгэлэнт газраар тодорчээ. Энэ ямар уул вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. ✌️

💣 Nomin 2.0 Black Boom 

Nomin 2.0 Black Boom-с хоцруузай! Өнөөдрөөс эхлэн 11 сарын 16-ныг дуустал НОМИН-ийн 10 мянган нэр төрлийн барааг 80% хүртэлх барааны бонусын хамт авах боломжтой болж байна. 📢

☝️ Ингэхдээ Nomin апп болон вэбсайтаар бонус картаараа нэвтрээд 3%-10%-ийн хөнгөлөлт эдлэх, мөн хуваан төлөх нөхцөлтэйгөөр төлбөр төлж болох нь.

  • 🌟 Анхдагч: НОМИН-ийн хувьд Монголын худалдааны салбарт анх удаа Black Friday концепцийг нэвтрүүлж, энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулж буй.

  • 🆕 Шинэ урамшуулал: Түүнчлэн энэ жилээс хэрэглэгч худалдан авалтаас олгосон барааны бонусаа дахин ашиглах боломжтой "Барааны бонус"-ыг зах зээлд нэвтрүүлжээ.

Гэснээс НОМИН-д онлайн худалдан авалт давтагдсан тоогоор сард 1 сая хэрэглэгч үйлчлүүлдэг гэнэ шүү.

“Покет ББСБ” ХХК

🍋 Pocket апп Сингапурын “Helicap” хөрөнгө оруулалтын сангаас $25 саяын санхүүжилт татах гэрээ үзэглэлээ. Энэ нь Helicap-н Монгол дахь анхны хөрөнгө оруулалт бөгөөд Покет ББСБ-ын сайн засаглал, тогтвортой өсөлтийг үнэлж ийн хөрөнгө оруулахаар болжээ. Тус санхүүжилтийг татсанаар Pocket апп үйлчилгээгээ өргөжүүлж, илүү олон хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэж буй. 

🍋 Starlink хиймэл дагуулын сүлжээг гар утастай шууд холбох “Direct To Cell” (D2C) үйлчилгээ Монголд нэвтэрнэ. Одоогоор тус үйлчилгээ Америк, Япон тэргүүтэй 6 оронд хэдийнээ нэвтэрсэн бол Их Британи, Монгол, Казакстан тэргүүтэй 8 оронд нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж. Ийнхүү Starlink-н D2C үйлчилгээ Монголд нэвтэрснээр огт сүлжээ байхгүй алслагдсан бүс нутгаас ч мессеж илгээх, дуудлага хийх, интернэт ашиглах боломж бүрдэх юм. 

🍋 Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг Комфорт Импекс ХХК гүйцэтгэнэ. Цэвэрлэх байгууламж нь хоногт 3,000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх, 20-25 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай бөгөөд 2027 онд ашиглалтанд орох аж. Тэгвэл байгууламжийн төсвийг Нийслэлийн 2025 оны төсвөөс санхүүжүүлэх нь. 

🍋 Ripple $500 саяын хөрөнгө босгож $40 тэрбумын үнэлгээтэй болов. Сүүлийн 2 жилд Ripple 6 компанийг худалдан авч төлбөрийн үйлчилгээнээс гадна крипто хөрөнгийн хадгалалт, тогтвортой койн гаргах, институциональ санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болсон билээ. Мөн RLUSD $-оор баталгаажсан тогтвортой койн гаргаснаар Fortress Investment Group, Citadel Securities тэргүүтэй томоохон хөрөнгө оруулагчдыг татаж чадсан байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.