- Lemon Press
- Posts
- 🤕 Зүтгэдэг 2, зүдэрдэг 19
🤕 Зүтгэдэг 2, зүдэрдэг 19
Ганган ETF-үүд | Benz Nissan-г хаяв | ГВУН $5.4 тэрбум
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр дэлхийн “Хайч, Чулуу, Даавуу” тоглоомын өдөр тохиож байна. Тус тоглоом нь 2000 жилийн түүхтэй бөгөөд анх Хятадын Хан гүрний үеэс тоглогдож эхэлжээ. Манай лимончууд ойр байгаа хэн нэгэнтэйгээ “Хайч, Чулуу, Даавуу” тоглоод хожвол гоё юм авхуулаад, хожигдвол гоё юм авч өгч баярлуулаарай. 😛


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Вантэйж капитал ҮЦК ХХК Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн гишүүн брокер боллоо.
BOM: Өнгөрсөн 7-р сард гадаад валютын улсын нөөц (ГВУН) өмнөх сараасаа 3.3 нэгж хувь өсөж $5.4 тэрбумд хүрчээ.
XAC: ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын санал хураалт 9 сарын 18-наас 10 сарын 10 хүртэл цахимаар явагдаж, ногдол ашиг тараах болон ногдол ашгийн бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ.

📩 Эрдэнэс Монгол нэгдэл: Ашиг -63%

Эрдэнэс Монгол нэгдлийн орлого энэ оны эхний хагас жилд 39% буурч ₮5.5 их наяд, ашиг нь 63% буурч ₮1.4 их наядад хүрчээ.
⭕ Улаан тайлан
Энэ оны эхний хагаст нүүрсний экспорт 11% буурсан болон дундаж үнэ 38.6% буурч $72.8-т хүрсэн нь нэгдлийн ашиг, орлого буурахад ихээхэн нөлөөлсөн. Ашиг, орлого буурсан тул тэдний төсөвт төвлөрүүлэх дүн нь ч 38% агшиж ₮1.6 их наяд болох нь тэр.
🔝 Тус нэгдэл 2024 оны санхүүгийн бүтэн жилд ₮15.9 их наядын орлого олж, гадаад валютын 80%-ийг бүрдүүлж байсан билээ.
📌 Төлөвлөгөө ба биелэлт: Энэ оны эхний хагас жилийн байдлаар уурхайн олборлолтын төлөвлөгөө нь 96%, үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь 95%-тай тус тус биелсэн аж.
Гэснээс нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд Хуримтлалын санд өнгөрсөн онд ₮500.5 тэрбумыг төвлөрүүлж байсан бол энэ онд ₮507.1 тэрбумыг үндсэндээ ₮1 их наядыг хуримтлуулахаар төлөвлөжээ.
🤕 Зүтгэдэг 2, зүдэрдэг 19
Тус нэгдэлд зэс, металлын, нүүрс, газрын тос, ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 компани багтдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд тус нэгдэл ₮8.6 тэрбумын ашигтай ажилласны 92.9% буюу ₮8 их наяд нь Эрдэнэс Монгол ХХК болон Эрдэнэс Тавантолгой ХК бүрдүүлсэн байдаг. Нөгөө талд нэгдэл гэх энэ том шүхэрт багтаж буй 7 компани алдагдалтай, Багануур Илч ХХК санхүүгийн ямар ч тайлагналгүй гаргаагүй юм. Тухайн жилд Тавантолгой түлш ХХК ₮227.7 тэрбумын алдагдалтай ажилласнаараа толгой цохив.
Эцэст нь… ЗГ өмчит компаниудыг ашигтай ажиллаж, төсөв болон баялгийн санд дорвитой дэмжлэг болох хэрэгтэй гэдэг ч бодит байдал дээр үүнийг биелүүлэх хэмжээнд ажиллах хүчин чадалтай 2 л компани байна. Ашигтай ажилладаггүй хэр нь өр төлбөр, татаас дээр тогтож буй компаниудаа цэгцлэхгүй бол нөхцөл байдал улам л хүндэрнэ дээ.

🎙️ Mining Pulse Podcast: Технологийн хувьсал, газрын ховор элемент. (MineProTV)
📎 СЗХ-ноос 2025 оны эхний хагас жилд ББСБ-ын салбарт ямар бодлого, зохицуулалт хийв? (FRC)
🧠 AI-н хөөсрөл хэмжээнээс хэтэрсэн үү эсвэл хэм хэмжээндээ байна уу? (ProfGMarkets)
🥊 Маркетингийн мессеж дээрээ өрсөлдөгч брэндийг дурдах нь хэрэглэгчийн худалдан авах сонирхлыг нэмэгдүүлж байна. (HBR)

💔 Benz Nissan-г хаяв
7201.T: Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor-н 3.8%-ийг эзэмшигч Mercedes-Benz өөрийн эзэмшлээ тэр чигт нь худалдахаар төлөвлөж эхэлжээ. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 6.3% буурч ¥340.3-д хүрээд байна. Mercedes-Benz-н хувьд $7201.T-н хувьцааг эзэмших нь стратегийн ач холбогдол багатай хэмээн үзсэн бөгөөд эзэмшлийн хувь ойролцоогоор $346 саяар үнэлэгдэж байгаа аж.

🏃🏻♀️ ETF-н тоо хувьцааг гүйцэв

Энэ он гарснаас хойш Америкийн хөрөнгийн зах зээлд шинээр 640 орчим хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF) бүртгэгдсэн бөгөөд үр дүнд нь ETF-н тоо хэмжээ 4.3 мянгад хүрсэн буюу ETF-н тоо хувьцааг гүйцээд байна.
💥 Тооны харьцаа
Өнгөрсөн 6-р сард 108 ETF шинээр бүртгэгдсэн нь рекорд тогтоосон сар болсон аж. Одоогоор Америкт бүртгэлтэй хувьцааны тоо ойролцоогоор 4.2 мянга байгаа бол ETF-н тоо 4.3 мянгад хүрчээ. Bloomberg Intelligence-н мэдээллээр 2025 оны эхний хагаст шинээр бүртгэгдсэн ETF-н тоо 469-д хүрсэн нь 2024 оны мөн үеэс 50%, сүүлийн 5 жилийн дунджаас 140% өндөр гэнэ.
☯️ Тэнцвэр байна уу?
ETF нь хөрөнгө оруултыг хялбар болгож байгаа ч хэт олон ETF гарч ирсэн нь асуудал дагуулж байна. Асуудлыг задлаад үзвэл:
🫨Төөрөгдөл: Coinbase (COIN)-той холбоотой ETF-д хөрөнгө оруулахад CONY, COIW, COYY, COII гэх мэт бараг ялгагдахгүй 8 сонголт гарч иржээ. Биткойн (BTC)-ны хувьд гэхэд 70 гаруй ETF байгаа ба үүний гуравны нэг нь зөвхөн энэ жил бүртгэгдсэн аж.
⚠️ Эрсдэл бий: Хөрөнгө оруулалтын сангууд бусдаасаа ялгарахаар нэг хувьцаанд төвлөрсөн, хөшүүрэг өндөртэй, Inverse ETF гаргаж хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
💆🏻♂️ Өөрийн толгойгүй: ETF бага дүнгээр олон бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж олгодог ч хөрөнгө оруулагчид мэргэжлийн шийдвэрт найдаж, өөрсдийн судалгааг мартах эхэлсэн. Судалгаагаар, 2009 онд хөрөнгө оруулагчдын 41% нь өөрөө хөрөнгө оруулалтаа сонгож байсан бол 2024 онд 25% болж буурчээ.
Эцэст нь… Компаниудын IPO багасаж байгаа нь ETF-н тоо өсөхөд жинтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаар томоохон сангууд элдэв янзын ETF-г зах зээлд гаргажээ. Манай ХЗЗ дээр хэзээ ETF-н тоо хувьцааг гүйцэх бол тун сонирхолтой. 😅

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэӨнөөдрөөс эхлээд Улаанбаатарт 20 хоног тэгш, сондгой дугаарын зохицуулалт үйлчилж эхэллээ. Үр дүнд нь хөдөлгөөний ачаалал 35%, автомашины тоо 45% буурна гэнэ ээ. |

🥛 Өрөм загсаах: Өв тээсэн Өрөмтдөг сүү

Орчин үеийн хүнсний үйлдвэрлэлд сүүг илүү удаан хадгалах, жигд бүтэцтэй байлгахын тулд өндөр даралтаар тосны бөмбөлгийг жигдрүүлж боловсруулах технологийг ашиглаж буй.
🪶 Уг технологи нь сүүг хөргүүрт хадгалах үед тос нь дээш хөвөхгүй, жигд өнгөтэй, амт, чанараа хадгалах боломжийг бүрдүүлдэг. Уг боловсруулалтын үед сүүн дэх тосны бөмбөлгийг 100 дахин жижгэрүүлдэг тул сүү өрөм тогтох шинж чанараа алддаг байна.
👨🏻🍳 Монголчуудын сүүний соёл
Гэсэн ч нүүдэлчин ахуйтай монголчуудын хувьд сүү хөрүүлэх, өрөм загсаах, сүү сүүн бүтээгдэхүүнээр олон төрлийн идээ ундаа бэлтгэдэг уламжлал нь орчин үед ч алдагдаагүй чухал соёлуудын нэг. Саяхан зах зээлд нэвтрээд буй АПУ Дэйри ХХК-ийн “Их Нүүдэл” сүүний хувь хэт өндөр даралтаар боловсруулж, ариутгаагүй буюу пастеризацийн аргаар боловсруулсан тул тосны бөмбөлгийг байгалийн хэмжээгээр нь хадгалж, гэрийн нөхцөлд сүү хөөрүүлэхэд тос ялгарч, өрөм тогтох боломжтой.


Getty Images
🍋 Доналд Трамп Өмнөд Солонгост ногдуулсан 15%-ийн тарифыг хэвэнд нь үлдээв. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдал, хөлөг онгоц үйлдвэрлэлийн чиглэлд хамтарч ажиллах хэлэлцээ хийгдсэн аж. Мөн Өмнөд Солонгосын Америкт хийх $350 тэрбумын хөрөнгө оруулалтаас $150 тэрбумыг далайн инженерийн салбарт зарцуулахаар болжээ.
🍋 Түгжрэлийг бууруулах II тойрог замын ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 70%-д хүрчээ. II тойрог зам нь хотын захын дэд төвүүдийг хамарч, баруун болон зүүн тийш Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог авто замтай холбогдох аж. Тус тойрог зам нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах мега төслийн нэг Шинэ тойрог замын нэг хэсэг ба замын хөдөлгөөний дундаж хурдыг 23.3% нэмэгдүүлэх хүлээлттэй байна.
🍋 Хятад дэлхийн хамгийн том EV цэнэглэх сүлжээг байгууллаа. Тус улсын 14-р таван жилийн төлөвлөгөөний (2021-2025) хугацаанд дэлхийн хамгийн том EV цэнэглэх сүлжээг бүтээн байгуулсан аж. Мөн Хятад сэргээгдэх эрчим хүчний салбарт хурдацтай дэвшил гаргаж нийт эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 40%-иас 60% болж өсжээ.
🍋 Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруултад Цайрт Минерал ХХК-ийг урьжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Цайрт Минерал ХХК-ийн төлөөлөгчтэй уулзаж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьжээ. Тус цогцолборыг барьж байгуулахад $1.1 тэрбум шаардлагатай ба эдийн засгийн үр өгөөж 6-7 дахин нэмэгдэх боломжтой аж.

💦 Ус уухад учир бий: Эрдэсжсэн усны ач холбогдол

Өдөрт 8 аяга эсвэл биеийн жингийн 60%-тай тэнцэх хэмжээтэй ус уух гэхчлэн олон зөвлөгөө, судалгаа харж байсан л биз дээ? Ус уух зохист хэмжээнд л анхаардгаас ууж буй усныхаа найрлагыг анзаарч байсан уу?
💦 “Pearl on the Taiga”: Булган аймгийн Хангайн нурууны чулуулгын давхаргаас ундарч буй “Pearl on the Taiga” эрдэст ус саяхан энэ оны “Water Expo”-д дэлхийн 65 брэндтэй өрсөлдөн дэд байр хүртээд буй.
🔥 Онцлох эрдэс
Байгалийн гүний усанд гидрокарбонат (HCO₃) хэмээх чухал элемент байдаг. Ихэвчлэн 50 мг/л – 500 мг/л-ийн агуулгатай байдаг бөгөөд Италийн San Рellegrino, San Benedetto тэргүүтэй эрдэст уснууд алдартай байдаг гол шалтгаан нь HCO₃ юм.
“Pearl on the Taiga” эрдэст усны хувьд найрлагадаа 250 мг/л HCO₃ мөн 17.5 мг/л кальци болон магнийг тус тус агуулдаг аж.
Онцлоод байгаа HCO₃ нь биеийн шингэний хүчиллэгийг тэнцвэржүүлж, эсийн түвшинд хоргүйжүүлж, булчингийн алдагдлыг удаашруулах, бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулахад эергээр ид шидтэй аж.
Гэснээс ус тээвэрлэгч машин нь гаднаа хос давхар ханатай, дотроо 3 тасалгаатай тул шингэнийг жигд хуваарилж, амт чанарыг байгалийнхаар нь хадгалдаг гэнэ.
Эцэст нь… Бага эрдэсэжсэн ус буюу хэт цэвэршүүлсэн ус кальци, магнийн дутагдалд оруулж, ясны сийрэгжилт, зүрхний хэм алдагдал үүсгэх эрсдэлтэй байдаг бол хүчиллэг ихтэй ус бөөрний ачааллыг нэмэгдүүлж, даралт ихэсгэх эрсдэл үүсгэдэг. Тиймээс л ус уухад учир бий шүү.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply