• Lemon Press
  • Posts
  • 🏆 Банкнуудын эзэгнэл

🏆 Банкнуудын эзэгнэл

Капитрон Банкны 23 жилийн түүх | Монголын сагсан бөмбөгийн хөгжил | Саудын Арабын чамин хот хэцүүдэв

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдөр Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Энэ жилээс эхлэн жил бүрийн энэ өдрийг “Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр” болгохоор болсон билээ. Зөвлөлийн эдийн засагчдадаа ойн баярын мэнд хүргэе. Qd = Qs. 💪

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: Өнгөрсөн III улирлын байдлаар нийт бүртгэлтэй ББСБ-уудын тоо 555-д, тэдгээрийн нийт зээлийн хэмжээ ₮5.2 их наядад, зээлдэгчдийн тоо нь 2 саяд тус тус хүрчээ

POL: Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдлаа

GOV: Сангийн яам 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг боловсруулсан гэнэ. 

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮35.5 тэрбумын болон $1.6 саяын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮10 тэрбумын болон $1.5 саяын арилжаа хийгджээ.

🎉 23 жилийн түүхт Капитрон банк

Капитрон банкны 23 жилийн ой тохиож байна. Тус хугацаанд банкны цар хүрээ, үйл ажиллагаа хэр томорсныг харцгаая. 

📜 Эхлэл түүх

Капитрон банк гэж нэрлэсний учир нь “Капитал” болон “Электрон” гэсэн 2 үгний хослол бөгөөд “Хөрөнгийг мэдээллийн технологиор удирдах” гэсэн утгатай аж. Харин тэдний лого мөнгөний нэгжийг зоосны хэлбэрээр илэрхийлэн зохиогдсон нь салбартаа тэргүүлэх олон талт үйлчилгээг хүргэх, хамтын ажиллагааг эрхэмлэх, харилцагчийн итгэлийг хүлээх гэсэн утгыг агуулж буй. Тэгвэл тэд энэ үнэ цэнээ хадгалан 2001 оноос хойш үйл ажиллагаагаа тэлсээр өдийг хүрчээ. 

  • 📈 Тогтвортой өсөлт: Тэдний 2012 оноос хойших тайланг харвал, нийт хөрөнгө нь жилд дунджаар 32.6%, цэвэр зээл нь 29.9%, харилцах, хадгаламжийн хэмжээ нь 34.2%, цэвэр ашиг нь 42.3% тус тус өссөн байна

  • 🔥 Гал гарсан он жилүүд: Тэр дундаа тус банкны санхүүгийн үзүүлэлт 2016 болон 2022 онд огцом өсжээ. 2016 онд л гэхэд нийт хөрөнгийн хэмжээ нь жилийн өмнөхөөсөө 126.1% нэмэгдэж ₮411.3 тэрбум болж байсан бол 2020 онд цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 396.6% нэмэгдэж ₮22.7 тэрбумд хүрсэн байх жишээтэй. 

Цаашлаад, Капитрон банк өнгөрсөн 23 жилийн хугацаанд нийгмийн хариуцлага болон ногоон эдийн засаг, тогтвортой хөгжилд анхаарч ажилласан. Энэ хүрээнд тэд байгаль орчин, нийгмийн асуудалд баримтлах бодлогоо тодорхойлж 2018 онд “Жорлонгоо өөрчилье” анхны эко жорлонгийн зээлийг гаргаж эхэлсэн байдаг. Нэмээд ногоон үндэс хэрэглээний зээл, ногоон бизнесийн зээлийг олгох замаар тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй. 

  • Түүнчлэн, 2020 онд Капитрон банк ТоС-ын манлайлагч банкаар ажиллахаар болсноос гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн санхүүгийн боловсрол болон төрөл бүрийн спортын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа. Энэ ч утгаараа тус банк 8 дахь жилдээ ТОП-100 ААН-ээр шалгараад байна

Эцэст нь… Тогтвортой хөгжиж, банкны салбарт тод өнгө нэмэн эрүүл засаглал, оновчтой бодлого, нийгмийн хариуцлагаараа манлайлан ажиллаж байгаа Капитрон банкны хамт олонд ойн баярын мэнд хүргэе. Гэснээс тус банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн манлайллын түүхтэй ЭНД дарж танилцаарай. 🍋

🏆 Банкнууд ТОП-уудын эгнээг эзэгнэв

KHAN: ХААН Банк ХК ТОП-100 ААН-ийн жагсаалтын 3-рт бичигдлээ. Тэд өмнө нь 2-рт эрэмбэлэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч $KHAN ТОП-100-д багтсан олон нийтэд нээлттэй ААН-үүдийн жагсаалтыг тэргүүлжээ. ХААН Банкны тэргүүллийн араас Голомт банк (GLMT), ХХБ (TDB) жагссан бол 6-рт Төрийн банк (SBM), 8-рт ХасБанк (XAC) эрэмбэлэгдсэн байна.

🛡️ Даатгалын салбарын 90 жилийн ой

Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. 📢

Тус арга хэмжээгээр Зохицуулалтын бодлогын "Даатгал - Нийгэм эдийн засгийн дархлаа" болон Даатгалын салбарын түүхэн замнал, дижитал болон инновац шийдлүүд, Монгол Улсын нийгмийн орчны ТОП эрсдэлүүд, түүнийг хэрхэн даван туулах шийдлүүдийг танилцуулах "Дижитал галерей" зэрэг дэд арга хэмжээнүүд болох юм.

📍 Хаана: Шангри-Ла хүлээн авалтын танхимд
📆 Хэзээ: 11 сарын 21

🏀🐺 Үндэсний багийн анхны маскот

Тун удахгүй буюу 3 хоногийн дараа Монголын шигшээ багийн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны 2 дахь үеийн тоглолт эхлэх гэж байна. Монгол анх удаа тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор анхны маскот буюу билэг тэмдэг болсон дүрээ олон нийтэд танилцууллаа. 

  • 🐺 Талын хөх чононууд: “Хөх чоно” хэмээх нэртэй тус маскотыг Nomad Toys бүтээсэн бөгөөд 2.2 м өндөртэй “art toy”-н хамт 20 ширхэг “Art toy”-г гаргажээ. 

1️⃣ Анхны “FIBA Asia Cup Qualifiers”

Тэмцээн 2022 оны 6-р сард эхэлсэн бөгөөд 2025 оны 8-р сард финалын тоглолт Саудын Арабд болно. Энэ удаагийн тэмцээнд Монгол анх удаа оролцож буйгаас гадна Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ баг 13 жилийн дараа эргэн ирж байгаа гэдгээрээ онцлог. Удахгүй эхлэх тоглолтод Монголыг төлөөлөн оролцох 12 тоглогчтой ЭНД дарж танилцаарай. 

  • ⛹️ С хэсэг: Тэмцээний оноолтыг харахад оролцогч 24 баг 4 улсаас бүрдэх 6 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд финалын тоглолтод хэсэг бүрээс шигшигдсэн шилдэг 2 баг буюу нийт 12 баг оролцох аж. Монголын хувьд С хэсэгт Хятад, Япон, Гуамын хамт багтаж байгаа бөгөөд 11 сарын 21-нд Азийн луугар гэгддэг Японы шигшээ багтай, 11 сарын 24-нд Азид 16 удаа аваргалсан Хятадын шигшээ багтай Монголд тоглох аж. 

  • 🔢 Одоогийн байдлаар Монголын баг Хятад болон Гуамтай хийсэн тоглолтууддаа хожигдсон үзүүлэлттэй яваа.  

  • 🏆 Шагналын сан: Тус тэмцээн мөнгөн шагнал гэхээсээ илүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох тасалбар гэх утгаараа илүү үнэ цэнтэй. Харин ДАШТ-ын үндсэн шагналын сангийн хувьд өнгөрсөн онд $3.4 саяыг 32 багт буюу 1 багт $53,000-ыг олгосон байдаг.

💫 Монголын сагсан бөмбөгийн одууд

Сүүлийн жилүүдэд Монгол тамирчид олон улсын зэрэглэлтэй багт тоглох, гэрээлэх болсон. Тухайлбал, саяхан О.Хулан Азийн хамгийн том лигүүдийн нэг болох Wuhan Cranes багт тоглох гэрээ байгуулсан анхны эмэгтэй тамирчин болсон болон Америкийн Коллежийн лигт анх удаа тоглосон Ш.Энхийн-Од зэрэг олон улсад Монгол нэр овоо дуулдах болжээ. Цаашлаад, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын тамирчид жил ирэх тусам л байр ахисаар эрэгтэй баг дэлхийд 7-рт, эмэгтэй баг 12-рт жагсаад буй

Зиа тэгээд, Монгол тамирчдаа дэмжиж 3 хоногийн дараа болох тоглолтыг нь үзээрэй. Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнүүдийг FIBA-н YouTube сувгаар шууд дамжуулах юм байна лээ шүү. 

2023 оны ТОП-100 ААН тодорчээ. Тэдгээрийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээний 27,

  • Уул уурхай болон олборлох үйлдвэрлэлийн 26,

  • Боловсруулах үйлдвэрлэлийн 15,

  • Барилга болон замын 10,

  • Санхүү болон даатгалын  6, 

  • Мэдээлэл холбооны 5, 

  • Үйлчилгээний 6,

  • Тээвэр агуулахын 3,

  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл болон усан хангамжийн 3 компани байна.

🪄🏎️ Мөрөөдлийн машинаа зураад ухаалаг таблеттай 

Эцэг эхчүүддээ дуулгах таатай мэдээтэй. 📢 Toyota Motor Corporation-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөрөөдлийн машин" зургийн уралдаан 18 дахь жилдээ эргэн ирлээ!

Тус уралдаанд 15 хүртэлх насны хүүхдүүд Монголын өнцөг булан бүрээс дотоод ертөнц, хүсэл мөрөөдлөө бүтээлч байдлаар илэрхийлэн оролцох юм.

  • 🎨 Ямар бүтээл вэ? Уралдаанд гар зураг болон дижитал зураг илгээх ба хэрэв гар зураг илгээх гэж буй бол нэр өгөх, харин дижитал зурагт 1 минутын тайлбар бичлэг хавсаргах нь.

  • 🏆 Шагнал нь юу вэ? Шилдэг 9 оролцогчид Apple-н ухаалаг таблеттай болохын сацуу “Global Dream Car Art Contest”-д Монгол Улсаа төлөөлөн оролцох нь ээ.

Жич: Тус уралдаанаар зурах ур чадвараас илүүтэй бүтээлч санааг шалгаруулдаг тул хүүхдүүддээ мөрөөдлийн машинаа зурахад нь туслаарай. 🌞

📆 Бүтээл хүлээн авах хугацаа: 12 сарын 15 дуустал

Mining

🍋 Steppe Gold (STGO.TO) энэ оны III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин их буюу $37.3 саяын орлого олжээ. Үүнд тэдний охин компани болох Boroo Gold 12.6 мянган унц алт, 2.8 мянган унц мөнгө борлуулж $27.3 саяын орлого олсон нь голлон нөлөөлсөн байна.   

🍋 ГБХНХЯ Тэтгэврийн сангаа ирэх жилээс эхлэн 100% цахим болгоно. Энэ хүрээнд Хонконгийн “Тэтгэврийн схемийн холбоо” болон бусад улсын туршлагыг судлах, цаашлаад хувийн тэтгэврийн тогтолцоог Монголд нэвтрүүлэх аж. Сонирхуулахад, Хонконг нь албан журмын тэтгэврийн сангаар 24 төрлийн схемийн хүрээнд тэтгэврийн харилцааг зохицуулдаг гэнэ. 

🍋 Reliance (RELIANCE.NS) болон Disney (DIS) Энэтхэг дахь медиа активуудаа $8.5 тэрбумаар нэгтгэж дууслаа. Энэ нэгтгэлээр тэд Энэтхэгийн телевизийн суваг, кино болон стриминг үйлчилгээ зэрэг 120 медиа салбаруудаа нийлүүлж 1 компани болгож буй. Ийнхүү тэд Энэтхэгийн энтертайнмент салбарт Sony (6758.T), Netflix (NFLX) болон Amazon (AMZN) зэрэг компаниудтай өрсөлдөх нь.  

 🍋 МСС Улаанбаатарын унд ахуйн усан дахь зэвийг бууруулахад МУШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтарна. Хамтын ажиллагааны хүрээнд тэд урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад буй. Улмаар Улаанбаатарын хотын унд ахуйн усанд зэв үүсэх шалтгаан, нөлөөллийг судалж, шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулан холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх аж.

  • 🏙️ Саудын Араб ирээдүйн хот гэгдэх Neom-н санхүүжилтийг даадаггүй ээ. (TopFives)

  • 💡 Компанийн төсвөө хиймэл оюун ухаан ашиглан төлөвлөөрэй. (HBR)

  • ☀️ Нарны эрчим хүчээр ажилладаг скүүтэр гэнэ үү? (NewAtlas)

  • 🎒 Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд туслах Nike Elite EasyOn үүргэвч. (TheVerge)

  • Даваа: Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж III улиралд. (NSO)

  • Мягмар: Банкнуудын 10-р сарын харилцах хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн статистик гарна. (BOM)

  • Лхагва: Үргэлжлүүлээд банкнуудын зээлийн тайлан танилцуулагдах юм байна. (BOM)

  • Пүрэв: Хонконгийн инфляцын үзүүлэлт гарна.  

  • Баасан: Эцэст нь мөнгө, санхүүгийн үзүүлэлттэй танилцаад энэ 7 хоногийг өндөрлүүлж байна.

Reply

or to participate.