• Lemon Press
  • Posts
  • 🩼 Z үеийн тэтгэврийн нас

🩼 Z үеийн тэтгэврийн нас

Гялалзсан хотын эмгэнэл | $UID: Ил тод байдал асуудалтай | ₮12 тэрбумын тэтгэлэг

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өчигдөр орсон бороо зөвхөн өчигдөртөө дуусахгүй юм байна шүү. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ч үргэлжлэх нигууртай байгаа тул шүхрээ мартахгүй авч, дулаан хувцаслах нь ээ. ☔️🌧️ 

*Нэг өдрийн өөрчлөлт.

FRC: СЗХ-ны ээлжит хуралдаанаар нийт 29 асуудлыг хэлэлцэж хууль тогтоомжийн шаардлага хангаагүй 9 ББСБ-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 1 компанийн эрхийг хүчингүй болгожээ.

CATL: Цахилгаан автомашины батарей, эрчим хүч хадгалах систем үйлдвэрлэгч CATL компани Монголд эрчим хүчний шилжилт, батарей хураагуурын төсөл хэрэгжүүлнэ.

UB: НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр төрийн албанд 30 жил ажилласан Ү.Ганболдыг томилогджээ.

KOR: Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах тээврийн мастер төлөвлөгөөг Өмнөд Солонгосын ₩2.7 тэрбумын буцалтгүй тусламжаар боловсруулна.

👴👵 Тэтгэвэрт гартлаа өдий!

2002 оны Z үеийнхэн маань одоогоос 41 жилийн дараа өндөр настын тэтгэвэр авч гавьяаны амралтаа авна. Тэд хүйс хамаарахгүйгээр хүнд нөхцөлд ажиллаагүй, малчин биш, бусад хөнгөлөлтийг эдлэх нөхцөлгүй бол цөмөөрөө л 65 насандаа тэтгэврийн ид шидийг үзэх билээ.  

50, 55, 60 биш 65

Өдгөөгөөс 3 жилийн өмнөх Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгаар 1977 он болон түүнээс хойш төрсөн бүх эрэгтэйчүүд болон 2002 он болон түүнээс хойш төрсөн бүх эмэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гарахаар тусгасан байдаг.

  • 🥸 Бусад насныхан яах вэ? Даатгуулагчийн төрсөн оноос хамаарч тэтгэвэрт гарах нас нь жил бүр 3 сараар буюу 0.25 жилээр нэмэгдэнэ. Жишээлбэл, 1963 онд төрсөн эмэгтэй 55 нас 3 сартайдаа тэтгэвэр тогтоолгох бол, 1964 оных 55 нас 6 сартайдаа гэх мэтээр хойшилно.

👯‍♂️ Ижилсүүлэх зорилго

Уг шинэчлэлд эрэгтэй, эмэгтэй даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгох насыг 65 нас болгон ижилсүүлэх зорилго бий. Өмнө нь хүйсээс хамаарсан тэтгэврийн насны зөрүү 5 жил байсан бол 40 жилийн дотор энэ зөрүү байхгүй болно гэсэн үг. 

  • 📌 Гэхдээ 20 жилийн өмнө, хойно: Эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60-аас 65 болгож өсгөх шилжилт нь 1957-1977 оны хооронд буюу 20 жилийн хугацаанд явагдаж дуусна. Харин эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 65 болгож 10 жилээр уртасгах тул ачааллыг зөөлрүүлэх зорилгоор шилжилтийн хугацааг илүү урт буюу 1962-2002 оны хооронд 40 жилийн хугацаанд сунгасан байна.

🏓 Асуудал сөхөгдөв

Дээрх бүгдийг багтаасан шинэчлэл 2024 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ 2025 оны 1-р сард Татвар, Нийгмийн даатгалын багц хуулиудыг дахин өөрчлөх санал гарч, энэ сарын 12-нд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Харин өчигдөр нэг талаас УИХ уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж нөгөө талаас МҮЭХ өргөн мэдүүлсэн хуулийн төслийн өөрчлөлтийг эсэргүүцэж, анхаарахыг шаардав.

Эцэст нь… Одоо өргөн баригдсан хуулийн төслөөс гадна Тэтгэврийн тогтолцооны 6 гол шинэчлэл болон 11 бүлэг, 49 зүйлтэй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл танилцуулагдаж буй. Уг хуулиудаар НД болон тэтгэврийн эргэн тойронд юуг өөрчлөх гээд байгааг, нөхцөл байдал сайжрах уу, үгүй юу гэдгийг тоймлосон дараагийн нийтлэлээр тун удахгүй эргэн уулзъя.

  • 🗣️ Дэлхийн хамгийн нөлөө бүхий CMO. (Forbes)

  • 🪙 Wendy’s дараагийн meme хувьцаа болсон уу? (Investopedia)

  • 🛵 Ирэх сараас скүүтер, суррон, мопед унахдаа анхаарах зүйлс. (Ubn)

  • 💸 Олимпын наадамд оролцсон тамирчид $10 мянгыг авч эхэлнэ. (Olympics)

⚠️ Ил тод байдал асуудалтай

UID: Улсын Их Дэлгүүр ХК-ийн компанийн засаглалын тайлангийн нэгдсэн дүн 72.2%-тай гарсан байна. Тус компани ТУЗ-ийн бүтэц, дэргэдэх хороодын үйл ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах чиглэлд сайн үнэлгээ авчээ. Харин эрсдэлийн удирдлага, комплайнсын хяналтыг нэвтрүүлэх, засаглалын мэдээллийг цахим хуудсаар ил тод хүргэх тал дээр анхаарч, сайжруулах шаардлагатай байгаа аж. Сонирхуулахад, $UID-н хувьцааны үнэ оны эхний үнээс ₮308-өөр буюу 9.2% буурчээ.

🇭🇰 Аяа, адармаатай Хонконг

Азийн санхүүгийн зүрх гэгддэг Хонконг дэлхийн хамгийн тэгш бус баялгийн хуваарилалттай газар болжээ. Энэ үр дүнг Парисын Эдийн засгийн сургуулийн судалгаа харуулсан аж. 

🫨 "Мөнгө мөнгөө төрүүлэх" хууль хэрхэн ажилладаг вэ?

Хонконгийн асуудлын гол нь баян, хоосны ялгаандаа биш, харин тэрхүү ангал ямар механизмаар үүсэж буйд байгаа гэнэ. 1981-2021 оны өгөгдлийг шинжлэхэд тус хотын баялгийн зөрүү нь цалингийн ялгаанаас бус, хөрөнгийн төвлөрлөөс үүдэлтэй болох нь тогтоогджээ.

  • 🤯 20 нэгж хувийн өсөлт: Судалгаанаас үзэхэд, Хонконгийн нийт орлогод хөрөнгийн орлогын эзлэх жин 2000 онд 35% байсан бол 19 жилийн дотор 55% болсон байна. Энэ нь Америк, Их Британи, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын дундажтай харьцуулахад 2 дахин их үзүүлэлт юм.

  • Асуудлын гол цэг: Дээрх тоо нь хэчнээн шаргуу ажиллаад ч хөрөнгө оруулалт хийх илүүдэл мөнгөгүй иргэд баяжиж чадахгүй байхад баячууд нь нуугдмал хөрөнгөөрөө жирийн иргэдийн хөдөлмөрийн хөлснөөс үлэмж их ашиг олж, улам тасран одож буйг илтгэж буй. 

  • 😱 Шок баримт: Хонконгийн хамгийн баян хэсэг буюу нийт иргэдийн 0.001% нь тус хотын нийт хувийн баялгийн 10.3%-ийг хянаж буй. Гэтэл энэ тоо олигархуудын засаглалтай гэгддэг Орост 9.8%, Америкт 4.3% байдаг аж. 

♠ Татварын диваажингийн сүүдэр

Энэ бүх туйлшралын гол шалтгаан нь Хонконгийн татварын сул тогтолцоо. Хятадад 30%-45% байдаг орлогын татварын дээд хэмжээ Хонконгт ердөө 17%. Нэмээд корпорацын татвар бага, хөрөнгийн орлогын татвар байхгүй. Хамгийн ноцтой нь 2006 онд өв залгамжлалын татварыг цуцалсан нь баялгийг үе дамжуулан цөөнхөд үлдээх боломжийг олгож, нийгмийн хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоожээ. 

🌆 Гялалзсан хотын эмгэнэл

Хонконгийн 1 хүнд ногдох ДНБ нь 2025 онд $56,893-т хүрсэн. Манайхаас 7.2 дахин өндөр тоо шүү дээ, базарваань. Гэтэл мөн онд тэдний төрөлтийн түвшин доод цэгтээ хүрч, аз жаргалын индексээр 6 жил дараалан ухарч, 147 орноос 90-т эрэмбэлэгдэж буй. 

Эцэст нь… Бидэнд Хонконгийн энэ жишээнээс ухаарч ойлгох, анхаарч сэргийлэх олон зүйл байна даа. Саруул ухаант Монгол хүн та нэгийн бодом зээ.  

🧠 Тархины дасгалын цаг!

За, нэгэн сонирхолтой таавар таалгая! Таахад хэдэн секунд зарцуулж байгаагаа хэмжээрэй. Мөн хажуудаа байгаа хүнээрээ дахин таалгаж, хэн нь илүү хурдан сэтгэхийг уралдуулж үзвэл үзээтэй байх болов уу. ☺️ 

Таавар: Надад хотууд бий, гэвч байшин байхгүй. Надад уулс бий, гэвч мод байхгүй. Надад ус бий, гэвч загас байхгүй. Би юу вэ?

⭐ ₮12 тэрбумын тэтгэлэг

2025-2026 оны хичээлийн жилд “Шилдэг” ЕБС-ийн сурагчид дэлхийн ТОП их сургуулиудаас ₮12 тэрбумын  тэтгэлэг хүртжээ. Төгсөгчдийн хувьд Америк, Канад болон бусад улсын их сургуулиудаас ирсэн элсэлт, тэтгэлгийн шийдвэрүүдээ хүлээн авсан бол Австрали, Хятад зэрэг улсын их сургуулиудын тэтгэлгийн хариунууд хүлээгдэж байна.

  • 🔎 Шилдэг ЕБС нь сурагчдаа бага ангиас нь эхлэн хос хэлээр бэлтгэж, IB, AP олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн түвшний мэдлэг, ур чадварыг олгодог. Мөн 9-р ангиас нь эхлэн их сургуульд бэлтгэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжил сонголт, тэтгэлгийн зөвлөгөө зэргийг бүхий л шатанд мэргэжлийн түвшинд үзүүлдэг байна.

Хүүхдээ дэлхийн хэмжээний боловсролтой, өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг хүсэж байвал 2026–2027 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтэд ЭНД дарж бүртгүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7000-9400 дугаараас авах боломжтой. 📞

GIPHY

🍋 ИНҮТ ТӨХХК Улаанбаатар, Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төрийн өмчит компани анх удаа ЗГ-ын баталгаагүйгээр Францын Bpifrance банк болон ХХБ (TDB)-тай хамтран €19.55 саяын экспортын зээлийн санхүүжилт босгов. Bpifrance-н зүгээс эх үүсвэр гаргах бол $TDB дамжуулан зээлдүүлж эрсдэлийг 100% хариуцах юм.

🍋 Монголын анхны геопаркийн нээлт ирэх 7 сарын 1-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно. Уг паркийг ЮНЕСКО-ийн Дэлхийн сүлжээнд нэгтгэхээр Шар цав орчмын геологи, палеонтологийн өвд түшиглэн байгуулжээ. Уг төслийг Rio Tinto (RIO) болон ЮНЕСКО-ийн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд аялал жуулчлалыг дэмжиж, орон нутгийг тогтвортой хөгжүүлэх ач холбогдолтой билээ.

🍋 Дэлхийн уул уурхайн салбарын аварга BHP (BHP) компани ураны зах зээлийг судалж эхэлжээ. Тус компанийн шинэ захирал Брэндон Крэйг зардлын өсөлт болон төмрийн хүдрийн уурхайчдын ажил хаялтын аюултай нүүр тулж байгаа гэнэ. Тэдний Jansen төслийн зардал хэтэрсэн нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа ч тэрээр M&A хэлцлийг анхаарч байгаа аж. Мөн дата төвүүдийн эрэлтээс шалтгаалан ураны зах зээлийг ирээдүйн чиглэл болгож буй.

🍋 Киргиз улс Монголбанкны захиалгаар гадаадын алтны доре хайлшийг анх удаа боловсрууллаа. Энэхүү төсөл нь 2 улсын үнэт металлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн байна. Бэлэн болсон бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх нийт өртөг нь $12 саяас давжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.