- Lemon Press
- Posts
- 🤜 Дэлхийд буурч, Монголд өснө тэр юу вэ?
🤜 Дэлхийд буурч, Монголд өснө тэр юу вэ?
Vans-н алтан үеийн төгсгөл | $TGI-н эхний өдөр | IPO хийхгүй!
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өчигдөр eSport сонирхогчдын зүрх нэг хөөрч, нэг хөрөөд нэлээд л юм болох шиг боллоо. Арга ч үгүй биз ээ, $1.3 саяын шагналтай "Perfect World Shanghai Major 2024" тэмцээнд Монголын "The MongolZ" баг нь ороод шөвгийн 8-д шалгарчихаар. Тэд байр эзэлж чадаагүй ч Major-н playoffs-т шалгарсан анхны Ази баг болсон шүү. 👏
MMC: Монголын коксжих нүүрсний гол экспортлогч Mongolian Mining Corporation Америкийн OTCQX зах зээлд албан ёсоор нэгдэж, "MOGLF" гэсэн симболын дор арилжаалагдаж эхэллээ.
POL: Монгол Улсын 2025 оны төсвийг ₮2.3 их наядаар танаж эцэслэн батлав.
NSO: Өнгөрсөн сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6% өсөж Улаанбаатарт шинэ орон сууцны м.кв нь дунджаар ₮4.7 сая боллоо.
🤔 Нүүрс: Экспорт = Тэнгэр, Үнэ = Газар
“Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний тээвэрлэлтээ эхлүүлж, Монгол Улс 2025 онд 83.3 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн энэ үед нүүрсний үнэ 2022 оны оргил үеэс 4 дахин унаад байна.
👀 Дэлхийд буурч, Монголд өснө тэр юу вэ?
Дэлхийн банкны судалгаанаас харахад дэлхийн нийт нүүрсний хэрэглээ 2024 оны эхний 6 сард өмнөх оныхоос бага зэрэг буюу 1% өссөн ч 2025 онд буурч, 2026 онд улам хумигдахаар байгаа. Энэ нь мэдээж сэргээгдэх эрчим хүчний шилжилттэй холбоотой. Түүнчлэн Хятадын нүүрсний эрэлт ч ирэх 2 жилд буурах нь. Иймээс нүүрсний үнэ 2025, 2026 онд ойролцоогоор 12% буурах төлөвтэй байна.
💭 Дутах уу? Түүнчлэн иргэдийн төсөв 2025 дээр 83.3 сая тн нүүрсийг тн бүрийг нь $105-оор экспортлохоор тусгасан байгаа. Гэхдээ Дэлхийн банкны тооцооллоор нүүрсний үнэ одоо байгаагаас дахиад 12% унана гэвэл манай экспортын тн тутмын үнэлгээнд $5-ын зөрүү үүснэ. Тэгэхээр нүүрснээс төсөвт орох орлого тооцоолсноос $416.5 саяар дутах магадлалтай.
📈 Биржийн нүүрсний хамаарал
Цаашлаад, уул уурхайн бүтээгдэхүүний бирж зөвшөөрлөө авснаас хойш 1.5 жил өнгөрчээ. Биржээр 4 төрлийн түүхий эд арилжигдаж байгаа ч нүүрсний давамгайлал их байна. Тодруулбал, энэ оны хагас жилийн байдлаар нийт арилжааны 55%-ийг нүүрсний арилжаа эзэлж байсан бол 11-р сар гэхэд 93.3%-д хүрч ноёрхсон байгаа юм. Тэгэхээр ганц Монгол Улсын эдийн засаг биш бирж нь ч нүүрснээс хамааралтай байгаа хэрэг.
🌌 Цаашид яах вэ?
Манай нүүрсний экспорт сүүлийн 10 жилд 5 дахин өссөн. Нэг талаас, дэлхий дахинд нүүрснээс татгалзах хөдөлгөөн улам эрчимжихээс өмнө баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл байж болно. Гэвч зөвхөн олборлолт, экспортод анхаарахаас гадна боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, энэ салбарт түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих нь чухал. Даан ч манайд энэ тал дээр дэвшил алга даа, ухаж л зөөж л…
📆 Шинэ тоглогчийн эхний өдөр
TGI: Саяхан IPO хийж ₮10 тэрбумын санхүүжилт босгосон Тэнгэр Даатгал ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа өчигдөр эхэллээ. Тэдний хувьцаа хоёрдогч зах зээлийн эхний өдрөө ₮107 саяар арилжигдсан ч хувьцааны үнэд өөрчлөлт ороогүй, IPO-н үнээрээ буюу ₮800 хэвээр үлдлээ. Одоо бол МХБ (MSE) дээр 5 даатгалын компани бүртгэлтэй болж $TGI зах зээлийн үнэлгээгээрээ 2-рт эрэмбэлэгдэж буй. Цаашид хувьцааны үнэ нь яах бол доо.
🥲 Vans-н алтан үе дууссан гэж үү?
Скейтборд болон залуусын соёлын бэлгэ тэмдэг болсон Vans-н уналт 11 дэх сардаа үргэлжилж байна. Ингэж унаад байна ч гэж юу байх вэ, гээд компани OTW (Off the Wall) цувралыг оны эхээр эргэн авчирч, худалдаанд гаргаад буй. Хэр үр дүнтэй байгаа бол?
😬 Одоо тулгарч буй асуудлууд
Товчхондоо цар тахлаас хойш Vans хэрэглэгчдээ алдаж, орлого нь алгуурхан унах болсон. Гол асуудал нь тэдний шинэ бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдийн хүлээлтийг давахаа больж, скейтборд болон залуучууд руу чиглэсэн хэт налалт нь өрсөлдөөнөөс чангааж буй. Өнгөрсөн 5-р сард Vans шинэ Ерөнхийлөгчтэй болж, 7-р сард толгой компани VF (VFC) нь шинэ CEO-той болсон. Тус томилгоонуудын дараа Vans-н III улирлын орлого өнгөрсөн жилээсээ 11% буурсан юм.
💰 Чухал брэнд: Өнгөрсөнд V.F.-н эзэмшиж буй The North Face, Dickies, Timberland гэхчлэн гол 5 брэндээс Vans хамгийн өндөр орлогыг бүрдүүлдэг байсан бол одоо The North Face борлуулалтаараа толгой цохих болсон. Иймээс л Vans-г буцаан алдаршуулах нь V.F.-н толгойн өвчин болж буй.
🪄 Vans-н стратегийн гүн
ОУ-ын харилцаанд байлдааны үед хоол хүнс, цэрэг зэвсэг төвлөрсөн гол байршил болон фронтын шугам хоорондох орон зайг илэрхийлэх “Стратегийн гүн” гэх ойлголт байдаг. Тус ойлголтыг бизнес рүү хөрвүүлбэл, компанийн удирдлага, үүсгэн байгуулагч байхгүй байсан ч бизнес нь ямарваа нэгэн тасалдалгүй үргэлжлэхийг илэрхийлдэг.
🙆♂️ Vans-н хувьд тус брэндийн үүсгэн байгуулагч Пол Ван Дорен 2021 онд нас барсан нь тэдний бизнест шууд биш ч том нөлөө үзүүлсэн. Түүний “Чанартай хэр нь хямд пүүзийг үйлдвэрийнхээ дэргэдээс шууд худалдах” философи одоогийн $290 тэрбумын үнэлгээтэй брэндийн суурийг тавьсан.
🪄 Аврагч: Цаашлаад, тэртээ 1984 онд Vans их спортын акул Adidas (ADS.DE), Nike (NKE)-тай өрсөлдөх гэж үзсэн ч бүтэлгүйтэн $12 саяын өрөнд орсон үед тэтгэвэртээ гарсан Дорен Vans-д буцан ирж өр, ширнээс нь гаргаж байв.
Эцэст нь… Vans үүсгэн байгуулагчаасаа хойш нэлээд асуудалтай тулгарсаар л байна. Гэхдээ тэднээс гадна Dr.Martens-д ч гэсэн домог болсон загваруудаас бусад загварынх нь борлуулалт унаж буй асуудал байна гэхээр зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж, хэрэглэгчдийн таашаал өөрчлөгдөж байгаа нь харагдана. Хэдий тус брэндүүдийг хайрладаг олон мянган үнэнч хэрэглэгч байгаа нь сайхан ч энэ хайр нь домог болсон загваруудтай нь л үлдэх нь дээ.
💡 Таавар таацгаая. … нь компанийн эргэлтийн актив ба эргэлтийн пассивын зөрүү юм. Өөрөөр хэлбэл эргэлтийн активын урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжсэн хэсэг. Энэ нь эерэг эсвэл сөрөг утгатай байж болно. Тэр юу вэ?
Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉
Eric Trump
🍋 Дональд Трампын шинэ цамхгийг Саудын Арабын 2 дахь том хот Жеддад $532 саяар сүндэрлүүлнэ. Тус цамхаг нь амралтын газар болон зочид буудлын зориулалттай 47 давхар, 350 орон сууцын бүтэцтэй байх бөгөөд 5 сарын дараа эхний ээлжээ ашиглалтад оруулж, 4 жилийн дараа бүрэн ашиглалтад орох аж. Ийнхүү дэлхий даяар 10 орчим байдаг түүний цамхаг нэгээр нэмэгдэх нь.
🍋 Энэ онд $1 тэрбумаас дээш үнэлгээтэй хаалттай компаниудын тоо 1,250 болжээ. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 96% өссөн үзүүлэлт юм. Учир нь компаниуд IPO хийж санхүүжилт татахын оронд хувьцаа худалдах саналаар ажилчдынхаа хувьцааг худалдаж хөрөнгө оруулагчид оруулж ирэх хандлагатай болсон бөгөөд одоогоор $6 тэрбумыг босгоод буй.
🍋 ГБХНХЯ ирэх онд Хуримтлалын санд ₮507.1 тэрбумын орлого төвлөрүүлнэ. Улмаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж иргэн, өрхийн орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны тогтолцоог урт хугацаанд бий болгох эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэнэ. Мөн тус яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж.
🍋 Илон Маскийн хөрөнгө Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 21% өсөж түүхэн дээд түвшин болох $439.2 тэрбумд хүрлээ. Үүнд мөн хугацаанд Tesla-н хувьцааны үнэ 65% өсөж $424.77 болсон нь голлон нөлөөлжээ. Ийнхүү Илон Маск дэлхийн ТОП хөрөнгөтнүүдийн жагсаалтын II-т эрэмбэлэгдэж буй Жефф Безосын хөрөнгийн бараг 2 нугалсан хөрөнгөтэй болоод авав.
🪄 Midjourney-н кино урлагийн салбарынханд зориулан гаргасан ертөнц бүтээх хэрэгсэл. (VentureBeat)
💊 Eli Lily “Zepbound” буюу тураах үйлчилгээгээрээ алдаршсан эмээ архи, мансууруулах бодисын донтолтын эмчилгээнд хэрэглэнэ л гэнэ. (StatNews)
🤖 "UB Robot Challenge - 2024" тэмцээний бүртгэл эхэлжээ. (НБИГ)
🔄 iPhone болон Windows-н хооронд файл хуваалцахад саадгүй боллоо. (9to5Mac)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply