- Lemon Press
- Posts
- 💦 Үер ба ₮2.2 тэрбумын хохирол
💦 Үер ба ₮2.2 тэрбумын хохирол
TMK Energy болон видео тоглоомын салбарт AI ашиглах тухай тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Ирэх сараас эхлэн хот хоорондын авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхгүй болж байгаа юм байна шүү. Авто зам ашигласны төлбөрөө smartcar.mn-р төлөх боломжтой юм байна.
CHN: Хятадын Гадаад хэргийн сайд Чин Ганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Ван И-г томиллоо.
GOV: ЗГ-ын нөөц сангаас хөрөнгө гарган үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлана.
USA: Америкийн гүйцэтгэх засаглалын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийнхнийг хувьцааны арилжаанд оролцохыг хориглох тухай хуулийг танилцуулав.
🤩 Байгалийн хийн олборлолт ба Монголын боломж
TMK Energy
Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас нүүрсний давхаргын метан хий олборлох төслийн туршилтын олборлолт дуусах шатандаа явж байна.
Төслийн хувьд: Гурвантэс XXXV нь нүүрсний давхаргын метан хийн хайгуулын төсөл аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компани тус төслийг 18 сарын өмнөөс эхлүүлээд байна.
Нөөц
Төслийн нийт талбайд олборлолт хийж эхэлбэл $12.8 тэрбумтай тэнцэхүйц 1.2 их наяд шоо фут нөөц бий гэх урьдчилсан тооцоолол байна.
Илэрсэн нөөц: Тус компанийн хайгуулын зөвшөөрөл бүхий 8,400 км² талбайн ердөө 1%-д туршилтын олборлолт хийхэд 1.2 сая шоо метр нөөцийг баталгаажуулаад байгаа аж.
Үр өгөөж
Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын хийн болон эрчим хүчний хэрэгцээг хангах, цаашлаад өсөн нэмэгдэж буй Азийн зах зээл тэр дундаа Хятад руу экспортлох боломж бүрдэнэ. Хятад нь Төв Ази, Орос, Мьянмараас холын зайн дамжуулах хоолойгоор байгалийн хийг импортолж буй томоохон зах зээл юм.
Хятадын зах зээл
Хятад 2022 онд 63.4 сая тн шингэрүүлсэн байгалийн хийг зөвхөн танкаар тээвэрлэсэн нь нийт шингэрүүлсэн хийн импортынх нь 41%-тай тэнцэх дүн.
Тэгвэл Хятад, Монголын хил нь Гурвантэсээс 20 км хүрэхгүй зайд оршдог. Хятадын хойд хэсэгт байгалийн хий дамжуулах, түгээх сүлжээтэй ойр байрлаж байгаа нь уг төслийн өөр нэг давуу тал аж.
Харин Монголд, Манай нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу тавих байгалийн хийн хоолойн төсөл сүүлийн жилүүдэд яригдаж буй. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц оновчтой болж импортын эрчим хүч буурч, байгалийн хий ашиглах нөхцөл нээгдэх тухай салбарынхан хэлдэг. Гэхдээ бидэнд үүнийг дотоодоосоо олборлон хэрэгцээгээ хангах, бүр экспортлох боломж ч бий аж.
🤑 Орлого +67%
INV: Инвескор ББСБ ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагаст ₮17.6 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 19% өсөв. Үүнд хүүгийн орлого нь ₮57 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 67% орчмоор өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн 12 сарын хугацаанд тус компанийн зээлийн эх үүсвэр 40% орчмоор өсөж, 280₮ тэрбумд хүрлээ.
🕹️ AI видео тоглоомын салбарт
Эрчийг авч буй хиймэл оюун ухаан (AI) $200 тэрбумаар үнэлэгдэх видео тоглоомын салбарын дүрмийг шинэчилж байна. Яаж?
Асуудал: Өндөр өртөг
Видео тоглоомын салбарын хамгийн том асуудал нь бүтээгдэхүүн бүтэх өртөг. Тухайлбал, 15 жилийн өмнө ¥40 саяар бүтдэг гар утасны тоглоомууд одоо хамгийн багадаа ¥500 сая болжээ. Бүтээлийн өртөг пуужиндах болсон нь график, дүрслэлийн зардал өссөнтэй холбоотой. Тэгвэл видео тоглоом бүтээх зам хэр урт байдаг вэ?
Процесс: Видео тоглоом бүтээхэд ойролцоогоор $50,000-$700,000 саяыг зарцуулдаг аж. Харин хугацааны хувьд бүтэж буй өртгөөсөө хамаараад, энгийн видео тоглоомыг 12-17 сарыг, AAA буюу өндөр төсвөөр бүтэж буй тоглоом бүтээхэд 3-5 жилийг зарцуулдаг байна.
Туршилт: Crypko, Ubisoft, Epic games зэрэг видео тоглоом бүтээгчдийн туршлагаас харахад, тэд зардлаа багасгахын тулд AI-д тоглоомын дүр хөгжүүлэлт, тоглоомын алдаа шалгах зэрэг жижиг ажлууддаа даатгаснаар илүү хурдан хугацаанд хямдаар видео тоглоом бүтээх боломжтой болсон аж.
Шийдэл: AI
Өөр нэгэн жишээ нь, Хятадын Gala Sports AI ашиглан 2 долоо хоног зарцуулдаг ажлыг хагас өдөрт л хийсэн тохиолдол юм. Тэгэхээр AI-н тусламжтайгаар видео тоглоом бүтээхийн тулд заавал зузаан төсөв, асар их цаг хугацааг зарцуулах шаардлагагүй болно гэсэн үг. Ерөнхийдөө, өмнө нь 20 хөгжүүлэгч ажиллах шаардлагатай байсан ажлыг AI хялбархан нугалж 10 болгох буюу хүний нөөцийн зардлыг танах боломж бүрдэх юм.
Эцэст нь… AI видео тоглоомын салбарын шүдний өвчин болсон асуудлыг шийдэх ч, нөгөө талд олон мянган хөгжүүлэгчид ажилгүй болох эрсдэлтэй. Тэгэхээр AI-н хөгжлөөс ухрах, зугтах замгүй тул хүн төрөлхтөн AI-с илүү үнэлэгдэх чадварт суралцах хэрэгтэй болох нь.
254,900
Статистикийн бизнес регистрийн санд энэ оны эхний хагас жилд 254,900 хуулийн этгээд бүртгүүлжээ.
78.6%
Үүний 200,200 буюу 78.6%-ийг компаниуд бүрдүүлсэн аж.
+7.2%
Түүнчлэн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн тоо энэ оны эхний хагаст 7.2% өссөн байна.
🔹Spotify (SPOT)-н II улирлын орлого шинжээчдийн таамагт хүрээгүйн улмаас хувьцааны үнэ нь 14% уналаа. Тодруулбал, тэдний орлого 11% өсөж €3.2 тэрбумд хүрсэн ч шинжээчдийн тооцооллоос €300 саяар дутав. Үүнд зардал нь 16% өсөж €1 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлжээ.
🔹Капитрон банкны цэвэр ашиг энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 85.6% өсөж, ₮29.3 тэрбумд хүрлээ. Энэхүү өсөлтөд цэвэр хүүгийн орлого 105%, эрсдэлийн сангийн зардал 35% буурсан нь голлон нөлөөлсөн аж. Түүнчлэн тус банкны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 32.7% гарсан нь өмнөх оны мөн үеэс 11.1% нэмэгдсэн дүн юм.
🔹ChatGPT-г Android үйлдлийн систем дээр ашиглах боломжтой боллоо. Тэдний Android хувилбарыг Америк, Энэтхэг, Бангладеш тэргүүтэй улсуудад ашиглах боломжтой бөгөөд ирэх 7 хоногоос хэд хэдэн оронд нээлттэй болох аж. Сонирхуулахад, ChatGPT өнгөрсөн 5-р сард iOS хувилбараа гаргаж байжээ.
🔹Үерийн улмаас Парк ₮2.2 тэрбумын хохирол амсжээ. Тэдний энэ онд боулингийн төвийн 8 замыг иж бүрнээр нь авч, нээхэд бэлэн болоод байсан ч усанд автаж, ашиглах боломжгүй болсон аж. Паркад сүүлийн 30 жил ийм төрлийн асуудал үүсэж байгаагүй ч Олимпийн гүүрний ажилтай холбоотойгоор тус асуудал үүсээд буй.
🔹Тэнгэрлиг медиа групп ХК-ийн (TNGR) нийт хөрөнгө энэ онд 3.2% буурч ₮17.7 тэрбум болов. Харин өр төлбөр нь 30% буурч ₮3.4 тэрбум болжээ. Цаашлаад, тус хугацаанд хувьцааны үнэ нь 29.6% буурч ₮11,500 болоод буй. Сонирхуулахад, Ori Studios-н барилгын ажил 70%-тай явагдаж байгаа аж.
Санхүүгээр мэргэшсэн хүн @LEMONPRESSinc, @Inside_Mongolia дээр ажилд урьж байна.
Монголын хувьцаат компаниуд дээр дүн шинжилгээ хийж бичих юм.
Сонирхож байвал [email protected] CV-гээ явуулаарай.
Жич: Бүтэн цагийн
Жичийн жич: 5 дахид амардаг, бүтэнсайнд гэрээс :)РТ🙏
— Zolbayar 🍋 (@ZolooTeddy)
6:46 AM • Jul 25, 2023
Танилц: Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн iPhone-н загвар. (digitaltrends)
Унш: ХНС бодлогын хүүгээ 22 жилийн дээд хэмжээнд хүргэх үү? (FoxBusiness)
Мэд: Нүүр таних технологи хэрхэн ажилладаг вэ? (norton)
Сонирх: ChatGPT-г fact-check хийхэд ашиглах боломж. (Insider)
Editor: Э.Золбаяр
Writers: А.Пүрэвжаргал, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply