- Lemon Press
- Posts
- 🇷🇺🇲🇳 Сүжрээд сүйд
🇷🇺🇲🇳 Сүжрээд сүйд
CS2 стикер | $MNDL-н багц арилжаа | ЗГ-ын шийдвэр хүлээгдсээр
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Монголын амьд хөгжмийн хамгийн том PlayTime Festival-н line-up зарлагджээ. Эхний өдөр гадаадаас Японы амьд хөгжмийн Envy хамтлаг, Америкийн Aurora Halal DJ тайзнаа гарах бол Монголоос Growl of Clown, mxrningstar гэх мэт уран бүтээлчид PlayTime Festival-н жаврыг үргээнэ гэнэ шүү. Эртнээс хамтлаг, дуучидтай танилцъя гэвэл ЭНД дараад сонсоорой. 😎


*Нэг өдрийн өөрчлөлт.
FRC: Санхүүгийн Зохицуулах Хороо болон Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар хамтран жилийн хугацаанд мөнгө зээлийн үйлчилгээ буюу ломбардын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийг шалгах шалгалт эхэллээ.
G7: Их 7-гийн бүлэг G7 бүлэг тарифын асуудлыг хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг бууруулах амлалт өгөв.

🇷🇺 Made in Russia х Монгол

Өнгөрсөн Пүрэв гарагт Монголд Оросын үндэсний “Made in Russia” брэндийн бизнес төлөөлөгчид айлчлав.
2️⃣ дахь удаагаа
Тус бизнес айлчлалыг Оросын Экспортын Төв буюу REC групп зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар нийт 37 гаруй Оросын компаниуд ирсэн байна. Тус 2 өдөрт REC групп 200 гаруй бизнесийн хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
Зорилго: Тус бизнес уулзалт нь Оросын экспортын баримжаатай компаниудын гадаад зах зээлд чиглэгдсэн бүтээгдэхүүнийг сонирхох гадаадын худалдан авагчдыг эрэлхийлэх зорилготой юм.
🤝 Шинэ худалдааны коридор Хандагайт
Өнгөрсөн оны 9-р сард REC Монголд анх удаа бизнесийн уулзалт зохион байгуулсан бөгөөд тухайн үед хийгдсэн бизнес хэлэлцээрийн дүy $29 саяыг давсан байна. Тодруулбал, компаниуд тоглоомын төхөөрөмж, сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашлаад мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
🆕 Өмнөх уулзалтын үеэр дурдагдсан өөр нэг чухал асуудал нь Тува дахь олон талт хил дамнасан Хандагайт автомашины шалган нэвтрүүлэх боомтыг ашиглалтад оруулж, Орос болон Монгол худалдааны шинэ коридортой болох асуудал байв.
🗺️ Боомтын дэргэд тусгай эдийн засгийн бүс (SEZ) байгуулж, Монгол, Оросын гаралтай бүтээгдэхүүнийг хамтад нь боловсруулан, дахин экспортлох боломж бүрдэх юм. Улмаар татварын хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр 2 орны хамтарсан үйлдвэрлэлийг дэмжих аж.
Тус боомт Монгол, Оросын гэхээсээ илүүтэй Орос, Азийн буюу Хятадын худалдааны замыг өргөсгөх чухал цэг гэгдэж буй.
Эцэст нь… Сүүлийн үед Орос, Монголын худалдааг нэмэгдүүлэх ажлууд эрчимжих болов. Дотоодын улс төр тогтворгүй, шинэ ЗГ-тай болох нь тодорхой болсон энэ цаг үед Монголын Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны гэрээний төсөл эцэслэгдэж, үзэглэх ажил л үлдсэн талаар мэдээлсэн. Тус гэрээ олны анхаарлыг төдийлөн таталгүй гялс батлагдахаар байна. Монголын талд ашигтай нөхцөлтэй л гэж найдъя даа.

🤺 Ардчилсан нам хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэхийг шаарджээ. (АрдчилсанНам)
🍂 Харвардад сурах ч биелшгүй мөрөөдөл боллоо доо. (CNN)
🎞️ Кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий кинонуудыг 10, 10 жилээр нь жагсаав. (Statsignificant)
🚀 Пээх. AI-н хэрэглээ бүр талийж ээ. (Interconnects)

🧺 $MNDL багцаар 14.7%
MNDL: Өнгөрсөн 7 хоногт Мандал Даатгал ХК-ийн 101.5 сая ширхэг хувьцаа, ₮7.4 тэрбумаар арилжаалагдлаа. Үүний ₮6.6 тэрбум нь 5 сарын 21-ний Лхагва гарагт багцаар арилжаалагдсан бөгөөд нийт гаргасан хувьцааны 14.7% буюу 91.8 ширхэг хувьцаа арилжаанд оров. Мандал Даатгал ХК-ийн нэгж хувьцааны үнэ Баасан гарагт ₮67.1 дээр хаагдаж, 7 хоногийн нээлтийн үнээс 3.8%, оны эхнээс 5.1% тус тус буураад байна.

🧘🔆 Сэтгэл зүйн асуудлыг дижитал шийдлээр
Хүний нөөцийн салбарынхан анхаарлаа нааш. Ирэх Баасан гараг буюу энэ сарын 30-нд Оптимал Эн Макс ХХК-ийн хүний нөөцийн салбарт судалгаанд суурилсан шийдэл, технологийг танилцуулах “Employee well-being for all” арга хэмжээ болно. 📢
Тус арга хэмжээнд оролцсоноор “Сэтгэл зүйг хэмжих цогц дижитал шийдэл” mindXplus бүтээгдэхүүн болон “Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдлын үзүүлэлтүүд, нөлөөлөгч хүчин зүйлсийн нэгдсэн тайлан”-тай танилцахаас гадна салбарын экспертүүдийн илтгэлийг сонсон үзэл бодлоо хуваалцах, мөн панел хэлэлцүүлэгт оролцох юм.
📍 Хаана: M bank arena

🔫 Алтан гахайн дайтай CS стикер
eSport-н томоохон төрлийн нэг CS2 тоглоомын дэлхийн аварга болох BLAST.tv “Austin Major 2025” тэмцээн хаяанд иржээ. Үүнтэй холбоотойгоор CS2-н тамирчид өөрийн стикерээ гаргаад байна.
Энэ нь тамирчдын хувьд CS2 тоглоомд мөнхрөх чухал үйл явдал төдийгүй CS2-н тамирчид өөрийн стикерээ гаргаснаар дунджаар $200-$250 мянгын орлого олдог аж.
🌠 CS стикер гэдэг нь…
Major-т оролцох тамирчид өөрийн стикерээ гаргаж, зөвхөн тэмцээний үеэр стикер нь $0.99-оор борлуулагддаг. Гэхдээ шууд өөрийн сонголтоор тухайн стикерийг сонгох боломжгүй буюу $0.99-оор капсул авч, санаандгүйгээр стикер нь гарч ирэх аж. Тоглоом сонирхогчид стикертэй болсноор эзэмшдэг буу дээрээ нааж, гангардаг байна. Мөн сонирхогчид тухайн авсан стикерээ хоёрдогч зах зээл дээр ч борлуулах боломжтой. Бараг л үлгэр домог шиг байсан NFT-н ориг хувилбар гэж хэлэхэд болно.
🤑 Хамгийн үнэтэй стикер: Одоогоос 11 жилийн өмнө EMS Katowice 2014 Legends тэмцээний үеэр гарсан iBUYPOWER (Holo) – Katowice 2014 стикер $80 мянгаар үнэлэгдэж байна. Стикерийн нийлүүлэлт хязгаарлагдмал тул үнэ нь өсөхөд чухал нөлөөтэй ажээ.
💰 Хэдийг олдог вэ?
Том зургаар нь харвал CS2 стикерийг тус тоглоомыг хөгжүүлэгч Valve гаргаж, тэмцээний туршид цугларсан стикерийн борлуулалтаас 50%-ийг нь авсны дараа багуудад үлдсэн 50%-ийг нь олгодог аж. Үүнээс цааш багуудын тамирчидтай байгуулсан гэрээний үндсэн дээр тамирчид руу дунджаар нийт борлуулалтын 5%-15% нь очдог байна. Хамгийн өндөр стикер борлуулалттай тэмцээн BLAST.tv Paris Major 2023 байсан ба тус тэмцээний үеэр нийтдээ $110 сая цугларчээ. Үүнээс дунджаар contender-т багтсан тоглогчид $250 мянга, challenger-т тоглогчид $200 мянгыг тус тус олсон гэнэ.
🇲🇳 Cтикерийн түүх
Энэ жилийн Major тэмцээнд Монголоос The Mongolz болон Chinggis Warriors багуудын нийт 10 тамирчин стикерээ гаргалаа. Ингэснээр стикер гаргасан Монгол тамирчдын тоо 17-д хүрч, нийт стикерийн тоо 37-д хүрэв. Эдгээр 17 тамирчны 11 нь Монголын eSport-н түүхэнд хамгийн амжилттай яваа The Mongolz багт тоглож байх хугацаандаа стикер гаргажээ. Манай тамирчдаас хамгийн олон стикер гаргасан тамирчид bLitz буюу Б.Гарьдмагнай, Techno буюу М.Содбаяр нар тус бүр 6 удаа өөрийн стикерээ гаргаад байна.
Эцэст нь… Удахгүй болох Major тэмцээнд The Mongolz баг 4 дахь удаагаа оролцох гэж байгаа бол Chinggis Warriors багийн хувьд анх удаа оролцох гэж байна. Монголын болон Ази тивийн нэрийг дэлхийд гаргаж буй 2 багтаа амжилт хүсье. 🫡

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын орлогын 95%-ийг агаарын навигацийн орлого бүрдүүлдэг. Тэгвэл энэ салбар луу өнгийе.
2019 он буюу Ковид-19 гарахаас өмнө дунджаар 450 агаарын хөлөг Монголын агаарын орон зайгаар дамжин өнгөрдөг байжээ.
Энэ тоо цар тахлын дараа буюу 2022 онд 4-5 дахин хорогдож, 90-100 болсон байна.
Харин өнөөгийн байдлаар буюу 2024 оноос 200 мянга болсон бол энэ онд 250 мянга болгох зорилт тавиад байгаа аж.
2022 онд л энэ салбарын орлогыг 2025 он гэхэд ₮1 их наядад хүргэнэ гэж байсан ч өдгөө энэ хугацааг 2030 он хүртэл болгож сунгасан байна.

Cryptopolitan
🍋 OpenAI, xAI зэрэг технологийн луугарууд ховор ур чадвартай AI судлаачдыг булаацалдаж байна. Энэ талбарын өрсөлдөөн ChatGPT мэндэлснээс хойш гал авалцуулж эхэлсэн бөгөөд ТОП ур чадвартай судлаач, инженерүүдийг татахын тулд тэд шууд утсаар ярьж ятгах, жилд $10-$20 мянгын цалин амлах гэхчлэн байдгаа барин гүйж байна.
🍋 МҮОХ-ны Ерөнхийлөгч Катарын Олимпын Хороо (QOC)-ны Ерөнхийлөгчтэй уулзлаа. Уулзалтын үеэр тэд олимпын салбарын хөгжилд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой санамж бичиг үзэглэсэн байна. Энэ хүрээнд тус хороод спортын менежмент, хөгжлийн чиглэлээр туршлага солилцохын сацуу тамирчдыг дэмжих хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
🍋 Боловсролын салбарт хөрөнгө оруулсан ААН-үүд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ. Хөнгөлөлтөд сургуулийн болон цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх, засварлах, лаборатори, цахим танхим, спорт заал, дотуур байр байгуулах тэргүүтэй 5 чиглэлээр боловсролын салбарт хөрөнгө оруулалт, хандив тусламж өгч хамрагдах нь.
🍋 “Улаанбаатар метро” төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ. Энэ хүрээнд НЗДТГ, ШУТИс, Dohwa Engineering (002150.KS) хамтран инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Ингээд ШУТИС, Өмнөд Солонгосын Halla University-д тус бүр 2 жилийн хугацаатай оюутнуудыг сургаж бэлтгэх юм гэнэ.

Даваа: Америкт “Memorial Day” тохиож байгаа тул биржүүд амарна.
Мягмар: Евро бүсийн 5-р сарын бизнесийн орчны тайлан гарна.
Лхагва: Өмнөд Солонгосын төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна.
Пүрэв: 3-р сарын гадаад өрийн статистик гарна.
Баасан: Санхүүгийн салбарынхны ногоон зээлийн статистиктай танилцах нь ээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply