• Lemon Press
  • Posts
  • 🐐 Ноолуурын салбарын потенциал

🐐 Ноолуурын салбарын потенциал

Улаанбаатарын яриа хэлэлцээр болон ноолуурын салбарын талаар тоймлов.

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Монголд аялж буй Өмнөд Солонгосын жүжигчидтэй холбоотойгоор орон нутгийн дэд бүтцийн асуудлууд хөндөгдөж, өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчийг авах шиг боллоо. Наадмын өдрүүд ойртсон энэ үед ядаж л тэгш ойгоо сүр дуулиантай тэмдэглэх гэж буй аймаг, сумдын удирдлагуудад дохио өгсөн гэж найдаж байна шүү. 🙂

*Нэг өдрийн өөрчлөлт

FED: Өрийн таазыг нэмэгдүүлснээс 14 хоногийн дараа Америкийн нийт өр $530 тэрбумаар өсөж $32 их наядыг давав.

GOV: 2023 оны төсвийн тодотголыг баталж, нийт зарлагыг ₮1.89 их наядаар нэмэгдүүллээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮13 тэрбумын арилжаа хийгдсэний ₮7.8 тэрбум нь анхдагч ЗЗ-д арилжаалагджээ.

🐐 Ноолуурын салбарын потенциал

Монголын нийт экспортын 94% орчмыг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын бүтээгдэхүүний төрөлжилтийн түвшнээрээ Монгол сүүлийн 15 жилийн хугацаанд 17 байр ухарч 117-рт эрэмбэлэгджээ.

Түүхий эдээс боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогч руу

Олон тулгуурт, уул уурхайн бус ХАА-н эдийн засагтай орон болно гэх биелдэггүй зорилтууд уг нь бидэнд бий. Сүүлд л гэхэд, 2023-2025 онд түүхий эд экспортлогчоос боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогч болж, ДНБ-д ХАА-н салбарын эзлэх хувийн жинг 9%-д хүргэж, ХАА-н боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй.

  • Онцлох нь: Уул уурхайн бус экспортод ноолуурын экспорт гол жин дардаг. Өнгөрсөн онд самнасан ноолуурын экспорт нийт экспортын 3%-ийг бүрдүүлж, $444.4 саяд хүрсэн нь өмнөх жилээс 33.4% өссөн дүн юм. 2023 оноос зөвхөн самнасан ноолуур экспортлох ЗГ-ын шийдвэртэй холбоотойгоор оны эцэс гэхэд энэ тоог $660 саяд хүргэхээр төлөвлөөд буй.

Нийтээр нь харвал 

Уг нь ноолуурын түүхий эдийн бэлтгэлээр Монгол Хятадын дараа дэлхийд 2-т ордог. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40% гаруй, ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн 10% гаруйг нийлүүлдэг.

Илүү боломж бий юу? Манай улс жилд 10,000 тн ноолуур цуглуулдаг. Энэ нь угаавал 7,000 тн, самнавал 5,000 тн болж буурдаг аж. Үүнийг өнөөгийн ханшаар экспортолно гэж тооцвол $500 саяыг бүрдүүлэх боломж бий. Цаашлаад, боловсруулалтыг дэмжиж, самнасан ноолуураа ээрэх, эцсийн бүтээгдэхүүн болговол орлого $1.5 тэрбум болох боломжтой байна.

Харьцуулбал: Оюу толгой орд нь 2022 онд $1.4 тэрбумын борлуулалтын орлого олсон, төслийн хүрээнд Монголд $1.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн гээд харьцуулбал зөвхөн ноолуурын салбараа дэмжин, эцсийн бүтээгдэхүүн экспортолж чадвал дээрхтэй дүйцэх хэмжээний орлогыг жилд олох боломжтой байх нь.

Эцэст нь… Ноолуурын салбарт анхан шатны боловсруулалтаас эхлээд ангилах, угаах, самнах зэрэг экспортын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоог олшруулбал ЭЗ-ийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлэх, ХАА-н экспортын жинг нэмэх боломж бий ажээ.

 🌱 $4.6 тэрбумын хөрөнгө оруулалт

INTC: Intel Польшд хагас дамжуулагчийн шинэ үйлдвэр байгуулахад $4.6 тэрбумын хөрөнгө оруулахаа зарлалаа. Түүнчлэн тус компани Европын Комиссоос санхүүжилтийн хууль журмаа хөнгөвчилж, татаас олгохоор болсонтой холбогдуулан Герман, Франц, Ирланд тэргүүтэй Европын Холбооны орнуудад олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, хагас дамжуулагчийн үйлдвэрүүд барихаар төлөвлөснөө өнгөрсөн онд зарласан юм.

🤝 Зүүн хойд Азийн гүүр: Улаанбаатар

Та Зүүн хойд Ази (ЗХА) болон тус бүс нутаг дахь томоохон тоглогчдын талаар хэр сайн мэдэх вэ? Энэ удаад бид дэлхийн дараагийн хүчирхэг бүс хэмээн нэрлэгдэж буй ЗХА-ийн талаар тоймлон хүргэж байна.

Элдэв нь бүрдсэн

ЗХА нь Хятад, Орос, Монгол, Япон, Өмнөд ба Хойд Солонгос гэх 6 улсаас бүрддэг. Эдгээр орон дэлхийн ДНБ-ий 25% орчмыг бүрдүүлдэг аж. Түүнчлэн ЗХА нь ЭЗ-ийн үлэмж чадавхтайн дээр эрчим хүчний түүхий эдийн асар их нөөцтэй бүс нутаг юм. Нэмээд шууд оролцоотой Америк, Канад тус бүс нутгийн асуудлаас дутна гэж байхгүй.

Боломж ба сорилт

Тус бүс нутагт Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг ЭЗ-аараа цойлогч улс байдгаараа барууны бизнес эрхлэгчдийн анхаарлыг татсаар ирсэн. Гэсэн ч бүс нутагт итгэлцэл, хамтын аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх механизм төдийлөн сайн бүрэлдээгүй хэвээр. Иймд Монголын талаас 1980 оноос хойш ЗХА-ийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохоор зорьж 2014 оноос Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулах болов.

ЗХА гүүр Улаанбаатар

Анх ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх зорилготой олон улсын эрдэм шинжилгээний хурал хэлбэрээр зохион байгуулагдаж байсан тус хурал өдгөө 1.5 буюу албан ёсны төлөөлөгчийн 1-р суваг болон эрдэмтэн судлаачдын түвшний 2-р сувгийг хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдах болсноос уулзалтын ач холбогдол хэр өргөжиж буйг харж болохоор. Түүнчлэн,

  • Олон улсын түвшинд: Тус бүс нутагт тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал. Уг асуудалд Америк тэргүүтэй барууны орнууд тус улстай ойлголцолд хүрч чадалгүй өдийг хүрээд буй.

  • Цөмийн зэвсэггүй бүс: Хэдий жижиг улс ч Монгол нь бүс нутагтаа цор ганц цөмийн зэвсэггүй бүс гэх статустай. Энэ ч утгаараа ЗХА-ийн аюулгүй байдлыг хангах гүүр болох боломжит улсад зүй ёсоор тооцогддог. Түүнчлэн Улаанбаатарын яриа хэлэлцээд НҮБ-ын зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч оролцсон нь ч бэлэг тэмдэг төдий хэрэг биш юм.

Эцэст нь… Улаанбаатарын яриа хэлэлцээ нь Монголын газар зүйн байршлын онцлог, бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсон өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа тул хэн хүнгүй мэдэж байх хэрэгтэй болов уу.

Өнгөрсөн 10 жилд Барс худалдааны төвд жил бүрийн 5-р сард Орос өндөгний үнэ хэд байсныг харцгаая.

  • 2023: ₮470

  • 2022: ₮440

  • 2021: ₮400

  • 2020: ₮280

  • 2019: ₮300

  • 2018: ₮310

  • 2017: ₮310

  • 2016: ₮260

  • 2015: ₮250

  • 2014: ₮380

  • 2013: ₮260

💡 Нэгдсэн дэд бүтцийн шийдэл - VXRAIL

Танай компанийн технологийн дэд бүтэц хангалттай шийдэгдсэн үү?

Тэгвэл Саммит Компьютер Технологи компаниас Dell EMC, VMware-н хамтран хөгжүүлсэн VxRail нэгдсэн дэд бүтцийн систем (HCI)-г санал болгож буй.

Тодруулбал, VxRail систем нь мэдээлэл технологийн дэд бүтцийн суурь нэгжүүд болох компьютер, хадгалах төхөөрөмж болон тэдгээрийн суурилуулалт, удирдлага, хяналтыг хялбаршуулсан цогц технологи аж. Түүнчлэн

  • Үйл ажиллагааны зардлыг хэмнэх,

  • Гэнэтийн сул зогсолтыг бууруулах,

  • Үйл ажиллагааг автоматжуулах зэрэг олон давуу талтай гэнэ.

🔗Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

LinkedIn

🔹CFA хөтөлбөрийн 60 жилийн ой болж байна. Тус хөтөлбөр нь анх мэргэжлийн хөрөнгө оруулалтын шинжээч, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Өдгөө CFA нь дэлхийн хамгийн нэр хүндтэй санхүү, хөрөнгө оруулалтын цол болсон юм. Сонирхуулахад, CFA-н шалгалт 3 түвшинтэй бөгөөд өдгөө 190,000 гаруй CFA цол эзэмшигч байдаг аж.

🔹Mercedes-Benz автомашинууддаа ChatGPT-г нэвтрүүлнэ. Тодруулбал, тэд өмнө нь Microsoft (MSFT)-той хамтран нэвтрүүлсэн автомашиныхаа жолоочтой харилцан яриа өрнүүлэх чадварыг энэ удаа сайжруулаад зогсохгүй киноны тасалбар захиалах, бусад программтай ажиллах зэрэг эрс шинэчлэлүүдийг хийх гэнэ.

🔹SEC-с Binance (BUSD)-н Америк дахь салбарын ажилчдад харилцагчдын дансанд түр хугацаанд хандах эрхийг олгожээ. Тодруулбал, тэдний Америк дахь салбар өнгөрсөн 7 хоногт долларын хадгаламжаа зогсоож, үйлчлүүлэгчдээ 6-р сарын 13 хүртэл мөнгөө эргүүлэн татах хугацаа өгөөд байсан билээ.

🔹 Google Play (GOOG) болон Apple Books (AAPL) аудио ном бүтээхэд хиймэл оюун ухаан (AI)-г ашиглаж байна. Ирэх 10 жилд аудио номын жилийн борлуулалт $30 тэрбумыг давах төлөвтэй байгаа бөгөөд AI-г ашигласнаар зардлаа бууруулах томоохон боломжтой болох нь.

  • Сонс: Стартап бизнес эхлүүлэхэд нас, хүйс ямар ч хамаагүй. (LemonPress)

  • Анхаар: Neuralink-н хүн дээр хийх туршилт энэ жил эхэлнэ. (SCMP)

  • Сонирх: Эрчүүдийн ч зөв, эмэгтэйчүүдийн ч зөв. (baabar)

  • Онцлох: Google Lens-р арьсны өвчин илрүүлэх боломжтой. (Forbes)

  • Даваа: Америкийн үндэсний тусгаар тогтнолын өдөр тохиох тул биржүүд амарна.

  • Мягмар: FedEx (FDX) ээлжит улирлын тайлангаа тайлагнана.

  • Лхагва: Их Британийн инфляцын түвшин танилцуулагдах нь.

  • Пүрэв: Beyond Air (XAIR)-н ээлжит улирлын тайлан гарна.

  • Баасан: Эцэст нь Японы өнгөрсөн сарын инфляцын түвшин зарлагдах товтой байна.

Reply

or to participate.