- Lemon Press
- Posts
- 💰 Намуудын орлого = ₮19.6 тэрбум
💰 Намуудын орлого = ₮19.6 тэрбум
Шинэ татварын онцлог | Дүүжин тээвэр | Dollar Tree ашигтай ч уналттай
POWERED BY
Hey! Эрчим хүчний салбараа өөд нь татаж чаддаггүй Монгол Улсын иргэн та цахилгаан тасрах хуваарийг ЭНД дарж харна уу. Хааяа тасардаг ч хэрэглэх эрчим хүчтэй байгаадаа баярлах л хэрэгтэй болж байна даа. 🙃


*Нэг өдрийн өөрчлөлт.
IFC: Олон Улсын Санхүүгийн Корпорац болон Санхүүгийн Зохицуулах Хороо хамтын ажиллагааны санаж бичиг байгуулан, “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн II шатыг эхлүүлэхээр боллоо.
MSE: Өчигдрийн арилжаагаар Монголросцветмет ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр ₮1.5 тэрбумаар арилжигдав.
BOM: ААН-үүдийн ирэх 12 сарын үнийн өсөлтийн хүлээлт 10%-иас бага байгаа аж.
POL: Олон улсын аудитын P&C компани Монголбанкны жилийн санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

💰 Намуудын орлого = ₮19.6 тэрбум

Улс төрийн намууд өнгөрсөн онд нийт ₮19.6 тэрбумын орлого олсны 91.1%-ийг МАН, Ардчилсан нам, ХҮН нам гэсэн том 3 намын орлого бүрдүүлжээ. Орлогоо яаж бүрдүүлэв, юунд зарцуулав?
📌 Төрөөс авсан дэмжлэг ₮2 тэрбум
Мэдээж МАН хамгийн их буюу ₮8.6 тэрбумын орлого олсон аж. Тэдний орлогын 54%-ийг намын өөрийн хөрөнгө түүнээс олсон орлого бүрдүүлсэн бол 27%-ийг гишүүдийн татвар, 18%-ийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, үлдсэн ердөө 1%-ийг нь хандив бүрдүүлжээ гэж. Харин Ардчилсан намын орлогын дийлэнх буюу 89%-ийг гишүүдийн татвар, ХҮН намын орлогын бүхэл бүтэн 98%-ийг хандив эзэлсэн. Харж байгаачлан 3 намын орлогын бүтэц газар, тэнгэр шиг ялгаатайн дээр төрөөс нийт ₮2 тэрбумын дэмжлэг авчээ хө.
❌ МАН-д хандив хэрэггүй: Уг нь бол ХҮН нам болон бусад жижиг улс төрийн намуудын нийт орлогын 70%-100% нь хандиваас бүрдсэн аж. Гэвч МАН-д энэ тоо 1% байгаа нь анхаарал татна. Нөгөө талаас Ардчилсан нам 201 мянган гишүүнтэй бөгөөд тэднээс дийлэнх орлогоо бүрдүүлдэг буюу 1 гишүүн дунджаар ₮9.4 мянгыг төлдөг байх нь.
‼️ Орлогоо давсан зардал: Хэдий тэд ийм их хэмжээний орлого бүрдүүлсэн ч орлогоосоо 7.3% илүү буюу нийт ₮19.1 тэрбумын зардал гаргаснаар тус бүрдээ алдагдал хүлээжээ. Тэр дундаа МАН-ын алдагдал ₮1 тэрбумыг давсан бол Ардчилсан намынх хамгийн бага буюу ₮117.1 сая байгаа юм.
🧐 Хэд юм бэ?
Цаашлаад 314.9 мянган гишүүнтэй МАН хамгийн их буюу ₮32.8 тэрбумын өөрийн хөрөнгөтэй. Энэ тоонд ямар ч нам бараадахгүй буюу 2-т эрэмбэлэгдэж байгаа Ардчилсан намын өөрийнх хөрөнгө тус дүнгээс 31.2 дахин бага. Ер нь намууд орлогоо юунд үрээд байдаг вэ гэхээр, ажиллагсдын зардал болон урсгал зардалдаа байдгаа бардаг аж. МАН л гэхэд ажиллагсдадаа нийт зардлынхаа 61.8%-ийг зарцуулжээ.
Нэмээд улс төрийн намууд нийтдээ ₮4.3 тэрбумын өр төлбөртэй бөгөөд үүний 63.7% нь МАН-ын өр байна.
Эцэст нь… Хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгө оруулсан болон сонирхож байгаа ХК-иудынхаа тайлантай сайтар танилцвал зохилтой байдаг шиг бидний эрх ашгийг төлөөлж эрх барьж байгаа улс төрийн намуудын тайланг ч ухаад үзэхэд гэмгүй. Маш сонирхолтой тоо баримтууд их байна даа.


🛒 Dollar Tree ашигтай ч уналттай
DLTR: Америкийн супермаркет сүлжээ дэлгүүрүүд дунд хямд үнээр давуу талаа тогтоосон Dollar Tree-н нэгж хувьцааны үнэ 8.4% унаж $88.6 дээр хаагдлаа. Хэдий 2025 оны I улиралд тэдний ашиг өнгөрсөн оны мөн үеэс 11.3% өсөж $727.6 саяд хүрсэн ч ирэх улиралд ашиг нь 50% буурч болзошгүй байгаа аж. Энэ нь Америкийн талаас Хятадад тавьж буй 145% тариф болон хүнтэй холбоотой зардлын өсөлттэй холбоотой гэнэ.

🌏 JCI бүсийн чуулган Улаанбаатарт
Ази, Номхон далайн бүсийн залуу манлайлагчид, бизнес эрхлэгчдийн хамгийн том чуулган “JCI ASPAC 2025” Монгол Улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 📢
Энэ удаагийн чуулган “Дижиталчлалын тусламжтайгаар бизнесийн боломжуудыг өөрчлөх ногоон чуулган” сэдвийн дор болох бөгөөд 70 орны 5,000 гаруй бизнесийн манлайлагчид нэг дор цуглах юм.
✍️ Чуулганы хөтөлбөрийн хувьд “Nexus” бизнес форумаас гадна хурал, арга хэмжээ, мэтгэлцээн, спорт болон уран илтгэлийн тэмцээн тэргүүтэй 143 бие даасан арга хэмжээ болох нь ээ.
📅 Хэзээ: 6 сарын 12-15

🤔 Шинэ татварын онцлог

Удахгүй ажлаа өгөх хамтарсан ЗГ татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажилласан. Хуулийн өөрчлөлтийг боловсруулах явцад 13 мянган татвар төлөгч оролцож, 150 удаагийн уулзалт хийгдэж, 176 мянган санал ирсний эцэст нэг юм дуусаж дараах өөрчлөлтийг танилцуулав.
1️⃣ НӨАТ-ыг яав?
20%,50%,100%: ₮500 мянга хүртэлх худалдан авалт 100%, ₮500–800 мянгад нь 50%, ₮800 мянгаас дээш худалдан авалтад 20%-ийн НӨАТ-ыг буцаан олгоно.
₮400 сая: Үйл ажиллагааны борлуулалтын орлого нь үргэлжилсэн 12 сарын хугацаанд ₮400 сая ба түүнээс дээш бол НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлнэ.
Баримт байхгүй ч ок: Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн бол НӨАТ шингэсэнд тооцож, хасалт хийх эрхтэй болно.
2️⃣ ХХОАТ-ын цаашид
100%: Сарын ₮800 мянга хүртэлх орлоготой хөдөлмөр эрхлэгчид орлогын албан татвараас 100% чөлөөлөгдөнө.
₮15 сая: Орон нутагт шилжиж, ногоон, эрчим хүч хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд ₮15 сая хүртэл татварын хөнгөлөлт олгоно.
Хугацаа сунгана: Суутган төлөгчийн улирлын тайланг дараа улирлын сүүлийн өдөр, жилийн эцсийн тайланг дарааны 2 сарын сүүлийн өдөр хүргүүлэхээр сунгана.
3️⃣ ААНОАТ-ын тухайд
₮10 тэрбум: ААН ₮6-10 тэрбумын ашигтай бол 15% татвар төлөх ба ₮10 тэрбумаас дээш бол 25% татвар төлнө.
₮2.5 тэрбум: ЖДҮ 1%-ийн татвар төлөх орлогын босгыг ₮2.5 тэрбум болгож, энэ хөнгөлөлт 3 жил үргэлжилнэ.
Гадаад татвар: Гадаадаас Монголд оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчилгээнд НӨАТ-ыг ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ.
🥸 Дурсамж 2019
2019 оны I улиралд татварын багц хууль өөрчлөгдөхөд үйл ажиллагаа бүрэн зогсоосон ААН 1.3 мянга байсан бол одоо ААН 6.1 мянга болж 4.7 дахин өссөн.
Ванга шиг хэлнэ… Татварын багц хуулийн өөрчлөлт ойрын хугацаанд УИХ-д өргөн баригдах ба 2026 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэхүү өөрчлөлт хонгилын үзүүрт бага ч гэсэн гэрэл нэмнэ гэж найдаж байна.

💡 Таавар таацгаая.
Нэрийг нь дуудмагц тэр сарнин алга болдог. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

😋 Дэлхийн дээд амт Монголоос тодров
Дуулсан уу? International Taste Institute-с зохион байгуулдаг хүнсний салбарын ТОП нэр хүндтэй “Superior Taste Award” шагнал гардуулах ёслолоос APU Dairy-н Mont-Yak, Pro+ брэндүүд амт, чанарын дээд зэрэглэлийн үнэлгээг хүртжээ. 🎉
🙂↔️ Чамд таалагдахын тулд: Ялагчийг 250 гаруй Michelin одтой тогооч, ТОП сомелье нар Blind Tasting буюу бүтээгдэхүүний брэнд, гарал үүслийг мэдэлгүйгээр зөвхөн амт, үнэр, бүтэц, амтлах мэдрэмжээрээ тодруулдаг.
🤺 Уулыг тал, талыг там болтол: Тэгвэл энэ шагналын төлөө Danone, Coca-Cola, Kirin тэргүүтэй 100 гаруй орны мянга мянган брэндүүд өрсөлддөг аж.
🏆 Алдрын эзэд: Ийнхүү APU Dairy-н бойжуулсан PRO+ Болгар тараг, PRO+ Healthy Milk, Mont-Yak Шар тос шилдгийн шилдгээр тодорчээ. Күэ ер өө.
Зиа тэгээд төд удахгүй гаднынхан Монгол сүүн бүтээгдэхүүний амтанд дурлаж, зорин зорин авч иддэг болох байх шүү. 🫶

CNN
🍋 Дональд Трамп 12 орны иргэдийн Америкт нэвтрэх эрхийг бүрэн, 7 орны иргэдийнхийг хэсэгчлэн хориглолоо. Тухайлбал, Афганистан, Мьянмар, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йеменд бүрэн, Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэлд хэсэгчлэн хориг тавив. Эдгээр орны иргэд Америкийн ҮАБ-д заналхийлэхийн сацуу визний хугацаагаа хэтрүүлдэг гэнэ.
🍋 Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ дэргэдээ “Барилга, дэд бүтцийн олон улсын арбитр” байгуулжээ. Арбитрын байгууллагатай болсноор бүх төрлийн барилгын төслийн хүрээнд үүссэн маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлүүлдэг тогтолцоог халж нэг шаттай болгов. Цаашлаад салбарын аливаа маргааныг богино хугацаанд, аль аль талд хохирол багатайгаар шийдвэрлэдэг болох нь.
🍋 Reddit (RDDT) Anthropic-г зөвшөөрөлгүй датаг нь авч AI сургахад ашигласан хэргээр шүүхэд өгөв. Үндэслэл нь, Anthropic-н ботууд өнгөрсөн оны 7-р сараас хойш Reddit платформд 100 мянган удаа нэвтэрч, өгөгдлийг нь татан ашигласан аж. Нөгөө талд, Alphabet (GOOG) Reddit-тэй жилийн $60 саяын дүнтэй өгөгдөл ашиглах гэрээтэй бол Sam Altman Reddit-н 8.7% буюу $1 тэрбумтай дүйх 12.2 сая хувьцааг нь эзэмшдэг.
🍋 Дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг энэ оны 12-р сар гэхэд бүрэн дуусгана. Угтаа дүүжин тээврийг энэ 12-р сард ашиглалтад оруулна гэж ам гарч байсан ч ийн хугацааг сунгаж ирэх оны 2-р сард Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ. Одоогоор холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30%-тай үргэлжилж байгаа, ирэх 8-р сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply