- Lemon Press
- Posts
- 👁️ Гаднын нүдээр БИД
👁️ Гаднын нүдээр БИД
Ирэх онд инфляц яах вэ? | YouTube-н цэвэрлэгээ | Сансартай холбоотой IPO
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Манай нийслэлийнхний сургалт, туршлага судлах асуудал дундрахгүй юм. Сур сур бас дахин сур, судал судал бас дахин судал гээд сүртэй л үзэж байна. Европоос туршлага судлаад удаагүй байгаа тэд одоо Монголдоо 4 улсын төлөөллөөс яаж метротой болох вэ гээд номын дуу сонсож байгаа ажээ. 🙏


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Мандал Даатгал (MNDL) зах зээлд гаргасан нийт энгийн хувьцааныхаа 5% хүртэлх буюу 31.2 сая ширхэг хувьцааг ирэх Даваа гаргаас 6 сарын 27-нийг хүртэл эргүүлэн худалдан авахаар болов.
SUU: Сүү ХК (SUU) Мөнх Ногоон тал ХХК-тай агро фермийн үйл ажиллагааны хүрээнд ₮1 тэрбумын үнийн дүн бүхий 7 сонирхлын зөрчилтэй гэрээг энэ оны 5 сарын 12-ноос ирэх жилийн 2 сарын 26-ныг хүртэл 7 сарын хугацаанд тухай бүр байгуулахаар болжээ.
MNG: Ерөнхий сайдын үг хэлэх цагийг УИХ-ын асуулгын цаг болгох агуулгатай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
LEND: ЛэндМН ХК (LEND)-ийн ТУЗ-ийн даргаар О.Болдбаатар, нарийн бичгийн даргаар Б.Оюунболд нар тус тус томилогджээ.

🧐 Ирэх онд инфляц яах вэ?

Шинжээчид ирэх оны I улиралд инфляцыг 10%, бодит эдийн засгийн өсөлтийг 4.6% байна гэж таамаглаж байна. Энэ таамаг хэр зөрөх вэ гэдэг олон хүчин зүйлээс хамаарна. Сүүлийн 10 жилийн инфляцын хэлбэлзэл галзуу хулгана шиг л байлаа.
📌 Өсөж буурсаар өдийг хүрэв
2016 оноос хойших инфляцын датаг харвал 2017 он хүртэлх мөнгөний хатуу бодлого, түүхий эдийн үнийн тогтвортой байдлын нөлөөгөөр маш даруухан байв. Гэсэн ч 2018 онд мөнгөний бодлого зөөлрөхөд дээш цалгиж явсаар Ковид-19-д хэсэг алгадуулж шал арчиж, харин дууссаных нь дараа тэнгэр лүү цойлсон. Одоо харин инфляц 8.3%-тай байгаа ч сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ дунжаар 74.5% өссөн нөхцөл байдалтай байна даа.
🔻 Үүний зэрэгцээ иргэдийн худалдан авах чадвар буурснаар зээлийн үлдэгдэл нь сүүлийн 1 жилд л гэхэд 36.3% өссөн.
⁇ Бид яах ёстой вэ?
Инфляцыг өдөөхгүйгээр эдийн засгаа өсгөх зам нь бүтээмж, хөрөнгө оруулалт, экспорт гурвыг зэрэг хослуулах бодлого. Үүнийг дагаад төсөв нь хязгаартай байж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад валютын орлого нэмэгдэх учиртай. Харин бодит байдал дээр нүүрсний үнийн бууралтаас үүдэн гадаад худалдааны ашиг нь сүүлийн 3 жилд харагдаагүйгээрээ буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх шинжгүй, ганц ГХО-тай зэсийн уурхай нь одоо ч хэрүүлтэй.
🔖 Нэмээд сүүлийн хэдэн жилийн төсөвт түүхий эдээс олох орлогыг хэтэрхий өндөр тусгаж баталдаг буюу тн тутмын үнийг ОУ-ын байгууллагуудын төсөөллөөс 12%-40% нэмж төсөөлдөг. Начир дээрээ өнөө үнэ нь төсөөллөөс нь хэт доогуур болох үед тооцоолсноосоо илүү хэмжээгээр гаргаж хаацайлах гэж оролддог нөхцөл байдал трэнд болоод удаж байна.
Эцэст нь… Гаднаас орж ирэх орлого нь муудаад, нүүрс нь үнэгүйдээд, өргөн хэрэглээний бараа, импортын үнэ тэнгэрт хадаад бидний нөхцөл байдал сайнгүй л байна. Төр засаг маань ороо бусгаа байдлаа бушуу шийдэж асуудлууд руугаа яаралтай ханцуй шамлан ороосой билээ.

🪵 Фулбрайтын тэтгэлэг авч чадахгүй болох нь ээ. (ABCNews)
🦠 Дэлхий даяарх эрдэмтэд хавдрын эсрэг ямар судалгаа хийв? (TheGuardian)
🌥️ Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт урагш 1 алхах уу, хойш 2 алхах уу? (Gogo)
💡 Бодож байсан зүйлээ гэнэт мартдаг үзэгдлийн шалтгаан нь энэ. (PopularScience)

🛰️ Арилжааны сансрын станц бүтээгчийн IPO
VOYG: Сансар болон батлан хамгаалах салбарын зэвсэг үйлдвэрлэгч Voyager Technologies-н хувьцааны үнэ Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн өдрөө 82% өсөж $56-т хүрээд байна. Компани олон нийтэд 12.3 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь $31-оор үнэлж, олон нийтээс $383 саяыг татан төвлөрүүлээд буй. Voyager нь NASA-н тусламжтайгаар арилжааны сансрын станц болох Starlab-г Airbus, Mitsubishi, MDA Space-тай хамтран бүтээн байгуулж байгаа гэдгээрээ алдартай билээ.

👁️ Гаднын нүдээр БИД

Сүүлийн жилүүдэд гадаадын медиа агентлагийн овоо хараанд Монголтой холбоотой мэдээлэл багагүй өртөх болжээ. Тухайлбал, өнгөрсөн 3 жилийн хугацаанд дэлхийн томоохон 15 медиа бидний талаар 228 орчим мэдээ бэлтгэн нийтлэв.
3️⃣ Жилийн хүрд
Мэдээг тоогоор биш агуулгаар нь харвал нийт мэдээний 34%-ийг нь улс төр, гадаад харилцаа, 24%-ийг нь уул уурхай, хөрөнгө оруулалт, 13% нь экологийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт, 11% нь аялал жуулчлал, соёл, 7%-ийг нь шинжлэх ухааны сэдэв тус тус бүрдүүлжээ. Угаас сүүлийн жилүүдэд халуухан сэдвүүд бишгүй олон байлаа.
🤑 Төлбөртэй мэдээ
Монголын талаар мэдээлсэн 15 медиа нь төлбөртэй мэдээг дунджаар $63 мянгаар бичдэг бөгөөд зарим медиагийн хувьд улс төрийн агуулгатай мэдээг нийтлэхээс зайлсхийдэг аж. Америкийн хамгийн өндөр төлбөртэй медиагийн нэг New York Times мэдээний агуулгаас шалтгаалан төлбөр нь $50-$500 мянга хүртэл хэлбэлздэг байна. Манай төрөөс аялал жуулчлалыг дэмжихээр Go Mongolia компанит ажлыг өнгөрсөн оноос идэвхтэй сэвж эхэлсэн. Энэ талаарх мэдээ идэвхтэй сэвэгдсэн ч үр дүнг нь шууд хэмжихэд учир дутагдалтай тул урт хугацаанд харах нь зүйтэй.
🌍 Visit Rwanda
Go Mongolia-тай маш төстэй нэгэн компанит ажлыг Африкийн Руанда улс 2018 оноос Visit Rwanda хэмээн эхлүүлжээ. Компанит ажлын мессежээ хөлбөмбөгийн томчууд болох Arsenal, PSG клубийн өмсгөл дээр $100 саяар байршуулах гэрээ хийв. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг араас нь аялал жуулчлалын салбараа цогцоор дэмжсэний үр дүнд салбарын орлого 2018 оноос 3.8 дахин нэмэгдэж 2024 онд $2.1 тэрбумд хүрчээ. Go Mongolia маань Visit Rwanda-н амжилтын замаар явж Английн дундаж баг Fulham-н бэлтгэлийн өмсгөл дээр байршуулсан байна.
Эцэст нь… Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог хэмээх шүлгийн хэсэг бий. Гадаад хэл дээрх мэдээ, нийтлэл бол дэлхийд улс орноо сурталчлах алтан боломж хийгээд орчин цагийн түүхийг ирээдүй хойчид үлдээх хамгийн хүчтэй хэрэгсэл. Зөв л ашиглах хэрэгтэй дээ.

💡 Таавар таацгаая.
11, 69, 88 тоонуудад ямар нийтлэг зүйл байна вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

Идэвхтэй бизнес 🤝 Шуурхай шийдэл
Шантрахгүй шүү, бизнесийг тань аваръя! Хэн бэ гэж үү? PayOn апп шуурхай бизнесийн зээл олгож байгаа гэнэ. 📢
Тус зээлд жижиг дунд бизнес, түргэн хөрөнгө оруулалт шаардах үйлчилгээний байгууллагууд, улирлын чанартай худалдаа эрхлэгчид, гэнэтийн эргэлтийн зардал гарсан стартап-ууд хамрагдах боломжтой.
🙂↔️ Найрах амархан: Зээлд хамрагдахад барьцаа шаардахгүй бөгөөд онлайнаар хүсэлтээ илгээгээд л болоо.
🚀 Цаадах чинь шуурхай: Нөгөө талаас PayOn зээлийг зөвхөн орлого дээр үндэслэн судалж тогтоох тул 🤏 иймхэн хугацаанд хүлээгээрэй. Жишээ нь: Цалин эсвэл малын орлоготой бол 5 мин, бизнесийн орлоготой бол 4 цагийн дотор л шийдэгдэх аж.
🦸 Туслахаар шийдлээ: Ингээд эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, нэмэлт санхүүжилтдээ зарцуулах 48 сар хүртэлх хугацаатай, ₮50 сая хүртэлх зээл авах эрхтэй болох нь ээ. Ураа!
📞 Холбогдох: 7533-1111

PetaPixel
🍋 Insta360 (Arashi Vision) IPO хийсний дараа үүсгэн байгуулагч нь тэрбумтны эгнээнд шилжив. Өнгөрсөн Лхагва гарагт компани IPO хийсэн даруйд хувьцааны үнэ нь 285% өсөж ¥177-аар хаагджээ. Улмаар 41 сая ш хувьцаа арилжаалагдаж ¥1.94 тэрбумыг босгосноор компанийн үнэлгээ $9.9 тэрбум болсон бол компанийн 26.8%-ийг эзэмшдэг үүсгэн байгуулагчийн нийт хөрөнгө $2.7 тэрбум болсон байна.
🍋 “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон Best Western Tech ААН-үүдэд 2,163.2 тн бордоо нийлүүлжээ. Тус бордоо нь өндөр агууламжтай тул хөрсний үржил шимд нэг улиралд бус, урт хугацаанд нөлөө үзүүлэх ач холбогдолтой бөгөөд 45 ААН, иргэд 21,630 га талбайд ашигласан байна. Цаашид “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэхээр ажиллах аж.
🍋 YouTube 2018 оноос хойш 220 сая, үүнээс энэ оны I улиралд 8.6 сая бичлэг устгажээ. Үүнээс 90% гарыг AI системээр илрүүлсэн бөгөөд 55% орчмыг ганц ч үзэлт аваагүй байхад нь устгасан байна. Тэгвэл өнгөрсөн оны сүүлээс агуулгын хяналтын бодлогоо зөөлрүүлж, тухайн видео олон нийтийн эрх ашигт нийцэж байгаа, мөн видео доторх зөрчил 50%-иас бага байвал устгалгүй үлдээдэг болох нь.
🍋 Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд 1,689 ажлын байр санал болгов. Түүнчлэн 48 зах, худалдааны төвд 99 лангуу ажиллуулах, мөн GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээн ажиллуулах эрх авахад дэмжлэг үзүүлэх юм гэнэ. Сүүлийн 2 сарын хугацаанд Нийслэлээс нийт 1,436 ТҮЦ-ийг нүүлгэсэн бол одоогоор 24-ийг нь ажлын байраар хангасан байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply