- Lemon Press
- Posts
- 💔 Говь ХК минь баяртай
💔 Говь ХК минь баяртай
21 аймгийн төсөв | $ERDN: Эргэн ирэлт | Mining Week
POWERED BY
Өглөөний мэнд! Ирэх онд төрөөс ₮7.9 тэрбумыг УИХ-д суудалтай 7 нам, эвсэлд олгохоор шийджээ. Эдгээр нам, эвсэлд бүртгэлтэй гишүүдийн тоо ойролцоогоор 450 орчим мянга бөгөөд энэ нь Монгол 8 хүн тутмын 1 нь эдгээр нам, эвслийн гишүүн гэдгийг илтгэнэ. Базарваань. 👁️


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Энэ оны эхний 8 сард Монголд 600 мянган жуулчин иржээ.
UZB: Узбекийн Overseas Geology Мон Атом ХХК болон Адамас Майнинг ХХК нар ураны хамтарсан геологийн хайгуул хийхээр тохиролцлоо.

💔 Говь ХК минь баяртай

Монголоос олон улсад тэлж буй бизнесүүдийн хамгийн сайн жишээ Говь (GOV) хэдий ч дотоодын хөрөнгийн зах зээл дахь хамгийн муу ХК-ийн жишээ мөн л $GOV боллоо. Гунигтай бөгөөд харамсалтай…
🚶🏻 Орхих шийдвэр
Өнгөрсөн Даваа гарагт болсон $GOV-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хэлбэрээ хаалттай болгох буюу Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн бүртгэлээс гарах шийдвэрт хүрчээ. Ингэснээр сүүлийн 5 жилд $MSE-г орхин одсон компанийн тоо 41-т хүрснээс өөрийн хүсэлтээр гарсан ХК-ийн тоо 8 болоод байна. Эргэн сануулахад, $GOV өнгөрсөн ХЭХ дээрээ хаалттай компани болохгүй хэмээн ам гарч байсан бол саяны шийдвэр молиго модон чихэр гэдэг үйлдэл болоод өнгөрлөө.
😔 Ашиггүй олон жил
Энэ оны эхний хагаст ТОП-20 компаниас $GOV өнчин ботго мэт ганцаараа алдагдалтай ажилласан бөгөөд тайлант хугацаанд алдагдал ₮19.2 тэрбумд хүрсэн аж. Илүү гүнзгий харвал, 2019 оноос хойш 7 жилийн хугацаанд нийт ₮123.2 тэрбумын алдагдал хүлээсэн бөгөөд 2020 онд ₮46.2 тэрбумын алдагдал хүлээж байсан нь хамгийн өндөр алдагдалтай жил болж байв. Мөн $GOV хамгийн сүүлд 2018 онд нэгж хувьцаанд ₮6.8-ийн ногдол ашиг тарааснаас хойш ахин ногдол ашиг тараагаагүй билээ.
🔭 Хувьцаа хаачих вэ?
Өчигдрийн арилжаагаар $GOV-н нэгж хувьцааны үнэ 2.7% унаж ₮243.2 хүрсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ ₮189.7 тэрбумд хүрээд байна. Одоогийн байдлаар жижиг хувьцаа эзэмшигчдээс ямар үнээр нэгж хувьцаагаа эргүүлэн худалдан авах нь тодорхой бус хэвээр. Нэг сонин зүйл нь өнгөрсөн 8-р сард компанийн ТУЗ-өөс хувьцааны үнэлгээний ажлыг Арвижих Эстимэйт Үнэлгээ ХХК-иар хийлгэхээр сонгосон ч удалгүй шийдвэрээ өөрчилж, Далайван Проперти Үнэлгээ ХХК-ийг гүйцэтгүүлэхээр болсон аж.
Эцэст нь… $MSE-н I ангилалд багтах компани ингээд ХХК болж буй нь олон хүний шүүмжлэлд өртөөд байна. Дээрээс нь $GOV-н CEO-той холбоотой асуудал тус үйл явдалтай давхцаж буй нь хэрэг явдлыг улам хүндрүүлсээр буй. Нөгөө талаас энэ үйл явдлын ард $GOV-н 12.6%-ийг эзэмшиж буй 25.1 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хохирч байна даа. 🤕

🔍 Түүхий эдийн үнийн мөчлөг төсвийн бодлогод хэрхэн нөлөөлдөг вэ? (ThinkMongol)
🗣️ Танилц: Ерөнхий сайдын шинэ зөвлөхүүд. (iToim)
⛏️ Газрын гүнээс ирээдүйг төлөвлөх нь. (MinePro)
🪑 Монгол Улсын парламентын 35 жилийн түүхэн товчоо. (Parliament)

💪🏼 $ERDN: Хүчтэй эргэн ирэлт
ERDN: Өнгөрсөн сарын 26-наас эхлэн Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшнийн үнэт цаасны арилжааг 6 ширхэг хувьцааг 1 ширхэг хувьцаа болгох шийдвэртэй холбоотой түр хугацаанд хаагаад байсан бол өчигдөр буюу 9 сарын 9-ний өдөр үнэт цаасны арилжаа эргэн нээгджээ. Үүнтэй $ERDN-н нэгж хувьцааны үнэ огцом 15% өсөж $18,070-д хүрээд байна. Энэ III улирлаас эхлэн “Баян Хөндий” төслийн олборлолт эхлэх гэж буй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй.

⛏️ “Уул уурхайн 7 хоног” эхлэхэд 1 хоног үлдлээ

Олон улсын “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээ Монгол Улсад 4 дахь жилдээ болох гэж байна. 📢
“Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор зохиогдох тус арга хэмжээнд уул уурхайн салбарын 350 гаруй байгууллага, 20 мянган зочид, төлөөлөгч оролцоно.
⛏️ Маргааш эхлэх “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээнд оролцсоноор шийдвэр гарагчид, салбарын экспертүүд, хөрөнгө оруулагчтай танилцаж дуу хоолойгоо хүргэх боломжтой. Мөн уул уурхайн Хөдөлмөрийн яармаг, “Future Engineers” арга хэмжээ, “Mining Boost- Залуучуудын Оролцоо ба # Sanaachilga” чөлөөт хэлэлцүүлэг болон “Уурхайчдын наадам” болно гэдгээрээ онцлог аж.
📅 Хэзээ: 9 сарын 11-13

🤔 Төсөв: 21 аймгийн 14 нь татаастай

Ирэх Даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх ажилдаа орно. Түүнээс өмнө ЗГ ямаршуу төсөв өргөн барьсныг нарийвчлан харцгаая.
🧮 Орон нутгийн төсөв 2026
Ирэх онд улсын төсвөөс 14 аймагт нийт ₮297 тэрбумын санхүүгийн дэмжлэг буюу төсвийн алдагдлыг нь нөхөх зорилгоор татаас олгохоор тусгасан байна. Энэ нь 2025 оныхоос 1.7 дахин бага дүн. Хамгийн өндөр татаастай аймгуудад Хөвсгөл ₮40.7 тэрбум, Завхан ₮39.3 тэрбум, Увс ₮37.8 тэрбум гэхчлэн тэргүүлж буй. Сонирхолтой нь ирэх оны төсвийн төслийг оролцуулаад орон нутагт олгосон төсвийн татаасыг сүүлийн 10 жилээр харахад Хөвсгөл аймаг 6-д нь толгой цохиж байжээ.
😮💨 Санхүүгийн дэмжлэг олгож буй 14 аймаг гэдгийг татаасгүй л бол төсөв нь хэцүүхэн аймгууд гэхэд буруудахгүй. Сүүлийн 10 жилд төсвөөс орон нутагт олгох татаас 2.4 дахин өссөн хэдий ч төсөв нь ашигтай гардаг аймаг гарын 5 хуруунаас ч бага.
😲 Онцлог: Орхон аймгийн тухайд 1990 оноос хойш ердөө 3 удаа төсвөөс дэмжлэг авсан түүхтэй цор ганц аймаг. Өрсөлдөх чадвараараа ч тэргүүнд явдаг аймаг даа. Араас нь Өмнөговь аймаг 2006 оноос эхлэн төсвийн дэмжлэг авахаа больж байв.
🆙 Хөгжлийн санд 1.5 дахин их
Харин нөгөө талд 21 аймаг болон Улаанбаатар хотын хөгжлийн санд ₮440.9 тэрбумыг хуваарилахаар тусгаад буй. Үүгээр бол Өмнөговь болон Улаанбаатар хотод тус тус ₮42.6 тэрбум, Дорноговьд ₮34.9 тэрбум, Орхонд ₮30.6 тэрбум гэх байдлаар хуваарилаахаар байгаа. Орон нутгийн хөгжлийн сан бол орон нутгийн иргэдийн оролцоотойгоор төсөл, хөтөлбөр сонгож санхүүжүүлдэг тусгай зориулалтын сан.
🤞 Аймгуудын төсөвт үзүүлэх нөлөө
Эргээгээд орон нутгаас гэх том нэршил дор 8 аймгаас ₮1.4 их наядыг улсын төсөв төвлөрүүлэхээр тооцоолжээ. Энэ 8 аймаг дундаас Өмнөговь аймаг ₮1.1 их наяд буюу нийт дүнгийн 79%-ийг бүрдүүлэх даалгавартай.
Эцэст нь… Уул уурхай түшиглэсэн, хил орчмын цөөн хэдэн аймгууд бусдаасаа үсрэнгүй хөгжилтэй, төсвөөс хараат бус бие даах чадвартай явж байна. Харамсалтай нь татаас нь нэмэгдээд ч бахь байдгаараа байгаа аймгууд тэднээс илүү олон юм даа.

Сонсоно, цуглуулна, түгээнэИрэх сарын 1-нээс хагас коксон нүүрс хэрэглэж эхлэх нь ээ. Өнгөрсөн жилийнхээс дээрдсэн үр дүн гарах болов уу? Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? |

🧠 Сэтгэл ханамжтай ажилла: HEXACO

Юм гэдэг өөр болсон цаг шүү! Өдгөө сэтгэл ханамжтай ажиллахын тулд өөрийн зан төлөвт тохирсон ажлын байрыг сонгох боломжтой болжээ. 📢
Үүнд Канадын Калгари их сургуулийн сэтгэл судлалын профессор Кибеом Ли болон Майкл С. Эштон нарын боловсруулсан зан төлөв тодорхойлох ОУ-ын ТОП-5 тестийн нэг HEXACO туслах нь. Яаж вэ гэж үү?
🩺 Түүний ид шид: HEXACO нь сэтгэл зүйн ШУ-д хамгийн өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал ашиглан хувь хүний зан төлөвийг 6 үндсэн хэмжүүрээр тодорхойлоод ажлын байрны нийцлийг таамаглан гаргаж өгөх юм.
📨 Цаадах чинь шуурхай: Тус тестийг үнэ төлбөргүйгээр бөглөөд хариуг тэр дор нь хүлээж авах боломжтой. Үүнд ердөө 2 минут зарцуулагдах юм шүү.
Сонирхуулахад, ажлын байрандаа сэтгэл ханамжтай байдаг ажилтнуудын стрессийн түвшин 60%-иар бага, үүнийг дагаад бүтээмж нь 17%-иар өндөр байдаг гэнэ дээ.


Amorepacific
🍋 Өмнөд Солонгосын гоо сайхны салбарын конгломерат Amorepacific (090430.KS) ирэх 10 жилд борлуулалтын орлогоо 3 нугална. Компанийн гадаад борлуулалт нийт борлуулалтын 50%-ийг эзэлдэг бөгөөд энэ дүнг 70% болгохын сацуу Sulwhasoo, Laneige тэргүүтэй ТОП брэндүүд нь ид шуугиулж буй энэ үед дэлхийд тэргүүлэгч болох зорилго тавьжээ. Тэд одоогоор $3 тэрбумын үнэлгээтэй салбартаа дэлхийд ТОП-19-т жагсдаг.
🍋 Гаалийн хяналтын хуучин журмыг шинэчилж, цахимжуулав. Тус журмыг шинэчлэхэд 18 мянга орчим иргэн, ААН санал ирүүлсэн бөгөөд тэдгээрт үндэслэн нөхцөл байдлын үнэлгээ хийж журамд тусгасан гэнэ. Шинэчлэлээр Гаалийн мэдүүлгийг баталгаажуулах ажлын CAIS системд оруулсан бөгөөд тус системээр Улсын байцаагчийг томилж, нөгөө талаас иргэд баталгаажуулалтын үйл явцын талаар мэдээлэл авдаг болж байгаа аж.
🍋 Temu Америк дахь бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг 60%-иар буурууллаа. Одоогоор тэдний борлуулалтын орлого 2 оронтой тоогоор буурсан хэвээр байгаа ч, ийнхүү эрэлтээ өсгөхөөр 25 нэр төрлийн барааны үнийг 60%, ихэнх барааны үнийг дунджаар 19% бууруулсан байна. Нөгөө талд тэдний өрсөлдөгч Shein Америкийн зах зээлийг орхиогүй ч, борлуулалтын орлого нь мөн л таагүй өнгөтэй байгаа.
🍋 АҮЭБЯ Монголын хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Өмнөд Солонгостой хамтарна. Тодруулбал, Монгол ган, зэс зэрэг ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтой аж. Улмаар боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнөөр 5–10 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ $11 мянга хүрэх тооцоо гарсан байна. Одоогоор энэ дүн 1.5 дахин бага байгаа юм.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply