• Lemon Press
  • Posts
  • 😎 Тэтгэврийн хуримтлалтай болцгооё

😎 Тэтгэврийн хуримтлалтай болцгооё

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Berkshire Hathaway-н тайлан, уулзалтын талаар тоймлолоо.

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд. Хаврын улирал шувтарч, сургууль амрах, ЭЕШ эхлэх өдрүүд айсуй. Үүнтэй холбоотой Монгол хэл бичгийн шалгалтад ердөө 36 шалгуулагч буюу нийт шалгуулагчийн 0.1% нь л 800 оноо авсан сурагтай. Тоогүй, тоогүй. 💭

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж компанийн дүрмийн төслийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох асуудлуудыг хэлэлцэв.

^IXIC: NASDAQ Composite индекс он гарсаар 17.8% өслөө.

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮13.9 тэрбумын арилжаа хийгдсэний ₮9.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

🆕 УИХ-ын гишүүний тоо 76X2

УИХ-ын эхний хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ)-ийг дэмжиж 2 болон 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр болов.

Хамгийн том өөрчлөлт

Эрх баригчид ирэх оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар өнгөрсөн намраас эхлээд дөжиртөл л ярьж байгаа. Үүний хүрээнд хийгдэх томоохон өөрчлөлтүүдийн нэг бол гишүүдийн тоог 2 дахин нэмж 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын жагсаалтаар сонгох явдал. Тэгвэл эрх баригчид энэ талаар юу ярьж байна?

  • 1х44.7: ЗГ-аас гишүүдийн тоог нэмэх болсон шалтгаанаа 1992 онд тооцож гаргасан 76 гишүүн одоо иргэдийн төлөөллийг хангаж чадахгүй болсон гэж үзэж буйтай холбоотой. Тэр үед 1 гишүүн 27 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо 44.7 болж нэмэгджээ.

  • Дэмжинэ: Ерөнхий сайдын хэлж буйгаар ҮХНӨ хийснээр төлөөллийг 2 дахин нэмэгдүүлж, эрх мэдлийн төвлөрлийг 2 дахин багасгах гэнэ. Түүнчлэн бол УИХ-ын гишүүдийн зүгээс гишүүдийн ачааллыг бууруулахаас эхлээд олон эерэг талтай хэмээв. Харин ҮХНӨ-тэй зэрэгцэн намар УИХ-ын сонгуулийг хийх үү, гэх хардлагад ЕС үгүй гэх хариултыг өгөөд буй.

  • Дэмжихгүй: ҮХНӨ-ийн эхний хэлэлцүүлгээр зарим гишүүд холимог тогтолцоо болон эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж ирэх болсныг дэмжих ч гишүүдийн тоог 152 байхыг дэмжихгүй бөгөөд тоог бууруулбал дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн 

  • Босго: Түүнчлэн намыг сонгуулийн 18+ иргэдийн 1%-иас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах заалтыг хасна. Тэдэнд өндөр босго тавихаа болих нь.

Эцэст нь… Энэ удаагийн ҮХНӨ-д холимог тогтолцоо, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, төлөөллийг хангах зэрэг шинэчлэл орж ирж байгаа нь сайхан сонсогдох ч Үндсэн хуулийн тогтвортой байдлын асуудлыг орхигдуулсаар. Гэтэл 2019 оны ҮХНӨ-ийн хэрэгжилтийг дор хаяж 5 жилийн дараагаас үнэлэх боломжтой болно. Гэтэл 5 нас ч хүрээгүй байгаа ҮХНӨ-д дахиад нэмэлт өөрчлөлт орох талаар яригдсаар.

🚀 Пуужиндалт

COIN: Coinbase-н орлого 2023 оны эхний улиралд өмнөх улирлаасаа 22% өсөж $736 саяд хүрчээ. Улмаар алдагдал нь 81% буурч $79 сая болоод буй. Үүнд компани өнгөрсөн онд зардлаа 48% танаж сүүлийн 3 жилийн доторх хамгийн доод түвшинд аваачсан нь голлон нөлөөлжээ. Уг тайлангийн араас тэдний хувьцааны үнэ 18.3% өсөв.

📃 Тайлан ба Уулзалт

Berkshire Hathaway (BRK-B)-н тайлан гарч, тэдний гүйцэтгэх захирал Уоррен Баффет, дэд дарга Чарли Мунгер нар компанийнхаа ээлжит уулзалтыг хийлээ.

Тайлангийн сонин хачин

Өнгөрсөн оны эцэст Berkshire Hathaway $22.8 тэрбумын алдагдал хүлээсэн ч Уоррен Баффет хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа өрийн компанийн ирээдүйн орлогыг өөдрөгөөр харж байгаагаа дурдсан юм. Тэгвэл өөдрөг төсөөлөл нь биеллээ олжээ. Тодруулбал,

  • Ашиг x 6.3: Компанийн бизнесийн үйл ажиллагаа сайжирснаар I улирлын орлого нь жилийн өмнөхөөсөө 12.6%, тэр дундаа даатгалын ХО-ын орлого нь 68% өссөн аж. Улмаар тэдний ашиг 6.3 дахин өсөж $35.5 тэрбумд хүрчээ.

Уулзалт юу болов?

Цаашлаад энэ жилийн уулзалт дээр юу ярьсныг хуваалцъя.

  • Доллар мөнх: Долларын индекс унаж, дижитал валют, юань моодонд ороод буй. Тэгвэл Уоррен Баффет үүний хариу болгож ойрын үед дэлхий доллар нөөцлөхөөс татгалзана гэж бодохгүй байна, үүнээс илүү сайн хувилбар байхгүйг дурдсан аж.

  • Том шүүмж: Мөн Уоррен Баффет энэ оны 3 том банкны дампуурлын зохицуулалтыг шүүмжилжээ. Тэрээр “Айдас бол халдвартай, хүмүүс банканд хадгалуулсан мөнгөндөө санаа зовох үед та ЭЗ-ийг удирдаж чадахгүй" гэв.

  • Бүхнээс илүү Apple: Уулзалтын үеэр Apple (AAPL)-г сайшааж, компанийг Berkshire-н эзэмшдэг бизнесүүдээс илүүд үзжээ. Харин Apple-н хувьцааны үнэ 4.7% өсөөд амжив. Damn!

  • Эргэлзээтэй AI: Түүнчлэн Чарли Мунгер AI-н зарим шуугианд эргэлздэг гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэрээр хуучин үеийн оюун ухаан AI-с илүү сайн ажилладаг гэжээ.

Заа тэгээд… Уоррен Баффет өдгөө 92 нас хүрээд буй тул энэ жилийн уулзалт өмнөх жилүүдээс нэлээд хөл хөдөлгөөнтэй болсон сурагтай. Манай нээлттэй компаниудад ч гэсэн жил бүр хөрөнгө оруулагчдадаа захидал илгээдэг, уулзалт зохион байгуулдаг соёл тогтвол ХЗЗ-ийн хөгжил улам л хурдсах биз. Үгүй ядаж, зарим компаниуд нь тайлангаа цагтаа, ойлгомжтой гаргадаг болчихвол тийм ээ?

Хаврын улиралтай зэрэгцэн махны үнэ хаданд гарчээ. Сүүлийн хэдэн сард 1 кг үхрийн цул махны дундаж үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. 🥩

  • 2022/07: ₮16,439

  • 2022/08: ₮15,464

  • 2022/09: ₮15,300

  • 2022/10: ₮15,209

  • 2022/11: ₮15,018

  • 2022/12: ₮15,218

  • 2023/01: ₮15,627

  • 2023/02: ₮16,327

  • 2023/03: ₮17,391

  • 2023/04: ₮19,227

Сүүлийн 10 сарын хугацаанд 1 кг үхрийн цул махны дундаж үнэ 17% өссөн аж. Тус хугацааны хамгийн доод үнээс бол бүр 28% өсөөд байна.

Тэтгэврийн хуримтлалтай болцгооё

Ирээдүйдээ зориулж тэтгэврийн хуримтлалтай болохыг хүсвэл Үндэсний тэтгэврийн даатгал-ыг сонирхоод үзээрэй. 🤓

Уг даатгалд нэмэлт тэтгэвэр авах сонирхолтой:

  • Ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд

  • Тэтгэврийн иргэд

  • Үнэ цэнтэй ажилтныг татах, тогтвор суурьшилтай ажиллуулах сонирхолтой ААН, байгууллагууд

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид

  • Ирээдүйгээ төлөвлөж буй залуус даатгуулж болох гэнэ.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс болон 7011-3366 утсаар холбогдож аваарай.

🔹Монложистикс групп IPO хийнэ. Сүүлийн 18 жил Монголын тээвэр логистикийн салбарт манлайлж буй Монложистикс групп олон нийтэд нээлттэй компани болох бэлтгэл ажилдаа оржээ. Тэдний үндсэн андеррайтераар Мандал Капитал Маркетс ҮЦК ажиллах юм.

🔹Төрийн банк (SBM) нэмэлт хувьцаа гаргахаар боллоо. Тодруулбал, тус банк нэмэлтээр ₮250-ийн нэрлэсэн үнэтэй 134,903,759 ширхэг энгийн хувьцаа гаргах гэнэ. Нэмж гаргах энгийн хувьцааг МХБ-ээр дамжуулан үе шаттай гаргах аж.

🔹Shopify (SHOP) логистикийн бизнесээ Flexport-т зарлаа. Shopify нь өөрийн гэсэн логистикийн үйлчилгээтэй болох гэж олон жил зарцуулсан ч Flexport-тэй хамтран ажиллах нь илүү дээр гэж үзжээ. Түүнчлэн хэлэлцээрийн нэг хэсэг болгон тэд Flexport-н 13%-ийг эзэмших аж.

🔹Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) хувьцаагаа халаасална. Тэд шинээр стратегийн хөрөнгө оруулагч татахын тулд нийт хувьцааныхаа 10%-ийг Ард Бит ХХК, Ард Тэтгэврийн Данс ХХК, Ард Лизинг, Ард Секюритиз ҮЦК ХХК гэх 4 компанийн эзэмшлээс халааслахаар болоод буй. Ингэхдээ хувьцааны үнийг сүүлийн 6 сарын жигнэсэн дунджаар тооцох аж.

🔹Үнэт цаас, биржийн хороо (SEC) мэдээлэгчид $279 саяын шагнал олгов. Тэд зохицуулалтын хэрэгжилтийг хангахад тусалсан мэдээлэгчид уг шагналыг олгосон нь бүх цаг үеийн хамгийн том шагнал боллоо. Энэхүү шагналын хэмжээ нь 2020 онд олгосон шагналаас даруй 2.4 дахин их аж.

  • Унш: Ковид-19 цар тахал бүр мөсөн алга болсон уу? (CNN)

  • Сонирх: Цагаан ордоноос хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдэд анхааруулга өгөв. (NBC)

  • Сур: Дофамин детокc гэж юу вэ? (BetterThanYesterday)

  • Судал: Alibaba Cloud metaverse-н өрсөлдөөнд нэгдлээ. (TC)

  • Даваа: PayPal (PYPL)-н тайлан танилцуулагдана.

  • Мягмар: Airbnb (ABNB) тайлангийн цувааг үргэлжлүүлнэ.

  • Лхагва: Үргэлжлүүлээд Toyota (TM) болон The Walt Disney-н (DIS) тайлан ч гарах нь.

  • Пүрэв: SoftBank (SFTBY)-н хувьцаа эзэмшигчид байвал энэ өдөр гарах тэдний тайлантай сайтар танилцаарай.

  • Баасан: Их Британийн ДНБ-ий үзүүлэлт гарна.

Reply

or to participate.