- Lemon Press
- Posts
- 🚶🏻♂️ Тэд огцрохыг сонгов
🚶🏻♂️ Тэд огцрохыг сонгов
ЗГ-аа дангаар байгуул | $160 саяын санал | татварын орлого
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Иргэдийн эсэргүүцэл саарал ордонд хүрч, Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг ажлаа өг гэсэн л гэнэ. Ерөнхий сайд ЗГ-аас АН, ХҮН намыг гаргаж ЗГ-аа дангаар байгуулна гэсэн л гэнэ. Ойрын өдрүүдэд нэлээн үзээтэй, өглөө бүр шинэ ховтой сэрэх нь ээ. 🥵


*Нэг өдрийн өөрчлөлт.
U.S.: Moody’s Ratings Америкийн зээлжих зэрэглэлийг Aaa-с Aa1 болгов.
UK: Европын Холбоо болон Их Британи бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Brexit-н улмаас худалдаанд тулгарч буй саад тотгорыг арилгахаар хэлэлцээр байгууллаа.

⛈️ Таагүй мэдээтэй татварын орлого

Улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлэгч татварын орлого буурсан таагүй мэдээ гарлаа. Тухайлбал, энэ оны эхний 4 сарын байдлаар татварын орлого ₮8 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс ₮1.4 их наяд буюу 15.2% буурчээ. Шалтгаан нь юу байв?
🕵🏻♂️ Шалтгааны эрэлд
Татварын орлого буурахад орлогын албан татварын орлого 26.1% буурч ₮2.6 их наяд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 65.8% багасаж ₮0.5 их наядад хүрсэн нь тус тус нөлөөлөв. Бууралтын уг үндэс нь өмнөх 2 жилийн эхний улиралд 8% өсөж байсан ДНБ энэ оны I улиралд ердөө 2.4% өссөн болон экспортын хөдөлгөгч хүч нүүрсний үнэ оны эхнээс 15.8% багассан үйл явдал байв. Нөгөө талд НД-ын орлого 28.2% өсөж ₮1.6 их наядад, НӨАТ 4.0% нэмэгдэж ₮1.8 их наядад, гадаад үйл ажиллагааны орлого 9.1% өсөж ₮0.6 их наядад хүрчээ.
🕰️ Түүхийн жимээр
Угтаа өнгөрсөн 10 жилийн эхний саруудад 7-д нь татварын орлого өсөж, 3-т нь буурчээ. Энэ жилээс гадна 2016 болон 2020 онд бууралттай жил тохиосон хэрэг. Онцлоход, энэ оны эхний 4 сард төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ жилийн өмнөхөөсөө буурсан ч 10 жилийн өмнөхөөс 5.4 дахин нэмэгдсэн. Үүнээс орлогын албан татвар хамгийн их буюу 11 дахин нэмэгджээ.
Харж байгаачлан нэг талд уул уурхайн салбараас олох татварын орлого буурсан ч иргэд болон бусад салбарын ААН-ээс авч байгаа татвар жилээс жилд, өдрөөс өдөрт өсөж буй.
📊 Нөгөө талд
Төсвийн зардлын тухайд эхний 4 сард нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн үеэс 9.8% өсөж ₮8.5 их наядад хүрсэн аж. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл мөн үеэс ₮2.2 их наядаар буурч, ₮57.9 тэрбумын алдагдалтай гарсан гунигтай мэдээ гарав. Уг нь бол энэ жил төсөв алдагдалгүй байх ёстой шүү дээ. Гэтэл энэ төлөвлөгөө биелэх эсэх нь эргэлзээтэй байна.
Эцэст нь… Хэрэв төсвийн төлөвлөгөө биелэхгүй болоод ирвэл тун эрсдэлтэй. Нөгөөтээгүүр энэ төсвийг боловсруулсан ЗГ огцрохдоо тулбал төсөвт тодотгол орох магадлалтай. Учир нь өмнөх ерөнхий сайдуудын жишээнд огцорсны дараа төсвийн тодотгол орсон тохиолдол удаа дараа гарч байлаа.

$XAM: 💰 $160 саяын санал
XAM: Хармагтайн зэс-алтны төслийг хамтран хэрэгжүүлэгч Xanadu Mines-г Сингапурт төвтэй Bastion Mining-н зүгээс нэгж хувьцааг нь $0.08 үнэлэн $160 саяар худалдан авах санал тавьжээ. Үүнтэй холбоотойгоор $XAM-н нэгж хувьцааны үнэ нь өмнөх өдрөөс 54.9% өсөж $0.079 дээр хаагдаад байна. Хармагтайн төслийн ТЭЗҮ-ийн хувьд цэвэр үнэлгээ $930 саяар үнэлэгдсэн бөгөөд жилд 80 мянган тн зэс, 170 мянган тн алт олборлох боломжтой аж.

🥇 Номын баярын шилдгүүдээр хэн хэн тодров? (President)
🛞 Янзтай! Google Street View ашиглан онлайн аяллын тоглоом зохион бүтээжээ. (Neal.Fun)
💣 Энэ зар сурталчилгааны хөгжил үү, эсвэл төгсгөл үү? (ChatGPTricks)
🪩 Дэлхийн хамгийн том компьютерын технологийн үзэсгэлэнгээр сонин юутай. (Tom’sGuide)

🚶🏻♂️ Тэд огцрохыг сонгов

Улс орныхоо “амаргүй” цаг үед Ерөнхий сайдаар томилогдож нөхцөл байдлыг даван туулахын төлөө бүхнээ зориулна гэсэн ч “үйл хэргийг минь үр хойч, түүх шүүн тунгаана биз ээ” хэмээн огцордог сайдууд цөөнгүй байна.
🙋🏻♂️ Огцров: Өнгөрсөн Мягмар гараг буюу 5 сарын 13-нд Перугийн Ерөнхий сайд Густаво Адрианзен огцорч буйгаа мэдэгдсэн. Тэрбээр 5 сарын 5-нд Перугийн хамгийн том алтны уурхайгаас хулгайлагдсан 13 уурхайчны цогцос олдсон хэрэгтэй холбоотойгоор Перугийн Конгресс түүнд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахын өмнөхөн огцорсон юм.
🫗 Итгэл эвдэв
Монголтой нэгэн адил энэ цаг мөчид Ливийн иргэд Ерөнхий сайд болон ЗГ-аа огцруулахаар жагсаж байгаа бол саяхан Румин, Йемений Ерөнхий сайд нар тус тусын улс оронд үүссэн асуудал, иргэдийн эсэргүүцлийн улмаас огцрохоо мэдэгдсэн. Харин сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж, дуулиан шуугиантай огцорсон нь гэвэл Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон болон түүний дараах 2 залгамжлагч Лиз Трасс, Риши Сунак, мөн Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогыг нэрлэх нь зүйтэй.
📖 Эдгээр Ерөнхий сайд нар огцорсныг нам нь сонгуульд ялагдсан, популист бодлоготой, намын дэмжлэгээ алдсан гэхчлэн олон шалтаг тоочиж болох ч юу юунаас илүүтэй ард иргэд нь тэдэнд итгэл алдарсан нь нөлөөлсөн.
🤔 Монголын түүхэн жишээ
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2021 онд кабинетаараа огцрох үедээ “Монгол төрийн өлмий бат орших болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн огцорч тухайн үедээ л Монголын улс төрд хэзээ ч байгаагүй улс төрчийн ёс зүйг харууллаа гэгдэж байв. Гэвч энэ бүхэн түүний Ерөнхийлөгч болох зорилгын уянгын халил төдийхөн байсан нь харамсалтай.
Эцэст нь… Манай одоогийн Ерөнхий сайдад үүсээд байгаа асуудлын хувьд, өөрийг нь сонгож гаргасан иргэд огцор гэж жагсахад хүний урамд бүгдэд нээлттэй ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Өгч байгаа мэдээлэл нь хязгаартай, ярьж байгаа үг нь ёс зүйгүй, хаалттай, зохион байгуулалттай байгаа тул бид ИЙМ санаачилгад нэгдсэн байгаа шүү.

Excel дээр бүх хуудсанд нэгэн зэрэг ижил өгөгдөл оруулах арга сурцгаая. Энэ нь олон адил төстэй бүтэцтэй хүснэгт эсвэл ажлын хуудас дээр ажиллаж байгаа тохиолдолд нэн хэрэгтэй эд юм.
Энэ нь их амархан: Excel файлаа нээгээд ижил мэдээлэл оруулахыг хүссэн хуудаснуудаа CTRL дараад идэвхжүүлээрэй. Дараа нь аль нэг хуудасны нүдэнд өгөгдөл оруулахад бусад хуудаснууд дээр харагдах нь.
Аан хэрэв, аль нэг хуудсан дээр хэдийн бэлтгэчихсэн байгаа өгөгдлийг бусад хуудас руу хялбархан хуулах бол эхлээд дээрх үйлдлийг хийгээд, Home➡️Editing➡️Fill➡️Accross Worksheets➡️All эсвэл Contents only➡️Ok идэвхжүүлээд л болоо.
🔗 ЭНД дарж бичлэгээр үзээрэй.

Tenor
🍋 НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран ажиллах санамж бичиг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд тэд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болж. Нөгөө талаар төмөр зам, авто зам гэхчлэн дэд бүтэцтэй холбоотой хуулиудыг ОУ-ын стандартын дагуу шинэчлэх аж.
🍋 Capital One (COF) Discover (DFS)-г $35 тэрбумаар худалдан авлаа. Ийнхүү нэгдсэн банк $75.56 тэрбумын үнэлгээгээр Америкийн ТОП-8 дахь банк болж, $637.8 тэрбумын хөрөнгө, FDIC-р даатгагдсан хадгаламжийн 2.2%-ийг эзэмших юм. Улмаар Capital One картын гүйлгээ, төлбөр тооцооны системийн зах зээлд Visa (V), Mastercard (MA)-тай өрсөлдөх хэмжээнд тэллээ.
🍋 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулав. Энэ хүрээнд стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн хяналтыг холбогдох эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлэх, цаашлаад стандартын хэрэгжилтэд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч талын оролцоог хангах тэргүүтэй зохицуулалтуудыг тусгасан гэнэ.
🍋 2028 он гэхэд Хятадын хүнд даацын ачааны автомашины нийт борлуулалтын 50%-ийг EV эзэлнэ. Өнгөрсөн онд 10%-ийг л эзэлж байсан энэ дүнг 5 нугалах зорилтоо CATL (300750.SZ) Хятадын Шаньдуньд 60 ГВ.цаг хүчин чадалтай эрчим хүч хадгалах, EV аккумлятор үйлдвэрлэх баазыг ашиглалтад оруулахдаа танилцууллаа. Тус муж эрчим хүчний шинэ эх үүсвэрт чиглэсэн төслүүдэд энэ онд ¥100 тэрбумын хөрөнгө оруулах юм.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply