- Lemon Press
- Posts
- 😴 Унтаж буй ₮16.3 тэрбум
😴 Унтаж буй ₮16.3 тэрбум
Хулгайн кино газар авлаа | Nasdaq-д тавтай морил $SNDK | MacBook Neo Монголд
POWERED BY
Өглөөний мэнд! Өмнөд Солонгос кино урлагийн салбараа дэмжих зорилгоор 2026 онд $44.2 саяыг зарцуулахаа мэдэгдлээ. Ингэхдээ Монгол шиг шууд мөнгө тараах бус зөвхөн дотоодын кинонуудын 4.5 сая ширхэг театрын тасалбарын үнээс ₩6,000-ыг хасах аж. За тэгээд энэ жил ямар кино Солонгост хит болж буйг харах бол ЭНД дараарай. Манай лимонуудын үзсэн кино энэ дунд байна уу? 🎥🍿


*Нэг өдрийн өөрчлөлт.
NSO: Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт (M2) өмнөх оны мөн үеэс 21.3% өсөж ₮49.4 их наядад хүрэхэд ₮-ийн хадгаламж 22.1% өссөн нь голлон нөлөөлөв.
MOFA: Энэ онд хөдөө аж ахуйн салбарт улаан буудайн тариалахад ₮130 тэрбум, хүнсний ногоо тариалахад ₮70 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно.
UR: Улаанбаатар төмөр зам ХНН 2025 оны 9-р сарын 20-ноос 2026 оны 4-р сарын 13-ныг хүртэл нийт 7,860 вагон 367.2 мянган тонн коксожсон хөх нүүрсийг Хятадын Эрээн өртөөнөөс хүлээн авч, тээвэрлэж дуусав.

😤 Төсөв нь нэмэгдээд ажил нь тэглээд

Таныг ажлаа хийхгүй байсан ч цалинг тань нэмнэ гэж байхгүй биз? Харин ийм тохиолдол Улаанбаатарын автозамын төслүүдэд болоод байна даа. Нийт төслүүдийн 2025 оны тайланд хийсэн аудитын дүгнэлтээр ₮4.5 тэрбумын зөрчил ч илэрчээ.
🥊 Үрээд л байдаг гүйцэтгэл байдаггүй
2025 оны төсвийн төлөвлөгөөгөөр хотын автозам, тээврийн төслүүд нийт ₮182.9 тэрбумын орлого хүлээж байсан ч бодит гүйцэтгэл нь ердөө ₮30.1 тэрбум. Харин зардал 97.1% биелсэн. Төлөвлөсөн ₮30.7 тэрбумаас ₮29.9 тэрбумыг буюу бараг бүрэн зарцуулжээ. Гэхдээ гүйцэтгэл хангалтгүй буюу дунджаар 16%.
😴 Унтаж буй ₮16.3 тэрбум: Тайлант хугацаанд төсвийн нийт хөрөнгийн хэмжээ ₮16.3 тэрбум болжээ. Үүнээс ₮16.2 тэрбум нь банкны дансанд хэвтэж байгаа аж. Санхүүгийн хувьд тогтвортой мэт харагдавч, энэ мөнгөөр Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ёстой байтал хадгаламж болж хувирсан нь харамсалтай.
Зөрчлийн цаана: Төрийн хэмнэлтийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, зээлийн гэрээний нөхцөл, дотоод хяналтын шаардлагыг зөрчсөн нь ₮4.53 тэрбумаар үнэлэгдэж буй. Материаллаг алдаа ч ₮575.9 саяд хүрсэн гэнэ. Хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байгааг нь сайн санаарай.
⚠️ Төсөв +17.9%, Гүйцэтгэл 0%
Цаашлаад, Сэлбэ голын баруун эрэг дагуух 2.5 км шинэ автозам болон Нарны замын зүүн өргөтгөх 4 км замын 2 гол төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах болон барилгын ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээний гэрээг 2023 онд анх байгуулжээ. Гэтэл 2024, 2025 онуудад гэрээний үнэ удаа дараа нэмэгдсээр 17.9% буюу ₮993 саяар нэмэгдэн нийт ₮4.8 тэрбумд хүрсэн. Үүний 75.6%-ийг зөвлөх компани аль хэдийн авсан аж.
📌 Харин бодит байдал ямар байна вэ? Эдгээр 2 замын барилгын ажил эхлээгүй хэвээр. Тендер шалгаруулалт хийгдсэн ч зам тавих, барилга угсрах ажил огт эхлээгүй, зөвхөн зураг төсөл, хяналтын шатанд гацсан байна.
Эцэст нь… Улаанбаатарын иргэд өдөр тутам түгжрэлд гацаж, цаг алдаж, агаар бохирдуулж байхад ийм том төслүүдийн зөвлөх үйлчилгээнд их хэмжээний мөнгө төлсөн ч зам барилга нь жил дараалан хойшлогдож байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй л байна даа.

🙊 Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын төрд 149 сайд томилогджээ. (Ubn)
🆚 Америк болон Хятадын AI моделиуд бараг ялгаагүй ажиллаж эхэллээ. (StanfordHAI)
🫗 Татвартай өртэй 12 мянган ААН-үүд сарын дотор өрөө төлж дуусгах боломжгүй. (news.mn)
🕵🏻♂️ Таны гар утас өөрийг тань үнэхээр чагнадаг уу? (CBSNews)

📸 Nasdaq-д тавтай морил $SNDK
SNDK: Өнгөрсөн Даваа гаргийн арилжаагаар Sandisk-н нэгж хувьцааны үнэ даруй 11.8% өсөж $952.5-т хүрчээ. Энэхүү өсөлт нь компанийн хувьцаа Atlassian (TEAM)-н оронд Nasdaq-100 (NQ=F) индексэд багтсантай холбоотой бөгөөд ингэснээр компани Nasdaq-д бүртгэлтэй санхүүгийн бус хамгийн том 100 компанийн нэг боллоо. Сонирхуулахад, Sandisk-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 4 дахин, сүүлийн нэг жилийн хугацаанд 29.8 дахин өсөөд байна.

🎬 Хулгайн кино газар авлаа

Анимэйшний салбарт Ази соёлыг гүн гүнзгий дүрсэлсэн Avatar: The Last Airbender франчайзын бүрэн хэмжээний кино болох Avatar: Aang, The Last Airbender нь энэ оны хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд киноны хэсгүүд, цаашлаад бүтэн хувилбар хүртэл интернэтээр тарсан гэх мэдээлэл гарчээ.
🤦🏻♂️ Санамсаргүй алдаа
2026 оны 10-р сард нээлтээ хийх байсан Avatar: Aang, The Last Airbender-н бичлэг задрахад ямар нэг гадны нөлөө байсангүй. Эх сурвалжийн мэдээллээр, тус киног хийсэн студийн ажилтан санамсаргүйгээр имейл андууран X платформын нэгэн хэрэглэгч рүү бүтэн киног илгээснээс энэ бүхэн үүдэлтэй аж. Эхэндээ тус хэрэглэгч киноны 3 гаруй минутын бичлэгийг нийтэлсэн бөгөөд хүмүүс AI-р бүтээгдсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байв.
🥊 Хариу арга хэмжээ: Гэвч X дээрх тус 3 минутын бичлэг 100 мянга like авсны дараа Paramount Skydance (PSKY)-н зохиогчийн эрх эзэмшигчийн хүсэлтийн дагуу устгагджээ. Харамсалтай нь нөхцөл байдал улам хүндэрч одоо X дээр бүрэн хэмжээний хувилбар тавигдсаар байна.
🕰️ Өөр кейс олон бий
Одоогоор Box Office-г тэргүүлж, дэлхий даяар $628.6 саяыг олоод буй The Super Mario Galaxy Movie-н бичлэг энэ сарын эхээр сошиал медиад цацагдсан. Өмнөх анги болох The Super Mario Bros. Movie-д ч мөн адил зүйл тохиосон ба 2023 онд бүтэн бичлэг нь X дээр тавигдаж, 9 сая гаруй удаа хүмүүс үзжээ.
Сонирхуулахад, нээлтээ өмнө задарсан Hollywood-н томоохон тохиолдол бол X-Men Origins: Wolverine ба ойролцоогоор $150 саяын өртгөөр бүтээгдсэн тус кино нээлтээсээ нэг сарын өмнө интернэтэд тарж байв.
Эцэст нь… Сошиал медиагийн цар хүрээ тэлэхийн хэрээр оюуны өмчийн асуудал ч газар авах боллоо. Үүний тод жишээ нь кино уран бүтээл болсныг дээрх мэдээллээс харж болно. Ирээдүйд энэ асуудал дээр ямар нэг шийдэл гарч ирэх нь гарцаагүй биз ээ. 🤞🏻

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ!Монголын эрдэмтэн, судлаачдын баг баримтуудад үндэслэн гадаад хэлнээ Монгол Улсын нэрийг “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж хэвшүүлэх нь уугуул нэртэй нийцнэ гэж үзжээ. Та үүнийг юу гэж бодож байна? Энэ саналыг дэмжих үү? |

💻 MacBook Neo Монголд

Өнгөрсөн 3-р сард Apple удаан хугацаанд хүлээлт үүсгэж байсан хамгийн хямд буюу $599-ын MacBook Neo загвараа олон нийтэд танилцуулж байсан бол одоо Apple-н Монгол дахь хэрэглэгчид ITStore-с авах боломжтой боллоо.
⭐ Your First Mac
MacBook-н үндсэн хэв маягийг шингээсэн дизайнтай хэр нь өнгөний хувьд урд өмнө нь харагдаж үзэгдэж байгаагүй 4 өвөрмөц өнгөтэй гэдэг нь MacBook Neo-н хамгийн том давуу тал. Мөн iPhone 16 Pro-д ашигласан А18 Pro чипээр тоноглогдсон тул өдөр тутмын энгийн оффис хэрэглээнд тун давгүй.
Юутай ч ITStore MacBook Neo-н Монгол дахь нээлтээ тохиолдуулан “You First Mac” урамшуулал зарлажээ. MacBook Neo-гоо худалдан аваад Magic mouse, Hub, Laptop Stand бэлгэд авч болох нь ээ. Загвар бүр урьдчилгаагүй лизинг, үнэгүй хүргэлтээр авах боломжтой гэсэн шүү.


Tenor
🍋 “Атар-4” аяны хүрээнд тариалангийн эргэлтийн зээлийн эх үүсвэрийг ₮55 тэрбумаар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зээл олгохоор боллоо. ХХААХҮЯ 7 арилжааны банктай гэрээ байгуулж тариалан эрхлэгчдэд олгох эргэлтийн хөрөнгийн зээлийг ₮130 тэрбумаас ₮185 тэрбум болгож нэмэгдүүлжээ. Мөн төмс, хүнсний ногоо, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжих ₮15 тэрбумын хөрөнгө оруулалтын зээл олгох аж.
🍋 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд 10 мянган хүн оролцуулахаар төлөвлөсөн. Тус бага хурлыг зохион байгуулахад зориулан 44 м.кв түр барилга байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд барьж байгаа бөгөөд оролцогчдыг 85 зочид буудалд хүлээн авахаар төлөвлөж, эхний ээлжид 30 гаруй зочид буудалтай гэрээ байгуулсан гэнэ.
🍋 Disney (DIS) үйл ажиллагаагаа оновчтой болгох зорилгоор 1,000 орчим ажилтнаа цомхотгож эхэллээ. Гүйцэтгэх захирал Жош Д’Амарогийн санамжид дурдсанаар, энэхүү шийдвэр нь маркетингийн салбаруудыг нэгтгэсэнтэй холбоотой бөгөөд студи, телевиз, ESPN болон технологийн хэлтсүүдийг хамарч байна.
🍋 Талх Чихэр ХК (TCK) өнгөрсөн онд Гүйцэтгэх захиралдаа ₮50.9 саяын цалин урамшуулал олгожээ. Өчигдөр экс Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг 2 ХК үйл ажиллагааны тайлангаа оруулжээ. $TCK-н хувьд ТУЗ-ийн гишүүддээ нийт ₮95 саяын цалин олгосон байна. Х.Баттулга нь $TCK-н 18.94%, Мах Импекс ХК (MMX)-ийн 38.8%-ийг тус тус эзэмшиж буй.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply