• Lemon Press
  • Posts
  • 💰 16 сайд = ₮143.7 тэрбум

💰 16 сайд = ₮143.7 тэрбум

Арилжаагаар түрүүлсэн 10 ҮЦК | Эерэг мэдээтэй $COIN | Орон сууцны үнэ +16%

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Цаана чинь 2026 оноос Монгол наадмыг дэлхийн түвшинд 3 жил тутамд зохиож, наадмын үеэр 9 хоног амрах хуулийн төсөл санаачилсан байна. Улаанбаатар ч барьцаад 6-р сард наадам хийдэг болох шуум гарсан. Зуны саруудад ажил хийх хүн олдох нь уу? 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанк өнгөрсөн онд ₮306.2 тэрбумын ашигтай ажиллажээ

AUD: Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авав

LEND: ЛэндМН ББСБ ХК Сингапурын хөрөнгө оруулалтын платформ болох Kilde-с 1 удаад $500,000 хүртэл, нийт $4 сая хүртэлх үнийн дүн бүхий зээл авахаар тохиролцсон байна. 

💰 16 сайд = ₮143.7 тэрбум

Сүүлийн хэдэн өдөр Ерөнхий сайдын хүүтэй холбоотой хэргээр хөрөнгө, орлогоо ил болгохыг шаардсан иргэдийн шаардлага ширүүсэж байна. Үйл явдалтай холбоотойгоор хэдэн сайд нарынхаа хөрөнгө, оруулгын мэдүүлэг (ХОМ)-ийг эргэн нэг харцгаая. 

✊🏻 Хуучин 16 + Шинэ 6

Одоогийн Засгийн газар нийт 22 сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаас кабинетад шинээр орж ирсэн АН болон ХҮН намын 6 сайдаас бусад сайд нарын ХОМ олон нийтэд нээлттэй байгаа. Сайд нарын ХОМ-ийг сүүлийн 3 жилээр харахад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн жилийн орлого 2023 онд өмнөх жилээсээ 551%, 2021 оныхоос 23,235.8% өсөж ₮10 тэрбумд хүрсэн байна. Тус өсөлтөд 2023 онд бүртгэгдсэн ₮9 тэрбумын авлага ихээхэн нөлөөлжээ. 

  • Цаашлаад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы жилийн орлого 2023 онд 2021 оныхоос 565.8% өсөж ₮79.9 саяд, Байгаль орчны сайд С.Одонтуяагийнх 122.9% өсөж ₮146.9 саяд хүрсэн байна. Харин хөрөнгийн өөрчлөлтөөрөө Сангийн сайд Б.Жавхлан цойлсон буюу 110% өсөж ₮2.3 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ хө.

🏃🏻‍♀️💨 Бултуулан булав

Энэ 7 хоногийн халуухан сэдэв болсон Ерөнхий сайдын ХОМ-ийн хувьд түүний орлого өнгөрсөн 3 жилд 3.8% өсөж ₮243.9 сая, хөрөнгө нь 18.2% өсөж ₮1 тэрбумд хүрээд буй. Харин гэр бүлийн орлого нь сүүлийн 5 жилд ₮14-₮15 саяд хэлбэлзсэн харагдана. Товчхондоо түүний ХОМ-ийг бусад сайд нартай харьцуулахад маш даруухан буюу ₮364 саяын 1 орон сууц, ₮30 саяын Toyota Highlander автомашин, ₮169 саяын мал сүрэг, ₮67.5 саяын дүн бүхий үнэт эдлэл, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрших ₮133 саяын мөнгөн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байгаа юм. 

  • 😷 Гажиг: Угтаа ХОМ-ээр эрх баригчдын хөрөнгө, орлогын ядаж багцаа нь харагдах учиртай. Эрх баригчид хөрөнгөөсөө давсан хэрэглээгээ авлига, хээл хахуулаар санхүүжүүлж байгаа нь түмэнд ил болсон ч хэн ч юу ч хийж чаддаггүй нь эмгэнэлтэй. 

Эцэст нь… УИХ болон ЗГ-ын гишүүдийн дийлэнх нь ямарваа нэгэн бизнестэй, хамаарал бүхий компанитай, идэж уусан асуудалтай байдаг нь жам боллоо. Энэ үзэгдэл монголчуудад хэдийнээ танил, жам болтлоо ужгирсан байгаа нь л тогтолцоо хэр ялзарч, гажуудсаныг харуулж байгаа юм.

  • 🎈 Энэ Бямба гарагт Европын өдөрлөг болно. (ЕХМДТГ

  • 🏋️ Тарифтай, тарифгүй iPhone-н үнэ нэмэгдэх нь дээ. (TechCrunch)

  • 🪙 Дональд Трампын гэр бүлийн хөрөнгийн өсөлтийн 40%-ийг криптовалютын хөрөнгө бүрдүүлжээ. (CoinDesk)

  • 💅 Google 10 жилийн дараа логогоо шинэчиллээ. (TheVerge)

📬 Эерэг мэдээтэй $COIN

COIN: Криптовалютын томоохон биржүүдийн нэг Coinbase ирэх Даваа гараг буюу 5 сарын 19-ний өдрөөс эхлэн S&P 500 индексийн сагсанд Discover Financial Services (DFS)-н оронд орохоор болжээ. Энэ мэдээний дараахан нэгж хувьцааны үнэ нь өмнөх өдрөөс 4% өсөж $207.2-т хүрээд байна. Мөн өнгөрсөн 7 хоногт гарсан $COIN-н санхүүгийн тайланд орлогын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 24% нэмэгдэж $2 тэрбум болсон бөгөөд цэвэр ашгийн хэмжээ нь $65.6 саяд хүрсэн аж.

🅰️ Арилжаагаар түрүүлсэн 10 ҮЦК

Энэ оны эхний 4 сарын байдлаар ҮЦК-иудаар дамжин ₮373 тэрбумын арилжаа хийгдсэн нь 2024 оны мөн үеэс 20.4% буурсан дүн ажээ. Нөгөө талаар нийт үнэт цаасны арилжаанд ТОП-10 ҮЦК-ийн эзлэх дүн 92.1%-д хүрсэн нь мөн үеэс 3% буурсан үзүүлэлт байв. 

🔎 Яагаад буурав?

2024 оны мөн үеэс анхдагч арилжаа 24% буурч ₮66.7 тэрбумд, хувьцааны хоёрдогч арилжаа 55.1% багасаж ₮125 тэрбумд хүрсэн нь нийт арилжааны дүн буурахад нөлөөллөө. Мэдээж энэ хугацаанд IPO-н цуваа байгаагүйг санах хэрэгтэй. Нэмээд бонд болон ХБҮЦ-ны хоёрдогч арилжаа 76.7% нэмэгдэж ₮181.3 тэрбумд хүрсэн нь хонгилын үзүүрт гэрэл асаасан үйл явдал байв.

🏁 Айргийн #5 

Түрүү магнайд Ти Ди Би Секьюритис орсон бөгөөд ₮89.3 тэрбум буюу нийт арилжааны 23.9%-ийг бүрдүүлжээ. Удаах байрны төлөө Инвескор Капитал ҮЦК болон Голомт Капитал өрсөлдөж, ₮2.1 тэрбумаар Инвескор Капитал тэргүүлсэн аж. Өмнө нь тогтмол тэргүүлдэг байсан БиДиСЕК (BDS)-ийн хувьд ₮23.2 тэрбумын арилжаа хийснээрээ энэ жил 4-т орсон бол 5-р байранд ₮21.3 тэрбумын арилжаа хийсэн Стандарт инвестмент оржээ. 

  • 👀 Байр сэлгэлт: 2024 оны мөн үеэс Тэнгэр Капиталын үнэт цаасны арилжаа 18 дахин нэмэгдэж ₮14 тэрбумд хүрсэн нь тэдний ТОП-10 руу багтах тасалбар болжээ. Эсрэгээрээ Райнос Инвестментийн арилжаа 2.6 дахин буурч ₮2.1 тэрбум болсон нь байраа сэлгэхэд хүргэсэн аж. 

  • 💭 Сонирхуулахад: Эхний 3 сард шинээр 3.6 мянган үнэт цаасны дансыг Гүүдсек нээж хамгийн олон шинэ харилцагч татсан ҮЦК болов. Араас нь БиДиСЕК 592 данс нээснээрээ 2-т орсон аж. Ямартай ч нийт үнэт цаасны данстай болсон иргэдийн тоо 2.6 саяд хүрээд байна. 

Дүгнэхэд… Энэ бол дөнгөж эхлэл. Он дуусах хүртэл нөхцөл байдал өөрчлөгдөх хугацаа хангалттай бий. Гагцхүү зах зээл дээр ямар бүтээгдэхүүн гарах, хөрөнгө оруулагчдын идэвх хэр байхаас шалтгаална. Тэр үед энэ сэдвээр эргээд уулзъя.

Бяцхан кейс задлан 💡

  • Асуудал: … компани хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч болон ажил горилогч нарыг холбох платформ ажиллуулдаг. Тэдний платформын хэрэглэгчдийн сегментэд Z үеийнхэн өм цөм цөөн байсан учир энэ сегмент рүү чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлага тулгарав. 

  • Шийдэл: Компани “Anti-resume” буюу уламжлалт CV, ажлын туршлага бичдэг загварыг халж, өөрийгөө бүтээлч байдлаар илэрхийлдэг шинэ төрлийн платформ хөгжүүлжээ. 

Компанийн боловсруулсан шийдэл хэр амжилттай хэрэгжих бол? Санал бодлоо хуваалцаарай. 😉

🏗️ Хучилтын хэв хашмал Alu Flex 

Premium Innova барилгын төслийн ажиллах хүчийг хэмнэн, бүтээмжийн хурдыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дэмжсэн “Alu Flex” системийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүллээ. 📢

Яадаг эд вэ? 

  • 💪 Хэмнэлттэй: Уламжлалт хэв хашмалыг угсрахад төслийн хэмжээнээс хамааран 8-20 хүнтэй бригад шаардлагатай байдаг бол Alu Flex нь уламжлалт хэв хашмалаас 3-5 дахин хурдан буюу мэргэжлийн мужаан шаардахгүйгээр 2-3 туслах ажилтан бүрэн угсрах боломжийг бүрдүүлжээ.

  • 🪶 Зөөвөрлөхөд хялбар, хөнгөн: Тодруулбал, материалын хувьд Alu Flex-н хавтанг орчин үеийн ухаалаг, хөнгөн шийдэл болох хус модоор хийсэн бол тулгуур системийг хөнгөн цагаанаар хийжээ. Мөн аль аль нь цөөн эд ангиас бүрдэх аж.

Гэснээс Premium Innova төслийн хэмжээнд тохируулан иж бүрнээр нийлүүлэх боломжтой ба угсралт зааварчилгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэсэн шүү.

Tenor 

🍋 Орон сууцны дундаж үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 16% өсөж дунджаар ₮4.5 сая болжээ. Тодруулбал, шинэ орон сууцны дундаж үнэ Чингэлтэйд хамгийн их буюу 38% өсөж ₮4.73 сая болсон бол хуучин орон сууцных мөн л Чингэлтэйд хамгийн их буюу 26.1% өсөж ₮5.45 сая болсон байна даа. Сарын дундаж цалин ₮2.5 сая гэхэд байртай болох ч өдрийн бодол, шөнийн зүүд болох шив. 

🍋 Хятад Латин Америкт $10 тэрбумын зээлийн шугамыг ¥-иар олгохоо амлалаа. Үүгээр Хятад ¥-ийн хэрэглээг ОУ-д тэлэхийн зэрэгцээ “Бүс ба Зам” санаачилгаа ч урагшлуулаад авч байна. Угаас Хятад энэ бүс нутагт 2015 оноос хойш хэдийн $20 тэрбумыг цутгаад буй. Үүний үр шимээр тэдний худалдааны дүн өнгөрсөн онд 2000 оныхоос 40 дахин нугарч $500 тэрбум болжээ. 

🍋 Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана. Эхний ээлжид хууль зүйн хүрээг сайжруулах, цаашлаад дотоодын компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх, соён гэгээрүүлэх компанит ажил зохион байгуулах юм гэнэ. Мартсанаас, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын тендерт дотоодын компаниуд оролцож чадаагүй дээ. 

🍋 Perplexity AI $500 саяыг босгож $14 тэрбумын үнэлгээтэй болохоор хэлэлцэж байна. Ийнхүү сүүлийн 18 сарын дотор татсан хөрөнгө оруулалтын тоо нь 5 болох юм. Одоогоор тэд 30 сая орчим хэрэглэгчтэй бөгөөд энэ тоог зуу зуун сая болгох “Big Tech”-тэй дүйх дэд бүтэц, хөрөнгө оруулалт татахаар зорьж буй. Эргэн санавал, компани 6 сарын өмнө мөн $500 саяыг босгон үнэлгээгээ 2 нугалж $9 тэрбум болгож байв.

🍋 ЕСБХБ Монголын энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 0.4 нэгж хувиар бууруулж 6.3% болголоо. Энэ нь 2 жилийн өмнөх үетэй харьцуулахад 1.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Том зургаар, тус банк өөрсдөөс нь санхүүжилт авдаг 30 гаруй орныг хамарсан бүс нутгийн ЭЗ-ийн өсөлтийн таамгийг 0.2 нэгж хувиар бууруулж 3% болгосон байна. Үүнд Америкийн тарифын нэмэгдэлтэй холбоотой шууд болон дам нөлөөг тусгажээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.